Ярилцлага

Димитрий Лоуверс: Маш их баялагтай Монгол оронд ядуу хүмүүс олон байхыг хараад сэтгэл өвддөг

Жил бүр Монгол оронд зочлохдоо сайн үйлсийн аян хийж, ядуу буурай хүмүүст тусладаг Бельги улсын иргэн Димитрий Лоуверстэй ярилцлаа. Тэрбээр гурван жилийн өмнө Төв аймгийн Батсүмбэр сумд гарсан түймрийг унтраалцахаар сайн дураараа ирж байсан бөгөөд, үүнээс нь хойш Монголчууд түүнийг сошиал орчинд сайн таньдаг болсон. "Би олон нийтэд танигдахыг хүсээгүй. Өөрийнхөө чадах хэмжээнд бага ч гэсэн сайн зүйл хийхийг зорьсон ” хэмээн ярих Димитрий морин хуурыг тун чадмаг тоглож, бас хөөмийлж байлаа. Монголд тавдахь удаагаа ирээд буй түүнтэй болон эхнэр В.Мягмарсүрэнтэй нь ийн хөөрөлдөв.

-ЖИЛ БҮР ИРЭХДЭЭ САЙН ҮЙЛС ХИЙНЭ ГЭЖ ТӨЛӨВЛӨЖ БАЙНА-

-Хоёр жилийн өмнө Батсүмбэрт гарсан түймрийг унтраалцах сайн дурын багт оролцсон тань Монголчуудын хувьд содон үзэгдэл болсон. Үүнээс яриагаа эхлэе.

-Сүхбаатарын талбай дээр түймэр унтраалцах сайн дурын хүмүүсийг цуглуулж байхыг хараад очсон. Надад ямар ч галаас хамгаалах хувцас байгаагүй ч гэлээ, оролцохоор шийдэж байв. Хүмүүс, “Маш их аюултай шүү дээ” гэж хэлж байсан ч би явсан. Хэчнээн хэцүү байсан ч үүнийг хийхдээ баяртай байсан. Яг ямар нөхцөл байдал угтаж байгаа талаар ойлголтгүй хэрнээ нэг мэдэхэд л Батсүмбэр явах замд аль хэдийнэ орчихсон байлаа. Хүрээд очтол намайг хараад хүмүүс маш гайхаж угтсан. Миний зургийг аваад сошиал орчинд байршуулж эхэлсэн юм. Ингээд миний фэйсбүүк дээр “гал шатаж” эхэлсэн дээ.

Энэ бол зөвхөн Монголын нэг хэсэг шатаж байгаа асуудал биш. Бүх хувь хүнд л тохиолдож болох байгалийн гамшиг шүү дээ.

-Тэр явдлаас хойш та хоёр удаа Монголд иржээ. Сайн үйл хийхээ зогсоосонгүй. Дөнгөж өчигдөрхөн асрамжийн газрын хүүхдүүдэд тусламж үзүүллээ?

-Түймэр унтраалцсанаас хойш үүнээс илүү юу хийж, тусалж чадах вэ гэж их бодсон. Би Бельгид амьдардаг. Дэлхийн хамгийн чинээлэг орнуудын нэг л дээ. Гудамжинд амьдардаг хүмүүст зориулсан унтах, хоол идэх үнэгүй газруудыг гаргаж өгсөн байдаг. Унтах газаргүй бол төрөөс гаргаж өгсөн байранд байрлаж, үнэгүй хоол идэх боломжтой гэсэн үг. Ядуу ч бай, жуулчид ч бай хууль бус цагаачид ч бай заавал тусламж хүртдэг. Харин энд би үүнийг олж хараагүй.

Анх удаа хүүтэйгээ Монголд ирэхэд ийм тогтолцоо байхгүй, маш олон ядуу хүмүүс байгааг хараад ямар нэг зүйл хийх хэрэгтэй гэж бодсон. Одоо бол жил бүр ирэхдээ сайн үйлс хийнэ гэж төлөвлөж байгаа. Түрүү жил өнчин хүүхэдтэй, буурай амьдралтай эхчүүдэд тусламж үзүүлсэн. Энэ жил асрамжийн газрын хүүхдүүдэд чадах чинээгээр тусаллаа.

