ВИДЕО КОНТЕНТНийгмийнСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Өдрийн орлогоороо амьдардаг 5 хүүхэдтэй айлын хөргөгч “ХООСОН” байна

“Хүүхдийн мөнгө буухаар өгье гэж хэлээд дэлгүүрээс зээлээр хүнс авсан ч төлж амжаагүй л байна. Боломжтой үедээ бага багаар нь цувуулж өгч байгаа. Одоо 200 гаруй мянган төгрөгийн өр л үлдсэн” хэмээн ярьж буй энэ бүсгүйг Б.Батцэцэг гэдэг. Тэрбээр анхны хүүхдээ төрүүлснээс хойш ажил хийлгүй гэртээ байгаа аж. Харин түүний нөхөр М.Дарханбаяр “Нарантуул” зах дээр ачигч хийдэг байна. Тэд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд амьдардаг бөгөөд 0-10 насны таван хүүхэдтэй. Хөдөлгөөн сийрэг байсан тул бид 30 гаруй минут яваад тэднийд хүрлээ. Биднийг очиход гэргий Б.Батцэцэг, хүүхдүүдтэйгээ байлаа.

Хүүхдүүд биесээ өдөж, ээж дээрээ ирж нэгнийгээ ховлоно. Хөргөгч уудлаад “ээж ээ би энийг идчих үү” гэж асууна. Бүгд гутал өмсөөгүй, зарим бүр оймс ч өмсөөгүй харагдлаа. Гэрийн эзэгтэй Б.Батцэцэг “Манай хүүхдүүд гэртээ гутал өмсөж сураагүй юмаа” гэх нь тэр. Харин дунд охин “Надад оймс байгаа, гадагшаа гарахдаа гутлаа өмсдөг. Гэртээ гутал өмсдөггүй, хүйтэнд хөнжил нөмөрдөг” хэмээн хэвлүүхэн хариулав. Удалгүй том охин нь нүцгэн хөлөндөө томдсон ягаан углааш углаад гадагш үнс асгахаар гарлаа. Гэрийн эзэгтэй Б.Батцэцэг хөл хорио тогтоосон тул хүүхдүүддээ өвлийн хувцас авч амжаагүй, сургуульд явдаг хоёр хүүхэддээ л өвлийн хүрэм авснаа  нуусангүй. Бид үргэлжлүүлэн хөл хорио тэдний амьдралд хэрхэн нөлөөлж буй талаар ярилцлаа.

“ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ЦУГЛУУЛЬЯ ГЭЖ БОДДОГ Ч ЧАДАХГҮЙ Л БАЙНА”

-Танай гэр бүл өрхийн амьжиргаагаа хэрхэн залгуулж байна вэ?

-Нөхөр маань “Нарантуул”-д ажилладаг юм. Өглөө 09 цаг гэж гараад орой, 19, 20 цаг гээд ирнэ. Ер нь янз, янз. Тогтсон ажлын цаг гэж байхгүй. Бид хүүхдийн мөнгө, цалинтай ээжийн мөнгө, нөхрийн цалингаар сар, сардаа болгодог л доо. “Нарантуул” зах одоо ажиллаж байгаа ч ажлын олдоц, жаахан муу байгаа юм билээ. Нэг хэсэг бүр ажиллаагүйг ч хэлэх үү.

-Цалингаа өдөр өдөрт нь авдаг уу. Өдөрт хэчнээн төгрөгийн орлоготой байдаг вэ?

-Энгийн үед өдөрт 30 мянган төгрөг авдаг. Одоо бол цалингаа өдөр өдөрт нь авдаггүй л дээ. 15 хоноод авдаг юм.

-Таван хүүхдийн мөнгө, нөхрийн тань цалин танай гэр бүлийн амьдралд хүрэлцэж байна уу?

-Ер нь бол сардаа арай чамай л хүрдэг дээ. Уг нь хүүхдийн мөнгийг цуглуулъя гэж боддог ч чадахгүй юм. Хөхөнд сүү ордоггүй болохоор бага хүүхэддээ 30 мянгаар сүү авна. Нэг сүүг хамгийн удаандаа дөрөв хоног хэрэглэдэг л дээ. Бас живх авна. Тэгээд үлдсэн мөнгөө түлээ, түлш, хоол хүнсэндээ зарцуулдаг.

