СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛУЛС ТӨР

Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын түрүүлж ВАКЦИН ОЛЖ ИРЭХ тус, тусын төлөвлөгөө

Хатуу хөл хорио тогтоосон 14 хоног дуусах дөхөж байна. Халдвар бүртгэгдэх эрчим бол буурах шинжгүй. Арванхоёрдугаар сарын 1-10-ны хооронд 85 мянга гаруй иргэдийг Нийслэлээс орон нутаг руу буцаах болсон нь ААН-үүд элгээрээ хэвтэж, хөл хорио цуцлахыг шаардаж буй эмзэг цаг үед дайран дээр давч гэгч болов.

Яг ийм үед “Хэзээ вакцины сураг дуулдах бол?” гэдэг далд хүлээлт олон нийтийн дунд үүссэн нь нууц биш. Дэлхий дахин дахь “Хаанахын, хэний вакциныг ДЭМБ түрүүлж батлах вэ?” гэдэг хүлээлт ч, түүний цаадах бизнесийн ашиг сонирхлын хамт ид “буцалж” байна. Харин манай оронд нутагтаа коронавирусийн вакциныг анхлан “олж ирэх” буухианд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр тус тусын жимээр орчхоод буй.


-Ч.ХҮРЭЛБААТАРЫН АХАЛСАН БАГ “COVAX” МЕХАНИЗМД НАЙДНА-

У.Хүрэлсүхийн Засгийн газар коронавирусийн эсрэг вакциныг оруулж ирэх, үүнд шаардлагатай хөрөнгө татах тусгай ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Ажлын хэсгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ахалдаг. Тэд “COVAX” механизм, Дэлхийн банк хоёрт найдлага тавьж байна.

“COVAX” механизмд манай улс долдугаар сарын 16-нд нэгдэн орсон. Тус механизм ДЭМБ, Дэлхийн банк, Европын холбоо, Вакцин дархлаажуулалтын глобал алъяанс тэргүүтэй олон улсын байгууллагуудын хамтралаар үүсгэн байгуулагдсан юм.

“COVAX”-д нэгдсэн орнууд хүн амынхаа 20 хувийг вакцинжуулах тунг шууд тусламжаар авна гэгдэж буй. Харин бусад 40 хувьд шаардлагатай тунг худалдан авах зардлыг нь Дэлхийн банк “даах” зохицуулалт яригдаж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү энэ сарын эхээр хэвлэлд өгсөн тодруулгадаа, “Манай улсын хүн амын 20 хувийг вакцинжуулахад шаардлагатай тунг олон улсын байгууллага гаргаж тусална. Үлдсэн хувийг нь манай Засгийн газар хариуцаж, худалдаж авах ёстой. Санхүүгээ бэлдчихсэн, ДЭМБ-аас баталгаажсан вакцин гарахыг л хүлээж байна” гэж ярьсан.

Үүний дээр, Засгийн газар вакцин худалдаж авах зориулалтаар 50.7 сая ам.долларын зээл авах хэлэлцээрийг Дэлхийн банктай хийж буй. Энэ нь дээр дурдагдсан хүн амын 40 хувьд хамаарах зохицуулалттай холбоотой мэт харагдах. Харин “COVAX”-д нэгдсэний хувьд ямартай ч 600 мянга гаруй иргэнээ үнэгүй вакцинжуулах нь.

Онцлоход, манай талаас шаардлагатай тунгийн тоо, вакцины технологийн сонголт хийсэн хүсэлтээ Эрүүл мэндийн болон Сангийн сайдын гарын үсэгтэйгээр арванхоёрдугаар сарын 7-ны өдрөөс өмнө “COVAX”-руу илгээх ёстой юм байна. Харин уг хүсэлтийг арванхоёрдугаар сарын 1-ний өдөр илгээхээр ажиллаж байна гэж УОК мэдээлжээ.

Тайлбар өгөхөд, одоогийн байдлаар ДЭМБ ямар ч вакцинд зөвшөөрөл өгөөгүй байгаа. “COVAX” зөвхөн ДЭМБ-аас баталсан вакциныг л улс орнуудад тусламж болгож олгох юм.


