ЭнтертайнментЯрилцлага

BIG GEE: Дахиад кинонд тоглохгүй гэж бодож байгаа

Рэппэр Big Gee буюу Т.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр кино театрын дэлгэцнээ ердөө дөрвөн хоног гарсан ч, үзэгчдээс хэдийн өндөр үнэлгээ авсан “Гангстерууд” уран сайхны киноны гол дүрийг бүтээж, давхар продьюсерээр ажилласан юм. Уншигчид та бүхэндээ шинэ оны босгонд сайн аав, рэппэр гэгддэг Gее-гийн уран бүтээлийн тухай час хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Түүний хувьд “Монголз” ft Жонон хамтлаг, “33”, “Мөнгөгүй хүний цомог”, “Боловсролгүй сэхээтний тавигдахгүй илтгэл”, “GEEOMETRY”, “МОНГОЛ Рэппэр”, “Зогсохгүй” цомгуудыг гаргасан бөгөөд удахгүй “Street Dreams” шинэ цомгоо танилцуулах юм. Мөн “7-р сарын нэгэн”, “Зангараг”, “Алтан ус”, “Хилгүй жим”, “Микроны босс”, “Приусны босс”, “Боссын босс”, “Гангстерууд” зэрэг уран бүтээлүүдэд ажилласан билээ.

-ЦААШИД ӨӨРИЙН ХӨТӨЛДӨГ ТОК ШОУТАЙ БОЛОХ ХҮСЭЛ БИЙ-

-Юуны өмнө ярилцлагын санал хүлээж авсанд тань баярлалаа. Сүүлийн үед юу хийж байна вэ?

-Гэртээ л байна даа. Сүүлд “Базаа” хэмээх цахим контент эхлүүлж 20 дугаар цацсан.

-Тус контент эхнэрийн тань санаа байсан гэсэн. Ганцаараа хийв үү, баг хамт олны тусламжтай хийсэн үү?

-Цахимаар ярилцсанаа бичээд, түүн дээрээ эвлүүлэг хийж цацсан. Миний үндсэн мэргэжил сэтгүүлч. Гэхдээ би МҮОНРТ-д эвлүүлэгчээр ажиллаж байсан. Тиймээс эвлүүлгээ өөрөө хийсэн. “Базаа” миний хийсэн анхны контент биш л дээ. Өмнөх хөл хориогоор “Street Dreams” нэртэй контент хийсэн.

Контент залуу рэппэрүүдийг иргэдэд таниулах зорилготой юм. Түүнийхээ монтаж, эвлүүлгийг ч мөн өөрөө гардаж хийсэн. “Базаа”-гийн хувьд харахад зүгээр л нэг маазраа мэт харагдах ч, цаагуураа илэрхийлж буй санаатай. Ойлгох хүмүүс нь бол ойлгоод харсан гэж бодож байна.

-Цааш үргэлжлүүлэх бодол бий юу?

-Зогсоочихсон. Үргэлжлүүлж хийх завгүй байгаа. 20 дугаар хийгээд дуусгасан нь ч мөн учиртай. Нэгт хөл хорионы үеийн бэлэн байдлын зэрэг буурсантай холбоотойгоор ажил эхэлж, завгүй болсон. Хоёрт аливаа зүйлд хэмжээ хязгаар байх ёстой гэж боддог. Байж л байдаг, нэгэн хэвийн уйтгартай контент болчихвол үнэ цэнэгүй болох учраас. Яах вэ цаашид өөрийн хөтөлдөг ток шоутай болох хүсэл бол бий. Цаг нь болвол түүнийгээ хийх байх. Би өөрийгөө азтай гэж боддог. Яагаад ч юм цаанаасаа л хүссэн зүйлээ хийх боломж гарч ирээд байдаг. Эсвэл би өөрөө боломж гартал нь их хүсдэг байх /инээв/.

-БИ АМЬДРАЛДАА ОЛЖ АВСАН ЗҮЙЛЭЭ ХӨГЖИМ ДЭЭРЭЭ БУУЛГАДАГ-

-Сэтгүүлч мэргэжилтэй, зураглаачаар ажиллаж байсан гэлээ. Рэппэр болсон шалтгаан нь сонирхол татаж байна?

