Д.Ану-Үжин: Гацуур авъя гэвч үнэтэй байсан учир 10.000 төгрөгөөр шаар аваад өөрөө хийсэн

Дэлхийн нийтийг хамраад буй коронавирусийн цар тахлаас үүдэж Улсын онцгой комиссоос томоохон тэмдэглэлт баяр наадмыг нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргасан. Эдгээрийн тоонд мэдээж удахгүй болох шинэ жилийн баяр ч мөн орно. Хэдийгээр нийтээр тэмдэглэхийг хориглосон ч, хүүхдүүдийнхээ хүслийг биелүүлж ганган гацуураа засах эрх нь иргэдэд бий.
-ГАЦУУР МОД ХЭМЖЭЭНЭЭС ШАЛТГААЛЖ 350.000-700.000 ТӨГРӨГ, ТҮҮНЭЭС ДЭЭШ ҮНЭЭР ЗАРАГДАЖ БАЙНА-
Арванхоёр сар гарсаар цахим худалдаа, интернэт орчинд төрөл бүрийн гацуур модны зураг, зарах зарлалууд олширчээ. Харахад нүд баясгам ч, үнэ нь тэнгэрт хадаж. Хэд хэдэн гацуур мод зарах дугаарууд руу залгахад хамгийн доод үнэ 250.000 байх юм. Зарим нэг хийц сайн, чамин чимэглэлтэй Европ стандартын гацуурын хувьд хэмжээнээс шалтгаалж 350.000 төгрөгөөс 700 мянга, түүнээс дээш үнээр зарагдаж байх жишээтэй. Гацуур мод худалдаалж буй дэлгүүрүүд рүү залгаж үнийн тухай лавлахад:
“Коронавирустэй холбоотойгоор хилээр бараа нэвтрүүлэх амаргүй болсон. Олон шат дамжлага дамжсаар хилээр нэвтэрсэн ч хугацаа их алдахаас эхлээд тээврийн зардал нь 30-40 орчим хувь нэмэгдсэн. Гацуурны борлуулалт сайжирдаг сар боловч, хөл хорионы улмаас борлуулалт эрс багассан учир үнээ буулгаж чадахгүй байна. Шинээр ирсэн цөөн тооны гацуурын тээврийн зардал нэмэгдсэн тул өмнөх үнээсээ бага зэрэг нэмэгдсэн” гэх ижил хариултыг өгөв.
Эдийн засаг нь элгээрээ мөлхөж, олон хоногийг ажилгүй гэртээ өнгөрүүлсэн иргэд гацуур модоо дунджаар 250-700 мянган төгрөгөөр авах болох нь. Мэдээж саар бүхний хажуугаар сайн сайхан зүйлс ч мөн бий. Юу гэвэл, Эрдэнэт хотод амьдардаг нэгэн залуу гэр бүл бяцхан хүүгийнхээ хүслийг биелүүлж үлээдэг шаараар өнгөлөг, гоёмсог гацуурыг засчээ. “Youtube” сайтаас хийх аргыг харж ердөө 30 минутад 40 ширхэг шаараар 10.000 төгрөгөөр ганган гацуураа зассан байна. Бид тухайн гэр бүлийн эзэгтэйтэй цахимаар холбогдож ярилцсан юм.

-ХАНИЙГАА ДАГААД БҮТЭЭЛЧ, БАС ГЭР БҮЛТЭЙГЭЭ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХЫГ ХИЧЭЭХ БОЛСОН-
-Юуны өмнө бидний саналыг хүлээж авсанд баярлалаа. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Д.Ану-Үжин гэдэг. Би 22 настай. Нөхөр хүүтэйгээ амьдардаг. Хүү маань удахгүй 3 нас хүрнэ.
-Залуу гэр бүл юм байна шүү дээ. Нөхөртэйгээ танилцаад удаж байна уу?
