“Z” үеийн дуу хоолой“Эгүүр” брэнд

“Z” үеийн дуу хоолой №6: Шударга ба шударга бусын тухай

Eguur.mn сайт “Z үеийн дуу хоолой” цуврал контентынхоо ээлжит дугаараар уулзаж байна. Бид үүний өмнө татвар төлөхийн үр ашиг, банкны системийн өөрчлөлт шинэчлэлт, коронавирусийн үед тэд гэртээ юу хийж байна вэ тэргүүтэй сэдвүүдээр “Z” үеийнхний үзэл бодлыг хуваалцсаныг уншигчид санаж буй болов уу.

Харин энэ удаад Авлигатай тэмцэх газрын "Зөв зөвд шударга зөв” аяны хүрээнд “Шударга ёс гэж юу вэ?” хэмээх энгийн мөртлөө сонирхолтой сэдвийг сонголоо. “Шударга, үнэнч байгаарай” хэмээх уриалга, зөвлөмж үг манай нийгэмд үргэлж л хэлэгддэг. Тэгвэл “Z” үеийнхний хувьд шударга ёс гэж чухам юу вэ, тэд юуг шударга бус гэж ойлгодог вэ? Түүнчлэн би төвт үзэл давамгайлж буй энэ цаг үед шударга бус зүйлийг тоохгүй өнгөрүүлэх үү, эсвэл байр сууриа илэрхийлж, дуу хоолойгоо өргөж байх нь зөв үү?

“Z үеийн дуу хоолой” контентын зургаа дахь дугаарын зочдыг танилцуулъя.


Н.Саруулдөл. МУИС-ийн Сэтгүүл зүйн ангийн төгсөх дамжааны оюутан. iToim.mn сайтад сэтгүүлчээр ажилладаг.

Б.Пүрэвмаа. МУИС-ийн ОУХНУС-ийн хоёрдугаар түвшний оюутан. “Лантуун дохио” ТББ-д ажиллаж байсан. Философи, кино фильм сонирхдог.

Э.Энх-Эрдэнэ. МУИС-ийн ОУХНУС-ийн хоёрдугаар түвшний оюутан. Олон улсын харилцааны түүх, соёл судлал сонирхдог.


Бид “Шударга ёс” сэдвийн хүрээнд тус, тусын өгүүлэмж бүхий дөрвөн гэрэл зургийг үзэж, сэтгэгдлээ илэрхийлэх хэлбэрээр ярилцсан юм. Урт ярианаас хамгийн онцлох эшлэл, эцсийн нэгдмэл санааг түүвэрлэн нийтлэл хэсэгтээ шигтгэв.


ЗУРАГ НЭГ: “ХОВДОГ” ААВ.

Зурагт ширээний цаана магадгүй өдрийн хоолоо идэхээр зэрэгцэн суусан аав, хүү хоёр дүрслэгджээ. Аавын өмнө хангалттай их хоол байна, тэр тун ч ховдоглон идэж харагдана. Харин хүүгийн тавган дээр ердөө нэг навч, нэг ширхэг усан үзэм л байх бөгөөд аав руугаа гайхсан, бодлогширсон харц шиднэ.

Б.Пүрэвмаа, “Зарим эцэг, эхчүүд хүүхдэдээ зөв хүн бай, битгий худал хэл гэхчлэн зааварчилгаа өгдөг боловч өөрсдөө түүнийгээ биелүүлдэггүй шүү дээ. Эцэг эх, хүүхэд хоорондын харилцаанд зөрчигддөг шударга ёсны тухай сэдвийг хөндсөн байж болох юм. Нэг харахад энэ хүн жаахан хүүхдийг юм мэдэхгүйгээр нь далимдуулж өөртөө ашигтай давуу тал үүсгэсэн ч юм шиг”.

Н.Саруулдөл, “Зургуудын детал хэсгүүдийг ажвал, аав нь ээмэг, бөгж зүүсэн, шивээстэй, зүүн гар нь бага зэрэг шалбархай, футболк нь халтар... тийм нэг замбараагүй, соёлгүй эр хүний дүр төрх харагдлаа”.