-Х.БАТТУЛГА “BIOTECH/PFIZER” ВАКЦИНД, ТОДРУУЛБАЛ ГЕРМАНД НАЙДНА-

Арваннэгдүгээр сарын 20-нд, Ерөнхийлөгч Х.Баттулга ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк Вальтер Штайнмерт хандаж захидал бичсэн. Үүгээрээ коронавирусийн эсрэг вакциныг шаардлагатай тунгаар худалдаж авахад туслалцаа үзүүлэхийг хүссэн юм.

Вакцины туршилт нь амжилттай явагдаж буй ОХУ, АНУ, БНХАУ гэхчлэн томоохон орнууд руу хандаж болох байтал яагаад Германы ерөнхийлөгч рүү захидал бичсэн нь мэдээж сонин. Үүнд дараах хэдэн хариултыг өгч болох юм.

Нэгт, Германы “Biotech” компанийн АНУ-ын “Pfizer” эмийн концернтой хамтран хийсэн туршилт амжилттай болсноор дэлхийд хамгийн найдлага төрүүлж буй вакцинаар “Biotech/Pfizer” нэрлэгдэж байна.

Хоёрт, Европын холбоо дээрх хоёр компанитай арваннэгдүгээр сарын 10-нд 4 орчим тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ. Улмаар эхний ээлжинд 200 сая, дараагийн ээлжинд 100 сая тун вакциныг Европын холбоо авахаар болсон. Эхний ээлжийн вакцины 19 хувь нь ХБНГУ-д ноогдох юм.

Гуравт, ХБНГУ-ын Эрүүл мэндийн сайд Йенс Шлан дээрхээс тусдаа дахин 100 сая тун вакцин авах хэлэлцээрийг Европын холбоотой хийж буй гэж мэдэгджээ. Ингэснээр тус улс хүн амынхаа 60 хувийг вакцинд хамруулах бөгөөд, ингэснээр сүргийн дархлаа тогтооно хэмээн үзэж байгаа аж.

Дөрөвт, Йенс Шланы мэдэгдэлд “Вакцин үйлдвэрлэлээс том, жижиг орнууд ижил  хэмжээгээр хүртэх нь зүй” гэсэн өгүүлбэр хэлэгджээ.

Эдгээрээс харахад хэрэв “Biotech/Pfizer”-ийг ДЭМБ баталбал хамгийн түрүүнд олон сая тун вакцинтай болж авах орнуудыг Герман тэргүүлэх юм байна. Манай улсын хувьд эхний ээлжинд хэдэн сая биш хэдхэн зуун мянган тун хэрэгтэй.


ДҮГНЭЛТИЙН ОРОНД: Дээр дурдсанчлан ДЭМБ одоогоор ямар ч вакцинд зөвшөөрөл олгоогүй байна. Түрүүлж зөвшөөрөл авах магадлалтай вакцинуудад “Biotech/Pfizer”, АНУ-ын “Moderna”, Их Британийн “AstraZeneca” нар нэрлэгдэж буй юм. Их Британи Европын холбооноос гарсан, АНУ олон хүн амтайн дээр халдвараас болж нэлээд хохирол амссан. Иймд эхний тунгуудыг өөрсдөдөө зарцуулах дүр зурагтай. Ингэхээр Германы эрдэмтдийн хамтран бүтээсэн “Biotech/Pfizer” лүү чиглэсэн нь Ерөнхийлөгчийн хувьд ашигтай. Гэхдээ олон тунгаар “олж ирж” чадахгүй, түрүүлсэн нэр зүүн алга ташуулах /хэрэв бүтвэл/ л дүр зураг харагдаж байна.


Харин “COVAX” процессын хувьд удаж мэдэх ч нэгэнт хүн амын 20 хувийг вакцинжуулах нь тодорхой болчихсон. Үүний дээр дэлхийн банкнаас хөөцөлдөж буй 50.7 сая ам.долларын зээл нь бүтчихвэл нуруун дээрээ нэмж өр хураахаас бусдаар Засгийн газар энэ ажлыг хийсэн шиг хийх нь. Мэдээж бүх хүлээлт ДЭМБ аль вакцинд зөвшөөрөл өгөх асуудал дээр төвлөрч байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button