БОЛОВСРОЛМэдээНийгмийнНИЙГЭМНИЙСЛЭЛНийслэлСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛЭРҮҮЛ МЭНД

БАЙР СУУРЬ: Тэг зогсолттой тэмцэж буй ААН-үүд түрүүчээсээ элгээрээ мөлхөөд эхэлжээ

Монгол Улсын эдийн засгийн томоохон хэсгийг бүрдүүлж, хүнд ачааг нуруун дээрээ үүрч яваа ААН-үүд өнгөрөгч 20 хоногийн хугацаанд их зүйлийг амслаа. Тэдний ихэнх нь буюу 66 орчим хувь нь үйл ажиллагаа бүрэн зогссон, 22 хувь нь хязгаарлагдмал хүрээнд ажиллаж байгаа, 10 хувь нь зайнаас ажиллаж, үлдсэн 2 хувь нь хэвийн ажиллаж байгаа гэх судалгаа гарчээ. Судалгаанд оролцогчдын 25 хувь нь арваннэгдүгээр сарын 12-ноос хойш бүрэн зогсолт хийж, ажилчдаа бүрэн халсан байна.

Түүнчлэн хөл хорио он дуустал үргэлжилбэл энэ тоо 46 хувь болж, 21 мянга 630 хүн, харин гурван сараар сунгавал 52 хувь болж 25 мянга 253 хүн ажилгүй болох нь. Тэгвэл өчигдөр /2020.11.29/-ийн хөл хориог 10 хоног сунгах, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх Засгийн газрын шийдвэрийг ААН болон хувиараа бизнес эрхлэгчид хэрхэн хүлээж авах вэ?

Бид өнгөрөгч 19 хоногийн хөл хорио болон цаашид сунгагдах 10 хоног ААН, хувиараа бизнес эрхлэгчдэд хэрхэн нөлөөлөх тухай тэдний байр суурийг авснаа багцлан хүргэж байна.

Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ: ХӨЛ ХОРИОГ НЭЭЛЭЭ Ч, СУРГАЛТЫН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА СЭРГЭХЭД 4-5 САРЫН ХУГАЦАА ШААРДАНА

“Самсара гэр бүлээрээ йога хийцгээе” төвийн үүсгэн байгуулагч, йогын багш Э.Эрдэнэцэцэг:

Аж ахуй нэгжүүдийн хувьд нэг ийм л асуудал байгаа юм. Манай йогын төв гэхэд л долоон багштай. Гэтэл хөл хорионоос улбаалаад цахим сургалт руу шилжсэнтэй холбоотойгоор хоёр багшаа л ажиллуулж байна. Сургалтын төвүүдийн хувьд хичээлээ 100 хувь цахим сургалт руу шилжүүлэх боломжгүй. Багш бүрийнхээ тоогоор цахим ангийг нээе гэсэн ч бүртгүүлэх хүн байхгүй. Учир нь сургалтын төв хүмүүсийн анхан шатны хэрэгцээ биш учир тэр бүр цахим сургалтад мөнгө зарцуулахыг хүсэхгүй шүү дээ. Үүнтэй холбоотойгоор таван багшийнхаа цалинг өгч чадахгүй байна. Энэ хугацаанд ажилчдын хүүхэд өвдөх зэрэг олон ч асуудлуудтай нүүр туллаа. Тэр бүрд чадлаараа туслахыг хичээвч, хүнд байна. Учир нь цахим сургалтаар мөнгө олох бус зөвхөн пэйжийнхээ үйл ажиллагааг зогсоохгүй, идэвхжүүлэх зарчмаар л ажиллаж байна.