Э.Энх-Эрдэнэ, “Аливаа зүйл заавал тодорхой шалтаг, шалтгаанаас үүддэг шүү дээ. Тухайн хүүхэд ямар нэг ховор өвчтэй ч юм уу, үүнээс өөр зүйл идэж болохгүй нөхцөл байдал байхыг үгүйсгэхгүй”.

Тэдний яриа тэгш бус байдлын тухай сэдэв рүү хальтхан хөлбөрөв. Аливаа хүнийг нас хүйс, нийгмийн гарал, байр сууриар нь ялгаварлаж, тэгш бус хандах буруу гэдэгт тэд санал нийлж байв. Түүнчлэн аливаа зүйлийн харагдаж буй байдлын цаана, бодит учир, шалтгаан нөхцөлийг үргэлж бодолцож үзэх хэрэгтэй, юу юуны туханд хүрэлгүй эртэч дүгнэлт хийх нь буруу гэдэг санааг ч нэг дуугаар хүлээн зөвшөөрлөө.


ЗУРАГ ХОЁР: ХҮЧ ТЭНЦЭЭГҮЙ ОЛС ТАТАЛТ

Харин хоёр дахь зурагт олс татаж буй үйл явц бууж үлджээ. Харин олсны нэг талаас цагаан арьст хүний хоёр гар, нөгөө талаас өнгөт арьст хүний нэг гар татаж байх юм...

Э.Энх-Эрдэнэ, “Европ гаралтай хүн хоёр гараараа татаж байхад, Африк гаралтай хүн нэг гараараа татаж байх шиг харагдлаа. Бусдын төлөө санаа зовдог мэт дүр эсгэдэг хүмүүс бол шууд л “Дээрэлхэж байна” гэж харах байх л даа. Гэхдээ дээр хэлсэнчлэн аливааг ер эрт дүгнэж болдоггүй. Үүн дээр мөн л тэгш байдлын тухай сэдэв хөндөгдөх байх. Гэхдээ миний хувьд энэ үгнээс аль болох зайлсхийх хэрэгтэй гэж боддог. Учир нь энэ үгийн сайхныг буруугаар ашиглаж, олон хүнд хор хөнөөл учруулах хүмүүс цөөнгүй байдаг”.

Б.Пүрэвмаа, “Би эхлээд гарын арьсны өнгөн дээр биш тоон дээр ач холбогдол өгч харлаа. Гэхдээ амьдрал дээр тэгш боломж гэдэг зүйл 100 хувь биелэх боломжгүй шүү дээ. Бидний өөрсдөө сонгож төрөөгүй зүйлсийг ижил стандартаар хэмжиж, шударга ёс нэрийдлийн дор шүүх нь өрөөсгөл ойлголт. Нөгөөтээгүүр хувь хүний хичээл зүтгэлээс шалтгаалж өөрчилж болох зүйлс гэж бий. Жишээлбэл энэ хүн би нэг гараараа л татаж чадна, эсвэл би л өнгөт арьстай гээд л суугаад байсан бол буруу шүү дээ”

Э.Энх-Эрдэнэ, “Энэ хандлага манай улсын соёлоос мөн их хамаардаг. Б.Цэнддоо гуайн бичсэн номыг уншиж байхад, хоёр монгол хүн зөрчилдлөө гэвэл, дургүй нь хүрвэл зүгээр нүүгээд л явчихдаг гэж бичсэн байсан. Уудам тал нутагтай, тийм болохоор хаашаа ч хамаагүй нүүгээд явчихдаг, ойлголцох, тайлбарлах шаардлага байдаггүй”.

Б.Пүрэвмаа, “Бидэнд яалт ч үгүй тэмцэгч чанар дутдаг аа. ЕБС-д биднийг яг суулгаад, багшийн хэлснийг сөрж болохгүй, багшийн хэлсэн үг л зөв гэдэг зүйлээр “нүдчихдэг”. Ингэхээр нийгэмд шударга бус зүйл тохиолдвол “Буруу байна” гэж хэлэх зориггүй болчихдог.  Ер юу ч мэдэхгүй хүүхдүүдийн тархийг багаас нь ийм үзлээр угаачихна гэдэг өөрөө жинхэнэ шударга бус санагддаг”.

