Covid-19ДЭЛХИЙ

СУДАЛГАА: Хүн амынх нь 50% “Covid-19” тусвал тухайн улсын дундаж наслалт ЕСӨН ЖИЛЭЭР буурна

Дэлхий даяар эрдэмтэд “КОВИД-19”-ийн эрүүл мэнд, эдийн засагт үзүүлэх үр нөлөөг судалж байна. Одоогийн байдлаар тус вирусээр халварласан нийт 62.8 сая тохиолдол, халдвараас болж нас барсан 1.46 сая хүн бүртгэгдээд байгаа билээ.

1918 онд Дэлхийд тархсан “Испани ханиад” 17-оос 100 сая гаруй хүний амь насыг авж одсон. Тэр үед дэлхийн хүн амын гуравны нэг буюу 500 сая гаруй хүн уг ханиадаар өвчилсөн хэмээн үздэг. Уг цар тахлын дараа АНУ-ын дундаж наслалт 12 жилээр багассан байна.

Тэгвэл “PLOS one journal”-д нийтлэгдсэн судалгаагаар бол “КОВИД-19”-ийн цар тахалд хүндээр нэрвэгдсэн дэлхийн бүс нутгуудад дундаж наслалт богино хугацаанд багасч магадгүй аж.

Уг судалгаанд оролцсон эрдэмтэд өвчний тархалтыг барьж тогтоохгүй бол хүнд нэрвэгдсэн улсуудын дундаж наслалт буурах нь дамжиггүй хэмээжээ.

СУДАЛГААНЫ ҮР ДҮН…

Судалгааны ажилд зориулж шинэ коронавирусийн халдвар авч “КОВИД-19” тусаж, ХҮНДРЭЭД НАС БАРАХ, эсвэл НАС БАРАЛГҮЙ өөр шалтгаанаар амь үрэгдэх гэх мэт хэд хэдэн магадлал бүхий загварчлал гаргасан байна. Мөн өөр насны бүлгийн хүмүүсийн “КОВИД-19”-өөс болж нас барах ялгаатай түвшнийг уг загварлчлалдаа нэмжээ.

Үүний үр дүнд, хэрвээ дундаж наслалт өндөр буюу 80 нас гаруй байдаг улсуудын хүн амын 2-хон хувь л цар тахлын халдвар авбал дундаж наслалтыг багасгах аюултай гэдгийг тогтоосон байна.

Халдвар тархалтын хувь ихсэх тусам Европ, Хойд Америк зэрэг хүн амын насны бүтэц хөгширч буй тивүүдэд дундаж наслалт төдий чинээ буурах аж. Тухайлбал халдварыг хувь хүн амын 50 хувь нь авбал дундаж наслалт гурваас есөн жилээр багасах юм. Уг ажилд оролцсон эрдэмтэн Сергей Шербов “Европ дундаж наслалтыг зургаан жилээр ихэсгэх гэж 20 жил болсон. 1990 онд 72.8 жил байсан бол 2019 онд 78.6 болж өссөн” гэж хэлсэн аж.

Судалгааны ажлыг ахлан бичсэн Шанхайн их сургуулийн профессор Гийлом Маруа “Бидний судалгаа “КОВИД-19”-ийн дундаж наслалтад үзүүлж магадгүй үр нөлөөг ил болголоо. Мөн энэ судалгаа 1918 оны цар тахал, 2014 оны эбола вирусийн халдвар гэх мэт өмнөх тахлуудтай “КОВИД-19”-ийн үр дагаварын цар хүрээг харьцуулах боломж олгож байна” хэмээжээ.

2014 онд Зүүн болон Төв Африкаар тарх эбола вирусийн халдвар Либериа улсад дундаж наслалтыг 1.6-аас 5.6 хүртэл жилээр багасгасан хэмээн Маруа нэмж хэлжээ.

1918 оны “Испани ханиад” ихэвчлэн өсвөр насныхнаас 40 хүртэлх насны хүмүүст халдварласан. Үүгээрээ “КОВИД-19”-өөс ялгаатай байгаа хэмээн Мичиганы их сургуулийн профессор Алекс Наварро хэлсэн байна.

“Хэрвээ “КОВИД-19” ихэнхдээ өндөр настнуудад халдварлаж байвал, мөн адил дундаж наслалт буурахыг бид харна, гэхдээ тийм ч ихээр биш” гэж тэрбээр нэмж хэлжээ.

Дундаж наслалтын багасалт “КОВИД-19”-ийн хамгийн их тохиолдол бүртгэгдсэн улсуудад үзэгдэнэ гэж Наварро бодож байгаа юм.

СУДАЛГААНЫ ҮР ДҮН ЭЦЭСЛЭГДЭЭГҮЙ…

Уг судалгааны дутагдалтай тал нь загварчлалд нь байж магадгүй хэмээн Алекс Наварро үзэж байгаа аж. “Загварчлалууд үргэлж үнэн байдаггүй, учир нь тэр үедээ л мэдэгдэж байсан баримт мэдээллийг ашиглаж хийгддэг. Тэдгээр баримтууд яг чиг үнэн биш байж болно” хэмээсэн байна.

Эх сурвалж : Healthline, ScienceDaily

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button