Тиймээс ч цахим сургалт, лайв хичээл зааж буй хоёр багшаа л тодорхой хэмжээнд урамшуулах маягаар ажиллуулж байгаа. Мэдээж энэ цар тахлын хөл хорио гэнэтийн шийдвэр биш, тодорхой хугацаанд үргэлжилж буй учир хаана, хаанаа л аль болох ойлголцоод, хүлээцтэй хандаж байна л даа. Йогын төвийн хувьд өвлийн саруудад үйлчлүүлэгчид буурдаг. Тиймээс өвлийн саруудад албан байгууллага, гэр бүл, найз нөхдийн гэх мэт багц хичээлүүдийг хямдралтай үнээр заадаг. Энэ маягаар хичээллээд зуны саруудтай золгоход үйлчлүүлэгчид нэмэгдэж эхэлдэг. Хөл хориог сулруулах хүрээнд сургалтын аж ахуй нэгжүүдээ нээгээд ч хүмүүс бүртгүүлэхгүй. Тиймээс бараг нээх ч шаардлагагүй болчхож байгаа юм. Багш нарыгаа нааш нь цааш нь явуулахаас эхлүүлээд эрсдэл нэмэгдэж, төдий хэмжээгээр ашиггүй урсгал зардал үүснэ. Одоогоор талбай түрээсэлдэг байгууллагын зүгээс бидэнд төлбөрийн аль болох дарамт үүсгэхгүйгээр, уян хатан байгаа. Тиймдээ ч хөл хорионы хямралыг чадах чинээгээрээ туулаад гарахыг хичээж байна даа. Цаашид ч түрээс дээрээ уян хатан байх болов уу гэж найдаж сууна”


Н.ЭРДЭНЭБААТАР: ЗАЛУУС МААНЬ АРГАА БАРААД “НУУЦААР АЛЬ ЭСВЭЛ ГЭРЭЭР Ч БОЛОВ ҮС ЗАСЬЯ” ГЭЖ ХЭЛЖ БАЙГАА

“Mini Barber Shop” –ийн үүсгэн байгуулагч, “Монголын барбер үсчдийн холбоо”-ны тэргүүн Н.Эрдэнэбаатар:

“Хөл хорио одоогоор амьдралд нөлөөлөхүйц хүнд бол биш байна. Гэхдээ цаашид хөл хорио сунгагдахаар нөхцөл байдал өөрчлөгдөнө. Мэдээж нэг сарын турш хөдөлмөр эрхлэхгүйгээр хуримтлалаараа амьжиргаагаа залгуулах нь хүнд. Миний доор ихэвчлэн залуучууд ажилладаг. Яалтачгүй үйл ажиллагаа зогссон учир ажилчдаа цалинжуулж чадахгүй байгаа. Яах вэ ойр зуур хүнс, хэрэглээний багахан мөнгөөр боломжоороо тусалж байгаа ч, удаан хугацаанд бол боломж хомс болж ирнэ. Залуус маань ч гэсэн нууцаар ажиллая гэж хэлж байгаа. Гэвч миний зүгээс төр засгийнхаа шийдвэрийг дагаж хөл хориогоо баримталж байгаа. Харин хөл хорионы хугацаанд “Монголын барбер үсчдийн холбоо”-ны залууст мэргэшүүлэх сургалтыг цахимаар зааж, сертификат олгох хөтөлбөрийг эхлүүлсэн. Ер нь бол практикаас бусад мэдлэгийг олгох зарчимтай.

Мөн коронавирусийн цар тахлаас үүдэлтэй хөл хорионы үед барберуудад олон улсын аюулгүй ажиллагааны дүрмийг заах, хүнд үед ажиллах бэлэн байдлын хичээлийг зааж байна. Ингэснээр хөл хорио тодорхой хэмжээгээр суларч, үйл ажиллагаа эхлэх боломжтой болсон үед манай залуус бэлтгэлтэй байна гэсэн үг юм. Бидний зүгээс ковидын үеийн ажиллах журам гаргаад тодорхой цагийн хувиараар ажиллах зөвшөөрлийг нь өгөөсэй л гэж хүсэх байна. Тэгвэл сургалтынхаа дагуу хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр ажиллахад бэлэн. Үйлчлүүлэгчдээс ч гэсэн “Танайх ажиллах уу”, “Үс засаад өгөөч” гэх хүсэлт их ирж байна. Өнгөрсөн хугацаанд миний хувьд үсээ засуулъя гэсэн 300 гаруй хүнтэй фэйсбүүкээр чаталсан байдаг юм билээ. Тэр бүрд л “боломжгүй” гэдэг хариуг өгч байна. Ер нь бол гэрээр очоод үс засвал бүр л их эрсдэл дагуулна. Тиймээс яг л засгийнхаа шийдвэрийг дагаж байна. Хөл хорио цаашид сунгагдвал залуусаа тогтооход хүнд болно.