-Монголчууд сошиал орчинд таны үйлдлийг ихэд сайшааж, хуваалцаж байгаа.

-Би олон нийтэд танигдахыг огт хүсээгүй, өөрийнхөө чадах хэмжээнд бага ч гэсэн сайн зүйл хийхийг л зорьсон юм. Хийж буй ажлаа улстөржүүлэхийг ч юм уу хүсэхгүй байна. Энэ бол бид бүхний өмнө тулгарч буй зайлшгүй шаардлага юм. Манай хотод гурван мянга орчим Монголчууд амьдардаг. Тэдний цагаан сараа хийх, концерт зохион байгуулахад нь бас тусламж үзүүлдэг. Хариу нэхэхгүйгээр. Надад мөнгө хэрэггүй.

-ЭХНЭР В.МЯГМАРСҮРЭН: МАНАЙ ХҮН МОНГОЛЫГ ДИВААЖИНГИЙН ОРОН ГЭЖ ЯРЬДАГ-

Димитрийн гэргий В.Мягмарсүрэн түүнтэй 2013 оны зун танилцаж байжээ. Түүнээс хойш дөрвөн жилийг хамт амьдран өнгөрүүлж буй аж.

"Тэр жил талбай дээр түймэр унтраах сайн дурынхныг цуглуулж байгааг телевизээр үзчихээд яваад өгсөн. Тэгээд ирэхгүй алга болчихлоо. Утсаар ярьтал, “Түймэр унтраалцаж байна” гэдэг байгаа. Ингээд гурван өдөр таг алга болж байгаад ирж билээ” хэмээн ярих тэрбээр Димитрийн сайн үйлсийн аян хийх бүрт дэргэд нь байж, тусалж дэмждэг байна.

"Бельгид Монголчуудын шинэ жил болдог. Манай хүн 55 инчийн зурагт өөрөө худалдаж аваад, тэр шинэ жил дээр дуудлага худалдаагаар зарж, олсон орлогоо өчигдөр сайн үйлсийн аянд зориулсан юм. Димитрийн хувьд Монголд нийт таван удаа ирээд байна. Монгол орныг диваажин шиг гэж ярьдаг” гэж В.Мягмарсүрэн хэлэв.

-МОНГОЛ ШИГ САЙХАН УЛАМЖЛАЛТАЙ АРД ТҮМЭН ҮЗЭЭГҮЙ-

 -Та яагаад хамгийн анх Монгол орныг зорих болсон юм бэ?

-Бельги бол маш жижиг газар нутагтай орон. Жижиг газарт олон хүн амьдардаг. Харин Монголчуудын хувьд том газар нутагт цөөн хүн амьдардаг ялгаатай. Би өмнө нь Португаль, Испани, Франц гэх мэт европын орнуудаар аялж байсан. Гэхдээ Монгол шиг сайхан уламжлалтай ард түмэн үзээгүй. Маш сайхан соёлтой, маш үзэсгэлэнтэй орон.

Бельгид газрын доорх баялаг гэх зүйл байхгүй хэрнээ сайн тогтолцоог бий болгож чадсан. Харин Монголчуудын хувьд өөр. Алтны нөөцөөрөө дэлхийд гуравт, зэсийн нөөцөөрөө нэгт бичигддэг. Тиймээс гуравхан сая хүнийг маш баян, аз жаргалтай амьдруулах боломжтой гэж би хувьдаа хардаг. Гэвч миний уулзаж байсан ихэнхи Монголчууд ийм бодолгүй байдаг юм шиг санагддаг юм.

-Таны амьдардаг Бельги орноос ялгаатай зүйл маш их бий. Хамгийн өөрчилмөөр, шинэчилмээр санагддаг зүйл тань юу вэ?

