“Эгүүр” брэндЭгэл бус амьдрал

ЭГЭЛ БУС АМЬДРАЛ: Өөнөө одоо л олныхоо дунд “УРГАЖ” байна

Баярлалаа, БИ ЗУРЖ БАЙГАА.


Хувь ертөнцөөс нь утгаж үзэхээр унаанд хамт явах үес түүний гар утас байнга дуугарна. “Байна уу. Өнөрөө. Чи их хөөрхөн инээдэг, яг хүүхдээрээ. Би чиний лайвыг үзээд бүр өөрөө дагаж инээдэг”. “Сайн байна уу. Та мөн үү. Ажлууд нь амжиж байна уу, захиалга их үү. Туслалцаа хэрэгтэй бол хэлээрэй, нэг ч гэсэн өдөр чадах ядахаараа ажлаас нь хөнгөвчилж өгнө өө”. Ийм ярианууд. Хариуд нь тэр яг хүүхэд шиг, бас их баярласан, үнэнхүү талархсан өнгөөр “Өө, за. Маш их баярлалаа. Би зурж байгаа! Баярлалаа” гэж хариулна. “Гоц авьяастан” Л.Өнөрчимэг, түүний эгэл бус амьдралын зах зухаас.

Сүүлийн өдрүүдэд Л.Өнөрчимэгийн амьдралд эргэлт гараад байгаа юм. Лайвыг нь үздэг мянга, мянган хүмүүс түүнд урмын үг, сэтгэлийн тус олонтой хүргэх болж, хамгийн гол нь уран бүтээлийн их захиалгаар дарж буй. Жижигхэн хоёр өрөө байр нь үүднээсээ эхлээд л дутуу гүйцээсэн уран зургуудаар дүүрэн. “Энэ эзэнтэй, тэр дуусаагүй. Аа, энэ дуусчихсан зураг байна” гэсээр сугалж авч үзүүлнэ.

Өмнө нь олон түмний хайр тусыг хүртэх гэхээс илүү ганцаардаж, бухимдаж, гомдож, цөхөрч байсан нь илүү. “Гавьяат нэхэж, лайваар уйллаа” гэж л дуулддаг, улс төрийн жагсаал тэмцэл юу л байна тэнд тэргүүн эгнээнд цохиж л явдаг. Тэр хэрээрээ сайнаас илүү муу нэр зүүж, адлуулсан. Тэр харин яг өөрийнхөөрөө. Юунд ч зусар тайлбар өгөхгүй, өөрийгөө сайн сайхан нэгэн болгох гэж хуурамч баг зүүхгүй. Инээмээр байвал инээнэ, уурламаар байвал чиг уурлана. Бүжиглэнэ, дуулна шүү дээ.

Одоо харин маш завгүй болжээ. Өдөрт дор хаяж 10, дээд талдаа 30-40 хүн утас руу нь залгаж баяр, сайн сайхныг хүргэхийн сацуу уран бүтээлийн захиалга өгөх аж. Мөн уран зургийн дотуур рам, малын зумласан зумлаагүй арьс өгөлцөж авалцах хүмүүс гэрээр нь орж гардаг болж. Тэр арьсан дээр, товгороор зурж, түүнийгээ “Өөнөөизм”-ийн урсгал гэж нэрлэсэн нь басхүү хэв донжоо олж байна.

ЭГЧ НЬ АЖИЛ УНДРУУЛАГЧ БОЛЖ БАЙНА

Үүрийн таван жингээр тэр угаалгынхаа өрөөнд явган сандал дээр суучхаад, ямааны арьс зумладаг байв. Гараараа. Эхлээд хэд хэдийг ваннд, төмпөнд дэвтээчихсэн. Тэгээд л цаг нь болохоор эхнээс нь зумлана. Уртын дуу аялаад л, өөрөөсөө эрээн цоохор толботой арьснуудыг гараараа бүр энхрийлж илнэ. “Хөөрхий минь, өөрөө ингээд л уран зураг. Ийм гоё арьс. Эвий, хөөрхий минь” гэж хайрлаад л зумлана.

