СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

“ХОРИГДСОН” ОЮУТНУУД: Дотуур байранд амьдардаг сувилагч өглөө ажилдаа гараад, орой ирдэг

Хүн ам дундаасаа шинэ коронавирусийн халдварыг бүртгэснээр улс орны аж амьдралд эргэлт гарч, иргэд арваннэгдүгээр сарын 11-нээс хойш хөл хорионы дэглэмд амьдарч буй. Засгийн газраас тогтоосон гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаа арванхоёрдугаар сарын 1-нд дуусгавар болно.

Харин хөл хориог хамгийн сайн сахин биелүүлж буй хэсэг бол дотуур байранд амьдардаг оюутнууд. Өөрөөр хэлбэл тэднийг эрсдэлээс сэргийлж, дотуур байрнаас нь гаргахгүй, гаднаас хүн оруулахгүй байх дэглэм үйлчилж байгаа юм.

Бэлтгэлгүй байхад нь гэнэтхэн үүссэн нөхцөл байдал оюутнуудад хоол хүнсээ цуглуулахаас эхлээд олон хүндрэл учирч, тэд бажгадсан. Тийм ч учраас сургуулийн захиргаанууд болон Засгийн газраас дотуур байрандаа “хоригдсон” оюутнуудад хүнсний тусламж үзүүлээд буй.

Бид таван оюутантай цахимаар холбогдож, тэдний нөхцөл байдлын талаар ярилцсанаа хүргэж байна.


ОЮУТАН О: Оюутны байр шинээр ашиглалтад орсон учир хүйтэн, тааз нь цөмөрч, гоожуур нь эвдэрч байна

Орхон аймгаас ирж суралцаж буй АШУҮИС-ийн гуравдугаар түвшний оюутан  оюутан О нь Ботаник дахь шинэ оюутны байранд байрлаж байна.

“Эхэндээ нэг их хатуу хөл хорионы дэглэм баримтлаагүй. Оюутнуудыг бүртгэж, тэмдэглэж аваад ойрхон дэлгүүр лүү гаргаж, оруулдаг байсан. Харин сүүлд оюутнуудаас шинжилгээ авч, нэгдсэн журмаар гэрт нь хариулах сургаар нам хориод, хоёр гурав хонож байна. Одоо бол хэн ч гарч, орохгүй байгаа гэсэн үг.

Хоол хүнсний хувьд, сургуулийн зүгээс хоёр удаа хангамж өгсөн. Гурил, төмс, будаа, ургамлын тос, талх, масло, элсэн чихэр гээд 14-15 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн өгсөн. Бид өрөөндөө зургуул. Бидний дунд 7.5 кг мах өгсөн. Өмнө нь нөөцөлсөн өөрсдийн хүнс байсан учир энэ тал дээр хүндрэл үүсэхгүй байна. Хангамжийн хүнсийг одоо идээд бараг дуусаж байх шиг, харин талх нь л байгаад байна. Манай дотуур байр тус тусдаа гал тогоотой, тусдаа ариун цэврийн өрөөтэй тул хүний бөөгнөрөл үүсэх нь бага.

Хөл хорио тогтоогоод хоёр хонож байхад сургалтын албанаас хүн ирж уулзсан. Ерөнхийдөө оюутнуудыг битүүмжилж байгаа, энд нөхцөл байдал хамаагүй дээр, ээж аавдаа аль болох тайвшруулж ойлгуулаарай гэж зөвлөсөн. Оюутнуудын ээж аав ч хүүхдүүддээ санаа зовж буй нь ер гайгүй ажиглагдаж байна.

Миний хувьд шинжилгээгээ өгөөд харина. Цахим бүртгэлээ хийлгэчихсэн, хэзээ шинжилгээ авах нь тодорхойгүй л байна. Ер нь нөхцөл байдлыг харзнаад, эндээ байж байхад болохгүй зүйл үгүй. Байрны халаалт жаахан муу учир сүүлийн үед даарч, тухгүй байгааг эс тооцвол шүү дээ. Ер нь дөнгөж ашиглалтад орсон байр учир жигдрээгүй зүйл их. Угаалтуур, хаалганы түгжээ зэрэг нь эвдэрч, тааз нь нураад ирэх жишээтэй. Дандаа хямдхан материалаар хийчихсэн. Урт хугацаандаа эдэлгээ даах, чанартай бүтээн байгуулалт хийсэн бол дээр сэн гэж бодож байна.

