СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛЭДИЙН ЗАСАГ

ИНФОГРАФИК: Г.Ёндон сайд аа, удахгүй ОХУ-ын Удокан жилд 125 мянган тонн зэс, Элга 30 сая тонн нүүрс олборлох гэж байна

-ЦАР  ТАХЛЫН ҮЕД Ч УДОКАНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ АМБИЦАА АЛДСАНГҮЙ-

Сүүлийн үед дэлхийн хэвлэлүүд Удоканы ордны олборлолт эхлэхэд жил хүрэхгүй хугацаа үлдсэн талаар онцлох болов. ОХУ-ын Байгаль нуурын ойролцоо оршдог зэсийн ордны энэ төслийг баялгаараа Орост нэгт, дэлхийд гуравт гэж тэд бичиж байна.

Хэдхэн өдрийн өмнө тус ордыг эзэмшдэг “Baikal Mining” компани нэрээ “Udokan Copper” болгож сольсноо мэдээлжээ. “Удокан зэс”-ийн ТУЗ-ийн дарга Валери Казикаев “Шинэ нэр манай компанийн хүрээд буй өндөрлөгийг шууд илэрхийлэх болно. Бид цоо шинэ мөчлөг рүү шилжиж байна. Оросын хамгийн том зэсийн орд Удоканыг тун удахгүй ашиглалтад оруулах гэж байна” гэж холбогдох мэдэгдэлдээ дурджээ.

Гэрэл зургийн эх сурвалж: International Mining.

Түүний мэдэгдэл цааш “Бид маш богино хугацаанд олборлолт, металлургийн үйлдвэрийг барьж байна. Байгалийн болоод цар тахлын хүчин зүйлс нөлөөлж буй ч бид зогсолтгүй урагшилсаар” гэх өгүүлбэрээр үргэлжилнэ.

Удоканы ордыг анх 1949 онд нээжээ. Түүнээс хойш төрийн өмч хэлбэрээр хөрөнгө оруулалтгүй явж байгаад 2014 онд нөөцийг нь JORC стандартаар баталгаажуулсан байдаг. Ингээд 2019 оноос хөрөнгө оруулалтаа татаж, “Baikal Mining” буюу шинэ нэрээрээ “Udokan Copper” зосголтгүй ажиллаж байна.  

-УДОКАН НӨӨЦ, ОЛБОРЛОЛТООРОО ОЮУ ТОЛГОЙТОЙ ШУУД ӨРСӨЛДӨНӨ-

Манай Оюу толгойн ордын түүхийг 1957 оноос хойш бичдэг. Гол нь нөөцийн 80 хувь нь далд уурхайдаа байдаг сул талтай. Харин Удоканы орд хоёр хэсгээс тогтох бөгөөд хоёул ил уурхай юм. 300 метрийн гүнтэй, уртаашаа 2 км үргэлжилдэг.

Хоёр ордын нөөцийг харьцуулъя гэвэл нөөц, баялаг гэдэг хоёр нэр томъёонд тайлбар хийх хэрэгтэй болно. Баялаг бол орон зайн хувьд газрын хэвлийд агуулагдаж буй нийт түүхий эдийн бодит хэмжээ. Харин нөөц нь түүнээс яг олборлож, эдийн засгийн хувьд ашигтайгаар эргэлтэд оруулах боломжтой хэсэг нь гэсэн үг.

Оюу толгойн хүдэр нь зэсээс гадна алт, мөнгөний агууламжтай. Харин Удоканых зэс болон мөнгөний агууламжтай юм.

Баялаг биш нөөцөөр нь харьцуулбал:

Оюу толгой нийт ашиглалтын хугацаандаа 10.2 сая тонн зэсийн нөөцтэй. Харин Удокан 15.1 сая тонн.


Мөнгөний нөөцөөр Удокан мөн илүүрхэнэ. Оюу толгой 77 сая унц /тонн биш/ мөнгөний нөөцтэй бол Удоканных 498 сая.


Зэс, мөнгө гэж агууламжаар нь ялгалгүй нийт хүдрийн нөөцөөр нь харьцуулж үзье. Тэгвэл Оюу толгой 1270 сая тонн хүдрийн нөөцтэй бол Удокан 1440 сая тонн.


Удоканы уурхай ашиглалтад орсноор Оросын зэсийн хэрэглээний 15 хувийг дангаараа хангана.

Үйл ажиллагаа явуулж эхлээд жилд 125 мянган тонн катодын зэс үйлдвэрлэнэ гэсэн төлөвлөгөө бий. Оюу толгой жилд 150 орчим мянган тонн зэс үйлдвэрлэж буй.

Харин Удокан 2033 оноос хүчин чадлаа дөрөв дахин нэмж, 500 мянга орчим тоннд хүргэнэ гэж мэдэгддэг. Ингээд харахаар манай Эрдэнэт, Оюу толгойн ордуудтай ямар ч асуудалгүй өрсөлдөх орд хойд хөршид “боловсорч” байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр Удоканы баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын процесс яг одоо 40 хувьтай хийгджээ. Үүний хүрээнд 50 МВ-ын цахилгаан станц нэгийг байгуулж, хоёр эрчим хүчний шугам татсан. Өөр нэгэн 146 МВ-ын цахилгаан станц баригдаж буй. Бүтээн байгуулалтыг 2022 онд дуусгана, үүнээсээ зургаан сарын дараа зэсээ баяжуулж эхэлнэ гэж “Udokan Copper” компани мэдэгдээд байна.