Дараа нь дотуур раманд арьсаа тэлж тогтоогоод хатаах ажилтай. Ингэхдээ маш зөв технологи л барихгүй бол гажиж, мурийж хатах эрсдэлтэй. Болсон бэлдэц дээр ингээд тэр зурж гарна. Ингэж зурсан зураг яг амьтай. Бас дуутай. Яг хэц хэнгэрэг шиг, хүрэхээс гадна өргөөд аваад явахад салхинд хүнгэнэн дуугарна. Заримдаа тэр ард нь синхрон гэрэл суулгачихна. Ингээд тогонд залгахаар гэрэлтэж, арьсны өөрийнх нь бүтэц тогтолцоо уран зурагтай сүлэлдэж бас дахиад амилна.

Эхэндээ ганцаараа Эмээлт явж, хог дээрээс арьснуудаа өөрөө түүж авчирдаг, шөнө ингэж зумлаад суудаг байлаа. Харин лайв үзэгч олон мянган монголчуудын дундаас хэд гурван зумласан арьс авчраад өгөх, эсвэл зумлалцаад суух нэгнүүд гарч ирэх болсон нь энэ. Хог дээр хаясан арьс түүж цуглуулаад авчирч өгвөл ширхгийг нь 500 төгрөгөөр авдаг болсон гэнэ. Зумлаад өгвөл 10-20 мянган төгрөгөөр гар цайлгах аж. Харилцан дэмтэй, бусдад ажил олгож, талхны мөнгөөр баярлуулж байгаа нь түүний амьдралын хамгийн эргэлтийн цэг юм аа.

“Та бүр ажил олгогч болчихсон юм биш үү” гэж асуувал “Тийм. Ажил олгогч болж байна, ажил ундруулагч болж байна” гээд инээлээ. Үнэхээр уран зургийн дотуур рам хийснээ авчирч өгөх, “Раманд дэлгээд өгье” гээд зумласан арьснуудыг нь торонд хийгээд аваад явах хүмүүсийн хөл хөдөлгөөн гэрээс нь ер тасрахаа байжээ.

Гол нь таван хошуу малын түүхий эд ядах нь аа урлагт ашиглагдаж, урлаг болон амилж, энэ явцдаа хүмүүсийг хөдөлмөрлүүлж, таван цаастай болгож буй нь Л.Өнөрчимэгт баяр баясгалан авчирч байгаа юм. Зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн экспортлохоор улайрч, малынхаа үр шимийг ч бүрэн хүртэж чадалгүй үнэгүйдүүлэн хаядаг явдалд тэр маш дургүй. Тэр байгальдаа маш хайртай. Ирээдүйн үр хойчис нь байгальдаа хөрвөөж, тонгоцож амьдрахыг харах түүний гэгээн хүслүүдийн нэг. Тийм ч учраас уул уурхайн эсрэг чиглэсэн зорилготой, зорилгогүй жагсаал хөдөлгөөнүүдэд зүгээр л өөрийнхөө дүрэлзсэн сэтгэлээр гүйж явдаг юм.

ААВ, ЭЭЖИЙН ГҮНЖ, “ХАТАН ХААН” ӨӨНӨӨ

Л.Өнөрчимэгийг мэдэхгүй монгол хүн цөөхөн. Ялангуяа 2000-аад оны үед тэр ид усан дор, хөлөөрөө, хоёр гараараа, элсээр зурдаг гэдгээрээ олны дунд тод дүр болж гялалзсан. Ганцхан зурахаас гадна тэр цангинатал сайхан дуулна, бүжиглэнэ. Гараараа юм юм урлана. Баатрын, хатны дээл хувцас урлахаас гадна нум саадаг, гоёл чимэг ч хийнэ. Ерөөс урлаг, уран бүтээлийн их эрчмийг тогтоож төрсөн аргагүй авьяас билэгтэн.

Тэр 1967 онд Өвөрхангай аймгийн Хар хорин сумд төржээ. Эрдэнэзуу хийд дотор мэндэлсэн ч гэдэг. Аав Б.Лүүрэв нь Османы дээрэмчдийн дайнд оролцож явсан ахмад дайчин, басхүү зураач хүн байлаа. Л.Өнөрчимэгийг бага байхад аав нь Улаанбаатар хотод томилолт авснаар тэдний өнөр гэр бүл Улиастай орчимд нүүж иржээ.

