УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Г.Ёндон: Хармагтайн 53.14 тонн алтны нөөц судалгааны явцад 60 хүртэл хувиар нэмэгдэх боломжтой

Хармагтайн ордын 53.1 тонн алтыг Улсын нөөцөд бүртгэсэнтэй холбоотойгоор салбарын сайд Г.Ёндонтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.  

Засгийн газрын хуралдаанаар танай яамнаас алтны томоохон нөөцийг илрүүлсэн талаар танилцуулсан. Юуны өмнө энэ төслийн талаар тодруулахгүй юу?

-“Геологийн судалгааны төв” ТӨҮГ-ын геолог хайгуулын хэсэг 2018-2019 онуудад эрэл-үнэлгээний ажлыг “Хойд Бүргэд” хүдрийн биет, хувирлын бүсийн хэмжээнд хийсэн бөгөөд гадаргад илэрсэн алтны агуулгыг гүнд нь үнэлэх, 1975-1976 оны зураглалын ажил, 1978-1980 оны Хармагтайн ангийн эрэл, эрэл-үнэлгээний ажлуудын үр дүнг баталгаажуулах зорилгоор нийт 24 цооногийн өрөмдлөг, геологийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Уг талбай нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Бэлгэх багийн нутагт Хармагтайн бүлэг ордоос баруун хойд зүгт 10 км орчим зайд байрлаж байна.

Таны хэлж байгаа талбай аль компанийн эзэмшилд хамаарах вэ, ямар хэмжээний ажлыг хэдэн жилд хийсэн юм бол?

-Эрэл-үнэлгээний ажлын үр дүнгээр ирээдүйтэй байж болох уг талбайд нарийвчилсан хайгуулын ажлыг яаралтай хийж нөөцийг батлуулах, цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэл бэрхшээлийн үед ордын нөөцийг эргэлтэд оруулах ажлыг түргэн шуурхай зохион байгуулах зорилгоор 2020 онд Засгийн газрын 212-р тоот тогтоолыг гаргаснаар АМГТГ-аас XV-021670, XV-021671 тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-д олгосон юм. Талбайн хэмжээнд “Эрдэнэс сильвер ресурс” ХХК-аас “Геологийн судалгааны төв” ТӨҮГ-ын хайгуулын хэсэгтэй хамтран хийсэн нарийвчилсан хайгуулын хээрийн ажил 2020 оны 11 сарын 30 өдөр дууссан бөгөөд алтны үндсэн ордын нөөцийн үр дүнгийн тайланг боловсруулан 2020 оны 12 сарын 24-ний өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн.

ЭБМЗ-ийн хуралдааны хэлэлцүүлгээр хэдий хэмжээний нөөцийг тогтоож баталсан бэ?

-Энэ удаа “Овоот хяр” XV-021670 хайгуулын талбайн зөвхөн нэг хэсэг болох “Хойд бүргэд” хүдрийн биетэд явуулсан нарийвчилсан хайгуулын үр дүнгээр ордын исэлдсэн болон үндсэн хүдрийн биетүүдийн нөөцийг бодит (B) болон боломжит (С) зэргүүдээр 53.14 тн алтны нөөцийг тогтоож, Монгол Улсын эрдэнэсийн санд бүртгүүлсэн. Жишээ болгож хэлэхэд, Бороогийн алтны ордын нөөц 43 тонноор батлагдаж, олборлолтын явцад ашиглалтын хайгуулаар нөөц нь нэмэгдэж 56 тонн алт олборлосон гэсэн мэдээ бий. Тэгэхээр Бороогийн ордтой дүйхээр орд гэсэн үг юм. Үлдсэн хүдрийн биетүүдийн хүрээнд шаардлагатай хайгуул, судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийснээр нөөц нь 60% хүртэл нэмэгдэх боломжтой гэж харж байна.

-Энэ их нөөцийг хэзээнээс ашиглаж эхлэх вэ?

-Алтны үндсэн ордыг ашиглах үйл явц их хэмжээний хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай байдаг. Олборлосон хүдрээ хэрхэн баяжуулах технологи сонгох нь цаг хугацаа шаардсан ажил байдаг. Баяжуулах үйлдвэрийг барьж байгуулах ажил нь ч  мөн хөрөнгө мөнгө, хугацаа шаарддаг. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас УУХҮЯ-нд маш тодорхой үүрэг даалгаврыг өгсөн. Цаашид Овоот хярын хүдэржилтийн бүсийн бусад 5 хүдрийн биетүүдийн хүрээнд нарийвчилсан хайгуулын ажлыг шахуу төлөвлөгөөтэй үргэлжлүүлэн хийж, алт болон бусад ашигт эрдэсийн нөөцийг бүрэн гүйцэд тогтоох, ТЭЗҮ-ийг болосвсруулан ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар улс орны өмнө тулгараад байгаа цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөө, арга хэмжээг боловсруулан ажиллахыг даалгасан.

Мөн ЗГ-ын 212-р тогтоолоор төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-д олгосон бусад 5 талбайн хэмжээнд нарийвчилсан хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийх, томоохон ордыг илрүүлэх, зураг төслийг боловсруулах, үйлдвэрийг барьж байгуулахад шаардлагатай санхүүжилтийг босгох, хөрөнгө, мөнгө татаж төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах талаар санал боловсруулж танилцуулахыг УУХҮЯ-нд үүрэг болгосон.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button