Тэд маань аргагүй эрхэнд мөнгө олох боломжтой ажил хийнэ, хайна. Тэгээд яваад өгвөл хохирол амсана. Учир нь ажилчдаа удаан хугацаанд сургаж, мэргэшүүлсний үндсэн дээр ажиллуулдаг. Гэхдээ удаан хугацаанд сайн, муу бүхий л цагт хамтдаа байсаар ирсэн учир ажилчид маань харьцангуй ойлгож, хүлээцтэй хандаж байна. Хөл хорионы сайн тал гэвэл удаан хугацааны дараах сайхан амралт болж ирлээ. Бидний ажил ихэнхдээ цаг хугацаатай уралдаж байдаг учир тайван хооллох, цаашлаад гэрийн хоол идэлгүй их удсан байна. Гэвч 20 болон түүнээс дээш хугацаагаар амраад ирвэл ажиллах эрч хүч, урам зориг багасаж залхуурах хандлагатай болох байх. Ямарваа зүйлийг 20 болон түүнээс дээш хугацаагаар хийвэл тэр нь зуршил болж үлдэх магадлал өндөр гэдэг шүү дээ”


Ц.СЭЛЭНГЭ: ХӨЛ ХОРИОГ НЭЭЛЭЭ Ч,  МАНАЙ ТӨВ ХААЛГАА БАРИХААС ӨӨР АРГАГҮЙД ХҮРСЭН

“Шинэ Замнал” ТББ-ын дэргэдэх “Зүймэл даавуун урлал”-ын төвийн тэргүүн, Зүймэл урлалын төв, сургалт кофе шопын үүсгэн байгуулагч Ц.Сэлэнгэ

“Хөл хориог сунгахгүй байсан ч манай төвийн үйл ажиллагаа зогсож, хаалгаа барих дээрээ тулаад байна. Учир нь бид сүүлийн 5 жилийн хугацаанд жил бүрийн арванхоёрдугаар сард шинэ жилийн томоохон үзэсгэлэн худалдааг зохион байгуулсаар ирсэн. Тус үзэсгэлэнгээр гадаадын болон дотоодын худалдан авагчдад бүтээгдэхүүнээ борлуулж, зун хүртэлх хугацааны ажилчдын цалин, урсгал зардлыг нөхдөг байсан. Тиймээс ч гар урлалынхаа материалыг авчихсан байсан. Гэтэл хөл хорионы хугацаанд бүтээгдэхүүнийхээ дөнгөж 20 хувийг урлаж чадсан. Та бүхэн мэдэж байгаачлан манайх хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон, олон хүүхэдтэй гэх мэт хүмүүсийг сургаж ажлын байраар хангасаар ирсэн. 

40 орчим ажилтан байснаас коронавирусээс шалтгаалж 10 хүрэхгүй ажилтнаа авч үлдсэн. Тэднийгээ бүтэн биш ч, тодорхой хэмжээнд цалин мөнгийг нь өгсөөр ирлээ. Манайх засвар үйлчилгээ гэсээр үйл ажиллагаагаа нээгээд гурван сар болоод хаалгаа барих дээрээ тулаад байна. Тиймээс түр хугацаанд үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүйд хүрлээ. Цаашид тэсэхгүй нь бололтой. Өвчин намжиж, эдийн засаг сайжирсан цагт л зүймэл гар урлалын салбар сэргэж эхэлнэ. Тэр болтол зогсолт хийхээс өөр аргагүй”