“Миний аав урчуудын эвлэлийн анхны 10 зураачийн нэг. Аваас минь бусад нь бүгд гавьяа шагналаа хүртсэн. Харин аав минь Урианхай, Тува үндэстэн гэдгээрээ ялгаварлуулж, хэлмэгдэж, хурандаа цолоо хуулуулж явсан” гэж Л.Өнөрчимэг хүүрнэнэ.

Их алиа хошин зантай, маш хөдөлгөөнтэй хүн байж, Б.Лүүрэв гуай. Социализмын үед, одоо Бөхийн өргөөний хойд талд байрладаг, музей болсон хоёр давхар ногоон байшинд аав нь ажилладаг байжээ. Бэлэг дурсгалын команд нэртэй энэ урчуудын газрыг улс санхүүжүүлж, уран бүтээлчдийг нь цалинжуулж, бэлэг дурсгалын зүйлсийг олноор нь бэлдүүлдэг байсан. Яг энд Л.Өнөрчимэг аавынхаа зурахыг харж өсжээ.

Зөвлөлтийн Кознак цаасан дээр Ленинград будгаар Ю.Цэдэнбалын хөргийг амьд мэт зурах аавыгаа дэргэдээс нь харж, биширч байснаа тэр бидэнд дурссан. Бас Л.Өнөрчимэгийн уран бүтээлийн олон арга зүйг туршиж үздэг, шинийг санаачлахыг эрмэлзэгч зан чанар мөн ааваас нь иржээ. Хөөргөн дотор сийлэх, Монголд анх циллоид материал дээр зурах зэрэг олон арга барилыг хамгийн анх туршиж байсан гэж тэр аавынхаа тухай олон дурсамж дэлгэв. Одоо түүний хийгээд буй арьсан дээр товгороор зурах хэлбэрийг тэр үед мөн л аав нь ярьж, хийх гэж ч оролдож байжээ.

Социалист бүтээн байгуулалтын үед үзэл суртлын лоозон, ханын цаасыг хэдэн мянгаар нь хийдэг, сургууль цэцэрлэгийн анги танхимыг хонон өнжин, хоолгүй нойргүй тохижуулж гүйдэг ийм нэгэн уран бүтээлч, хөдөлмөрч хүний генийг Л.Өнөрчимэг өвлөж төржээ.

Харин ээж нь эсрэгээрээ их намбалаг, дуу цөөтэй, хатуу хүн байсан аж. Аавыг нь “Ишш, энэ чинь бас л миний нэг хүү юм шүү дээ. Урлаг, уран зураг гээд суухаараа яг л ухаан мэдрэлээ алдчихна. Би байхгүй бол хоолоо ч хийж идэж чадахгүй” гээд өхөөрддөг байжээ, ээж Д.Дүүрэн нь.

Түүний аав, ээж хоёр 16 насандаа Баян-Өлгий аймгийн Сүүн голын эрэг дээр танилцаж, үерхэхдээ тангараг тавьж байсан гэдэг. Дээр дурдсанчлан Урианхай, Тува үндэстнүүдийг хавчин гадуурхаж, хилс хэрэгт гүтгэн цаазалсан их үйл явдлын гашуу дарагдаагүй, сэтгэл дээр нь хүүшлэн дарж асан цаг. Ингэхэд “Хоёулаа өнөр өтгөн олон хүүхэдтэй л болъё. Бид чинь ингээд л алуулаад дуусах юм байна” хэмээн ярилцаж байсан гэж Л.Өнөрчимэг нулимстай дурсана. Хүүхдүүдээ эрэгтэй, эмэгтэйгээр нь ээлжилж төрүүлнэ шүү хэмээн хоорондоо шог тоглоомоор хэлэлцдэг байсан нь яг биелж, охин хүү сөөлжилсөн 14 хүүхэд өдгөө Б.Лүүрэвээр овоглож байна.

10 хүүхэд төрүүлж, дөрвийг нь үрчилж авчээ. Бүгдийнх нь нэрэнд “Өнөр” гэдэг үг орсон. Харин Л.Өнөрчимэг дээрээсээ зургаа дахь охин нь аж. “Манай ах дүүс маш өндөр боловсролтой. Зарим нь гадаадад сургууль төгссөн. Зарим нь хоёр, гурван ч их сургууль дүүргэсэн хүмүүс байдаг. Би чинь тэднийгээ боловсролоор гүйцэхгүй ээ. Харин урлаг, уран бүтээл гээд явчихсан юм” гэж тэр ярина.