-Намайг өсвөр насанд байхад Монголд хип хоп урсгал дэлгэрч, ид анхаарлын төвд орж байсан л даа. Өсвөр насны хүүхэд бүр л дуртай хамтлаг, рэппэрийнхээ хувцасны стилийг дагаж, дууг нь дуурайж дуулдаг байсан. Моодонд орж байсан гэвэл илүү оновчтой юм байна.

Миний хувьд яг л тэдгээр хүүхдүүдийн адил рэппэр болох, хамтлагтай болохыг мөрөөддөг байсан. Бага байхаасаа л шүлэг бичих гэж их оролддог байлаа. Бичсэн шүлэг нь нэг их сайн бол байгаагүй л дээ. Гэвч бичиж буй шүлгээ аятай болгож болох юм байна гэж бодоод анх дуу хийх оролдлогоо хийж байсан.

Сэтгүүлчийн хувьд өвөө маань сэтгүүлч хүн байсан. Би өвөөгийнхөө мэргэжлийг өвлөхийг багаасаа хүсдэг байлаа. Тиймээс ч тэр мөрөөдлөө биелүүлсэн. Гэхдээ одоо ингээд бодохоор сэтгүүлч мэргэжил маань одоогийн хийж буй ажилд маань түлхэц болсон гэж боддог.

Энэ тухай асуусан сэтгүүлчдийн асуултад “Би сэтгүүлчийнхээ ажлыг хийж байгаа” гэж хэлдэг. Та бүхэн надаас ярилцлага аваад түүнийгээ сайтдаа буулгадагтай адил би амьдралдаа олж авсан зүйлээ хөгжим дээрээ буулгадаг юм.

-Та өөрийгөө бусдад хэр сайн илэрхийлдэг гэж боддог вэ?

-Ямар цаг үед, хаана, хэнд гэдгээс шалтгаална. Надад ч гэсэн өөрийгөө илэрхийлмээргүй үе гэж байна. Илэрхийлье гэсэн хүндээ яаж хийгээд хэлэх гээд байгаа зүйлээ ойлгуулчихдаг гэж боддог. Үүнийг надаас илүү надтай харилцсан хүн дүгнэх байх.

-Таныг хүмүүс Т.Мөнх-Эрдэнэ гэхээсээ илүү “Gee” гэж дуудах нь элбэг байх. Аль нэрээрээ дуудуулах дуртай вэ?

-Ажлын шаардлагаар албан ёсны уулзалт хийх, хүнтэй танилцахдаа өөрийнхөө нэрийг л хэлдэг. Түүнээс намайг Gee гэдэг гэж хэлдэггүй. “Gee” гэдэг нь миний хоч. Аль нэрээрээ дуудуулах дуртай гэвэл би хоёуланг нь гэж хэлнэ. Эцэг эхээс заяасан алдар нэрэндээ дургүй байна гэж юу байх вэ, нөгөөтээгүүр хочоор маань олон хүн мэдэж, дүгнэдэг учир хоёуланд нь дуртай.

–САЙН ХАНЬ, ААВ БАЙХЫГ ХИЧЭЭЖ, ТӨДИЙ ХЭМЖЭЭГЭЭР БУСДАД ҮЛГЭРЛЭХИЙГ ХИЧЭЭДЭГ–

-Шинэ уран бүтээл дээр ажиллаж байна уу?

-Одоогоор уран бүтээл дээр ажиллаагүй байна. Би нэг их уран бүтээл гэж ярьдаггүй юм. Өөр хийж байгаа ажлууд бий. Аяндаа болоод, бүтээд ирэхээр ил болно байх. Дуу хөгжмийн хувьд ганц нэг дууны үг зэрэг дээр л ажиллаж байна. Студи маань амарчихсан учраас шинэ дуун дээр ажиллаагүй. “Гангстерууд” гээд кино хийсэн ч, нээлтээ хийгээд дөрөв хоноод л хөл хорио болчихлоо.

