Нярайгаа автомашин дээр орхисон эх “Эцэг нь хүлээн зөвшөөрөөгүй учир үлдээсэн” гэжээ

Өнгөрөгч есдүгээр сараас хойш төрүүлсэн эх нь нярай хүүхдээ хаясан, тэрчлэн иргэд төрөөд удаагүйн нярайн цогцсыг хогийн цэгээс, нохой зуусан явж байхыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн гэх сэтгэл сэртхийлгэм тохиолдлууд хэдэнтээ гарав. Хамгийн сүүлийн жишээг дурдахад л ердөө хоёр хоногийн зайтай төрөөд дөрөв хоносон нярай төрүүлсэн эхдээ хаягдаж, харин өөр нэг нярайн цогцсыг орон сууцны хогийн цэгээс гялгар уутанд байхад нь олов.
Энэ сарын 4-ны өглөөний 7:00 цагийн үед Сонгинохайрхан дүүрэг, Цамбагарав орчимд саарал өнгийн “Toyota Sai” маркийн автомашины багаж дээрээс хүй нь цөглөөгүй нярайг орны даавуунд ороогоод орхисон тухай бид өмнө мэдээлсэн.
Уг хэргийн тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад:
“Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагаа явуулж нярайн эхийг олсон. Шалгалтаар 26 настай Б нь өөрийн төрүүлсэн 50 см, 3.200 гр охиныг гудамжинд байсан автомашин дээр хаяж явсан гэх нөхцөл байдал тогтоогдон шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Хүүхдийн биеийн байдал хэвийн” гэх тайлбарыг өгсөн юм.
-ХҮҮХДИЙН ЭХ МЭДҮҮЛЭГТЭЭ: "ЭЦЭГ НЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨӨГҮЙ УЧИР ТИЙМ ҮЙЛДЭЛ ХИЙСЭН” ХЭМЭЭЖЭЭ-
ЭХ СУРВАЛЖИЙН ХЭЛЖ БУЙГААР: Хүүхдээ хаясан гэх 26 настай Б гэгч нь хүүхдээ гэртээ төрүүлсэн бөгөөд өмнө нь хоёр хүүхэд төрүүлж байжээ. Хүүхдүүд өдгөө орон нутагт байрлах өвөө, эмээгийндээ байдаг байна. Харин Б-гийн хувьд нэгэн хувийн компанид худалдагчаар ажилладаг бөгөөд амьдралын боломж бололцоо хэвийн, түрээсийн байранд амьдардаг нэгэн аж. Тэрбээр хүүхдээ хаясан шалтгаанаа “Эцэг нь хүүхдээ хүлээн зөвшөөрөөгүй учир тийм үйлдэл хийсэн” хэмээн мэдүүлжээ. Хүүхдийг орхисноос 5-7 минут өнгөрсөн байхад хоёр иргэн олж цагдаагийн байгууллага дуудсан учир ямар нэг осголтын шинжгүй, бие нь хэвийн байсан аж. Охиныг өдгөө хүүхэд хамгааллын төвд хүлээлгэн өгчээ.
Харин хогийн цэгээс олдсон нярайн хувьд энэ сарын 6-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх нэгэн орон сууцны орчмоос олсон гэх бөгөөд хогийн хар уутанд хийгээд хаясан байна. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж хүүхдээ хаясан эх 28 настай О байсныг олсон бөгөөд тэрбээр “Ураг амьгүй төрсөн учир ийн хаясан” хэмээн мэдүүлжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар хүүхдийн эх эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн байсан аж.
ТӨРҮҮЛСЭН ХҮҮХДЭЭ ХАЯСАН ГЭХ ӨМНӨХ КЕЙСҮҮД:
2020.09.25-нд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зам дагуу байрлах модон жорлонгоос подвалконд боогоод хаясан дөнгөж төрсөн нярайг олсон. Тээвэрт явж байсан том тэрэгний жолооч “Жорлонд амьтан дугарах шиг болохоор нь үзтэл хүүхэд уйлж байсан” хэмээсэн байдаг. Ийн тэрбээр охиныг гаргаж, цамцандаа боогоод, түргэн тусламж дуудаж, амийг нь аварсан. Шалгалтаар охины ээж 24 настай Э болох нь тогтоогдож, өдгөө эх нярайг хамтад нь аймгийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж буй аж.
2020.10.01-ний 14:00-15:00 цагийн үед “Circle K” дэлгүүрийн Ард кино театрт байрлах салбарын угаалгын өрөөний хогийн савнаас 1100 гр жинтэй дутуу төрсөн амьд нярай олдсоныг ЭНЭМҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн ч, эмчилгээ хийлгэх явцад нас барсан. Хүүхдийн эх тухайн үед цагдаагийн байгууллагад “Хүүхдээ амьд байсныг мэдээгүй” хэмээн мэдүүлж байсан бөгөөд хожим хүүхдийн аавтай эргэн нийлж, хүүхдээ хамтдаа өсгөнө хэмээж байсан билээ.
2020.10.13-ны 18:00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт эх нь төрөөд удаагүй нярай хүүхдээ цагаан өнгийн даавуунд ороож, улаан өнгийн даавуун уутанд хийж орхисон. Хүүхдийн бие хэвийн бөгөөд сумын эмнэлэгт эмчилгээ хийлгээд түр хамгаалах байр руу шилжжээ. Цагдаагийн байгууллагаас хүүхдийн эхийг эрэн сурвалжилж буй.
2020.11.07-нд Хан-Уул дүүргийн 14-р хороо, “Амгалан хотхоны ойролцоо айлын нохой хашаандаа эмэгтэй хүүхдийн дөнгөж төрсөн бололтой цогцос зууж ирсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Цагдаагийн байгууллага дуудлага мэдээллийн дагуу хэргийн газар очиж нярай хүүхдийн хөлдсөн цогцос байсныг авч, Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.
О.ЭНЭРЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Haha hen durtain bavdag bj dee. Henii huuhed um buu med haha