Бид цахим хичээлдээ өөрсдөө дата авах хэлбэрээр оролцож байна. Дотуур байрны WiFi байдаггүй”.


ОЮУТАН Э: Асуудал намжтал эндээ хүлээхэд ямар ч хүндрэл алга. Хэн нэг нь халдвар тээгээд буцвал том эрсдэл үүснэ

Увс аймгаас ирж суралцаж буй МУИС-ийн хоёрдугаар түвшний оюутан Э нь ШУТИС-ийн оюутны I байранд байрлаж байна.

“Хөл хорио арваннэгдүгээр сарын 11-нд эхэлсэн, тэр өдрөөс эхлээд л орох гарах хөдөлгөөнийг бүрэн хорьсон. Тэр өдрөөс хойш огт гараагүй гэсэн үг.

Бидэнд хүнсний хангамж сайн өгч байна. Нэг өрөөнд дөрвүүлээ. Бидний дунд хоёр удаагийн хангамжаар 10 кг боорцог, 13 кг мах, 5 кг гурил, цагаан будаа, ногоо, гоймон гэхчлэн хүнсний бүтээгдэхүүн өгсөн. Доор, нэгдүгээр давхартаа ганц гал тогоотой. Тэндээ дөрвөн плиткатай, тэд нь удаан халдаг учир хоолоо хийх тал дээр л бага сага асуудал үүсдэг. Бусдаар бидний хүнсний хангамж хөл хорио дуустал хүрэх байх. Хоёр хоногт нэг удаа, хүн томилж дэлгүүр гаргадаг. Авах зүйлсээ цаасан дээр бичээд явуулдаг гэсэн үг. Ингэхдээ гаазтай ундаа, бэлэн гоймон гэх мэт хэрэггүй хүнс биш, зайлшгүй хэрэгцээтэй байгаа зүйлсээ л авдаг. Мэдээж гэрээс нь хоол, идэш ирэхээ больчихсон, хүнс нь дуусчихсан олон оюутан байгаа.

Ер нь манай байрны дотоод зохион байгуулалт маш сайн байгаа. Өрөө хооронд ер хэсүүлэхгүй, хүний бөөгнөрөл үүсгэхгүй. Өдөрт гурван удаа халуун үзэж, тэмдэглээд явдаг. Саяхан дотуур байранд нэгдсэн WiFi тавьсан учраас хичээлээ хийхэд хавьгүй хялбар болсон. Өмнө нь оюутнууд өөрсдөө дата авч хийхэд хүндрэл учирдаг байсан.

Гэрээс өдөрт 2-3 удаа заавал залгадаг. “Байрнаасаа гараагүй биз, хоол ундаа яаж байна” гээд бүр зүйл дээр л санаа тавьж байна. Хөл хорио тогтоосны дараа, эхэндээ жаахан тусгаарлагдах мэдрэмж төрж байсан ч одоо гайгүй. Ер нь асуудал намжтал эндээ байхад ямар ч хүндрэл үгүй. Хэн нэг нь халдвар тээгээд орон нутаг руу буцвал маш том эрсдэл бий болно.

Хэзээ шинжилгээ авахыг мэдэхгүй байна. Бүртгэлээ хийлгэсэн, хариу мэдээлэл алга”.


ОЮУТАН О: Нутаг маань зудтай байгаа. Би гомдоллож болохгүй, гэрийнхэндээ “Зүгээр ээ, санаа зоволтгүй” гэж хэлдэг

Баянхонгор аймгаас ирж суралцаж буй МУИС-ийн дөрөвдүгээр түвшний оюутан О нь МУИС-ийн оюутны III байранд байрлаж байна.