М.САНДАГ: БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ТӨРИЙН ДЭМЖЛЭГГҮЙГЭЭР 20 ХОНОГООС ЦААШ ТЭСЭХЭД БЭРХ

“Z Sneakers Shop” дэлгүүрийн үүсгэн байгуулагч М.Сандаг

“Би хувиараа бизнес эрхлэгч. Пүүз, спорт бараа худалдаалдаг. Энэ чиглэлээр өнгөрсөн нэг жил найман сарын хугацаанд ажиллаж байна. Мөн эхнэрийн хамт үсчин, гоо сайхны салон ажиллуулж байгаа. Хөл хорионы хувьд миний бодлоор эсэргүүцсэн зүйл байхгүй гэдгийг хэлэх нь зөв байх. Учир нь өнгөрсөн 20 хоногт хөл хориог зохион байгуулснаар эрсдэлийг бууруулж, голомтыг илрүүлж, тодорхой хэмжээнд хумьж чадлаа.Тиймээс Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийг мөрдөх ёстой. Эс бөгөөс халдвар хяналтаас гарвал, гарах үр дүнг хэн ч хүсэхгүй. Гэвч 20 хоногоос цааших хугацаанд юу болох нь сонин. Хувиараа бизнес эрхэлж, улсаас ямар нэг дэмжлэг авахгүйгээр бор зүрхээрээ хүмүүс цалинжуулаад явж буй хүмүүсийн хувьд хүнд сорилт ирээд байна.Түүнчлэн төр засгийн хишгээс хол хоцордог, жинхэнэ амьдралын төлөө тэмцэж буй хүмүүст энэ хөл хорио бүр л хүнд тусаж байгаа.

Тиймээс хөл хориог аль болох удаан хугацаагаар сунгалгүйгээр халдварыг богино хугацаанд хумих, бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдээ элгээр нь хэвтүүлэхгүй, дэмжлэг үзүүлсэн шийдвэрийг гаргаасай л гэж хүсэх байна. Хөл хориог үе шаттайгаар сулруулж, бараа үйлчилгээг борлуулах стандарт журам, цагийн хувиарыг заагаад өгчихвөл бид ч гэсэн журмаа баримтлаад хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр худалдаа эрхэлж чадна. Ер нь хувцас, бараа өдөр тутмын талх шиг их борлуулагдаж, хүний бөөгнөрөл үүсгээд байдаггүй л дээ. Зарагддаг тодорхой хугацаа, циклээс бусад үед ачаалал бага, хүний хөдөлгөөн ч сийрэг байдаг.Тиймээс аль болох уян хатан шийдвэр гаргаасай л гэж хүсэж сууна”


У.ЭНХЖАРГАЛ: ДЭЛГҮҮРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БҮРЭН ЗОГССОН Ч, ХУРИМТЛАЛААРАА АЖИЛЧДЫНХАА ЦАЛИНГ ТАСЛАХГҮЙГ ХИЧЭЭЖ БАЙНА

“Play house” тоглоомын дэлгүүрийн үүсгэн байгуулагч У.Энхжаргал

“Би 2016 оноос хойш тоглоомын бизнес хийж байна. Гэвч бизнес гэхээсээ илүү хүүхдүүдэд чанартай, хямд тоглоомыг нийлүүлэхийг зорьдог. Миний ажилдаа баримталдаг зарчим бол ашиг гэхээсээ илүү чанар. Худалдан авалт хийж буй хүмүүсийг сэтгэл ханамжтай байдалд хамгийн их анхаардаг. Цар тахал гарахаас өмнө сар бүр бараандаа өөрөө явдаг байсан. Тоглоомуудаа нэг бүрчлэн задалж үзээд шалгаж авдаг байлаа. Цөөн тооны тоглоомуудаа АНУ-аас, харин ихэнхийг нь Бээжин, Гуанжугаас оруулж ирдэг. Гэвч дэлхийд үүсээд буй цар тахлаас улбаалаад онлайн захиалгаар бараагаа татаж байна. Мөн л хилийн асуудлаас болж захиалгаар бараа татахад ч асуудалтай болж ирээд байна. Бараа хил дээр багагүй хугацаанд саатаж байгаа учир эргэлтийн хуримтлал үүсгэхэд хүнд болсон.

