НийгмийнНИЙГЭМЯрилцлага

"Тусгаарлагдсан иргэд дундаа групп чат нээтэл “Битгий элдэв юм бичээд бай” гээд цаанаас хаачихсан”

“Ашгүй гэртээ харих нь гээд баярлаж суутал сунгаад, өөр байр руу шилжүүлчихлээ”

Халдвар, хамгааллын дэглэмийг ягштал баримталж, хаана хаанаа өчүүхэн сэрэмж алдах учиргүйг “Энх саран” сувиллаас халдварын голомт илэрч, бусдад халдааснаар монголчууд бидэнд хатуугаас хатуу сануулсан. Дараа нь “Алтай” зочид буудалд халдвар тархан, ганцхан өдөрт л гэхэд тэнд тусгаарлагдсан 27 хүнээс коронавирус илэрсэн. Гэтэл энэ бүхэнд Засгийн газар, УОК, ЭМЯ ямар нэгэн дүгнэлт хийж, алдаагаа засаагүй бололтой.

“Амар” зочид буудалд тусгаарлагдсан дахин зургаан хүнээс халдвар илэрсэн гэх мэдээлэл цацагдаад буй. Улмаар тус буудалд тусгаарлагдсан, тусгаарлалтынх нь хугацаа өчигдөр дууссан иргэдийг сунган, өөр байр руу шилжүүлжээ.

Олон жилийн дараа эх орондоо ирсэн, Шинэ оноо тусгаарлах байранд угтсан иргэд хурдхан гэртээ харья, аав, ээжтэйгээ уулзъя гэж яарч байгаа нь мэдээж. УОК-ын ойлгомжгүй байдал, гэнэтийн шийдвэр тэдэнд хүнд цохилт болсон гэнэ. “Амар” зочид буудалд 14 хоног тусгаарлагдан, өчигдөр гэрийн тусгаарлалт руу шилжих учиртай байсан иргэн Т.Саранчимэгтэй ярилцлаа.

ТУСГААРЛАГДСАН ЭМЭГТЭЙН ХҮҮХЭД ӨЛСӨН, ТАВАН ХОНОГ УНТАЖ ЧАДАХГҮЙ УЙЛСАН

-Та хэзээ, аль улсаас ирсэн бэ. Өнөөдөр таныг ямар буудал руу шилжүүлэв?

-Намайг Түвшинбаярын Саранчимэг гэдэг. Австри улсаас нөхөр, хүүхдийн хамт арванхоёрдугаар сарын 17-ны үүрээр гарсан. Улмаар Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо 19-нд ирсэн. Биднийг ирэхэд “Амар” зочид буудалд тусгаарласан. Нөхөр, бид хоёр нялх хүүхэдтэй. “Амар” зочид буудлын орчин, нөхцөл тийм ч сайн байгаагүй. Хивс нь тоостой, хүний үс, элдэв юм наалдсан байсан.

No description available.

“Амар” буудлынхнаас тоос сорогчийг нь гуйхад “Өрөөний цэвэрлэгээний асуудлыг өөрсдөө хариуцна” гээд халгаагаагүй. 14 хоногийн хугацаанд бага насны хүүхэдтэй нөхөр, бид хоёрыг яаж бай гэж буйг нь ойлгоогүй. Коронавирусийн үед цэвэрлэгээ чухал гэж ЭМЯ-наас үргэлж зөвлөдөг. Гэтэл гадаадаас олон цаг нисээд, ядраад ирсэн иргэдээ ийм л орчинд угтдаг юм байна.

Гадаадаас ирсэн, эргэлтээр ар гэрийнхэнтэйгээ уулзаагүй байсан бидэнд ямар юмных нь саван, угаалтын нунтаг байх вэ. “Шинжилгээний хариу гарахыг хүлээсээр гурван хоногийн дараа бид гэрийнхэнтэйгээ уулзаж, эргэлт авсан. Биднийг тусгаарласан өрөөнд ганцхан ширхэг арчуур байсан. Түүнийг нь олон хуваагаад цэвэрлэгээ хийлээ.