-Цар тахал уран бүтээлчид тэр дундаа танд хэр хүнд тусаж байна вэ. Уг нь шинэ жилийн баяр дөхөхөөр бүгд л завгүй болдог шүү дээ.

-Уран бүтээлээс гадуур өөр ажлууд маань явж байдаг учраас одоогоор миний хувьд хүнд зүйл алга. Зөвхөн урлагаар орлого олдог хүмүүст бол мэдээж хүнд тусах байх. Дуу хөгжимтэй амьдралаа холбосон, түүгээрээ орлогоо олдог хүмүүсийг “урлагийн хүмүүс” гэж ярьдаг шүү дээ. Ний нуугуй ярихад тэдгээр хүмүүст хүнд байсан ч нэр хүндээ бодоод “Хэцүү байна” гэж хэлж чадахгүй. Гол орлогын эх үүсвэр байхгүй болчихоор мэдээж хүнд л байгаа болов уу.

-Таны хувьд урлагаас гадуур орлогийн эх үүсвэртэй гэж ойлгож болох нь ээ?

-Ганц нэг эрхэлдэг бизнес бий. Түүнчлэн эхнэрийн маань ажил зогсоогүй, цахимаар ажиллаж байгаа учраас орлогод дэмтэй байдаг. Би гэртээ ганцаараа ажил хийдэг хүн нь биш юм.

-Хөл хориогоор гэртээ л байв уу, эсвэл хажуугаар нь гарч ажлаа амжуулж байв уу?

-Яг л гэртээ байлаа.

-Хамгийн удаандаа өмнө нь хэр удаан гэртээ байж үзэв ээ?

-Саяын хөл хориогоор л гэртээ удаан байж үзлээ. Сайхан унтаж амарлаа. Өмнө нь ингэж унтаж амрах зав гардаггүй байсан юм /инээв/.

-БИ ХЭДИЙГЭЭР ХҮМҮҮСТ ЗОРИУЛЖ УРАН БҮТЭЭЛ ХИЙХ Ч, БҮХ ХҮНД ТААЛАГДАХГҮЙ-

-Гэр бүлтэйгээ их цагийг өнгөрүүлсэн байх нь. Таныг сайн аав, хань гэх юм билээ?

-Хүмүүс тэгж бичээд байдаг. Гэхдээ би бичүүлэх гэж тэгдэггүй юм шүү. Миний байгаа нь л тэр юм. Гэртээ сайн хань, аав байхыг хичээж, төдий хэмжээгээр бусдад үлгэрлэхийг хичээдэг. Нийгэмд сайнаасаа илүү саар зүйлс олон тохиолдож буйг бид зөндөө л харж байна.

Сэтгэл сэрдхийлгэм зүйлс ч их гарлаа. Үүнийг жигшиж ярихаас илүү сайн, сайхан зүйлсийг ярьж, харуулах нь зөв гэж боддог.

-Та пэйжээ их идэвхитэй хөтөлдөг юм билээ. Ард нь та байна уу, эсвэл өөр хүн суудаг уу?

-Пэйжээ бол өөрөө хөтөлдөг. Мэдээж сошиал талыг хариуцсан менежер байгаа. Би өөрөө хөтлөхгүй бол хүн ирээд миний зургийг аваад, өмнөөс минь үзэл бодол бичнэ гэж байхгүй шүү дээ.

-Рэппэрүүдийн хувьд өөрийн амьдралд тохиолдсон, мэдэрсэн зүйлсээ уран бүтээлээрээ дамжуулан илэрхийлдэг гэдэг. Гэртээ байх хугацаанд шинэ уран бүтээлийн санаа, сэдэл орж ирэв үү?

-Нэг дууны үг бичсэн. Гэхдээ миний хувьд “Ийм зүйл хийж байгаа” гэхээс илүү “Хийчихлээ” гэж араас нь ярих дуртай. Тиймээс энэ тухай дэлгэрэнгүй ярьмааргүй байна. Цомгийн ажил дууссан. “Street Dreams” гээд миний найм дахь цомог бэлэн болчихсон байгаа.

