СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

Сэлэнгэ аймагт ХЯТАД ИРГЭД алт олборлож, Шаазгайтын гол ширгэсэн үү

Сэлэнгэ аймаг, Ерөө сумын нутагт жуулчны визээр хил нэвтэрсэн хятад иргэд алт олборлож, байгаль экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулж байна гэх эх сурвалжийн мэдээллийн дагуу сурвалжилга бэлтгэлээ.

Тус нутагт оршдог Шаазгайтын голын дэргэд хятад хүмүүс эксковатор машинаар газар ухаж буй гэрэл зураг, бичлэгүүд ил болоод буй. Мэдээллийг анх өөрийн нүүр хуудсанд байршуулсан “World Garden Mongolia” ТББ-ын үүсгэн байгуулагч Д.Эрдэнэчулуунтай уулзан, тодруулга авсан юм.

Тэрбээр Сэлэнгэ аймагт хятад хүмүүс хууль бусаар алт олборлож буй тухай мэдээг өнгөрсөн бямба гарагт /2019.07.27/ “Дэлхийн монгол ногоон нэгдэл”-ийн дарга Х.Бээжингээс авсан гэв. Ийнхүү Улаанбаатар хотоос хөдөлж, бодит байдалтай биечлэн танилцсаныхаа дараа сошиал орчинд мэдээлэл байршуулж эхэлсэн байна.

Түүний лайв бичлэгт: өөрийнх нь онцлон хэлж буй шаазгайтын гол тогтоол ус мэт болж ширгэсэн нь харагдах бөгөөд, цаана нь эксковаторууд газар сэндийчиж байгаа нь бууж үлдсэн юм.

-ХУУРАМЧ БИЧИГ БАРИМТ ҮЙЛДСЭН ХЯТАДУУД АЛТ ОЛБОРЛОЖ, ШААЗГАЙТЫГ ГОЛЫГ ЭХ ХҮРТЭЛ НЬ УХСАН-

-Та өөрийн нүүр хуудсаар дамжуулан, Шаазгайтын гол ширгэж байна гэж лайв хийлээ. Үүний шалтгааныг хятад хүмүүс алт олборлож буйтай холбоотой хэмээн тайлбарлаж байсан?

-Ерөө голд цутгадаг шаазгайтын голыг эх хүртэл нь ухчихсан байна билээ. Хятад хүмүүс. Надад гэрэл зургууд нь бий. Очиж үзээгүй байж яриагүй, ор үндэсгүй зүйл зохиогоогүй. Би өөрөө тэдний зургийг дарж, цагдаагийн газарт аваачиж өглөө. Нүүр хуудсандаа байршуулснаас гадна олон баримт бий.

-Х.Бээжин гэж хүнээс мэдээллийг анх авсан гэж ойлголоо. Тухайн газарт очиход байдал ямар байсан бэ? Лайваараа дамжуулж хүмүүст юу хүргэхийг зорьсон бэ?

-Х.Бээжин хамт явъя хэмээн ирээд намайг аваад явсан. Би машинд нь суугаад тэр даруйд нь Сэлэнгэ аймагт очсон. Ямар ч хуульгүйгээр, нөхөн сэргээлтгүйгээр монгол улсын алтыг ухчихаад яваад өгч байна.  Харамсмаар байгаа биз.

-Алт олборлож буй гэх хятад иргэдийг жуулчны визээр орж ирсэн гэж байсан. Та яаж мэдэв?

-Би тэдний паспортыг үзсэн юм. Тэдэн сарын тэдэнд орж ирсэн гээд дарчихсан визийг нь харсан. Хурааж аваад цагдаагийн газарт өгсөн байгаа.

-Тэд ямар компанийн нэр дээр алт олборлож байгаа юм бэ?