“Хөл хорио тогтоосны дараа 12.00-15.00 цагийн хооронд тодорхой зохицуулалтын дагуу оюутнуудыг гаргадаг байсан. Харин халдварын тохиолдол эрчтэй нэмэгдэх хэрээр хэнийг ч гаргаж, оруулахаа больсон. Ийм байдлаар долоо, найм хонож байна. Хоолоо хийх, ариун цэврийн өрөө орохоос бусад шалтгаанаар өрөөнөөсөө ч нэг их гарахгүй байгаа. Өдөр бүр халуун үзэж, тэмдэглэгээ хийдэг.

Хоёр удаа хүнсний тусламж ирсэн. Мах, гурил хангалттай байна. Шаардлагатай тохиолдолд хэрэгцээтэй зүйлсээ цаасан дээр бичээд, ойролцоох дэлгүүрээс нэгдсэн журмаар, хүргэлтээр авах зохицуулалт байгаа. Дуртай юмаа идмээр оюутан зөндөө л дөө. Дотуур байрны фэйсбүүк групп дээр, “Амттан зарах оюутан байна уу?”, “Мах зарах хүн байна уу?” гэх мэт постууд харагдаж байсан. Маш хүнд нөхцөлтэй, эндээс гармаар байгаа зүйл байхгүй ээ.

Гал тогооны хувьд давхар бүрд нэг, нэг бий. Энд хүн хоорондын зай баримтлах ямар ч боломжгүй, заримдаа дараалал ч үүсдэг.

Хамгийн том асуудал бол интернэт байна. WiFi нь ер ордоггүй. Нэг удаа хүн ирж янзалсан, ямар ч өөрчлөлт ороогүй. Яг ийм үед байнга дата авч, цацаад хичээлээ хийх маш хэцүү. Холбогдох хүмүүст олон удаа хүсэлт тавьсан, хариу өгөхгүй л байна.

Би малчин айлын хүүхэд. Манай тийшээ зуд болоод, гэрийнхэнтэйгээ байнга холбоо барих боломжгүй байна. Тэнд хэцүү байхад би эндээс гомдоллож болохгүй, санаа зоволтгүй ээ л гэж хэлдэг. Миний хувьд оюутнуудыг шууд бөөнөөрөө гэр гэр лүүгээ яваасай гэж хүсэхгүй, эрсдэлтэй санагдаж байна.

Оюутны байрныхаа тагтан дээр дуу дуулж байгаа оюутнуудыг хүмүүс шүүмжилж харагдсан. Хүн бүрийн хүлээж авах өнцөг өөр. Миний хувьд тийм ч шүүмжлэлтэй хүлээж аваагүй. Угаас дотуур байранд хүн хоорондын 1.5 метр зай барих ямар ч боломж байхгүй, бөөндөө усанд орж, хамтдаа хоолоо хийцгээж байгаа. Дундаа нэг ариун цэврийн өрөөтэй.

Оюутнуудыг тэвчээртэй хандаж, асуудал намжсаны дараа, шинжилгээгээ өгөөд хариасай гэж бодож байна. Харин ариутгал халдвагүйжүүлэлт хийж буй хүмүүс болгоомжтой байвал зүгээр санагдсан. Мэргэжлийн бус хүмүүс хийдэг учир оюутнууд руу бодисоо цацсан тохиолдол гарсан”.


ОЮУТАН Т: Дотуур байрны групп дээр ном, угаалгын машин түрээслүүлэх, маникюр хийх зарууд тавигддаг

Архангай аймгаас ирж суралцаж буй АШУҮИС-ийн хоёрдугаар түвшний оюутан Т нь АШУҮИС-ийн оюутны I байранд байрлаж байна.

“Эхэндээ тасгаа төлөөлж нэг хүүхэд хүнс цуглуулахаар байрнаас гардаг байсан. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаргаас эхлээд хэнийг ч гаргаж, оруулахгүй болсон. Дотуур байрны ажилчид бидэнд маш их анхаарал тавьдаг. Өдөрт хоёр удаа халуун үзэж, тэмдэглэдэг. Миний санаж буйгаар хоёр удаа ариутгал хийсэн. Нэг удаа оютнуудад амны хаалт, чацаргана, нэг оюутны дөрвөн ширхэг липтон цай өгсөн.