Харамсалтай нь ковид-19-ийн хөл хорионоос улбаалаад цомгоо гаргаж чадсангүй. “Гангстерууд” киноны нээлт, идэвхжүүлэлтийн ажлуудаа дуусгаад цомгийн нээлтийн ажилд орно гэж төлөвлөж байсан юм. Цомог хэвлэгдээд бэлэн болчихсон ч, нээж амжсангүй ээ.

-Жүжигчин Т.Цогтбаяр дисс хийх үеэрээ “Тоосонд дарагдсан цомгууд” гэж хэлсэн нь санаанд орчихлоо?

-Тийм ээ. Шинэ цомог. Тэр дисс киноны идэвхжүүлэлтийн нэг хэсэг л дээ. Цуврал болоод явсан юм. Хариу бичлэгтээ шинэ цомгоо харуулаад, хэлдэг.

–ХҮҮХДҮҮД РҮҮГЭЭ Л ЯАРЧ, “ОЧИЖ ЧАДАХГҮЙ ЭНДЭЭ ГАЦЧИХВАЛ ХҮҮХДҮҮД МИНЬ ЯААНА АА” ГЭЖ БОДДОГ ЮМ БИЛЭЭ–

-Зарим хүмүүс үүнийг жинхэнэ дисс байсан гэж хараад байх шиг байсан. Таны хувьд шүүмжлэл, сөрөг сэтгэгдэлд эмзэглэдэг үү?

-Яах вэ түүнийг ойлгох хүмүүс нь ойлгосон байх. Учир нь тийм хүмүүст л зориулж хийсэн юм. Би хэдийгээр хүмүүст зориулж уран бүтээл хийх ч, бүх хүнд таалагдахгүй. Таалах, ойлгох хүмүүст л зориулж уран бүтээл хийдэг. Тиймээс сөрөг зүйлсэд нэг их ач холбогдол өгөөд эмзэглэдэггүй.

-Шинэ цомогт хэдэн дуу багтсан бэ?

-Цомог маань 12 дуунаас бүтсэн. Үүнээс эхний хоёр синглийг цацсан. Эхнийх нь “Яасан”, хоёр дох нь “4,3,2,1” гээд дуу байгаа. Үлдсэн нь бүгд шинэ дуу гэж ойлгож болно.

-Цомогтоо зориулж танилцуулах өдөрлөг, арга хэмжээ зохион байгуулах уу?

-Уран бүтээлээ дүгнүүлэх, танилцуулах чухал ажил учир хөл хорионоос хамааран сонсогчиддоо зориулаад цомгийн нээлтээ хийнэ л гэж бодож байна.

-Ноднингийн тоглолт маш сүртэй боллоо. Маш их бэлдсэн байх?

-Өнгөрсөн онд хийсэн “Зогсохгүй” тоглолтод стадион дүүрэн хүмүүс цугласан. Миний хувьд тодорхой нэг цаг хугацаанд тухайн уран бүтээлч юу хийж бүтээсэн бэ гэдгээ цогцоор нь хүмүүст хүргэх зорилготойгоор тоглолтоо хийдэг. Ашиг хардаггүй гэж хэлж болно. Тоглолт маань ч хүлээлтээс давсан. Удаан хугацаанд бодож, төлөвлөсөн. Хугацаа их шаардсан гэж хэлж болно.

-Киноны уран бүтээл рүү оръё л доо. ”Гангстерүүд” киногоороо орон нутгуудаар явлаа. Хаагуур яваад ирсэн бэ?

-Дархан, Эрдэнэт, Хөвсгөл аймгуудаар явсан.

-Хөл хориогоор амжаад л ирэх шиг боллоо. Тэндээ хорионд орчихов уу гэж бодсон шүү.

-Ерөөсөө л яг гацангаа алдсан. Би эхнэртэйгээ хамт явсан л даа. Унтаж байхад үүрээр хоёр талын ээжүүд маань залгаж хэл дуулгасан. Тэр сургаар сандраад Мөрөнгөөс амжиж гараад Эрдэнэтэд ирээд сүүлийн вагоноор хотод амжиж ирсэн. Хүүхдүүд рүүгээ л яарч, “Очиж чадахгүй эндээ гацчихвал хүүхдүүд минь яаана аа” гэж боддог юм билээ.