-Нөхөр бид хоёр 2016 оны арванхоёрдугаар сард танилцаж байсан. МУИС-ын дотуур байранд анх танилцаж байлаа. Би Эдийн засгийн анги, манай хүн IT инженерийн ангид сурдаг байсан. Тэгээд хүүгээ 2018 оны арванхоёрдугаар сард төрүүлсэн. Төрсөн өдөр нь ойртож байна.
-Хүүгийнхээ төрсөн өдрийг догдлон хүлээж байгаа юм байна шүү дээ. Нууц биш бол та гурав маань тусдаа гарч амжсан уу?
-Манай гэр бүл Эрдэнэт хотод амьдардаг. Тийм ээ. Тусдаа гарсан. Гэхдээ одоогоор хүүтэйгээ хоёулаа амьдардаг. Хань маань хүүгээ төрснөөс сарын дараа БНСУ руу гурван жилийн гэрээгээр ажиллахаар явсан юм. Одоо яваад хоёр жил болж байна.
-Төрөөд удаагүй байсан учир, тухайн үед хүнд байсан байхдаа?
-Тийм ээ. Төрсний дараах сэтгэл гутралд орсон. Ер нь их хэцүү байсан. Залуу хүмүүс учир богино хугацаанд хуримтлал үүсгэж, амьдралаа дээшлүүлэхийн тулд ярилцаж байгаад энэ шийдвэрийг гаргасан. Хадам ээж, аав маань хажууханд ойрхон амьдардаг учраас хүү бид хоёрт түшиг болсоор ирсэн. Маш халамжтай, сайхан хүмүүс байдаг юм. \
Тэднийхээ түшгээр хүүгээ төрүүлээд гамаа сайн барьж, биеэ тэнхрүүлсэн. Хадам дүү маань ч гэсэн их тус дэм болдог. Хэдий хол ч ханьтайгаа үргэлж холбоотой байж, Фэйсбүүкээр видео калл хийдэг. Мөн тэмдэглэлт баяруудад ач холбогдол өгч, бие биедээ гэнэтийн бэлэг барих зэргээр үргэлж шинэлэг байхыг хичээдэг дээ.
Хань маань маш романтик хүн учир төрсөн өдөр гэх мэт тэмдэглэлт баяруудыг ер энгийн өнгөрүүлдэггүй. Цаг үргэлж хүү бие хоёрыг баярлуулж байдаг. Тиймээс ч би хүртэл ханийгаа дагаад өөрчлөгдсөн. Их бүтээлч, бас гэр бүлтэйгээ аз жаргалтай цаг хугацааг өнгөрүүлэхийг хичээх болсон шүү.
-ХӨЛ ХОРИОТОЙ УЧИР ТЭМДЭГЛЭЛТ БАЯРУУДЫГ ГЭРТЭЭ Л ТЭМДЭГЛЭХ БАЙХ-
-Таны хувьд ханийнхаа романтик зан чанарт нь татагдсан бололтой?
-Хамгийн их таалагдсан зүйл нь гэвэл хань маань хорт зуршилгүй. Мөн хамт байхад хэзээ ч уйддаггүй. Үргэлж шинэлэг бас романтик байдаг учир татагдсан байх. Намайг бас хүүгээ үргэлж халамжилдаг. Хэдийгээр ханьтайгаа, хүүтэйгээ гурвуулаа удаан амьдраагүй ч, зайнаас ч тэр хайр халамжаа бидэндээ мэдрүүлж, аз жаргалтай байлгасаар ирсэн.
-Тэгэхээр санаачлагыг гартаа авдаг хүн нь таны хань юм байна?
-Тийм шүү. Өглөө сэрэхэд смайл зургаар зүрх зурчихсан, түүнээс ханан дээр сум болгон наасан байдаг. Сумыг нь дагаж явсаар харахад цонхны гадна зайрмаг өлгөсөн байх жишээтэй. Ер нь жижиг гэлтгүй зүйлсээр үргэлж гэнэтийн бэлэг барьдаг.
-Ханиасаа авч байсан хамгийн сайхан бэлэг тань юу вэ?