Гэр бүл дотроо хамгийн этгээд содон ааштай, айхавтар хөдөлгөөнтэй байсан Л.Өнөрчимэгийн зурах авьяас нэг ойтойгоос нь л тодорсон гэнэ. Гурван настай байхдаа “Би” хөрөг зурж, таван настайдаа цэцэрлэгтээ бие даасан зургийн үзэсгэлэнгээ дэлгэж байжээ. Авьяастай учир түүнийг аав, ээж нь эрхлүүлж ч, энхрийлж ч өсгөж. Тэднийгээ тэнгэрт халих хүртэл нь Л.Өнөрчимэг 50 жил хамт амьдарсан.

“Аав, ээж хоёр маань намайг гүнж минь, хатан хаан минь. Улсыг удирдах охин минь хэмээн дуудаж, таван хүртэхүйгээс гадна зургаа дахь мэдрэхгүйгээ ч хөгжүүл гэж зааж, захидаг байсан” гэж тэр ярьж байна. Багадаа ижий, аав хоёртоо эрхэлж дуудуулж өссөн хатан хаан, гүнж гэсэн энэ нэрсээ тэр одоо харин бусдаас санагалздаг шиг…

ОРХИГДСОН, ГИШГҮҮЛСЭН ОН ЖИЛҮҮД…

“Жинжиймаа, Ноён солиот киноны үйл явдал миний амьдралын дэргэд юу ч биш. Би тэрнээс хатуу амьдралыг туулсан” гээд тэр уйлдаг. Усан дотор зураг зурж эхэлсэн тэр цагаас нь л гараасаа гал гаргадаг хэмээн монголчуудыг нэг хэсэг хуурсан н.Өнөрмаа гэж эмэгтэйтэй андууран, шар хэвлэлээр муучлан бичих болсноор гүтгэлэг, доромжлолын амтыг мэдрэх болжээ.

Түүнтэй ярилцлага хийсэн сэтгүүлч, яриаг нь уншсан, сонссон монголчууд ерөөс асар их гүтгүүлж, доромжлуулж 30 жил амьдарлаа л гэж ярьдгийг нь мэднэ. Гол нь тэр ямар ч хаалтгүй, яг өөрийнхөөрөө, цэл дураараа араншинтай. Ийм ч учраас хэвлэлд дүрэлзэж өгсөн ярилцлагыг нь шар хэвлэлүүд давсалж, хачирлан нийтэлж, зарим нэг нь огт уулзаагүй мөртлөө хэдэн нүүр ярилцлага зохиогоод хэвлэчихдэг байв.

Ижил хүйстэн, элдэв хангайн хүний нууц амраг гэхчлэнгээр өчнөөн гүтгэж бичсэн, түүнийг. Галзуу, солиотой, “шизо”-той гэлцэх нь энүүхэнд.

2013 90 нас дөхсөн аав, ээж хоёртойгоо зурагт үзээд сууж байхад нь бурхнаар бөөлждөг гэж нэг хэсэг сенсац дэгдээсэн эмэгтэйтэй Л.Өнөрчимэгийг зэрэгцүүлэн адилтгаж гаргажээ. Үзсэн ижий, аав хоёр нь ухаан алдаж унаад Цэргийн төв эмнэлэгт хүргэгдэж. Л.Өнөрчимэг хэдэн өдөр сахижээ.

“Би ямар буруутай юм бэ. Гоц авьяастай болж төрснийхөө хариуд гүтгүүлж, доромжлуулж, аав ээж хоёрыгоо үүнээс болж эмнэлэгт сахиад сууж байлаа шүү дээ” хэмээгээд тэр цурхиртал уйлна. Ах дүү нар нь олон Өнөрийнхний нэр хүндэд сэв суулгах нь гэж түүнд уурлаж, загнаж, бүр занчиж ч байсан удаатай гэв.

Тэр ганц бие эмэгтэй. Хүү нь хилийн чанадад ажил хийж, амьдарч буй. Хүүгээ хэвлийдээ тээж байхдаа нөхрөө бусдын гарт хорлуулж алдсан тийм гашуун амьдралыг тэр үзсэн.

