ДЭЛХИЙ

БНХАУ “Боинг 737 Мах”-ын өрсөлдөгч “Airbus” компаниас 300 онгоц авах гэрээ хийжээ

Боинг “737 Max” загварын онгоцны ослуудтай холбоотой асуудал намжаагүй байхад  тэдний хамгийн том өрсөлдөгч “Airbus” компани Хятадаас их хэмжээний захиалга авч байгаагаа зарлалаа.

Европын онгоц үйлдвэрлэгч тус компани даваа гаригт Хятадын агаарын тээврийнхэнд 300 зорчигч тээврийн онгоц борлуулах зөвшилцөлд хүрсэн байна. Эдгээрийн 290 нь “А320” загварын онгоцууд үлдсэн арав нь“А350” загварын онгоцууд аж. Хятадын хурдацтай хөгжиж буй агаарын тээврийн зах зээл хэр өндөр эрэлттэйг тэдний захиалгаас харж болохоор байна. Түүнчлэн тэдний захиалсан онгоцууд нь дотоодын, хямд өртөгтэй, бүс нутгийн болон олон улсын урт хугацааны тээвэрлэлтийн чиглэлд үйлчлэх юм.

Захиалгын онгоцны нийт өртөг хэд болсныг компанийн зүгээс хэлээгүй бөгөөд тэдний тавьсан үнийн жагсаалтаар тооцож үзвэл ойролцоогоор 35 тэрбум доллар болж байна. Гэхдээ захиалагч тал тогтоосон үнээс хөнгөлж авах боломжтойгоос төдийгүй их хэмжээний захиалгад их хэмжээний хөнгөлөлт эдлэх эрхтэй байдаг. 

Сүүлийн таван сар Боингийн “737 Мах” онгоцны хоёр ч ослоос үүдэж дэлхийн зах зээлд хамгийн сайн борлуулалттай онгоц зогсолтод ороод байна. Харин тэдний өрсөлдөгч “Airbus” компанийн “А320 neo” буюу холын болон ойрын зайн нислэг үйлдэгч онгоцны захиалга улам бүр нэмэгдсээр байгаа. Сүүлд Хятадтай хийсэн энэхүү том хэлэлцээрийн үр дүнд “Airbus”-н хувьцаа 1.5%-аар өсчээ. Хятад улс осол болсонтой холбогдуулан хамгийн түрүүнд “737 Мах” загварын онгоцуудыг нисэхийг хориглосон юм. Мөн Индонезийн “Garuda” иргэний агаарын тээврийн компани Боинг компанид захиалсан 49 ширхэг “737 Мах” загварын онгоцны захиалгаа цуцалсан. Гэхдээ “Airbus” компани “Боинг 737 Мах” загварын онгоцуудын эрэлтийг хангахад хэцүү бөгөөд тэдний “А320” болон төсөөтэй загварын онгоцны захиалга бүтэн жилийн хүлээлтэд ороод байгаа юм.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button