Нийгмийн

ТОЙМ 2020: Монголын сэхээтнүүдийн “мөнгө угаалт” ба жирийн иргэдийн “зэрлэгшил”

Eguur.mn сайт улирч буй 2020 онд Монголын гэмт хэргийн ертөнцөд болсон онцлох үйл явдлуудыг хоёр хэсэгт хувааж, редакцийн дүгнэлттэйгээр тоймлон хүргэж байна. Өнөөдөр Монголын нийгэмд хоёр төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байна. Улсаа хүртэл удирдуулж, өмнөө түлхэж явдаг сэхээтний давхарга нь тархиа ашиглаж өнгө, мөнгө угаах хэрэгт холбогддог бол өмнөх амьдралаа яая даа гэсэн хэсэг нь гараа ашиглаж, гай зовлонг өөрсдөдөө дуудаж, аймшигт гэмт хэргүүд үйлдэж явна.

-СЭХЭЭТНҮҮДИЙН “ЯЛ ЗАВШИЛТ” БА ОНИГООТОЙ ЯЛЫН БОДЛОГО

Эхний ээлжинд бүх талаар боловсорсон манай нийгмийн сэхээтнүүдийг 2020 онд ээлж дарааллан баривчилж, ял оноосныг гэмт хэргийн ертөнцийн тоймд онцлох нь зүйтэй.

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан гурван ч эрхэм болох С.Баяр, М.Энхсайхан, Ж.Эрдэнэбат, Сангийн сайд, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Сангийн сайд асан Б.Болор, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа нарын хүмүүс авлига, албан тушаалын хэргээр торны цаана суув. Ажлаа хийдэггүй, загас жараахай хөөцөлддөг хэмээн байнга гоочлуулдаг АТГ-ын хувьд дээрх баривчилгаанууд мэдээж “акул”.

С.Баяр, С.Баярцогт, Д.Эрдэнэбат нарын хүмүүс Монголын эдийн засгийг хөдөлгөх Оюутолгойн томоохон гэрээг үзэглэсэн, "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг Монголд авч ирсэн зэрэг улс эх орныхоо эдийн засагт сайн үр нөлөөг авчирсан нь үнэн ч, үүгээрээ далимдуулж өөрсдөдөө их хэмжээний ашиг авч, хэсэг бүлэг хүмүүсийн баяжих хэрэгсэл болгосон нь ингэж адлуулах шалтгаан болчхоод байгаа юм.

Хамгийн инээдтэй, бас харамсалтай нь их л сүржнээр баривчлагдсан тэдний баривчилгаа прокуророор дамжаад шүүхийн шатанд очихоороо нэг л бишддэг. Өөрөөр хэлбэл шүүхээс тэдэнд ял оноохдоо хэнээс ч хараат бусаар шийдвэр гаргаж байгаа эсэх нь маш эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл тэдний баривчилгааны цаана дандаа улс төрийн тохироо явагдаж байсан нь өдрөөс өдөрт ил болж байна. Ийн хэлж буйн учир нь анхан шатны шүүхээс таван жилийн ял сонссон С.Баяр, 10 жилийн ял сонссон С.Баярцогт нарын хэсэг хүмүүсийн ялыг давж заалдах шатны шүүхээр бараг 50 хувь бууруулчихсан. Тэгчхээд ямар учир шалтгааны улмаас тэдний ялыг ийн огцом бууруулснаа хэнд ч тайлбарлах шаардлагагүй гээд ичих ч үгүй тас нуугаад өнгөрөв.

Их л сүржин баривчлагдсан тэднийг үнэхээр Монгол Улсад асар их хохирол учруулаад одоо гэм нүглээ эдлэх нь дээ гэсэн хүлээлт нийтэд байв. Гэтэл шүүх хурлаас хурлын хооронд их хэмжээний мөнгөөр батлан даалтад гарч байсан тэд яаж ийгээд л ял “завшчихаж” байгаа нь энэ.

Өөрөөр хэлвэл С.Баяр, С.Баярцогт нарын дээрх этгээдүүд хэл амгүйхэн шорондоо нэг жил суучхад л ирэх жил томоотой ялаа эдэлсэн гээд магадлангаар суллагдах болчихоод байна. Хуулийн цоорхойг яаж ашиглаж, хэрхэн ялаас амархан мултрахаа мэддэгээрээ тэд жирийн иргэдээс ихээхэн ялгаатай юм. Тэдний улсаасаа идсэн уусан, улсаа зарж үрсэн нь үнэхээр үнэн байсан бол энэ ялын бодлого нь арай л онигоотой. Эсвэл үнэхээр тэдний өөрсдийнх нь хэлдгээр хэрэг хийгээгүй, гэмгүй цагаахан улсыг гүтгэж “шорондсон” бол энэ нь ямар их дээрээс шидсэн чулуу болох нь тодорхой биз. Ял тохирох наймаа аль эрт эхэлж, ард иргэдийг хэсэг эргүүтүүлж, итгүүлэн үнэмшүүлэх бодлого ч барьсан байх. Ирэх жил МАН-ын 100 жил, Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан өршөөл үзүүлэх нь тодорхой тул тэдний суллагдах нь цаг хугацааны л хэрэг боллоо.

С.Зоригийн аллагын хэрэг хүлээлгэх гэж Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэргээр ял сонссон Б.Хурц нарын этгээдүүд ч цар тахлын дуулианы ардуур батлан даалтад гарчихсан байгаа юм. Түүнчлэн ЖДҮ сангаас хамаарал бүхий компанидаа 800 сая төгрөгийн зээл авч өгсөн УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад анхан шатны шүүхээс 2 жилийн ял оноотол дав заалдах шатнаас нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, буруугаа хүлээж гэмшсэн гэх шалтгаанаар ялыг нь хүчингүй болгочхож байгаа юм. Арван мянган төгрөг хулгайчхаад 10 жилийн ял авдаг эгэл жирийн иргэдийг ёстой л доромжилж байгаа биз.