Хүнсээр нэг их дутаж, гуцаагүй. Тусламжийн хүнс ирсэн, тэдгээрийг голж болохгүй. Гэхдээ СЭЗИС-ийн оюутнуудад өгсөн хүнсийг харахад дархлааг нь дэмжих тараг, витамин зэрэг байсан нь зөв санагдсан. Манай өрөөнд бол хоолны материал хүрэлцээ сайтай байна.

Боломж гарангуут шинжилгээгээ өгөөд, гэр лүүгээ харих л бодолтой байна. Уг нь бүртгэлээ хийлгэсэн, таг чиг л болчихлоо. Биднээс шинжилгээ авах ч юм уу, авахгүй ч юм уу сайн мэдэхгүй байна.

Цахим хичээл танхимын хичээлийг хэзээ ч гүйцэхгүй. Багш нарын оруулсан медиа контентыг нөхөж үзэх л давуу тал байна. Ямар ч бэлтгэлгүй хөл хоригдчихсон болохоор дадлага ажил хийх бэлдэц байхгүй. Дотуур байранд WiFi бий, хурд нь жаахан нэмэгдсэн юм уу гэж харсан.

Дотуур байрны фэйсбүүк групп дээр уран зохиолын ном түрээсэлж уншуулах зарууд их тавигдаж байна. Угаалгын машин, канон түрээслүүлнэ гэх. Маникюр хийдэг оюутнууд “Будаж байгаа шүү” гээд зар тавьчихсан байсан. Тэдэнд будуулж буй хүн ч байхгүй байх л даа, давхар болгонд хянагт ажиллаж буй учир”.


ОЮУТАН С: Байранд амьдардаг сувилагч өглөө ажилдаа яваад орой ирдэг.

Баянхонгор аймгаас ирж суралцаж буй Этүгэн их сургуулийн дөрөвдүгээр түвшний оюутан С нь Эрдмийн их сургуулийн дотуур байранд байрлаж байна.

“Арваннэгдүгээр сарын 11-нд биднийг хүнсэнд гаргасан. Тэрнээс хойш байрнаасаа гараагүй, хатуу хөл хорио тогтоосон. 11-нд хүнсгүй болчихсон байсан учир гараад сайтар базааж авсан. Ер 21 хоногийн хүнс бол базаачихсан гэж бодож байна. Манай сургуулиас хүнс тараагаагүй. Өчигдөр “Улсаас” гэх нэрээр хүнсний тусламж ирсэн. Мах байгаагүй, ургамлын тос, гоймон, будаа зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүд ирсэн.

Хичээл цахимаар орох болсон нь маш хүндрэлтэй байна. Хий мөнгө үрэгдээд байгаа мэт. Дата авах хэцүү, маш хурдан дуусна. Датагүйгээс болж хичээлдээ сууж чадахгүй үе ч таардаг.

Агаар салхинд гарахгүй жаахан бүгчимдэж л байна. Кино үзнэ, тасаг дотроо хөзөр тоглоно. Тасгаас ер гаргахгүй байгаа. Би бол хөл хорио дууссан ч хотод байж байя гэж бодож байгаа. Хариад интернэтээс эхлээд хичээл хийхэд төвөгтэй зүйлс тулгамдаад эхэлнэ.

Ээж, аав хоёр эхэндээ даруйхан унаа олоод, хүрээд ир л гэж байсан. Одоо бол санаа зовох нь гайгүй.

Харин нэг хэлмээр зүйл байна. Манай байранд эмнэлэгт, сувилагчаар ажилладаг нэг хүн амьдардаг. Тэр хүн өглөө ажилдаа яваад орой ирдэг. Сувилагч хүн зайлшгүй ажилтай байдаг байх л даа. Гэхдээ тэр хүн эрсдэлтэй бүсээс хүрээд ирвэл бид ямар ч үр ашиггүй хоригдсон болчихно шүү дээ”.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button