-Киноны нээлтээр аймгуудаар явахдаа бүрэлдэхүүнээрээ явдаг уу?

-Зардал мөнгөнөөс эхлээд асуудалтай тул олон хүн бол явахгүй. Яг үнэнийг хэлэхэд, кино хийдэг хүмүүс амархан аргаар мөнгө олоод байдаггүй. Зарим хүмүүс тэгж хараад байх шиг байдаг юм. Явдал суудал, зардал мөнгө, цаг хугацаа, хүч хөдөлмөр их шаарддаг ажлын нэг л дээ.

Маш их хөдөлмөрлөсний шимд орлого олдог салбар юм. Миний хувьд “Гангстерүүд”-ээс хойш дахин уран бүтээлд тоглохгүй гэж бодоод байгаа. Яг тоглохгүй гэж ам гараад яах вэ. Мөн энэ киногоо далимдуулаад 21 аймгаа тойрчихъё гэсэн бодол байсан. Даанч тэр бодол маань түр саатлаа. Гэхдээ заавал хэрэгжүүлнэ гэж бодож байна.

-Уран бүтээлд тоглохгүй гэсэн нь сонирхол татаж байна л даа?

-Өөр төвлөрөх ёстой ажлууд байгаа юм.

–ХИЙВЭЛ ХИЙСЭН ШИГ ХИЙГЭЭД, ХОЁРЫН ХООРОНД ХИЙВЭЛ ХИЙГЭЭГҮЙ НЬ ДЭЭР ГЭЖ БОДДОГ–

-Рэппэр, жүжигчин хоёрын аль нь тухтай байна?

-Жанрын хувьд хоёр өөр зүйл л дээ. Кинонд ажиллах эхэндээ хэцүү байсан. Анхныхаа кинонд тоглосны дараа ахиж тоглохгүй гэж ам гарч байсан удаа ч бий. Яваандаа бэрхшээлийг ойлгоод ирэхээр дурлаж эхэлсэн. Харин хөгжмийн хувьд хүүхэд байхаас хүсэж ирсэн учир хийгээд явахад эхнээсээ кайфтай, сайхан байсан.

-Жүжиглэхээс гадна сүүлийн хоёр уран бүтээлд продьюсерээр нь ажилласан гэж сонссон?

-Тийм ээ. “Boss of boss”, “Гангстерууд” уран бүтээлүүдэд ажиллалаа.

-Дүр дээр ажиллангаа кино продьюсерлэх хэцүү байсан уу?

-Жүжигчин бол киноны дүрд ажиллаад л болдог. Продьюсерийн хувьд кино зураг авалт, нээлт, хаалт цаашлаад IP TV рүү орох хүртэлх удаан хугацааны ажлыг хийх шаардлагатай. Тиймээс ялгаатай. Хоёр ажил л зэрэг хийж байгаа гэсэн үг л дээ.

-Уран бүтээлийн хажуугаар амьдралаа хэрхэн зохицуулдаг вэ?

-Хөгжим, киноны ажил хийдэг хүмүүст тогтсон амрах, ажиллах цаг гэж байдаггүй. Би яг тэдэн цаг хүртэл ажиллаад, ингээд амарна гэсэн зүйлгүй юм. Шаардлагатай бол шөнө, нойр хоолгүй ажиллах үеүд ч бий. Энэ салбарт ажилладаг бусад хүмүүс ч гэсэн яг л ижилхэн хөдөлмөрлөдөг. Миний хувьд мөн адилхан. Гэвч гэр бүлдээ цаг зарцуулж чаддаг гэж боддог.

-Сүүлийн уран бүтээлийн зураг авалт хэр удаан үргэлжилсэн бэ?

