ДЭЛХИЙ

КОВИД-19 | Амьсгал хураахынхаа өмнө эхнэртээ бичсэн ЗАХИДАЛ олон хүнийг уйлуулжээ

Цар тахлын дэлхий дахинаа үзүүлсэн хор нөлөө маш их билээ. Халдвар тархахаас сэргийлж дэлхийн олон орнууд хөл хорионы дэглэмд шилжсэнээр иргэдийнх нь эдийн засаг хямарч, түүнийгээ дагаад сэтгэцэд нь сөргөөр нөлөөлж эхэлсэн. Одоогийн байдлаар дэлхий дахинаа халдвар авагсдын тоо 80 сая хол давж, 1.77 сая гаруй хүн коронавирусээр амь насаа алдаад байна. Гэвч талийгаачдаас илүү коронавирустэй тэмцсээр буй тэдний ар гэр, дотнын найзуудад цар тахлын сэтгэл гутрал, стресс хамгийн ихээр нөлөөлж, дам хохироосоор буй.

Ялангуяа АНУ-ын хувьд цар тахалд хамгийн хүчтэй нэрвэгдсэн орнуудын төлөөлөл юм. Ойролцоогоор 19.2 сая тохиолдол халдварын тохиолдол бүртгэгдсэн гэх бөгөөд тэдгээрээс 333 мянган хүн амиа алджээ.


Бид та бүхэндээ “КОВИД-19” туссан ч, эцсийн амьсгалаа хураатал амьдрахын төлөө тэмцэж, нас барахаасаа өмнө эхнэртээ амжиж захиа бичсэн эрийн тухай нийтлэлийг нэмэлт хачиргүйгээр хөрвүүлэн хүргэе.

Түүнийг Билли Лоредо гэдэг бөгөөд Техас мужид оршин суудаг байжээ. Өмгөөлөгч мэргэжилтэй. Тэрбээр эхнэр Соня Кипуростой гэр бүл болж, хамтдаа амьдраад хэдийн 21 жил өнгөрчээ. Лоредогийн дүү Петр эмч мэргэжилтэй. Нэгэн өдөр тэрбээр бэргэн эгчид нь харшлын шинж тэмдэг илэрсэн болохыг мэдсэн дариу түүнийг яаралтай коронавирусийн шинжилгээ өгөхийг зөвлөсөн аж. Ийнхүү хадам дүүгийнхээ зөвлөгөөг хэрэгжүүлэн шинжилгээ өгснөөр өөрийгөө мөн хайрт нөхрөө коронавирусийн халдвар авсныг мэдсэн байна.

Тэр цагаас хойш тэдний амьдрал нүднийх нь өмнө доройтож эхэлжээ. Золоор хатагтай Кипурост коронавирусийн шинж тэмдэг хөнгөн илэрч, түргэн эдгэрсэн байна. Харин Лоредогийн хувьд эхэн үедээ шинж тэмдэггүй, хөнгөн байсан ч биеийн байдал нь эрс муудаж эхэлсэн байна.

Соня Кипурос “WFAA” телевизэд өгсөн ярилцлагадаа нөхцөл байдал хэрхэн дордсоныг тайлбарлахдаа “Шинжилгээ өгсний дараах эхний долоо хоногт тэр маань зүгээр л байгаа юм шиг санагдсан. Гэвч удалгүй түүний биеийн байдал хурдацтайгаар муудаж эхэлсэн. Тэр маань Талархлын баярын өдрөөр маш эрт сэрээд, амьсгалахад хүндрэлтэй байна гэж хэлсэн” хэмээжээ. Ийнхүү тэрбээр нөхрөө яаралтай эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж эхэлсэн байна.

Лоредо “КОВИД-19” туссан ч хурдан эдгэрсэн учир нь тэрбээр хүнд хэлбэрээр өвчлөхөд хүргэх суурь өвчингүй байсан аж. Тэрбээр амьсгалын дутагдлаас болж аппаратад орсон нөхрөө нас барахаас нь өмнө авсан сүүлийн зүйл нь захидал байсан юм.

Уг захидалд: “Би өдөр бүр чинийхээ төлөө бүхий л чадлаараа тэмцэж байсан гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна. Чамайгаа дахин харахын төлөө би юуг ч хийхэд бэлэн байна. Учир нь чи минь миний амьдралын хамгийн чухал хүн. Чамайгаа маш их санаж байна. Магадгүй би төгс нөхөр байж чадаагүй ч, үргэлж хичээсээр ирсэн юм шүү. Чи минь надад үргэлж хамгийн сайхан нь байсаар ирсэн. Хэрэв бурхны авралаар би эдгэрвэл, илүү сайн нөхөр байх болно гэдгээ амлая. Гэвч хэрвээ чадахгүй бол, чамтай хамт туулж өнгөрүүлсэн амьдрал минь юугаар ч орлуулшгүй нандин байсныг чи минь мэдээсэй хэмээн хүсэж байна. Цаашдаа надгүйгээр үргэлжлэх амьдралдаа аз жаргалтай, харамсах зүйлгүй байх хэрэгтэй юм шүү. Би чинь чамдаа маш их хайртай.

Хайрт Билли” гэсэн байжээ.

Билли Лоредо арван хоёрдугаар сарын 13-ны өдөр харамсалтайгаар нас барсан юм.

Эх сурвалж: Kiro 7

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button