УЛС ТӨР

ААН-үүдийн тайланг харгалзан үзэж алданги, торгуулиас чөлөөлөх зарчмын зөрүүтэй саналыг дэмжлээ

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төсөл (Засгийн газар 2020.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн)-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан танилцуулсан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар: “Энэ хуулийн төсөл дээр зарчмын зөрүүтэй санал гаргасан. Та бүхэн болгооно биз. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох шиг юм болох гэж байна. Нийгмийн даатгалд хуримтлагдсан 1.6 их наяд төгрөгөөр ажилгүй, орлогогүй байгаа олон олон аж ахуй нэгжүүдээ энэ хүнд үед нь мөнгөжүүлэх, хамгаалах бодлого баръя гэж би хэлж байгаа юм.

Түүнээс биш алданги торгуулиас угтуулаад чөлөөлж болохгүй. Алданги торгууль байхгүй гэх юм бол долдугаар сарын нэгэн хүртэл нийгмийн даатгалын үндсэн шимтгэлүүдээ төлөх ямар ч шаардлагагүй болно. Ингэснээр гучин тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл байхгүй болно гэсэн үг.

Нийгмийн хариуцлагаа үүрдэг Оюутолгой, архи пивоны, уул уурхайн, үүрэн телефоны том компаниудыг энэ сувгаар долдугаар сарын нэгэн хүртэл нийгмийн даатгалаа битгий төл, тэр мөнгөө дотроо эргэлдүүл гэсэнтэй утга нэг болж байна. Энэ бол ажил хэргийн санал.

Гучин тэрбумын чөлөөлөлтөд 10000 аж ахуй нэгжүүд хамрагдах уу. Энэ том том аж ахуй нэгжүүд хамрагдахгүй байх үүд хаалгыг нээсэн үү. Нийгмийн даатгалын мөнгөөр бид тэтгэврээ тавьдаг. Тиймээс долдугаар сарын нэгэн хүртэл татвараа төлж чадах нь чадаад, төлж чадаагүйд нь дараа нь долдугаар сар гараад эргэн харж болно. Гэтэл угтуулаад бүгдийг нь чөлөөлж болохгүй” гэлээ.

Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан: “УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын гишүүд зөв санал гаргаад байгаа юм. Энэ саналын томъёолол байнгын хороон дээр дэмжигдээгүй юм. Байнгын хорооны хурлын дараа яамныхантай ярилцаж, судалж үзлээ. Угтуулж хамаг юмаа чөлөөлөх нь нээрээ л нийгмийн даатгалын сангийн орлогодоо эрсдэл авч ирэх аюултай учраас алданги торгуулийг 7-р сарын нэгнээс хойш харах боломжтой. Тиймээс энэ саналыг нь дэмжээд явчихвал яасан юм бэ” гэв.

Ингээд гишүүд үг хэлж дуусч, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалаа. Санал хураалтад 61 гишүүн оролцож, байнгын хороон дээр унасан уг зарчмын зөрүүтэй саналыг “босгож” ирэхийг дэмжлээ. Өөрөөр хэлбэл ААН-үүдийн тайланг харгалзаж үзэн, торгуулиас чөлөөлөхөөр болж байна. Улмаар хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсийн байнгын хороонд шилжүүллээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button