-Зураг авалт сар орчим үргэлжилсэн. Төлөвлөх болон бэлтгэл ажлууд жил үргэлжилсэн. Яагаад богино хугацаанд зураг авч байгаа вэ гэхээр зарим хүмүүс их шүүмжилдэг л дээ. Зураг авалт удаан үргэлжилсэн киног сайн уран бүтээл гэж дүгнээд байдаг. Нөгөөтээгүүр богино хугацаанд зураг авалт үргэлжилсэн кино муу гэсэн үг биш юм.

Холливуудад зураг авалт нь долоон өдөр үргэлжилсэн сайн уран бүтээлүүд бий. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр зураг авалт удаан үргэлжлэх тусам зардал, хүч хөдөлмөр зарцуулагдахаас эхлээд асуудалтай болдог. Тиймээс бэлтгэлээ нухацтай, удаан хийгээд зураг авалтаа аль болох богино авах нь манай нөхцөлд хамгийн тохиромжтой.

-Киноны төсөв мөнгө, ажилласан баг бүрэлдэхүүний тухай?

-Киноны зардал өндөр. Ер нь маш өндөр зардлаар бүтдэг. Кино баг л гэхэд 40 гаруй хүнтэй байсан. Олон залуусын хүч хөдөлмөр, ур ухаан шингэсэн. Тийм ч учраас би кинондоо маш сэтгэл хангалуун байгаа.

-Ямарваа уран бүтээлд гар нийлдэг баг бүрэлдэхүүнтэй ажиллахыг илүүд үздэг үү, эсвэл шинэ хамт олонтой ажиллахыг зорьдог уу?

-Аль аль нь. Саяын кинонд хуучин ажиллаж байсан бүрэлдэхүүнтэйгээ ажилласан. Шинэ бүрэлдэхүүн ч мөн нэмэгдсэн. Кино, хөгжим цэвэр багийн ажиллагаанаас бүтдэг. Үүн дээр нэг мундаг хүн ганцаараа ажиллана гэж үгүй. Бүгд хоорондоо зохицож ойлгож мэдэрч ажиллах нь чухал. Багт гар нийлдэг хүмүүс байвал ажил гараас зовлонгүй гарна. Тиймээс тэнцвэрийг хадгалах нь чухал.

-Шинэ бүрэлдэхүүнтэй ажиллахад гар нийлэхгүй бол зохицоод ажиллахыг хичээдэг үү эсвэл шууд татгалздаг уу?

-Аль болох зохицоод үр дүнтэй ажиллахыг хүснэ. Болохгүй бол больсон нь дээр. Хийвэл хийсэн шиг хийгээд, хоёрын хооронд хийвэл хийгээгүй нь дээр гэж боддог.

-ХИП ХОП, РЕП ХИЙЖ БУЙ ЗӨВ ЗҮЙТЭЙ, САЙН САЙХАН ОЛОН ЗАЛУУС БИЙ-

-”Гангстерууд” УСК таны өмнө ажиллаж байсан уран бүтээлүүдээс юугаараа ахисан болон уран бүтээлийн санааг хэрхэн олсон бэ?

-Жүжиглэлтэд асуудал гараагүй. Учир нь би өөрийнхөө дүрд ажилласан. Gee-гийн дүрийг Gee л сайн бүтээнэ шүү дээ. Уран бүтээл хийх санаа гэвэл нэг их онцгой шалтгаан бол байхгүй ээ. Харин залууст хар тамхи хэрэглэхгүй байх, хор уршгийг таниулах мэдүүлэх түүнийг хүнд биш хөнгөхөн, хөгжилтэй, адал явдалтай байдгаар мессеж хүргэхийг зорьсон.

Хоёрдугаарт нийгэмт нэг буруу ойлголт яваад байдаг л даа. Хип хопууд гэхээрээ л хар тамхичин, бүтэхгүй хүмүүс байдаг гэх. Энэ асуудлыг нөгөөтэйгүүр үгүйсгэмээр байгаа юм. Хип хоп, реп хийж буй зөв зүйтэй, сайн сайхан олон залуус бий. Тиймээс тэр талыг хүмүүст таниулах нь чухал. Бид хар бараан зүйлсийг сайн олж хардаг хэрнээ гэрэл гэгээтэй зүйлсийг сайн олж хардаггүй.