Би энд тусгаарлагдахын хажуугаар цахимаар хичээлээ хийж байгаа. Хамгийн өрөвдөлтэй нь хүүхдүүд байна. 14 хоногийн турш агаарт гарахгүй, ээжээсээ өөр хүнтэй харилцахгүй байхаар үнэхээр хүнд санагдлаа. Нөхөр маань хамт байгаа болохоор охин, бид хоёрт их амар байна.

Тусгаарлагдсан иргэд 14 хоногт нэг удаа эргэлт авч байгаа. Үүнийг нь мэдээгүйн улмаас эргэлтээр хангалттай юм аваагүй эмэгтэйн хүүхэд өлсөөд, 4-5 унтаж чадахгүй уйлсан. Бага насны хүүхдэд зориулсан хоол өгөхийг гуйхад өгөөгүй. Гадаадаас ирэнгүүтээ бага насны хүүхэд байтугай том хүн монгол хоолонд дасах амаргүй шүү дээ. “Амар” зочид буудал хоол муутай. Өнөөдөр (өчигдөр) биднийг “World Mongolia” гэдэг нэртэй буудал руу шилжүүлсэн. Монголд ирснээсээ хойш өнөөдөр л нэг цадлаа. Анхнаасаа яагаад ийм буудалд тусгаарлаагүйг нь гайхаж байна.

ГЭНЭТ ДАХИН СУНГААД, ТУСГААРЛАЛТЫН ӨӨР БАЙР РУУ ШИЛЖҮҮЛЧИХЛЭЭ

No description available.

-Та гурвын тусгаарлалтын хугацаа өнөөдөр (өчигдөр) дууссан. Гэтэл яагаад сунган, өөр тусгаарлах байр руу шилжүүлсэн юм бол?

-“Амар” зочид буудлаас өмнө нь хоёр удаа тус бүр хоёр хүнээс халдвар илэрсэн. Өчигдөр тус зочид буудалд тусгаарласан дахиад зургаан хүн коронавирус туссан гэж дуулдсан. Үүнээс олон ч байж магадгүй. “Амар” зочид буудалд халдвар тарчихсан юм биш үү. Тэгээд л бидний тусгаарлалтын хугацааг сунгаад, өөр байр руу шилжүүлчих шиг боллоо. Ингэхдээ бидэнд өмнө нь ямар ч тодорхой мэдээлэл өгөөгүй.

“Өнөөдөр тусгаарлалтаас гарна. Аав, ээж дээрээ, гэртээ очно” гээд л баярлаж суусан шүү дээ, бид гурав. “Амар”-т тусгаарлагдсан хүмүүс ч мөн адил. 14 хоногийн хугацаанд өрөөндөө ганцаараа байсан хүмүүс их бухимдалтай, стресстэй байгаа. Тусгаарлах хугацааг сунгахаар болсныг дуулаад бүгд цочирдсон. “За, харья” гээд баярлаж суусан хүмүүст “Та нарыг хариулахгүй, өөр тийш нь аваачна, дахиад тусгаарлана” гэж хэлэх тэс өөр цохилт. Гэнэт тэс өөр зүйл хэлэхээр “тэсэрдэг” юм байна. Үүнийг эсэргүүцэж, өрөөндөө орилсон, хашгирсан маш олон хүний дуу хоолой бусдад сонсогдохгүй нь хамгийн харамсалтай.

Ерөөсөө өдөр цайны цагийн дараа тусгаарлалтаас гарна гээд бүх хүн юмаа бэлдчихсэн байсан юм. Өнөөдөр (өчигдөр) ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээллээр “Амар” зочид буудлаас халдвар илэрсэн гэх юм огт яриагүй. “Зөөвөрлөгдсөн тэг” л гэсэн. “Тусгаарлалтаас гарах нь баталгаатай боллоо” гэж баярлан, бид гурав хүртэл хувцсаа өмсчихсөн хүлээж суутал ийм юм болчихлоо. Хоёр хүн орж ирэнгүүтээ “Энэ буудлаас халдвар илэрсэн. Тусгаарлалтын хугацааг тав хоногоор сунгалаа. Өөр байр руу шилжүүлнэ” гэсэн.