Энэ мэт ард иргэдийн шүүхэд итгэх итгэл рүү шанага шанагаар ус цацсан олон олон дарга, баячуудын хэргийг 2020 онд дээрх байдлаар шүүн тасалсныг ийн онцоллоо.

АЙМШИГТ ХЭРГҮҮД БА “ШОРОНЖСОН” НИЙГЭМ

Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдэг бил үү. Төрөөс идсэн ууснаа яаж ийгээд нуугаад, яаж ийгээд аргалаад хуулийнхныг “худалдаж авдаг” дээрх мэт этгээдүүдийн үлгэрлэлээр ард түмэн ч бүр зэрлэгшиж гүйцэж.

Төрд биднийг төлөөлдөг хэд нь төрөөсөө хулгай хийж “шоронжиж” буй бол жирийн иргэд нь хүний санаанд багтамгүй аллага таллага аймшигт хэрэг үйлдэж, шоронжсоор байна.

2020 онд олны сэтгэлийг хирдхийлсэн аймшигт хэргүүд тоймгүй олон үйлдэгдэв. Жирийн иргэд малчид нь бэлчээр нутгаа булаалцалдаад, нэгнийгээ зүгээр л малынх нь бэлчээр дээр тарвага агнаж байгаа аятай хэд хэдээр нь буудаад алчихав.

Төрсөн ах нь төрсөн дүүтэйгээ таарамжгүй харилцаатай байсан гээд зүгээр л мөчлөөд шуудайлаад хаячихав. Нийгмийн элдэв стресс, дутуу дулимаг хууль тогтоомж, эцэг эх, гэр бүлийн харилцааг хариуцлагажүүлээгүйгээс үүдэлтэй амиа хорлолт, үр хүүхдээ төрүүлээд хог новш шиг хаях хэргүүд тоогоо алдав. Хамгийн тод санаж байгаагаа цухас дурдвал дөнгөж төрсөн нялх биетэй эх гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй байдлаар хүүхдээ тэврэн цонхоор үсэрч хоёул амиа алдсан гэх тэр зураглал одоо хүртэл нүдэнд харагддаг юм.

Эцэг нь хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас гээд дөнгөж төрсөн хүүхдээ сүлжээ дэлгүүрийн хогийн сав руу хаячихсан байсныг нь олж эмнэлэгт хүргэсэн тэр бяцхан зүрх хэд хоног тэссэн ч амьдрах хувь дутсан юм. Гэрээсээ нэгж авах гээд гарсан бүсгүйг хэдэн сар эрэн хайсны эцэст уулын мухраас танигдахын аргагүй болсон цогцсыг нь олов. Ахуйн архидалтаас болж ханилсан ханиа аймшигтайгаар, хэрцгийгээр хөнөөсөн хэргүүд удаа дараа гарав.

Томчуудын хариуцлагагүй болчимгүйгээс найман настай хүү буу алдаж төрсөн дүүгээ хөнөөсөн хэрэг ч гарав. Томчуудын хариуцлага, төр засгийн олхиогүй байдлаас болж есийн есөн бяцхан зүрх гэртээ цоожлуулсан байхдаа шатаж, угаартаж амиа алдлаа. Хөх өвлийн хүйтэнд цар тахлын шинжилгээ шаардаж, цаг алдсанаас болж эмнэлгийн тусламж авч чадаагүй иргэн машиндаа суугаагаараа амиа алдав.

Техникийн хурд хүчинд бардаж, хурд хэтрүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлаа сахин хамгаалаагүйн хар гайгаар зам тээврийн ослын улмаас 410 амь зөвхөн энэ онд тэнгэр өөд оджээ. Эдгээр аймшигт, зэрлэг балмад хэргүүд бол зүгээр л санаанд тодхон үлдсэн нь гээд бод доо. Энэ бол хүнийхээ төлөө байдаггүй ялзарсан нийгмийн илрэл, эзэнгүй төрийн эмгэнэл юм уу даа.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Бид юунаас айх ёстой вэ. Дэлхий даяар тархсан цар тахлаас айх уу. Эсвэл өөрсдөөсөө, нэг нэгнээсээ айх ёстой юу. Өнөөдөр бид амьсгалаар, агаар дуслаар дамждаг цар тахлаас тун чиг сайн хамгаалцгааж байна. Өдийг хүртэл нэг нь ч амиа алдаагүй байгаа нь гайхалтай. Харин араатан, адгуус шиг ааш авираа тэвчиж чадаагүйн хар гайгаар, ард түмэндээ, үр хүүхэд, гэр бүлийнхэндээ анхаарал халамж тавиагүйн үрээр ай юу ч гэх вэ дээ. Хэдэн амь алдчихав аа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-12-22 11:15

хонь шиг ард түмэн аргагүй

Засварчин
Засварчин
2020-12-23 13:11
Reply to  Иргэн

М�##� шиг гэвэл илүү зохимжтой.

Баттулгын төлөө
Баттулгын төлөө
2020-12-22 14:10

БИ ХЭЛСЭН. ҮГЭНДЭЭ БАЙДАГ ЖЭНКО БАТТУЛГЫГ ДЭМЖИНЭЭ

Зочин
Зочин
2020-12-22 15:24

Offshore oruulj irne gej offshorechin erunhiilugch helehed ard tumen unemshij l baidag

Зочин
Зочин
2020-12-23 11:47

Battulga yu ch hiij chadsangui chadahchgui baih zugeer l munguur garch irsen shu dee

Холбоотой мэдээ

Back to top button