-Таны хувьд хэр сахилга баттай вэ?

-Сахилга баттай байхыг хичээдэг. Түүнээс биш өөрийгөө 100 хувь сахилга баттай хүн гэж хэлж чадахгүй. Заримдаа уурлаж уцаарлах, бусадтай муудах үе гарна. Заримдаа түргэн шийдвэр гаргах, алдаж онох үе бий.

-Өөрийнхөө дүрд ажилласан учир өмнөх бүтээлээс сайн болсон гэсэн үг үү?

-Сайн болсон эсэхийг бол хэлж мэдэхгүй. Ямартай ч илүү амар байсан. “Гангстерууд” кинонд би үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Киноныхоо зохиолыг унших, хар монтажыг үзэхээс эхлүүлээд сэтгэл хангалуун болсон. Үзэгчид ч гэсэн кино гарах дөрвөн хоногт сэтгэгдэл хангалуун хүлээж авч байсан. Дүрд ажилласан, бүтээлцсэн кино театрт гарахад айдас хүйдэстэй л үздэг. Хүмүүс яах хүлээж авах бол гэх бодлоос эхлээд олон зүйлс бий.

Сүүлийн кинонд ямар ч айдасгүй байсан. Миний хувьд өөрийгөө хэзээ ч дүрийг бүтээлээ гэж ярьдаггүй. Ярьж байгаагүй, цаашид ч ярихгүй байх. Би өөрөөсөө өөр, тэс өөр зан араншинтай, хүний дүрд ажиллаж байгаагүй. Хоёрдугаарт би мэргэжлийн жүжигчин хүн биш. Гэхдээ бага байхдаа кинонд тоглох юмсан гэх нууцхан хүсэл мөрөөдөлтэй байсан. Тиймээс ч хүсэл мөрөөдлийнхөө хойноос л явж байгаа хүмүүсийн нэг юм. “Гангстерүүд кино миний ажилласан найм дахь уран бүтээл.

-Ярилцлагын төгсгөлд уншигчдад хандаж юу хэлэх вэ?

–Бүгд бодолтой л баймаар байна. Зарим нэг зүйлийг хараад байхад бидэнд бодол, боловсрол хоёр дутаад байх шиг. Ялангуяа медиа салбарт. Сошиал медиа хөгжсөнөөс хойш олуулаа медиагийн хоол болоод байх шиг санагддаг юм. Үзэж сонсож буй зүйлдээ шүүлтүүртэй хандаарай л гэж хэлэх байна.

-Бидэнтэй цаг, зав гаргаж ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-12-17 14:06

МУУХАЙ ИМИДЖТЭЙ ГЭЖ ХАРДАГ БАЙСАН ЮМ ГЭВЧ САЙН ААВ ЮМ БН ХҮНДЭТГЭЖ БАЙНА АМЖИЛТ ХҮСЬЕ

ГАНАА
ГАНАА
2020-12-17 15:15

БИ ӨӨРИЙГ ЧИНЬ ГАЙГҮЙ САЙН АТМАН ГЭЖ БОДДОГ НЭГ ТИЙМ ПЭЭДИЙСЭН ХЭНХЭГ НОВШНУУД БАЙДАГИЙШДЭЭ ТЭДНИЙГ САЙН ДАРЖ ЯВААРАЙ АЖИЛЫН ТУХАЙД ЮУ ЯАРИХАВ АМЖИЛТ

Зочин
Зочин
2020-12-17 16:03

songuulid ner devsheech Big Gee

Юүн гишүүн
Юүн гишүүн
2020-12-17 21:47

Гайтийн ерөнхийлөгч нь реппер гар байдаг байх шүү

Зочин
Зочин
2020-12-18 14:37

Одоо уран бүтээлээ хий. Бас шинэ артистууд төрүүл. Нөгөө т�##�ийгаачын дууг бүтээж өгнө гэсэн юм болсон бэ?

Холбоотой мэдээ

Back to top button