Миний хувьд дэлгүүрийнхээ хоёр салбар, агуулахын түрээс, банкны гурван зээл, дээр нь 15 ажилчдыг цалинжуулж байна. Хэдийгээр тоглоомын дэлгүүрийн үйл ажиллагаа бүрэн зогссон хэдий ч, одоогоор захиалгын группээр амь аргацааж байна. Ажилчдынхаа цалинг яаж хийж байгаад л бүтэн тавьсан. Учир нь дэлгүүрийн үйл ажиллагаа зогслоо гээд тэдний амьдралын зардал зогсохгүй шүү дээ. Дандаа л 2-3 бага насны хүүхэдтэй, залуучууд ажилладаг. Тиймээс бүх нөөцөөрөө л хичээж, бизнесээ хадгалж үлдэхийг хичээж байна. Хөл хорио цаашид сунгагдвал нэг сараас цааш тэсэхэд үнэхээр хүнд. Яах вэ нэг сарын турш ажилчдаа хичээж байгаад 50 хувь ч болов цалинжуулъя гэхэд түүнээс цааш боломжгүй болно.


Г.МАЙЦЭЦЭГ: ЯМАРВАА БИЗНЕС ТӨРӨӨС ХАМААРАХГҮЙ Ч, ЦАР ТАХЛЫН ҮЕД АЖ АХУЙ НЭГЖҮҮДЭЭ ХАРЖ ХАНДАХ ҮҮРЭГ НЬ ТӨРД БИЙ

“Exclusive” брэндийн үүсгэн байгуулагч Г.Майцэцэг

“Ямар ч зүйл сайн, муу хоёр талтай байдаг. Сайн тал гэвэл хөл хорио тогтоосноор автомашинууд явахгүй болж, агаарт хүхрийн хий байхгүй болж бид цэнгэг агаараар амьсгалж байна. Урьд нь агаарын бохирдлын шалтгааныг өнөө л гэр хорооллын түлш рүүгээ л чихээд байсан бол, замаар явж байгаа автомашин ч гэсэн агаарыг дутахгүй их бохирдуулж байгааг харлаа. Бид яагаад хордоод байсан шалтгаанаа мэдэж авч байна. Ингээд цаашид хийгдэх ажлууд ч тодорхой болох болов уу. Мөн гэр бүлийнхэндээ цаг зав гаргаж байна. Миний хувьд сүүлийн 30 гаруй жил ажил, ажил гэсээр хүүхдүүдээ анхаарч байгаагүй юм билээ. Энэ хугацаанд гэртээ өдрийн хоол хийснээ санахгүй байна шүү дээ. Ингээд гэртээ байгаад ирэхээр хоол сайн хийдэг гэдгээ мэдэж авлаа. За саар зүйл нь эдийн засгийн асуудал гэж харж байна.

Тэг зогсолт хийсэн үед төрөөс авах арга хэмжээ, бодлого маш тодорхой байх нь чухал. Өнөөдөр иргэд маань эрүүл мэнд аль эсвэл мөнгийг сонгох уу гэдэг сонголттой нүүр тулгараад байна. Мөнгө бол хүний зайлшгүй хэрэгцээ мөн. Мөнгөгүй бол амьдрал байхгүй. Амьдрал хайраас илүү мөнгөн дээр тогтож байгаа цаг үед бид амьдарч байна. Тиймээс үнэхээр л тэг зогсолт хийгээд, иргэдээ гэрээс нь гаргахгүй байлгая гэвэл төр нь иргэдээ сэтгэл амар гэртээ суух боломжийг нь олгох хэрэгтэй. Иргэд сайндаа гарах гээд байгаа юм биш шүү дээ. Гэрт орлогогүй суувал өлсөх учраас, сард төлөх зээл нь нэхэгдээд байгаа учраас л аргагүй эрхэнд хөдөлмөрлөх шаардлага гараад байгаа юм. Биднийг гэртээ байхад зогсдоггүй, тоологдсоор байдаг зүйл банкны хүү, зээл, түрээс. Тухайн зохицуулалтыг хийгээд өгвөл иргэд гэртээ байхаас нэг их татгалзахгүй болов уу. Ерөнхийлөгчийн яриад байгаа сая төгрөгийг нь өглөө гэвэл, хүмүүс нэг хэсэг нь тайван сууна.