- Бельгийн нэг захаас нөгөө зах руу ердөө хоёрхон цаг машинаар явна. Дээрээс нь дотроо нэлээд хуваагдсан үндэстэн: Францчууд, Недерландууд гэх мэт. Гурван хэлээр ярилцдаг, зургаан парламенттэй. Төрд маш  их татвар төлдөг. Миний бизнес нэг цагт 40 еврогийн орлого олдог. Үүнийг сайн ашиг гэж үзнэ. Гэвч бид машин унасандаа, замаар зорчсондоо гээд бүх л зүйл дээр татвар төлдөг. Бизнес эрхэлдэг миний хувьд орлогынхоо 50 хувийг шууд татварт өгнө.

Бяцхан хөвгүүн байхдаа Чингис хааны тухай уншдаг байлаа. Гайхалтай удирдан, төвхнүүлэгч байсныг бид бүгд мэднэ. Зөвхөн Монголыг нэгтгээд зогсохгүй Польшоос Япон хүртэлх нутгийг эзэлж, байлдан дагуулж байсан гэж би ойлгодог. Гэвч өнөөдрийн Монголоос би тэр агуу зүйлээс үлдсэн гэх юу ч олж хардаггүй. Маш их баялагтай, том газар нутагтай байж ядуу тарчиг хүмүүс олон буйг хараад үнэхээр сэтгэл өвддөг.

-ЯМАР НЭГ ТОМ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ НЬ МИНИЙ ЗОРИЛГО БИШ. ГЭХДЭЭ БИ МОНГОЛЧУУДАД ХАЙРТАЙ-

-Жил бүр Монголыг зорих болсон шалтгаан тань юу вэ? Монгол амьдралын юу нь танд хамгийн их таалагддаг вэ?

-Хэрэв та Бельги гэх мэт барууны орнуудаар аялах юм бол эдийн засгийн өрсөлдөөнийг олж харна. Миний хөрш гоё машин, эсвэл сайхан байшин худалдаад авчихсан байвал барууны сэтгэхүй илүү гоё машин, илүү сайхан машин авахыг хүснэ. Харин Монголын хөдөө тал нутгаар аялах үед, би цэвэр тунгалаг сэтгэлтэй хүмүүсийг олж хардаг. Тэд эд хөрөнгөний шуналгүй. Өрсөлдөх, атаархах санаагүй.

Бид бүгдээрээ илүү сайхан амьдрахыг хүсдэг, материаллаг баялгийг хүсдэг гэдгийг би сайн ойлгож байна. Гэвч хөдөөний хүмүүсийг харахад тэдэнд ямар ч интернет, цахим хэрэгсэл байхгүй хэрнээ таван хошуу малтайгаа маш аз жаргалтай амьдардаг. Миний бодлоор илүү эрх чөлөөтэй байх шиг санагддаг.

-Таны цаашдын Монгол оронтой холбогдсон хэтийн зорилго, мөрөөдөл юу вэ?

- Манай орон өртөг өндөртэй, маш их хэмжээний татвар төлдөг. Гэхдээ сайн тогтолцоотой. Эрүүл мэндийн хамгаалалт дэлхийд нэгт орохуйц өндөр чанартай. Дэд бүтэц нь оршин суугчдын эрүүл, аюулгүй амьдрахад зориулагдсан. Харин Монголд анх удаа ирээд, иргэд хотынхоо дэд бүтцээс болж зовж байгааг харсан. Замын түгжрэлээс эхлээд л. Мэдээж өвлийн цагт агаарын бохирдол аймшигтай хэмжээнд хүрдэг. Энэ шулуухан хэлэхэд биднийг бага багаар үхүүлж байгаа.

Би зорилгогүй, “өчүүхэн” нэг эр биш. Ямар нэг том өөрчлөлт хийх бол миний зорилго биш юм аа. Гэхдээ би Монголчуудад маш хайртай. Би өөрөө монгол хүн биш, улстөрд  орохыг хүсээгүй, бас энэ улсыг бүхэлд нь өөрчлөхийг зориогүй. Би Монголыг хөл дээрээ бат зогссон байхыг харахыг мөрөөддөг.

-Ярилцсанд баярлалаа

М.ТЭНГИС

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ч.ОТГОНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-11-23 23:33

Viagra Shipped Overnight [url=http://antabusefast.com]purchase antabuse[/url] Vardenafil Cheap

Холбоотой мэдээ

Back to top button