Хоёр дахь зургийн хувьд эхэндээ хүч тэнцээгүй өрсөлдөөн, тэгш бус байдал, шударга бус үйл явдлын жинхэнэ илэрхийлэл мэт санагдаж байв. Гэвч залуус ярилцах явцад шударга бус явдалтай тэмцэх, өөрийн хүч чармайлтаар хүссэн хэм хэмжээндээ хүрэх гэдэг хувь хүний тэсвэр, хатуужлын агуулга хөндөгдлөө. Шударга бус байг, гэхдээ тэглээ гээд эвлэрээд сууж болохгүй...


ЗУРАГ ГУРАВ: ХҮН “ГҮҮР”

Энэ зурагт голдоо тасарсан гүүр дүрслэгджээ. Харин харваажийн өндөр албан тушаал бүхий эрхэм, нэг эрийг гүүрийн тасархай хэсэгт дамнуурга болгон хэвтүүлээд, дээгүүр нь тоомжиргүй алхан гарч яваа байдлаар зургийг зохиомжилжээ.

Б.Пүрэвмаа, “Гэнэт харахад ээж, аав хоёр нүдэнд тусчихлаа. Бид сайн яваа нь, эрүүл саруул сууж байгаа нь муухайгаар хэлэхэд ээж, аавыгаа гүүр болгож ашиглан өнөөдрийн хүрсэнтэй холбоотой мэт...”

Н.Саруулдөл, “Гэхдээ энэ хүн өөрөө хүсээд гүүр болж хэвтсэн бол бас сонин асуудал юм байна...”

Үүгээр бид авлига, хээл хахуулийн тухай сэдэв рүү гулсав. Манай Монголын нийгэмд ажил хөөцөлдөж бүтээх болбол “Таньдаг хүн байна уу?”, “Гарыг нь хүндрүүлэх хэрэгтэй байх” гэсэн сэтгэлгээгээр ханддаг нь гэм биш зан. Үүн дээр залуусын үзэл бодол ямар байдаг бол.

Б.Пүрэвмаа, “Надад нэг хүн ярьж байсан юм аа. Авлига гэдэг зүйл дуусахад дор хаяж гурван үе дамжих хэрэгтэй гэж. Яагаад гэвэл авлигач хүний хүүхэд, энэ бол байдаг л зүйл гэж бодож өндийж, өсдөг аж л дээ. Тэгэхээр явж явж гурав дахь үе дээрээ ирээд дуусах магадлалтай байдаг. Энэ гүүр өөрөө зөндөө татвар төлөгчдийн мөнгө. Түүн дээр, жишээ авбал хэн нэг нөлөө бүхий улс төрчийн хүүхэд зүгээр л алхаж гараад, гадаадын том их сургуульд элсэн суралцаад л явчхаж байхтай агаар нэг”.

Залуусын хувьд энэ бол жинхэнэ утгаар шударга бус байдлын тод жишээ аж. Харин эргээд л өмнөх зурагт хийсэн дүгнэлтийн нэг адил, эвлэрч зүгээр суух бус өөрчлөхийн төлөө хөдлөх, босох хэрэгтэй гэдэг санааг хэлж байлаа.


ЗУРАГ ДӨРӨВ: АЖЛЫН ЦАГААР ШИВЭР, АВИР

Харин дөрөв дэх зурагт нэг эр үүрэгт ажлаа гүйцэтгэж явахад ард нь мөн хоёр эр сул зогсчихсон, түүний тухай шивэр, авир гэлцэх нүдэнд тусах ажээ.

Э.Энх-Эрдэнэ, “Надад бол их сургуульд хийдэг багийн ажил л санаанд орж байна /инээв, Сурв/”.

Н.Саруулдөл, “Нээрэн багийн ажил хийхэд бүгдийг хийдэг нэг хүн, худлаа санаа зовж гүйдэг хэдэн хүн байдаг нь харагдчихлаа”.

Тэд ийн багаар ажиллахад гишүүдийн оролцоо тэнцүү бус байдаг асуудлаар хэсэг хөөрөлдөв. Цаашлаад ер аливаа зүйлд хүн бүр тэгш оролцоотой байх нь зөв үү, буруу юу гэдэг агуулга руу ч хөлбөрөв.