Хүн эрүүл байж, цааш амьдарна. Эрүүл байгаа цагт мөнгө олдоно. Тиймээс яаран хөл хориог тавих хэрэггүй гэж бодож байна. Гол нь тухайн хугацааны зохицуулалт, гарц гаргалгааг л сайн тооцоолж, хийх хэрэгтэй. Эс бөгөөс нийт масст таалагдах шийдвэрийг гаргана гэдэг утгагүй. Мэдээж хүн бүр өөрт аль болох ашигтай байх талаас дуугарна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн яамны эмч мэргэжилтнүүд хөл хориог сунгах саналыг зүгээр ч нэг гаргаагүй нь лавтай. Хөгжилтэй орнууд өвчинд сөхрөөд байхад бид бас хянуур байх нь зөв. Тиймээс дор бүрнээ боломж боломжоороо бүсээ чангалж, хичээцгээе л гэж хэлмээр байна.

“Exclusive” брэндийн хувьд шинэчилсэн аравтын системээр ажиллаад гурван жил болж байна. Салбарууд бүгд биеэ даасан, тусдаа үйлдвэрүүдтэй. Нэг брэндийн дор зангидагдаж байдаг аж ахуй нэгжүүд гэж хэлж болно. Өдөр тутмын дээл хувцас үйлдвэрлэдэг үйлдвэрүүд амарсан. “Exclusive”-ийн охин брэнд гэгддэг “Exmed” буюу хамгаалалтын хувцас үйлдвэрлэж буй компани ажиллаж байна. Манай туслан гүйцэтгэгч компаниуд эхнээсээ хамгаалалтын хувцас руу хөрвөж байна. Хэрэгцээ шаардлагаа дагаад л зах зээлд худалдаа явагдаж байна л даа.

Ажилчид ажилладгаараа ажиллаад, авдаг цалингаа аваад явж байгаа. Нэгэнт зах дээр юу чухал байгааг үйлдвэрлэх нь өөрөө бизнес юм. Тиймээс даван туулахын тулд хүмүүсийн хэрэгцээг дагаад хөвөрч чаддаг байх гэж бодож байна. Ямарваа бизнес төрөөс нэг их хамаардаггүй ч, яг энэ цар тахлын үед аж ахуй нэгжүүдээ харж хандах үүрэг нь төрд бий. Бүгдэд шинэ зүйл болж байгаа учир бид эвийн хүчээр л энэ вирусийг даван туулж чадна”


ХУВИАРАА БИЗНЕС ЭРХЛЭГЧИД:

Хувиараа авто засварын газар ажиллуулж буй иргэн Ц.О

Ц.О: ӨВЧИН ЗҮГЭЭР БОЛЖ БАЙВАЛ ГЭЭД ШҮДЭЭ ЗУУГААД ТЭСЭХИЙГ ХИЧЭЭЖ БАЙНА

“Миний хувьд хүүгийнхээ хамт авто засварын газар ажиллуулдаг. Гэр бүлийн бизнес юм. Хөл хорионы хугацаанд засварын газар ажиллаагүй тул орлого тасарсан. Засварын газрын үйл ажиллагааг хаах шаардлага байсан эсэх нь бас сонин. Хүний хөл хоригдвол түүнийгээ дагаад үйлчлүүлэгч ч ирэх нь багасах байх. Гэхдээ авто засварын хувьд хүнтэй гэхээсээ илүү гарааш дотор төмөртэй харьцдаг учир өвчин халдах эрсдэл бага болов уу. Түүнчлэн автомашин хөдөлгөөнд оролцож л байгаа бол засвар үйлчилгээ шаардлагатай. Хүн өвдвөл эмнэлэгт очдогтой ижил шүү дээ.