Байршлын хувьд ч улсын хилдээ ойрхон. Уурхайгаас 30-хан км авто зам тавиад Байкал-Амурын төмөр замтай холбогдчихож байгаа. Бүтээн байгуулалт дуусаж, үйл ажиллагаа жигдэрвэл 20 мянга гаруй ажлын байрыг бий болгоно гэж im-mining.com мэдээлжээ.

-СОНГУУЛЬ, ЦАР ТАХАЛ ГЭЦГЭЭХ ХООРОНД ХОЙД ХӨРШ ӨНДИЙЖ БАЙНА-

Манай зэсийн баяжмалын тээвэрлэлтийн зардал өндөр гардаг. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам хэдэн Засгийн газар дамжаад баригдаж дуусдаггүй. Уг төмөр зам бол ганц нүүрс биш зэсийн баяжмалаа ч зөөж болох стратегийн том бүтээн байгуулалт билээ.

Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт 2022 оны аравдугаар сар хүртэл хойшилчхоод байдаг. Нэмэлт санхүүжилтийг хэрхэн босгохоо ч хөрөнгө оруулагч талууд тогтоогүй, Арбитрын шүүх дээр маргалдаж байгаа. Засгийн газраас Дубайн гэрээг хүчингүй болгоно гэдэг агуулга ярьж эхэлсэн.

Уг нь нүүрсний экспортын хувьд манай улсыг азтай хувь тавилан угтлаа гэсэн ч бас тийм биш бололтой. БНХАУ Австралиас коксжих нүүрс авахаа зогсоож, Монгол, Казахстан тэргүүтэй хэдхэн орноос импортолно гэж мэдэгдэл хийсэн. Гэвч Хятадын SxCoal агентлаг “Австралийн орон зайг ОХУ нөхнө” гээд мэдээлчихсэн. Үнэхээр ч цар тахлын нөхцөл байдлаас үүдэж манай нүүрсний экспорт тасалдаад байна.

Гэтэл ОХУ-д хэд хэдэн өндөр амбицтай нүүрсний орд үйл ажиллагаагаа явуулж байна.

Якут дахь Элгагийн ордыг гэхэд саяхан Хятад, Оросын хамтарсан компани эзэмших болсон бөгөөд 2023 он гэхэд жилд 30 орчим сая тонн нүүрс олборлоно гэж мэдээлсэн. Одоо 5 хүрэхгүй сая тонныг олборлож байгаа юм.

Элга дахь олборлолтын процесс.

Кузбассын орд мөн ирэх хоёр жилд хүчин чадлаа нэмнэ гэж мэдэгдсэн. Энэ хоёр ордоор бодоход л манай нүүрсний экспортын нийт хэмжээг давчихна. Тавхан жилийн өмнө хойд хөрш БНХАУ руу жилд 300 мянга хүрэхгүй тонн нүүрс арай гэж гаргадаг байв.

Манай зэсийн болоод нүүрс экспортын зах зээлд том өрсөлдөгч бий болж байгааг эндээс төвөггүй дүгнэж болно. Цар тахалд биднээс илүү нэрвэгдсэн ч хойд хөрш уурхайн бүтээн байгуулалтаа тасалсангүй. Гэрээ хэлцлүүд хийж, амбицаа нэмж, хэвлэлээр зарласаар. Харин бид нүүрс экспортоо ч тасалдуулалгүй явуулж чадахгүй байна, Г.Ёндон сайд аа. Ерөнхийлөгчийн сонгууль, коронавирус гэцгээх хооронд том өрсөлдөгчид өндийж байна.

Эх сурвалж: mi-mining, ot, miningtechnology, miningdataonline

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

10 Сэтгэгдэл

  1. Монгол биш орос иванууд л ялчихаж байгаам бн дааа, төмөр замтай бсан бол ингэж гас####ж суухгүй байх блаа

  2. Tyvaad bas 5 tolgoigoos bas hed dahin yom ord baigaa teriig tomor zamtsi erhuu havitsaa holboh l uldeed bga getrl manaihan hajyy tald ni bj hoorondoo zodoldood tomor zamaa barij chadshgui denduu archaagui bn

  3. Ёндоотой иддэг Ёндон сайд огцрохгүй үлдээд юу хийв дээ. МАН наад хэдэн хөгшин төгцөгөө одоо х####аачээ. Дээр дооргүй идэж уухаас өөр юмгүй махан толгойтууд.

  4. Орос харийн хөрөнгө оруулагч хэмээх з####илагчдаас хараат болоогүй, хэлцэл хийхдээ МУ шиг жижгрэхгүй шүү дээ. Аль ч с####барын мэргэжлийн хүчин чад####, ядаж л баялгийнхаа нөөцийг тогтоох мэргэжлийн туршлага ба орчин үеийн чавдартай, олон улсын гэрээний эрх зүйн мэдлэг болон хэлцэлд давуу эрхтэй, гэдийж оролцдог Их гүрэнтэй өрсөлдөх мэтээр сонин юм бичих юм.

  5. Та нар луйвардуулахгүй бол хохь нь Оросыг очоод луйвардчихна шүү гэж айлгаж байгаа юмуу

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button