“НЭГ ХООЛ ХИЙХДЭЭ 200-300 ГР МАХ ХЭРЭГЛЭДЭГ”

-Дэлгүүр нэлээн зайтай юм байна. Хэд хоноод хүнсээ цуглуулж байна вэ?

-Дэлгүүр хол болохоор байн байн яваад байж чаддаггүй. Мөнгөтэй үедээ хүнсээ урд дэлгүүрээс бөөнөөр нь авчихдаг юм. Харин уржигдар захаас мах авсан. Ер нь махаа л захаас авдаг юм. Харин гурил будаагаа хоёр юм уу, гурван килограммаар нь авч байгаа.

-Одоо танайд хэд хоногийн хүнсний нөөц байна вэ?

Б.Батцэцэг хөөргөгчөө нээн бидэнд байгаа хүнсээ харууллаа. Цайны боов, хоёр ширхэг тал талх, кетчуп, чихэр харагдана. Харин хөлдөөгчний нэг нүдэнд мах, нэг нүдэнд чанах яс байв. Тэрбээр ууттай махыг заан “Манайх өдөрт хоёр удаа хоол хийдэг. Нэг хоол хийхдээ 200-300 гр мах хэрэглэдэг. Энэ махыг бид дөрвөн өдөр идчихнэ ээ “ гэсэн юм. Харин хамгийн доод нүдэнд зургаан ширхэг бууз байлаа. Эзэгтэй хоолны шүүгээгээ ч бидэнд үзүүлэв.  Шүүгээнд будаа, хүүхдийн сүү, каш гэсхийгээд дуусна.

“НҮҮРСНИЙ ҮНЭ ХЯМДАРСАН Ч МОД ИХ ҮНЭТЭЙ БАЙНА”

-Гэрийн гадаа таван шуудай сайжруулсан шахмал түлш байсан. Түлшээ аль цэгээс юугаар очиж авч байна вэ?

-Манайхтай ойрхон шахмал түлш худалдаалдаг цэг байхгүй ээ. Хамгийн ойрхон нь Баянзүрхийн товчоон дээрх цэг. Унаа, тэрэггүй болохоор машинтай хүн гуйж байгаад явж авдаг. Нэг өрх долоо хоногт зургаан шуудай шахмал түлш авах нормтой ч авсан зургаан шуудай маань долоо хоногтоо хүрдэггүй. Дулаахан өдөр нэг шуудай шахмал түлш түлчихдэг. Харин хүйтэн өдөр бол хоёр шуудай шахмал түлш түлэх хэрэгтэй болно.

-Шахмал түлшний үнэ хямдарсан нь танай гэр бүлийн амьдралд хэр дэм болж байна вэ?

-Хоёр шуудай нүүрсийг 6000 гаруй төгрөгөөр авдаг байсан бол одоо 6000 мянган төгрөгөөр 10 шуудай нүүрс авч байна. Дэм бололгүй яахав. Гэхдээ шахмал түлшээ модтой хольж түлэхгүй бол асалт удаан байдаг болохоор бас мод худалдаж авдаг. Хэдий нүүрсний үнэ хямдарсан ч мод их үнэтэй байгаа. Бид зургаан шуудай нүүрс авах мөнгөөр нэг шуудай мод авдаг. Нэг шуудай модыг нүүрстэйгээ хамт 5 хоног түлчихдэг.

“ЦАХИЛГААНАА ХАЖУУ АЙЛААСАА АВНА. УЛСЫН ХУДАГ БАЙХГҮЙ БОЛОХООР УСАА МӨНГӨӨР АВДАГ”

-Бас тог, усны мөнгийг улсаас даахаар болсон. Танайх сард тог, усандаа хэдэн төгрөг зарцуулдаг байсан бол?