“Миний хань Цагдаагийн академи төгссөн, цэргийн хүн байлаа. Яг Г.Өсөхбаяр аварга шиг сайхан ханагар бие хаатай. Надад карате, бие хамгаалах урлаг зааж өгдөг, бид хамтдаа хичээллэдэг байлаа шүү дээ. Дэндүү үнэнч, яг өөрийнхөө хөдөлмөрөөр амьдардаг хүн байсан даа, миний хань” хэмээн тэр дурсах юм. Тэр нөхрийнхөө болон хүүгийнхээ талаар тийм ч ярих дуртай биш. Ялангуяа хүүгээ. Хүүгээ энгэртээ тэвэрч,  олон гүтгэлэг, явган ярианы хурц үзүүрт сумнуудаас алд биеэрээ хамгаалж буй эхийн дүр л эрхгүй санаанд орно.

ЛАЙВ-ЭРГЭЛТИЙН ЦЭГ

Сүүлийн жилүүдэд түүний амьдралд лайв бичлэг хийх гэдэг нэг дэндүү том үйл байр сууриа эзэлчхээд байгаа. Одоогоос хоёр жилийн өмнө төрийн гурван өндөрлөгөөс гавьяа шагнал өгөөч хэмээн лайв бичлэг хийх үеэрээ хэлж, уйлж олны анхаарлын төвд орсон. Дараа нь улс төрийн тэмцэл, жагсаалуудад оролцохдоо мөн лайвдаж, ингэхдээ нөгөө л өөрийнхөө, эрх дураараа зангаар ичиж эмээлгүй дүрэлзэж байсан. Ингээд дахиад л өнөөх гүтгэлгүүд, нөгөө доромжлолууд түүний араас салахгүй дагасаан.

“Одоо болно оо. Зургаа л зур. Тэмцмээр байвал зургаа зурж тэмц”. Энэ харин түүний сүүлийн нэг жилд хамгийн олон сонссон үг. Түүний хувь амьдралыг, дэндүү цайлган цагаахан амьтан гэдгийг нь мэддэг хүмүүс ийм л зөвлөгөөг өгдөг болов. Хариуд нь тэр уул ус, газар шороо, эх орон, үр хойчсынхоо төлөө тэмцэлгүй яах юм бэ, намайг битгий улс төрөөс ангид байлгах гээд бай хэмээн унтууцдаг байсан гэнэ.

“Улс төрөө болиод зургаа зур гэдэг коммент маш их орж ирдэг байсан. Тэр бүрд намайг зориуд уурлуулах гэж бичдэг хөлсний бичээчдийн нэг байна гэж хараад хүлээж авдаггүй байлаа. Харин сүүлийн үед үнэхээр хүмүүс бичээд байна, намайг хайрлаад байна гэдгийг ойлгосон. Би хүлээж авсан” гэж тэр хэлж байна.

Нээрэн л нэг мэдэхэд тэр зургаа л зурдаг болчихсон.

Энэ өөрчлөлт ирэхэд түүний 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн явдал нөлөөлсөн юм. Тэр Баянзүрх дүүрэгт, яг бага насаа өнгөрүүлсэн Улиастайн тойрогт нэр дэвшсэн.

Яагаа вэ, нөгөө “Ясли, цэцэрлэгийн андууд аа. Багын гал хамууд аа. Намайгаа дэмжээрэй” гэж мотоциклын давхиан дунд орилдог лайв шүү дээ. “Би аав шигээ алиалаад, хошин шог хийгээд байгаа юм шүү дээ, тэр чинь. Угаасаа би гарахгүй нь тодорхой, эх орон минь сайн сайхан, инээд хөөр, аз жаргалаар бялхаж байг л дээ. Би тэр мотоциклчдийн үйлчилгээг 2 сая төгрөгөөр, өөрийнхөө халааснаас төлж авсан шүү дээ”.

Сонгуульд нэр дэвших хөрөнгө босгохын тулд Л.Өнөрчимэг Сутай хайрханы зургаа зарна гэж лайв хийсэн, анх. Тэгэхэд БНСУ-д суудаг нэг залуу зургийг нь 5 сая төгрөгөөр худалдаж авчээ. “Би бүр гайхаад итгээгүй. Яагаад миний зургийг авчхав аа. Ямар их мөнгө вэ, худлаа биш биз дээ гэж гайхсан” гээд тэр мишээнэ. Ингэж тэр олон нийтээс хайр хүртэж, итгэлийг нь хүлээхийн сайхныг мэдэрсэн. Ингээд тэр эрчээрээ сонгуульд ч үзээд авсан.