-Ямар ч компани байхгүй. Дандаа хуурамч бичиг баримт үйлдсэн гэж би үзэж байгаа. Үнэн эсэхийг нь шалгуулна. Тэр хятадууд хоёр газар байгаа юм. Нэг хэсэг нь Бугант гэдэг тосгоноос нэг километрийн зайд, цагдаагийн газраас нь харахад харагдаж байгаа газар. Сар орчим хугацааны өмнөөс ухаж эхэлсэн гэх мэдээлэл бий. Зүгээр нэг мэдээлчихээд өнгөрмөөргүй байна. Хариуцлага тооцуулж, эцсийг нь хүртэл тэмцэнэ.

Тэрбээр өөртөө авч явсан хавтаст хэрэгтэй материалуудаа дэлгэн үзүүлэв. Алт олборлож буй гэх хятад иргэдийн гэрэл зураг, холбогдох баримт бичгүүдийн хуулбар сэлт байв.

-СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЕРӨӨ СУМЫН ЗАСАГ ДАРГА н.ГАНБААТАР: Х.БЭЭЖИН ГЭЖ ХҮН УДАА ДАРАА ИЙМ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААЖ БАЙГАА-

Уншигчдад хүрэх мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс бид Сэлэнгэ аймгийн удирдах албан тушаалтнуудаас холбогдох тодруулгыг авлаа. Аймгийн засаг дарга Ш.Оргил,

-“Тарсан мэдээллийн дагуу холбогдох үүрэг бүхий байгууллагууд үүргээ гүйцэтгэж, хяналт шалгалтаа хийж байна. Тухайн иргэдийг хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг шалгах үүрэг ноогдуулж, ажлын хэсэг гаргасан” хэмээсэн юм. Харин Засаг даргын тамгын газрын дарга Ө.Сувдаа, “Би өөрөө ямар ч мэдээлэлгүй явж байхад ямар тодруулга өгөх вэ дээ” гээд утсаа таслав.

Мөн алтны олборлолт явагдаж буй гэх Ерөө сумын засаг дарга н.Ганбаатартай холбогдоход,

-“Сошиал орчинд тараад байгаа мэдээлэлд дурьдсан хятад иргэд ямар нэг албан байгууллагын шугамаар манайд ирээгүй юм билээ. Хувиараа жуулчны маягаар орж ирээд суурьшсан бололтой. Тэднийг алт олборлож, гол ус ширгэхэд хүргээд буй тухай мэдээг өчигдөр сошиал орчноос мэдлээ. Үүнээс өмнө энэ талаар мэдээлэл байгаагүй. Тийм учраас холбогдох хяналт, шалгалтуудыг хийхээр ажиллаж эхлээд байна.

Х.Бээжин гэдэг хүн нийгэмд сөрөг мэдээлэл цацаж, буруу ойлголт төрүүлэх ажлыг удаа дараа хийж байгаа. Ингэж мөнгө авдаг болтой. Мөнгө нь олдохгүй болохоор иймэрхүү мэдээлэл түгээж эхэлдэг. Манай аймаг газар нутгийн нөхөн сэргээлтүүдийг ээлж дараалан хийхээр зорьж, ажилладаг ” хэмээлээ.

Үүний дараа мэдээллийг анх өгсөн гэх Х.Бээжинтэй холбогдохоор оролдоход, түүнийг орон нутагт завгүй явж байгаа гэх бөгөөд, гар утас нь холбогдох боломжгүй байсан юм. Нэгэнт ил болоод буй баримтуудын дагуу жуулчны визээр орж ирсэн хятадууд Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт суурьшиж, олборлолт хийж байгаа нь үнэн үү? гэх хардлага бий болж байна.

Бид энэ тухай мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.

Х.ЭРХЭС

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ч.ОТГОНБАЯР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Нутаг усыг нь харийн хүмүүс ухаж####т олборлож байхад Засаг захиргаа нь мэдээгүй байна гэж байхгүй. Тэд хахууль аваад зөвшөөрөл өгсөн гэж хардаж байна.Бээжин гэдэг хүний тухай сөрөг юм ярьж байгаа хүнийг Бээжинтэй нь хамт ш####гах хэрэгтэй

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button