НийгмийнСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

МЭРГЭЖЛИЙНХЭН: Тусгаарлалтын бус бүсээс илэрсэн иргэдийн ХЭРЭГЛЭСЭН маск ХАЛДВАР тараах уу

Манай улсад коронавирусийн 1137 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээрийн  672 нь дотоодын халдвар юм. Халдвартай болох нь батлагдсан эдгээр иргэдийн хэд нь гадуур сул явж байсныг таашгүй. Хамгийн сүүлд л гэхэд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан найман иргэн халдвар авснаа мэдэлгүй гэртээ харьцгаасан байсан.

Тэдгээр иргэдийн явсан газар, уулзсан хүмүүсийг тандан судалж, ойрын хавьталуудаас шинжилгээ авч, орчныг ариутгаж байгаа ч вирус гадаах гудамжны хогийн сав, хогийн цэг дээр байхыг үгүйсгэхгүй. Учир нь тэд халдвар авснаа мэдээгүй учир гадуур явж байхдаа маскаа сольж, таарсан хогийн савандаа хаясан л байж таараа. Зарим нь хэрэглэсэн маскаа ахуйн хогтойгоо цуг гаргаад хаячихсан ч байж мэдэх юм. Үнэхээр л халдвар авснаа мэдэлгүй хэрэглэсэн маскаа ахуйн хогтойгоо хамт гаргаад хаячихсан бол хог ачиж байгаа хүмүүс халдвар авна. Тэгээд л цааш салаалан халдвар дамжих юм. Гэвч уг асуудал нь гагц монголчуудад тулгараад байгаа зүйл биш ажээ. Амны хаалт нь усанд уусдаггүй материал тул эмх замбараагүй хаявал өөр улс тивд ч очих эрсдэлтэй гэнэ. Тиймдээ ч хэрэглэсэн амны хаалтаа яах вэ гэдэг асуудалтай дэлхийн олон орон нүүр тулжээ. Хонконг улс л гэхэд л гуравдугаар сард цэвэрлэгээ хийсэн байна. Харин Бразил улс иргэддээ маскийг хэрхэн зөв хаях талаар мэдээллийг зогсолтгүй түгээжээ.

Гэвч манай улс уг асуудалд дээр хэрхэн анхаарч байна вэ. Хүн амын дунд сул явж байсан иргэдээс халдвар илэрчхээд байхад маскийг хэрхэн яаж, хаана хаях талаар мэдээлэл дульхан… Бид хэрэглэсэн маскаа ахуйн хогтойгоо хаясаар л байх нь зөв үү. Eguur.mn уг асуултад хариулт эрлээ. Хэрэглэсэн маск аюултай хог хаягдал уу…

МХЕГ: ХОГ ХАЯГДАЛ АЧИЖ БАЙГАА ХҮМҮҮС ХӨДӨЛМӨР ХАМГААЛЛЫН ХУВЦАС, БЭЭЛИЙ ЗААВАЛ ӨМСӨХ ХЭРЭГТЭЙ

-Халдвар авснаа мэдэлгүй хэрэглэсэн маскаа ахуйн хогтойгоо хамт гаргаад хаячихвал хог ачиж байгаа хүмүүс халдвар авах эрсдэлтэй. Маскийг ер нь яаж хаях ёстой юм. Ил задгай хаях нь зөв үү?

-Хэн ч халдвар авсан байж болно. Тиймээс хэрэглэсэн маскаа заавал хогийн саванд хаях хэрэгтэй. Болж өгвөл уут, саванд хийгээд хаях хэрэгтэй. Харин хог хаягдлыг ачиж байгаа хүмүүс хөдөлмөр хамгааллын хувцас, бээлий заавал өмсөх хэрэгтэй.  Дараа нь хог ачихдаа өмссөн хувцсаа тайлж, гэртээ харихаасаа өмнө усанд орох нь зүйтэй.

-Хэрэглэсэн маскаа битүү юманд хийж хаясан ч хогийн цэг дээр нохой, шувуу задлаад халдвар авах эрсдэлтэй юм биш үү. Бүр адаглаад хогийн цэг дээр хог түүж амьдарч байгаа иргэд халдвар авна?

-Коронавирус мал амьтнаас хүнд дамжих нь нотлогдоогүй. Хүмүүсийн хэрэглэсэн маскийг тусад нь цуглуулаад хаях ч боломжгүй. Харин иргэд хэрэглэсэн маскаа ил задгай биш заавал хогийн саванд хаях хэрэгтэй. Дээр хэлсэнчлэн болж өгвөл уутанд хийгээд хаях хэрэгтэй. Харин эмнэлгийн хог хаягдал бол аюултай хог хаягдал. Аюултай хог хаягдлыг бол ариутгаад устгадаг.