Хэд хоногийн өмнө “Амар” зочид буудалд тусгаарлагдсан иргэд нэгдэн фэйсбүүкт нэг групп чат үүсгэсэн юм. Мэдээллээ хуваалцах, санал бодлоо солилцохын тулд. Хууль бус зүйл биш шүү дээ. Хүн эрхээ л эдэлж буй төдий зүйл. Гэтэл цаанаас бидний групп чатыг “банд”-сан.

-Групп чат үүсгээд, тэндээ юу гэж бичих, яах нь хувь хүний эрх шүү дээ, уг нь.

-Уг нь тийм шүү дээ. Бид өөрсдийгөө хүнлэг, энэрэнгүй Ардчилсан Монгол Улсын иргэн гэж боддог. Гэтэл бодит байдал ийм байна. Групп чатанд бидний бичсэн зүйл гадагшаа задраад байсанд гайхсан. Бид цахим орчинд элдэв юм бичээгүй. Гэтэл групп чатанд ганц, нэг шүүмжлэл хэлсэн хүний өрөөний үүдийг нь цохиод “Битгий элдэв юм бичиж, бусдыгаа турхираад бай” гэж сануулсан нь үнэхээр аймар, би их цочирдсон. Бид 14 хоногийн хугацаанд УОК-ын шийдвэрийг хүндэтгээд нэг ч удаа элдэв юм яриагүй. Тийм байхад ийм тодорхойгүй, тоталитар байдлаар иргэдэд хандсан, тусгаарлалтын хугацааг сунгасан, зүрх өвдсөн өдөр байлаа, өнөөдөр.

“ГЭРТЭЭ ХАРИНА, ОХИНОО ӨВӨӨ, ЭМЭЭД НЬ ҮНСҮҮЛНЭ” ГЭЭД БАЯРЛАЖ СУУТАЛ ИЙМ ЮМ БОЛЧИХЛОО

-Шинэ оноо ч тусгаарлах байранд угтсан хүн бүхэн хурдан харихыг хүсэж байгаа нь мэдээж. Гадаадаас ирсэн хүү, охинтойгоо хурдан уулзах хүсэл, ар гэрийнхэнд нь ч мөн байгаа нь ойлгомжтой. Танай гэрийнхэн та гурвыг тусгаарлалтаас гарна гээд догдлоод, бэлдээд хүлээж байсан уу?

-Тэгсэн. Охин маань Австрид төрсөн. Хоёр талын аав, ээж минь ер хараагүй. Нэгдүгээр сарын 1-нд гэртээ хариад, гэрийнхэнтэйгээ сайхан баярлая, хүүхдээ өвөө, эмээтэй нь уулзуулъя, үнсүүлье гээд догдолж суухад ийм юм боллоо. Гэрийнхэн маань биднийг авах гээд “Амар” зочид буудлын гадаа ирчихсэн, хоёр талын аав, ээж маань “Ирэх болж байна уу. Тусгаарлалтаас гарангуутаа хэлээрэй” гээд хүлээж суусан юм шүү дээ. УОК-ын тодорхойгүй, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байдал иргэдийг туйлдуулж байна.

БУУДЛААС ӨГСӨН ТАВАН БУУЗЫГ ИДЭЭД ШИНЭ ОНОО УГТЛАА

No description available.

-Цаг үеийн нөхцөл байдлын улмаас та  гурав тусгаарлах байранд шинэ оноо хэрхэн угтав?

-“Амар” зочид буудлаас нэг хүнд таван ширхэг бууз, салатны хамт өгсөн. Түүнийг нь идээд л шинэ оноо угтлаа.

-Ер нь “Амар” зочид буудлаас хэдэн тохиолдол илрээд байгаа вэ?

