НИЙГЭМ

Д.Золжаргал: Коронавирус туссан иргэн Б машинд нуугдан, Архангайд ирсэн гэдэг худал мэдээлэл

Архангай аймагт коронавирус илэрсэн тул Засгийн газрын өчигдрийн хуралдааныг хөл хориог нь дахин 10 хоног сунгаад байгаа билээ. Тухайн аймагт коронавирусийн анхны тохиолдлоор бүртгэгсэн иргэн Б машинд нуугдан, хулгайн замаар Архангайд очсон гэх мэдээлэл цацагдаад буй.

Архангай аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой коммисын дарга Д.Золжаргал үүсээд буй нөхцөл байдлын талаар иргэдийн асуултад ингэж хариулжээ.

-Онош батлагдсан иргэнийг яаж илрүүлсэн бэ. Хотоос хавьтал болсон иргэн байгаа талаар мэдээлэл хэзээ анх ирсэн бэ?

-Улаанбаатар хотод батлагдаад буй хувийн эмнэлгийн бариачийн нэгдүгээр хавьтагч Батцэнгэл суманд ирсэн гэх мэдээлэл арваннэгдүгээр сарын 27-нд ХӨСҮТ болон аймгийн Тагнуулын газраас ирсэн даруй АОК-оос шуурхай бүлэг явуулж, тухайн иргэнийг гэрт нь тусгаарлалтад авсан.

Эхний ээлжинд тухайн өрх болон хот айлын нийт 9 иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд гэрийн эзэн Б-ийн хариу эерэг гарсан учир 9 хүний шинжилгээний сорьцыг Улаанбаатар хотруу явуулж PCR-аар шинжилгээ хийлгэсэн. Ингээд PCR шинжилгээний хариугаар иргэн Б болон түүний хүүгийн хариу эерэг гарч, вирусийн хоёр тохиолдол бүртгэгдсэн.

-Тухайн иргэний явсан маршрутыг тогтоосон уу?

-Улаанбаатараас Архангай аймгийн Батцэнгэл суманд арваннэгдүгээр сарын 15-нд ирсэн. Архангай аймгийн Батцэнгэл сум болон бусад явсан газруудын бүх маршрутыг АОК-оос тогтоогоод нэгдүгээр болон хоёрдугаар хавьтлуудыг тусгаарлаж, урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна.

Улаанбаатараас гараад Лүн, Баяннуур, Дашинчилэн, Өлзийт сумдын постоор өнгөрөөд Батцэнгэл сумын төвд ирж дэлгүүрийн бараа буулгаад сумын төвөөс 35 км-ийн зайд орших гэртээ харьсан байна. Өвөлжөөн дэх гэртээ байхад нь малаа хайж очсон иргэн болон сумын төвөөр орсон, дэлгүүрт уулзсан, банканд уулзсан бүх иргэдийн хавьтлыг тогтоогоод эхний ээлжинд сумын төвд тусгаарлаад байна.

-Тухайн иргэнийг ачааны машинд нуугдаж очсон гэсэн мэдээлэл цахим орчинд тархаад байна?

-Ачааны машинд нуугдаж очсон зүйл байхгүй. Иргэн Б хөл хорио тогтоохоос өмнө буюу арваннэгдүгээр сарын эхээр хувийн ажлаар хотод эхнэр 2 хүүхдийн хамт очоод хөл хорионд орсон. Энэ хугацаанд бариачаар 2 удаа бариа хийлгэсэн байна. Ингээд арваннэгдүгээр сарын 15-нд Батцэнгэл сумын хүнсний дэлгүүрийн гурил болон хүнсний бүтээгдэхүүнийг ачаад сумандаа ирсэн байгаа юм. Ирэхдээ өөрийн хувийн “Бонго” маркийн автомашиныг өөрөө жолоодож, эхнэр хүүхдийн хамт ирсэн.

-Тухайн иргэн өөрийгөө ойрын хавьтал болсноо мэдсэн байсан уу?

-Мэдээгүй. Арваннэгдүгээр сарын 27-нд АОК-ын шуурхай штабын багийг очиход л өөрийгөө нэгдүгээр хавьтал гэдгээ мэдэж, шинжилгээнд орсон.

-Одоо хоёр тохиолдол илэрлээ. Тусгаарлаж байгаа хэчнээн иргэн байгаа вэ. Аймгийн хэмжээнд ямар зохион байгуулалтад орж ажиллаж байна?

-Иргэн Б болон түүний гэр бүлийнхний нэгдүгээр хавьтлын 53 иргэнийг Батцэнгэл суманд тусгаарлаад ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Хоёрдугаар хавьтлын 100 гаруй иргэнийг гэр гэрт нь тусгаарлаад байна.