Г.ЧИНЗОРИГ: ХЭРЭГЛЭСЭН МАСК ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛ БЭЭЛИЙ БОЛ АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ. ГЭТЭЛ ИРГЭД ЭНГИЙН ХОГ ХАЯГДАЛТАЙГАА ХАМТ ХАЯЖ БАЙНА

/Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны дэд тэргүүн/

Хэрэглэсэн маск хамгаалах хэрэгсэл бээлий бол аюултай хог хаягдал. Гэтэл иргэд энгийн хог хаягдалтайгаа хамт хаяж байна. Иргэд хэрэглэсэн маск, тусгаарлалтын хувцас бээлийгээ хэчнээн ангилж уутанд хийлээ ч түүнийг ирж авч, устгах тусгай зөвшөөрөлтэй компани алга байгаад л асуудал байгаа юм. Халдвар тархсан энэ цаг үед олон компанид аюултай хог хаягдлыг цуглуулах, устгах тусгай зөвшөөрөл өгөх хэрэгтэй.

Ганцхан “Элемент” ХХК л эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг устгах тусгай зөвшөөрөлтэй байгаа нь хангалтгүй байна.  Дүүрэг, аймаг, сум болгонд аюултай хог хаягдал тэр дундаа маск, бээлий, хамгаалалтын хувцас устгах тусгай компани байх ёстой. Тэгээд орон сууцнууд, айл өрх бүрд эмнэлгийн хог хаягдал хийдэг тусгай хайрцгийг тарааж өгөх замаар устгалыг хийх нь зүйтэй. Эдгээр хайрцагтай хогийг тодорхой хугацаанд компаниуд өөрсдийг тээврээр цуглуулан авч, зориулалтын зууханд шатааж, устгана. Ингэж байж л бид жинхэнэ халдвараас иргэдийг хамгаалах юм шүү дээ.

Одоо бол ЭМЯ зөвхөн халдвар авсан өвчтөний тоо, шинжилгээний хойноос хөөцөлдөөд, иргэдийг энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах танин мэдэхүйтэй холбоотой мэдээлэл муу өгч байна. Ядаж л маскаа зөв зүүж, зөв тайлж хаях, цуглуулах талаар зааж тайлбарлахгүй байна аа. Гэрээсээ гарч болохгүй гэдэг л ганц үг иргэддээ хэлж байна. Иймд ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, УОК уг асуудлыг анхаарах хэрэгтэй” гэсэн юм.

НЭМҮТ: ХОГОО ТУСАД НЬ АНГИЛЖ БАЙГАА ХҮМҮҮС МАСКАА ЯЛГАЖ ХАЯХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ

рчны эрүүл мэндийн албаны эрдэм шинжилгээний ажилтан А.Бүүвэйдулам/

“Халдвартай хүний хэрэглэсэн маск аюултай хог хаягдалд багтана. Яахав бүх иргэдээс хэрэглэсэн маскийг нь цуглуулж устгаж болох ч хүндрэлтэй юм л даа. Хогоо тусад нь ангилж байгаа хүмүүс маскаа ялгаж хаях нь эргэлзээтэй. Тиймээс иргэд аль болох халдвар тараахгүйн тулд эрсдэлээ бодоод хэрэглэсэн маскаа 2 гялгар уутанд боож, тагтай хогийн саванд хийх хэрэгтэй. Таггүй, хог нь дүүрсэн хогийн саванд хийх нь асгарах, салхинд хийсэх гэх мэтээр халдвар талаар эрсдэл үүсгэх тул эрсдэлээс аль болох сэргийлж зөв хаяж сурах нь зүйтэй” гэв.

Тэдний нэг нь иргэдийн хэрэглэсэн маск хамгаалах хэрэгсэл бээлий аюултай хог хаягдал мөн гэсэн юм. Харин нэг нь зөвхөн халдвартай хүний хэрэглэсэн маск аюултай хог хаягдал гэв. Г.Чинзоригийн хэлснээр орон сууцнууд, айл өрх бүрд эмнэлгийн хог хаягдал хийдэг тусгай хайрцгийг тарааж болох ч А.Бүүвэйдуламын хэлсэнчлэн иргэд хэрэглэсэн маскаа яг тухайн хайрцагт хийх нь эргэлзээтэй.

Гэвч бид аюулыг эрсдэл багатай давахын тулд хэрэглэсэн маск, бээлий, хамгаалалтын хувцсаа тусад нь ангилан хаяж, устгуулах хэрэгтэй мэт. Хүн болгон хичээвэл болохгүй зүйлгүй. Бүгд хэрэглэсэн маскаа гялгар уутанд хийж хаялаа ч хогийн цэг дээр нохой, шувуу сэндийлж цоолно. Мэдэлгүй хог түүж яваа хүн гишгэчихвэл дахиад л халдвар дэгдэнэ. Тиймээс бүх хүний хэрэглэж байгаа маскийг цуглуулж устгах нь зүйтэй.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button