Гэхдээ мэдээж үнэхээр шаардлагатай гэж үзсэн учир хаасан байх. Нарийн ширийн зүйлсийг нь сайн мэдэхгүй юм. Хөл хорио цааш сунгагдвал өдрийн орлогоор хоолны мөнгөө олдог хүмүүст хүнд тусах нь ойлгомжтой. Гэвч манайх АНУ улс шиг хүн ам олонтой бол 70 хувь нь нас барлаа гэхэд 30 хувь нь үлдэнэ. Хүн ам цөөтэй учир өвчнөө алдвал үндэстэн мөхөх хэмжээний аюул дагуулахыг таашгүй. Тиймээс өвчин зүгээр болж байвал гээд шүдээ зуугаад л тэсэхийг хичээж байна.


О.ТЭМҮҮЛЭН: НЭЭЛЭЭ ГЭХЭД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЖИГДРҮҮЛЭХЭД ДОР ХАЯЖ 3-4 САРЫН ХУГАЦАА ШААРДАНА

Хувиараа хоолны газар ажиллуулж буй О.Тэмүүлэн

“Хөл хорионы хугацаанд зарим банкны зээлүүдээ төлж чадаагүй. Бараг зургаан сая төгрөг нэхэгдэж байгаа. Манай хоолны газрын хувьд 8-9 хүн тогтмол цалинжуулдаг. Чухал мөнгөний шаардлагатай зарим хүнээ л цалинжуулсан. Ихэнх нь олон жил тууштай ажилласан, нэгнээ сайн мэддэг учир үүсээд байгаа нөхцөл байдлыг ойлгоод гэртээ амарч байгаа. Хоолны газрын хувьд цөөлөх боломжгүй ажлын байр гэж бий. Касс дээр зогсож байгаа хүн хоол хийж болохгүй гэх мэт. Тиймээс хөл хорио тавигдахаар эргээд ажиллана гэдгээ мэдэж байгаа учир ажилчид маань харьцангуй хүлээцтэй хандаж байна.

Банкууд уг нь уян хатан байна, зээл царцаана гэсэн боловч дансанд орж ирсэн орлогыг автоматаар татаад байгаа нь хүнд байлаа. Хөл хорио цааш сунгагдвал мэдээж хэцүү. Хэвийн боллоо гэсэн ч үйл ажиллагаа сэргэхэд хугацаа шаардагдана. Нээлээ гэхэд үйл ажиллагаагаа жигдрүүлэхэд 3-4 сарын хугацаа шаардагдана” гэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

8 Сэтгэгдэл

  1. Муу ханиадаар д####имдуулж ард иргэдээ дарамтад оруулдаг нэг ч улс энэ дэлхийд бхгүй цаана нь нэг учир бна гэж хардаж бна манай улсд хүний эрх маш ноцтой зөрчигдөж бна сайн уялдуулаж бодоорой ард иргэд!!!

  2. Иргэн Н. гуай чинь харин болжморын тархитай хүн биш үү ?! Нүдээ олигтойхон нээгээд чихээ дэлдийлгээд дэлхий дахиныг больё гэхэд урд хойд 2 хөршийхөө байдлыг тунгаагаад үзээч гэж хүсэх байна. Таныхаар бол энэ муу тавилангүй ханиадыг тавьж
    туучхаад т####аар нэг оршуулгын хөшөө босгомоор байгаа юум болов уу ?
    Нарийндаа ярьв#### энэ чинь улс үндэстний эрүүл энхийн эсрэг ноцтой гэмт хэрэг шүү, манайхан л ури####ж байна , дуудаж байна гэж толгой илээд байгаа болохоос…

  3. Түрээсийн мөнгө авч байгаа зах худ####дааны төвийн эзэд жаахан эх оронч баймаар байнаа түрээсээр яах юм болдоо

  4. Үс ургаад үхэхгүй гадуур хооллоогүй гээд тураад үхэхгүй иог хийгээгүй гээд хөшиж үхэхгүй.Майцэцэгээ авсан зээлээ төл хар луйварчин минь дайны хажуугаар дажин гэж чи муу дут өрөө төл. Хагас жил тэссэн юм хэдхэн хоног тэсэж үз . ТАрд түмэн ингэж хүсээд тэгэнд сулхуулсан х####двар тарлаа гэсэн Төр йн луйварчингуудыг бай болох гээд байна

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button