Нэг болон хоёрдугаар хавьтлуудыг түргэвчилсэн оношлуулаар шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарсан байгаа. Гэхдээ өнөөдөр Зоонозын өвчин судлалын төвийн явуулсан PCR шинжилгээний авто лаборатори манай аймагт ирэх тул эдгээр хүмүүсээс PCR-ийн шинжилгээ авахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Аймгийн хэмжээнд Батцэнгэл, Ихтамир сумдад арванхоёрдугаар сарын 1-нийг дуустал хатуу хөл хорио тогтоосон.

-Баруун аймаг руу Архангайгаар дайрч явдаг. Энэ тал дээр зохицуулалт хийсэн үү?

-Баруун аймгуудын хүнс тээвэр, өвс тэжээл ачсан тээврийн хэрэгсэлүүд зааврын дагуу явж байгаа. Ганцхан шаардлага нь Ихтамир сумаар дамжин өнгөрөхдөө зогсохгүй өнгөрөх ёстой.

-Хоёр суманд тэг зогсолт хийсэн байна. Яагаад бусад сумдад хатуу хөл, хорио тогтоогоогүй юм вэ?

-Бусад 17 сум болон Аймгийн төвд халдвартай иргэний 1, 2-р зэргийн хавьтлын иргэн одоогоор тогтоогдоогүй байна. Явсан бүх маршрутыг тандалт судалгааны баг гаргасан. Хэрвээ PCR шинжилгээгээр дахин халдвартай иргэн батлагдвал, түүний явсан замын зураглал, хавьтлуудыг тодорхойлж, бусад сумдаар зорьчсон тэмдэглэл үүсвэл тэр даруй хариу арга хэмжээ авна. Тиймээс аймгийн хэмжээнд хатуу хөл хориог чангатгаж, ТЭГ зогсолт хийгээгүй ч, ард иргэдээ илүү сонор сэрэмжтэй байж, нэн шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй, гарвал маскаа зүүж, ариутгал дэглэмээ сайн баримтлахыг уриалж байна. Ингэж гэмээнэ бид хавьтлыг түргэн шуурхай хумих арга хэмжээ авч чадна.

-Идэш авахаар очоод хавьтал болсон гурван иргэн байна. Тэгэхээр идэштэй холбоотой бусад сум руу зорчих асуудал байгаа юу?

-Ихтамир суманд иргэн Б-ийн аав ээж байдаг. Ихтамир сумаас Батцэнгэлд хүүхдүүд дээрээ очоод идэшээ аваад нэг хоноод буцсан. Тухайн гурван иргэнийг тусгаарлаад түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. PCR-ийн шинжилгээний сорьцийг УБ-руу явуулсан хариу гараагүй байна. Идэшний асуудал дээр АОК-ийн шийдвэр гаргаад постон дээр солилцох үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

-PCR-аар хэдэн иргэнээс шинжилгээ авч ХӨСҮТ-рүү явуулаад байна вэ?

-Өнөөдөр Батцэнгэл суманд PCR-ийн явуулын лаборатори ирж ажиллах учир 1, 2-р хавьтлын 150 гаруй иргэний шинжилгээг эндээ авахаар бэлтгэл ажил хангагдаж байна. Цаашдаа Батцэнгэл сумын өрх бүрээс нэг гэдэг байдлаар түүвэрлэн шинжилгээнд хамруулах хүсэлтийг ЭМЯ-д хүргүүлсэн байгаа.

- Та ярилцлагын төгсгөлд ард иргэддээ хандан уриалга хүргүүлэхийг хүсье.

-Хэдийгээр Архангай аймагт өвчин бүртгэгдсэн ч хорио цээрийн дэглэмээ сайн сахиад онцын шаардлагагүй бол гэрээсээ гаралгүй, гарвал маскаа зүүж, хүн хоорондын зайгаа хатуу чанга баримталж байхыг уриалж байна. Мөн дэлгүүрээр үйлчлүүлэх шаардлагатай бол хэт их үймэх, бөөгнөрөл үүсгэж хүнс нөөцлөх шаардлагагүй гэдгийг иргэддээ хэлмээр байна.

Аймгийн хэмжээнд хүнсний нөөц хангалттай байгаа учир бид цаашид нөхцөл байдал хүндэрвэл иргэдийнхээ хүнсний хэрэгцээг үүдэнд нь хүргэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байгааг дуулгамаар байна. Хамгийн гол нь бид эрүүл аюулгүй байдлаа хангах нь чухал юм шүү. 

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button