-Өмнө нь лав хоёр удаа тус бүр хоёр хүнээс халдвар илэрлээ гээд аваад явсан. Сүүлд зургаан хүнээс нэмж илэрсэн гэх сураг дуулдсан. “Амар”-т тусгаарласан бүх хүнийг шилжүүлснийг бодоход нөхцөл байдал нэлээд хүндэрсэн бололтой.

-Тусгаарлах байранд очоод халдвар авсан тохиолдол цөөнгүй. Гадаадаас эрүүл ирсэн та гурав халдвар авахгүй гэх баталгаа алга. Ийм эрсдэлтэй нөхцөлд байлгаж буй мөртлөө тусгаарлалтын хугацаа нь дууссан, олон удаагийн PCR шинжилгээ нь сөрөг гарчихаад байхад яагаад гаргахгүй байгаа юм бол?

-Үүнийг үнэхээр гайхаж байна. Бид наашаа ирэхээсээ өмнө Австрид хоёр удаа шинжилгээ өгсөн. Монголд ирэхдээ, тусгаарлалтын долоо, 13 дахь өдөр мөн шинжилгээ өгөхөд бүгдийнх нь хариу сөрөг гарсан. Ийм олон шинжилгээ өгөөд, халдваргүй нь баталгаажлаа, журмынх нь дагуу 14 хоног тусгаарлагдлаа. Биднийг яагаад гаргахгүй байгаа юм бэ. УОК цар тахлын улмаас туйлдсан иргэдээ улам туйлдуулж, хүндрэл учруулж, ар гэрийнхэнтэйгээ уулзах хугацааг хүртэл холдуулж буйг гайхаж байна.

Одоогоор “Амар” зочид буудлаас нэмж халдвар илэрсэн гэх мэдээлэл цацагдаагүй. Бид ингээд эсэргүүцлээ илэрхийллээ. Тэгэнгүүт байдал зүгээр байхад тусгаарлалтыг нь сунгаагүй гэж харагдуулахын тулд ямар нэгэн шалтгаан олох байх. Эсвэл “Тусгаарлалтад байгаа иргэд ийм зөрчил гаргалаа. Тэглээ, ингэлээ” гэдэг мэдээлэл цацаж, олон түмнийг бидний эсрэг турхируулна. Ийм зүйл байнга ажиглагддаг. Гэтэл бид УОК-т, олон түмэнд адлагдах ямар буруу зүйл хийсэн юм бэ. Хайртай хүмүүстэйгээ л хурдан уулзах юм сан гээд тэсэн ядан хүлээж сууна шүү дээ.

УОК, Засгийн газраас өгсөн мэдээлэл л үнэн, бусад нь худал. Хариуцлага тооцно” гэж байгаа нь буруу жишиг. Хэний хэлсэн үнэн, хэний хэлсэн нь худал болдог юм бэ. Гэтэл УОК, Засгийн газар иргэдэд үнэхээр үнэн, бодит мэдээлэл өгч байгаа юу. Ямар үед Монголын төр иргэдээ л боддог байх хэрэгтэй.

ДАВТАН ШИНЖИЛГЭЭНЭЭС ХАЛДВАР ИЛЭРЛЭЭ ГЭДЭГ ЗҮЙЛ ЗӨВХӨН МОНГОЛД Л БАЙНА

-Тусгаарлах байрнаас халдвар авах вий гэх болгоомжлол хэр их байна вэ?

-“Дахин шинжилгээ авна. Гурав, дөрөв дэх шинжилгээнээс халдвар илэрлээ гэдэг зүйл зөвхөн Монголд л байна. Бусад оронд эерэг бол эерэг, сөрөг бол сөрөг л гэдэг. Гэтэл Монголд “Давтан шинжилгээнээс халдвар илэрлээ” гэж, үүнийгээ нийгэмд дасал болгоод буй нь цаанаа яг ямар зорилготой юм бэ. Тусгай үүргийн нислэг явуулахгүй гээд байгаа юм уу, тусгаарлалтын 14 хоногийн хугацааг сунгах гээд байгаа юм уу. Засгийн газар, УОК давуу байдлаа ашиглан, өөрсдийнхөө ямар шийдвэрийг хамгаалах гэж буйг нь гайхаж байна.