-Би нэг зун Өмнөговь аймаг руу ажиллахаар явсан юм. Сарын дараа нь миний төрсөн өдөр болоод, нөхөр маань өглөө нь “Хамт байхгүй байгаад уучлаарай. Төрсөн өдрийн мэнд хүргэе” гээд ярьсан. Ингээд өдөр нөхөр рүүгээ залгахад утас нь унтраастай байхаар нь гайхаад өнгөрсөн.
Орой нь ажлаа цэгцлээд амрах санаатай сууж байтал хамт ажилладаг хүн маань “Гадаа нэг залуу чамайг дуудаж байна” гэхээр нь гараад гартал нөхөр маань байсан. Тэгэхэд цаг шөнийн 12:00 өнгөрч байсан юм. Шөнө дунд төөрч, төөрч олоод ирсэн байсан. Ирэхдээ гартаа баглаа цэцэг, бялуутай ирсэн. Тэр өдрийг хэзээ ч мартахгүй болов уу.
-Тэмдэглэлт баяруудыг хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Ханийн маань төрсөн өдөр нэгдүгээр сарын 17-нд болдог юм. Өнгөрсөн жил ханийнхаа төрсөн өдрөөр БНСУ-д хамт байсан. Тиймээс хамтдаа шинэ жил болон төрсөн өдрийг нь тэмдэглээд маш гоё байсан. Энэ жилийн хувьд хөл хорионд орчихсон учир тэмдэглэлт баяруудыг хүүтэйгээ гэртээ л тэмдэглэх байх.
-БНСУ-д коронавирусийн нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Нөхрөөсөө сонсоход БНСУ-д коронавирусийн гурав дахь давалгаа эхэлчихсэн байгаа гэсэн. Яг айхтар үе нь өнгөрсөн учир ард иргэд нь вирустэйгээ дасан зохицох маягаар л аж төрж байгаа гэсэн. Худалдаа үйлчилгээнүүд хамгаалалт хэрэглэж, иргэд нь амны хаалт зүүх, хоорондын зайгаа баримталж ариун цэвэр сахих зэргээр ажилдаа явж, амьдрал хэвийн үргэлжилж байгаа гэсэн.
-Таны хувьд хөл хориог хэрхэн өнгөрүүлж байна вэ?
-Би одоогоор хүүтэйгээ гэртээ л байна даа. Хөл хорионы улмаас хүүгийн цэцэрлэг амарсан учир миний ажилд орох ч дагаад хойшилсон. Тиймээс гэртээ дархлаагаа дэмжээд, хүүгээ асрахад анхаарлаа төвлөрүүлж байна даа.
-ШИНЭ ГАЦУУР АВЬЯ ГЭВЧ, МАШ ҮНЭТЭЙ БАЙСАН УЧИР САНХҮҮГЭЭ ХЭМНЭХИЙН ТУЛД ӨӨРӨӨ ГАЦУУРАА ХИЙСЭН-


-Таны шаараар хийсэн гацуурын пост маш олон хүнд хүрлээ. Санааг нь та гаргасан уу?
-Тийм ээ. Би гаргасан. Фэйсбүүкээр гацуурны үнэ судалсан юм. Тэгэхэд маш үнэтэй байсан л даа. Хамгийн хямд гацуур л гэхэд 200.000 төгрөгөөр зарагдаж байсан. Тэр гацуурыг нь авья гэвч бас л чанарын хувьд тийм ч сайн байгаагүй. Дундаж чанартай гацуур л 350.000-500.000 төгрөгийн үнэтэй байсан л даа. Тэгээд хүүгээ баярлуулангаа хэрхэн санхүүгээ хэмнэх вэ гэж бодсон.
Гацуурны хувьд овор хэмжээ их, дээр нь богино хугацаанд л засагдаад өнгөрөх учир их мөнгө зарцуулахыг хүсээгүй. Гэхдээ хүүгээ огт гацуургүй байлгахыг ч бас хүсээгүй. Тиймээс хямд материалаар өөрөө хийе гэж бодсон. Үнэндээ миний оруулсан пост тийм олон хүнд хүрнэ гэж огт бодоогүй ээ. Хүмүүсийн урам өгсөн сайхан сэтгэгдлүүдээс маш их урам авсан шүү.