Гол нь лайвын үеэр зургаа худалдсан энэ явдал түүний сэтгэлийг дүүргэж, бас нэг цоо шинэ итгэл, хөдөлмөрлөх сэтгэлийн цог залийг асаасан юм. Зурж эхэлсээн, Өөнөө. Яг хийх ёстой зүйлээ хийж, “ургаж” гарсан.

Тэр одоо зурангаа лайв хийнэ, зургийн захиалга өгсөн хүмүүсийнхээ нэрийг зарлаж, хорвоогийн хамгийн сайн сайхан ерөөлийг тэдэндээ хэлж лайвдана. Үүр шөнөөр ч лайвдана, хангинатал дуулангаа зурна. Ганцаардуу, орхигдсон амьдралдаа тэр ингэж өнгө гэрэл нэмсэн.

Олон мянган монголчуудтай лайваар шууд уулзана. Орчин үеийн цахим технологийн дэвшил хүнийг тайтгаруулж, эмчилж, анагааж, хайрлуулж, хайрлаж болдгийг нэг амьд жишээ Л.Өнөрчимэг болсон шиг ээ.

“Би ерөөсөө үзэгчдийнхээ тоог хардаггүй ш дээ. Хүмүүс тэдэн мянга хүрсэн байна гээд коммент бичихээр нь л хараад гайхдаг” гээд тэр цайлган, хайлган инээнэ. “Би нэг удаа жингээ хассанаа мэдэж баярлаад, хөл газар тогтдоггүй. Дэлгүүр дотор инээгээд, хүмүүс яагаад инээгээд байгаа юм гэж гайхаад. Тэр эрчээрээ шууд лайваа асаачихсан байхгүй юу. Тэгсэн маш олон хүн үзсэн байна лээ. Гол нь хүмүүс үзээд  инээсэн л бол болоо шүү дээ”.

Л.Өнөрчимэг монголчууд нэг л гунигтай, доогуур харцтай болоод буйг үргэлж харж, эмзэглэж явдгаа ярилаа. “Сүүлд хэзээ инээснээ ч мартчихсан хүн олон байна шүү дээ. Би тэгэхээр аав шигээ алиалж, заримдаа хүмүүсийг инээлгэмээр, өөрөө ч инээмээр санагддаг байхгүй юу” хэмээгээд хүүхэд шиг хөхрөх нь нэгийг бодуулна.

ӨӨНӨӨ ОДОО Л УРГАЖ БАЙНА

Коронавирусийн цар тахлын эрсдэлтэй, хөл хориотой энэ үед олон монголчуудын орлого тасарч, хаана хаанаа амаргүй л зүтгэж байна. Энэ үеэр харин Л.Өнөрчимэг нэг ч гэсэн хүн зумласан арьс авчирч өгөөд таван цаас аваасай гэсэн сэтгэлээр ажиллаж сууна. “Хамгийн гоё нь, монгол малын маань түүхий эд бүрэн эргэлтэд орж байгаа биз дээ. Хог дээр зүгээр л хаячихдаг байсан ш дээ, малын минь арьсыг. Харин одоо үгүй. Үүгээр миний технологийг заалгаж аваад нэг ч гэсэн айл өрхийн үйлдвэртэй болчхоосой” гэж тэр машин дотор ярьж явлаа.

Бөгс эргэх зайгүй уран зураг өрж тавьсан гэрт нь хэдэн хүн ороод ирэхэд л дүүрчхэж байна. “Яая, манай гэр ёстой өнөр олуул болж байна аа. Сайхаан, наашаа суу. Идэж уу. Яг гэртээ байгаа юм шиг л бай” гээд тэр хоёр өрөөний хооронд цахилж гарах юм. Эндээс ч ааруул, тэндээс аарц гаргаж ирээд дайлна.

