Нийгмийн

ИРГЭДИЙН БАЙР СУУРЬ: Бүсчлэл хэрэгжвэл “ТАКСИЧИД” хоолноосоо сална

Улаанбаатар хотын авто машин хэрэглэгчид өдөрт 1 цагийг, жилд 45 хоногийг зам дээр түгжирч өнгөрөөдөг болохыг тогтоожээ. Түүнчлэн Замын хөдөлгөөнд өдөрт 5 цагийн турш оролцдог иргэдийн 79.2 хувь нь зорилтот ажлынхаа 1/3 буюу 37 хувийг л амжуулдаг гэсэн судалгааны дүн байгаа юм.

Иймд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилготойгоор наймдугаар сарын 15-аас эхлэн нийслэлийн замын хөдөлгөөнийг А, В, С гэсэн гурван бүсчлэлд хуваахаар болсон.

-ИРГЭД: ХОТЫН А В С БҮСЧЛЭЛД БЭЛЭН ЭСЭХЭД ЭРГЭЛЗЭЭТЭЙ БАЙНА-

Харин бид замын гурван бүсчлэлийн талаар иргэдийн байр суурийг авлаа.

Тэд ихэвчлэн уг бүсчлэлийн талаар мэдээлэл бүрэн авч амжаагүй байлаа. Түүнчлэн зарим иргэд уг бүсчлэлийг хийхийн тулд олон улсын шаардлагад нийцсэн зам харгуй, замын зөв төлөвлөлт болон нийтийн тээврийн хэрэгсэл /хүрэлцээтэй нийтийн тээврийн автобус, метро/ хэрэгтэй. Бид бусдын жишгийг авах гэж байгаа бол ядаж метротой болчихоод хийвэл бүрэн дэмжинэ гэх мэтээр хариулж байлаа.

Иргэн Н.Батбаяр: ТАКСИНД ЯВДАГ БИД ХҮССЭН ГАЗАР ЗОРЧИЖ ЧАДАХГҮЙ ХЭЦҮҮ Л ЮМ

-Тогтоол нь гарчихсан юм чинь бүсчлэлд нь хамрагдаад л оролцоно доо. Гэхдээ техникийн бүрэн бүтэн байдал, татвар өнгө үзэмж нь боллоо гэхэд торгууль нь хэцүү байна. Таксинд явдаг над шиг хүний хувьд хүндрэлтэй л асуудал. Одоо тэгээд таксинд тухайн бүсүүдээр нь явж чадахгүй хэцүүхэн л юм болох нь дээ.

Иргэн: ЦАГАА ТУЛБАЛ БҮСЧЛЭЛД НЬ ОРОЛЦООД Л ЯВНА ДАА

-Үнэнийг хэлэхэд мэдээлэл сайн байхгүй. Яг цагаа тулаад зорчих болбол ямар нэг татвар, торгуулийн өргүй юм чинь тэр бүсчлэлд нь хүндрэлгүй оролцдог байхдаа.

Иргэн н.Ганбаатар: УЛААНБААТАРТ БАГТАХГҮЙ БАЙГАА МАШИНУУДЫГ ЦЭГЦЛЭХ ХЭРЭГТЭЙ

-Зөв зүйтэй асуудал. Хаа сайгүй хүн бүр машинтай багталцахгүй байна. Улаанбаатарын багтахгүй их машинуудыг цэгцэлж, зөв горимд оруулан зохицуулахыг дэмжиж байна.

Иргэн: УТГАГҮЙ САНАГДСАН, МАШИНАА САЙН УГААЖ ЦЭВЭРХЭН ЯВДАГ БАЙХДАА

-Бүсчлэлд хуваана гэдэг нь утгагүй санагдсан. Бусдыг өнгө үзэмж мөнгөтэй эсэхээр нь ялгаад ч байгаа юм шиг. Одоо тэгээд шийдвэр нь гарчихсан болохоор хэрэгжээд эхлэхэд нь машинаа өдөр бүр угааж, цэвэрхэн л хөдөлгөөнд оролцох байх.

Иргэн: БҮХ ЮМАА ТӨЛЧИХСӨН, АСУУДАЛГҮЙ ХҮНД ЗӨВ Л БАЙХ

Заасан шаардлагад нийцсэн, торгуульгүй бүх юмаа төлчихсөн, асуудалгүй хүнд бүсчлэл зөв санагдах болов уу.

-ГУРВАН БҮСЧЛЭЛИЙГ ЗӨВХӨН АЖЛЫН ЦАГААР ХЭРЭГЖҮҮЛНЭ-

Нийслэлийн замын хөдөлгөөний А, В, С гэсэн гурван бүсчлэлд гаригийн хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцоно. Мөн  А, В бүсчлэлд татвараа төлөөгүй, торгуультай, өнгө үзэмжгүй, үзлэгт хамрагдаагүй, тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангаагүй автомашин нэвтрэх боломжгүй байхаар тусгагдсан.

Нийслэлийн автозамыг гурван бүсчлэлд хуваахдаа:

  • А бүс нь бага талбайг хамрах бөгөөд Багшийн дээдээс Цэцэг төвийн уулзвар хүртэл талбай.
  • Б бүс нь Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл.
  • С бүс нь дээр дурдсанаас гадуур хэсгийг хамрах юм.

Ингэснээр хотын “А” бүс дэх автомашины хөдөлгөөн 50 хүртэл хувиар буурна. Бүсчлэл дотор бүсчлэлийн тэмдгүүд байрлах бөгөөд тэдгээр тэмдгийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ гэдгийг албаныхан онцолсон.

Нийслэлийн түгжрэлд оролцож буй автомашинтай иргэдийн 70 орчим хувь нь ганцхан жолооч суугаад явж буй. Мөн гурван бүсчлэлийг зөвхөн ажлын цагаар хэрэгжүүлнэ. Яагаад зөвхөн ажлын цагаар гэвэл хөдөөгөөс ирж, явж байгаа нөхцөл байдал нь ажлын бус цагаар чөлөөтэй юм хэмээн албаны хүмүүс ярьсан билээ.

-А, В БҮСЧЛЭЛД НЭВТРЭХ ШААРДЛАГА ХАНГАСАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ТУСГАЙ ТАНИХ ТЭМДЭГ НААНА-

Зургийн тайлбар: Нийслэлийн замын хөдөлгөөний А, В, С бүсчлэл

Гурван бүсчлэлтэй холбоотойгоор иргэд хэрхэн тэдгээр тээврийн хэрэгслүүдийг ялгаж, бүсчлэлд нэвтрүүлэх вэ гэх мэт асуултуудыг ирүүлэх болсон. Тэгвэл энэ талаар албаны хүн хариулахдаа,

“Шаардлагад нийцсэн тээврийн хэрэгсэлд таних тэмдэг наасны дараа бүсчлэл бүр дээр нэмж камер суурилуулна. Бүсчлэлд нэвтэрч буй тээврийн хэрэгслийн дугаарыг камераар хянана. Хэрвээ торгуультай тээврийн хэрэгсэл А болон В бүс рүү нэвтэрвэл тухайн бүсчлэл хариуцсан замын цагдаад мэдэгдэж, арга хэмжээ авах юм” гэлээ.

Д.ЖАРГАЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ч.ОТГОНБАЯР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button