-Хүүдээ гацуур авч амжаагүй байсан юм байна?
-Тийм ээ. Хүүгээ төрдөг жил аавынх нь хуучин жижиг гацуурыг засаж өгсөн. Өнгөрсөн шинэ жилээр БНСУ-д байсан учир мөн л гацуургүй тэмдэглэсэн. Энэ жил шинэ гацуур авья гээд судалсан ч, маш үнэтэй дээр нь хөл хорио таарсан учир интернэтээс хямд төсөр аргаар гацуур хийх аргыг хайсан. Тэгээд “Уoutube” сайтаас бичлэг үзэж байгаад дагаад хийсэн.

-Гацуураа хийхэд хэдий хэр хугацаа, бас хэчнээн шаар зарцуулсан бэ?
-Амархан юм билээ. 30 минут л болсон. 40 ширхэг шаар орсон. Хийхдээ шаарныхаа хэмжээг үлээлтээрээ тааруулах юм билээ. Бас чимэглэх жижиг шаарууд орсон. Би гар урлалд их сонирхолтой учраас хоол хийх, гар урлал гэх мэт гараар хийж буй зүйлсийг сонирхож хийх дуртай. Тиймээс ч шаараар гацуур хийх нь маш сонирхолтой байлаа.
-Хүү нь гацуураа хараад маш их баярласан байхдаа?
-Зассан өдөртөө орилоод л, тоглоод, гүйгээд байсан. Сэтгэл хангалуун байгаа нь мэдрэгдсэн шүү. Шаараа хагалчих болов уу гэж бодтол шаараа харж баярлаад, хамаагүй хүрэхгүй байсан. Нураахгүй, нандигнаад байгаад мэдрэгдсэн. Орой унтах хүртлээ харж баярлаад, өглөө ч гэсэн харж баярласан.

-Хань ч гэсэн романтик хүн учир хараад сэтгэл нь их хөдөлсөн болов уу?
-Тийм шүү хараад инээгээд байсан. Ёстой сэтгэжээ. Хөөрхөн болсон байна. Ямар мундаг юм бэ гээд л их магтсан.
-Та ярилцлагын төгсгөлд залуу хосуудад хандаж юу хэлэхийг хүсэж байна вэ?
-Нэгэнт хамтдаа амьдарна гээд үр хүүхэдтэй болоод нэг гэрт орсон л бол бүх зүйлд хамтдаа байгаарай. Хэрэв муудалдаж, маргалдвал маш сайн ярилцаад, тухайн өдөртөө л эвлэрдэг байх нь чухал гэж боддог. Нэгнийгээ баярлуулах, харилцаагаа нандин байлгахад хосуудаас их зүйлийг шаарддаггүй.
Хэчнээн хол байсан ч хоорондоо маш сайн ярилцаж хамгийн гол нь тухайн хүний оронд өөрийгөө тавиад үзээрэй гэж зөвлөх байна. Жижиг гэлтгүй зүйлсээр ханьдаа, гэр бүлдээ гэнэтийн бэлэг барьж, харилцаагаа аль болох шинэлэг, халуун дулаан байлгахад анхаараарай гэж хэлье дээ.
-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үүнээс гоё гацуур хийх боломж бий шүү ! Чимэглэл гэрэл зэргийг баяр өнгөрөхөөр авахаар үлдэгдэл нь 2-3 дахин хямд байдаг. Модны мөчир цуглуулаад уяад зүүдэг гацуур хийгээд чимэглэлээ гэрэлтэйгээ зүүгээд цонхондоо эсвэл ханандаа өлгөж болно. Их гоё харагддаг. Зай эзлэхгүй.
Хахахаха өөр юу гэж доройтмооо р байнадаа нээрээ баяр өнгөрхөөр,бас хүүхдийн баяраар гудам т�##�байгаар шаар их байдаг байрааа кккк