Нийгмийн

Монгол мал Ковид-19-ийн халдвар авах ЭРСДЭЛТЭЙ юү

Коронавирус зөвхөн хүнээс хүнд халддаг халдвар уу гэвэл үгүй. Манай улсад гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтад, нүүдлийн шувууд короновирусийн халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй ч Хонконг, Бельги, АНУ тэргүүтэй 16 улсад гэрийн тэжээвэр болон амьтны хүрээлэнгийн амьтад коронавирусийн халдвар авсан тохиолдол гарч, тэдгээрийг амьтдыг олноор нь устгаж буй. Гэсэн ч халдвар авсан эдгээр амьтдаас хүнд халдварласан тохиолдол одоогоор бүртгэгдээгүй, судлагдаагүй байгаа юм.

Зургийг: ЗӨСҮТ

Гуан дун мужийн алдварт өвчин судлалын төвөөс гаргасан судалгааны ажлын зургадугаар нүүрт “Коронавирус зөвхөн хүнд халдварлах төдийгүй гахай, үхэр, муур, нохой, булга, тэмээ, сарьсан баавгай, хулгана, зараа зэрэг олон зүйлийн хөхтөн, жигүүртэн амьтанд халдварладаг” гэсэн байлаа. Харин дээрх жагсаалтаас халдвар авсан амьтдыг харвал, муур, нохой, булга, арслан, бар гэсэн таван нэр төрлийн амьтан байгаа юм.

ХАЛДВАР АВСАН МАЛЧНЫ МАЛААС ШИНЖИЛГЭЭ АВСАН УУ

Манай улсад коронавирус хүнээс амьтанд халдварласан тохиолдол бүртгэгдээгүй талаар дээр дурдсан. Гэсэн ч арваннэгдүгээр сарын 28-нд халдвартай болох нь батлагдсан аав, хүү хоёр Архангай аймгийн Батцэнгэл сумын малчин өрх юм. Тухайн малчны хотон дахь малаас шинжилгээ авсан эсэхийг өнөөдрийг хүртэл хэн ч ярьсангүй. Яриагүйг бодоход шинжилгээ аваагүй бололтой.

Харин хоёр хоногийн өмнө буюу арванхоёрдугаар сарын 02-нд ЭМЯ мэдээлэл хийх үеэр нэгэн сэтгүүлч коронавирус хүнээс малд халдвал яах талаар асуужээ. Уг асуултад ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл Маш олон оронд хүнээс амьтанд халдвар дамжсан тохиолдлууд гарсан. Амьтнаасаа хүнд халдвар дамжсан тохиолдол гараагүй. Манай орны мал хээр бэлчээрлэдэг тул гэрийн тэжээвэр амьтад шиг хүнээс халдвар авахгүй байх гэж хөдөө аж ахуйн эрдэмтэн судлаачид таамаглаж байгаа” гэжээ.

Хэрэв хүнээс малд коронавирус халдвал яах талаар мөн халдвартай малчны малаас шинжилгээ авсан эсэхийг тодруулахаар бид Мал эмнэлгийн ерөнхий газартай холбогдлоо. Гэтэл хэвлэлийн ажилтан нь ерөнхий эмчтэйгээ холбож өгье хүлээж байгаарай гэж хэлээд салгаснаас хойш утсаа ер авсангүй. Иймд бид ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрахаас зарим зүйлийг тодрууллаа.

-Коронавирус хүнээс малд, малаас хүнд халдах боломжтой юу?

-Олон улсад хийгдсэн судалгаанаас харахад муур, нохой, циркийн амьтдад коронавирус халдсан байгаа юм. Тухайн халдвар авсан амьтнаас хүнд халдвар дамжсан гэсэн судалгаа байхгүй. Шинэ өвчин учир манай улс мал, амьтнаас шинжилгээ аваад байгаа юм бол байхгүй. Харин улсын мал эмнэлгийн ариун цэврийн лаборатори гэрийн тэжээвэр амьтдаас сорьц авч, шинжилж байгаа.

-Архангай аймагт малчин иргэнээс халдвар илэрсэн. Тухайн айлын малаас шинжилгээ авсан болов уу?

-Аваагүй байх. Авах ч шаардлагагүй болов уу даа.

-Яагаад?

-Хэрэв тухайн мал коронавирусийн халдвар авсан байх юм бол түүнд ч бас халдвартай хүнд илэрч байгаа шиг шинж ханиалгах, хоолны дуршил буурах гээд тэмдгүүд илэрнэ. Тийм шинж тэмдэг илрээгүй байгаа учир сорьц авах ч хэрэггүй байх.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button