НИЙГЭМ

Монгол улс зориулалтын АРХИВЫН ШҮҮГЭЭТЭЙ боллоо

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн санхүүжилтээр Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивт хэрэгжсэн “Архивын шүүгээ нийлүүлэх төсөл”-ийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

Дээрх үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан,Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг Эрхлэх газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Оюундэлгэр, Эрүүгийн хэргийн төв архивын эрхлэгч, ахлах прокурор Ж.Чимгээ,Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их хурлын дарга Мустафа Шэнтоп, тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язал, ТИКА-ийн Монгол дахь Хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаөмэр, Туркийн Үндэсний Их Хурлын дэд дарга Митхат Санжар болон бусад албаны төлөөлөгчид оролцсон юм.

Эрүүгийн хэргийн төв архивын эрхлэгч, прокурор Ж.Чимгээ зочдод төслийн хэрэгжилт болон тус архивын үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийв.

Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архив нь 2003 онд байгуулагдсан бөгөөд 2019 оны байдлаар 103460 гаруй эрүүгийн хэргийн материал хадгалагдаж байна. Жил бүр дундажаар 5000-7000 материал нэмэгддэг. 2016 онд шинэ байртай болсон ч зориулалтын тавиур шүүгээгүй байсан.

Төслийн хүрээнд Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн буцалтгүй тусламжаар Эрүүгийн хэргийн төв архивт 2019 оны 4 дүгээр сард 400 ширхэг зориулалтын шүүгээнүүдийг суурилуулж архивын сан хөмрөгийн багтаамж, хадгалалт хамгаалалтын орчин нөхцөл сайжирч, архивын үйл ажиллагааг хэвийн явуулах боломж бүрдүүлсэн юм.

Улсын Ерөнхий Прокурорын орлогч М.Чинбат уг төсөл амжилттай хэрэгжсэнээр прокурорын байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад чухал ач холбогдолтой болсныг тэмдэглээд архивын материалыг стандартын дагуу хадгалж, хамгаалах боломж олгосон Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн хамт олонд талархал илэрхийлэв.

Энэ арга хэмжээ нь хоёр улсын  хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог юм.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button