“Хэрэв чиний хувьд ганцаараа л ажиллаад байхад бусад нь сул зогсоод байвал яах байсан бэ. Ажлаа хий л дээ гэж хэлэх байсан уу?” гэж асуувал Н.Саруулдөл:

“Хэлэхгүй байх байсан. Хүмүүс өөрсдийнхөө хүссэн зүйлийг л хийдэг шүү дээ. Бие хүн болж төлөвшсөн хүмүүст ийн зааж зааварлаад нэмэр тус болох нь бага л байх. Миний хувьд илүү биеэ даасан, бусдаас хараат биш байхыг эрхэмлэдэг болохоор өөрийнхөө ажлыг л хийгээд явах байсан” гэж хариуллаа.

Үүний дараа Н.Саруулдөл зочдод сонирхсон асуултаа тавив. “Шударга ярьдаг хүн, шударга хийдэг байх боломжтой юу?”.

Үүнд зочид өөр, өөрсдийн хариултуудыг өгсний эцэст, “Эцэслэн хариулах боломжгүй ч шударга ярьдаг хүн шударга хийдэг байх магадлал бага байж мэднэ. Учир нь аман дээрээ ил ярьж ханачхаад, хийхдээ тулахаар больчихдог сэтгэл зүйн хандлага олонтой тааралддаг” гэдэг өгүүлбэрт бүгд санал нийллээ.


ДҮГНЭЛТ: Дөрвөн зургаа үзэж дуусаад бид ярьсан, хэлэлцсэн зүйлээ дүгнэж үзэв.

Э.Энх-Эрдэнийн хувьд нийгэмд шударга ёс хэр зэрэг тогтох нь хувь нэгж хүн бүр шударга ёс гэдэг зүйлийг юу гэж ойлгож, ямар хэмжээнд үнэлж явдгаас шалтгаална. Зарим хүн сайн сайхны, шударга ёсны нэрийн өмнөөс гэж ярьдаг ч мөн чанартаа хэлсэн үгээсээ буцах нь бий.

Харин Б.Пүрэвмаа “Шударга, шударга бусын ойлголт нь мэдээж хувь хүнээс ихээхэн хамааралтай. Хамгийн гол нь шударга бус байдлыг хүлээн зөвшөөрч суух нь утгагүй. Бага ч гэсэн дуу хоолойгоо өргөж байх хэрэгтэй. Цаашлаад нэг хүн шударга байж чадвал бусад хүндээ үлгэрлэж, нэгээс нийтээрээ шударга, зөвт нийгмийг бүтээнэ” гэлээ.

Н.Саруулдөлийн хувьд “Мөн хэчнээн  шударга, гоё зүйл яриад начир дээрээ хийдэггүй, биелүүлдэггүй бол харамсалтай. Үг хэлэгдээд л өнгөрдөг тул бодит хийгдсэн үйлдлийг үнэлэх нь илүү дээр. Иймд шударга ярихаас илүү үйлддэг байгаасай гэж бодож байна” хэмээв.

Шударга бус байдлыг хөндсөн дөрвөн зургийн агуулгын хүрээнд ярилцахад тэд юу шударга, юу шударга бус вэ гэдгийг шууд л ялгаж, үнэлж байв. Гэсэн ч аливаа зүйлийн цаана бидэнд харагдаж буйгаас өөр ондоо шалтгаан нөхцөл байдаг гэдгийг бодолцож, буурьтай дүгнэж байх хэрэгтэйг тэд зураг бүр дээр онцолж байв.

Мэдээж эцэст нь асуудал хувь хүн дээр тулж ирлээ. Нэгж хүн бүх шударга байж гэмээ нь нийтээрээ шударгын талаар зөв ойлголттой болно. Мөн шударга бусын эсрэг өөрсдийн хэмжээнд тэмцдэг, үзэл бодлоо илэрхийлдэг байх нь өнөөгийн залууст дутагддаг дуу хоолой гэдгийг ч онцолж байлаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

ВИДЕОГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button