ТӨР, ЗАСАГ ЯМАР Ч ҮЕД ИРГЭНЭЭ БОДДОГ, ХҮНЛЭГ БАЙГААСАЙ Л ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА

-Таны бодлоор УОК, Засгийн цаашид юун дээр түлхүү анхаарч, ямар алдаагаа засах хэрэгтэй байна вэ?

-Иргэдээ сонсож, иргэдээ боддог байгаасай. Хүн хүний үзэл бодол, хэрэгцээ шаардлага ондоо. Хэчнээн цар тахалтай, нөхцөл байдал хүнд байгаа ч бусад оронд “Та нялх хүүхэдтэй яваа юм байна. Нислэгт халуун ус бариад орчих” гээд хүний хувийн хэрэгцээг хүндэтгэдэг. Гэтэл Монголд “Та нар коронавирустэй байж магадгүй” гэдэг хандлага л ноёлж байгаа нь харамсалтай. Ямар ч үед иргэнээ бодож, хүнлэг байгаасай л гэж хүсэж байна.

Хэн ч халдвар авахыг, ар гэртээ халдаахыг хүсэхгүй. УОК ч мөн иргэдээ халдвар авхуулахгүй байхын төлөө ажилладаг гэдэгт нь би итгэдэг. Гэхдээ гүйцэтгэх шатанд тодорхой бус юм их байна. Захын нэг жишээ хэлэхэд, “Амар”, “World Mongolia” хоёр яагаад ийм өөр байгаа юм бэ. “World Mongolia”-гийн өрөөнд дөрвөн өнгийн арчуур, угаалгын нунтаг байна. Их, бага хэмжээ нь хамаагүй, хүний сэтгэл шүү дээ. Жаахан угаалгын нунтаг, тал саван тавихад л бидний хэрэгцээг хангачихаж байна. Эдгээрийн аль нь ч “Амар” зочид буудалд байгаагүй.

УОК, Засгийн газраас бид их юм хүсээгүй. Яагаад анхнаас нь биднийг энд тусгаарлаж болоогүй юм бэ. Олон хүнийг эрсдэлд оруулж, элдэв асуудал гарсны дараа яагаад тусгаарлав. Яагаад алдаа гаргаж, эрсдэл учирсны дараа хашгираад байгаа юм бэ. Одоо намайг ийм юм ярихаар зарим хүн “Гадаадаас гуйж ирчихээд ямбаллаа. Элдэв юм ярилаа” гэж шүүмжилж магадгүй.  Засгийн газар, УОК, ЭМЯ-наас л өгсөн мэдээлэл л үнэн гэж туйлширдгаа болих хэрэгтэй. Иргэдийг талцуулах нь хэнд ч ашиггүй. Гадаадаас ирсэн иргэд, Монголын иргэд гэж хоёр хуваах шаардлага огт байхгүй.

Эцсийн эцэст бүгд л адилхан Монгол Улсын иргэд шүү дээ. Халдвар авахгүй юм сан, коронавирусийн халдварыг давах юм сан гэх бодол хүн бүхэнд бий. Тэгэхээр бид тал тал тийшээ хараад суух бус нэгдэх хэрэгтэй.

Засгийн газар, УОК-ын үйл ажиллагаа ойлгомжтой, тодорхой байх чухал. Гэнэт л “Одоо тэгнэ” гээд иргэдийг туйлдуулж, хүндрэл учруулдгаа болих хэрэгтэй. “Эв нэгдэл” гэдэг сонгуулийн уриа төдий зүйл огт биш. Одоо бидэнд юу юунаас илүү эв нэгдэл, бие биенээ гэсэн сэтгэл хэрэгтэй байна. Ийм хүнд цаг үед бид бусаддаа яаж туслах вэ, халдвар авсан нэгнийгээ адлах бус хүний ёсоор хайрлан, итгэл, сэтгэлийн галыг нь бөхөөхгүй байхыг эрхэмлэе.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button