-Манайх Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооноос наашаа шилжиж ирсэн. Одоохондоо шилжүүлгээ хийлгээгүй л байна. Урд хашааны айлаасаа цахилгаанаа авдаг юм. Гарсан мөнгөө хуваагаад төлдөг гэх үү дээ. Сард ер нь 30 мянган төгрөг бол хангалттай гарчихдаг. Тогны мөнгийг улсаас даахаар нь болсон нь манай амьдралд нэлээн л дэм болж байна. Харин манай энэ хавьд улсын худаг байхгүй болохоор усаа мөнгөөр авч байгаа. Хоёр 25-ын саваар ус авахад 100 төгрөг төлдөг.  

“ХҮНСНИЙ ТАЛОНД ХАМРАГДААГҮЙ”

-Баянзүрх дүүргийн 28-р дугаар хорооноос 11 хороонд шилжиж ирсэн юм байна. Хүнсний талонд хамрагдаж амжсан уу?               

-Одоохондоо хамрагдаж амжаагүй л байна.

-Өмнө нь 28-р дугаар хороонд байхдаа хүнсний талонд хамрагдаж байсан уу?

-Ер нь бол хорооноос анхаарч, олон хүүхэдтэй гээд хүнсний талонд хамруулдаг байсан. Талоны мөнгө амьдралд дэмтэй ч байлаа. Сар бүр 64 мянган төгрөгийн талоноор ахуйн хэрэглээний юм, мах л ахиухан авдаг байсан.

-Хөл хорио тогтоосноос хойш хороо, дүүргээс ямар нэгэн тусламж үзүүлэв үү?

-“Лантуун дохио” ТББ-ын залуус 5 кг ногоо, сүү, боов, боорцог, талх, 5 кг гурил өгсөн. Мөн 11 дүгээр хорооноос бидэнд хүнсний тусламж үзүүлсэн. 10 кг гурил, 3 кг будаа, цайны идээ, гоймон өгч байсан.

“ХҮҮХДҮҮДИЙН ХИЧЭЭЛ ДАВХАРДДАГ БОЛОХООР НЭГ НЬ ДАВТАЛТ ҮЗДЭГ”

-Хоёр хүүхэд сургуулийн насных гэсэн. Өдөр бүр теле хичээлээ үзэж амждаг байсан уу. Заримдаа хичээл нь давхацдаг байх?

-Тэгдэг шүү. Хичээлийн цаг нь давхарддаг.

-Яаж зохицуулдаг байсан бэ?

-Нэг нь хичээлээ яг цагтаа үзчихээд, нэг нь давталтыг нь үздэг байсан. Хааяа фэйсбүүкээс олж үзүүлдэг. Том хүү дүүгийнхээ хичээлд анхаараад, даалгаврыг нь хийлгэдэг юм. Би ч багууддаа анхаараад хичээлээ хийхэд нь цаг зарцуулж анхаарч чадахгүй л байна.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ:

Хөл хорио тогтоосон цаг үед алслагдсан дүүргийн гэр хорооллын нэгэн айл ийнхүү шар нар, бор хоногийг өнгөрөөж байна. Төрөөс үзүүлсэн хөнгөлөлт өрхийн амьжиргаанд дэм болж буйг тэд нуусангүй. Хэдий цахилгаан, дулаан, усны төлбөрийг долдугаар сарын 1 хүртэл төрөөс даах шийдвэр гарсан ч улсын худгаас хол гэр хорооллын айл өрхүүд мөнгөө төлж усаа авдаг байна. Шахмал түлшний үнийг хямдруулсан ч долоо хоногийн хяналтын тоо болох зургаан шуудай нь хүрэлцдэггүй тул идэр есийн үед энэ өдөрт дөрөвхөн удаа гэрээ галладаг гэнэ. Тэд цахилгаанаа албан ёсоор холбуулаагүй учраас хажуу айлаасаа тог авч, хүүхүүд нь теле хичээлээ үзэж буй ажээ. Мөн хүүхэд өвдөөд түргэн тусламж ирдэггүй тухай гэрийн эзэгтэй ярив. Хэдий амьдрал хэцүүхэн байгаа ч тэрбээр ирээдүйдээ итгэлтэй байлаа. Хүүхдүүдээ том болохоор гэрийнхээ ойролцоох талхны үйлдвэрт ажилд орохоор төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
болно оо
болно оо
2021-01-11 08:41

Зүтгэнэ шүү

Холбоотой мэдээ

Back to top button