Утас нь байн байн дуугарна. Нөгөө л “Баярлалаа, би зурж байгаа” гэх үг, тэгээд сайхан инээмсэглэл. “Би энэ дугаарыг бүр 1999 онд авч байсан. Ерөөсөө хүн залгадаггүй, хүн залгахгүй юм бол энэ утсаар юу ч хийх билээ дээ гэж боддог байлаа. Одоо өдөрт заавал 10 хүн залгана. Би таныг мэднэ ээ, олон удаа телевизээр харж байсан гэж ирээд л урам өгдөг. Миний ард түмэн маш ухаантай. Ёстой л тэнгэр заяатай улс”.

Биднийг гэрт нь ирэхэд нэг залуухан эмэгтэй хоол хийж, жижиг сажиг гэр ахуйн ажлыг нь хийлцэн тусалж байв. Зүгээр л сэтгэлээрээ, өөрөө хүрээд ирсэн гэнэ. Ундуй сундуй гэрийг нь хачин гоё янзалж өгсөнд нь Л.Өнөрчимэг үнэнхүү талархсанаа ярьж байна. Үгүй, эгээ л охин шиг нь утасны дуудлага авч, арьс авахаар ирсэн хүмүүст “За, та яг зөв дэлгэж хатаахгүй бол аюултай шүү” гэж хатуу сануулах аж.

Биднийг дайлсан ширээ.

Өөрийгөө “Хүн сарнай” гэж бичих дуртай Л.Өнөрчимэг одоо л олныхоо дунд ургаж байна. Санаа нь зөв, сэтгэл нь сайхан. Ээж, аавын эрх дураараа, танхил охин Өөнөө. Соёлын тэргүүний ажилтнаас илүү гавьяа шагнал  хүртээгүй тэр өнгөрсөн бүх жилүүдэд жирэлзтэл хөдөлмөрлөж, урлагт үнэнч хүчин зүтгэсээр ирсэн юм. МУБИС-ийг зургийн багш мэргэжлээр төгссөн тэр олон зуун шавьтай. Энэ салбарт оруулсан их гавьяаг нь үнэлж, нэгэн их сод оршихуйн сэтгэлийг дэвтээх цаг ирнэ гэж найдна. Тэр хайраар л дутсан билээ.

“Би одоо уурлахгүй, их мундаг байгаа. Улам хүчтэй, зоригтой болж байгаа”…

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Л.ӨНӨРЧИМЭГТЭЙ ХОЛБООТОЙ БАРИМТАТ НЭВТРҮҮЛГҮҮД:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

11 Сэтгэгдэл

  1. Энэ нь дээр. Ийм авьяастай байж яах гэж элдэв юмруу савчиж байдаг юм. Тэр нь өөрийг нь муухай харагдуулдаг юм. Зургаа л зур. Гоё зурсан байна. Гоц моц нь ч юу юм зүгээр, ямар ч байсан мундаг зурдаг юм байна.

  2. фэйс гэж юм манай хэдэн гажиг солиотнуудад яг таарсан юу болсон утсаа гаргаж бариад л дайрчихна

  3. Uneheer olon talin avyastai busgui shuu Er n bol gots avyastan mun l duu Ted chiny neg iimerhuu tsagaan tsailgan zorgooroo setgeltei hun amitan muu helchih vii gej hel amaa tseneed baidaggui horon muu sanaagui genehen humuus bdgiim bish u Zaluudaa Dundarshgui ih avyastai galtai tsogtoi javhalzsan saihan busgui yvsiimaa Ahmad ueiinhen bol sain medne dee Uran buteeliin ih amjilt Sain saihan buhniig husei !

  4. авяастай мундаг зураач эмэгтэй Цагтаа монголынхоо нэрийг гаргаж явсан хүн шүү Уран бүтээлийн өндрөөс өндөр амжилт хүсье Нас бол тоо.Буц####ж даргилаад дарагдахгүй бгаа их авяасыг я####тай билээ Амжилт Ийм авяас хэзээ ч зэврэх ёсгүй эээ

  5. Mongolchuud uhaantandaa aviyastai hundee ih halgaatai hetsuu ard tumen…ooroosoo oodoo garsan hund ih durgui…unen ugend durgui magtaald durtai ih sonin humuus.Tsag hugatsaanaasaa turuuleed torchihson sod hun…Gots sod humuusiig ali ch niigemd schizoti l gdeg.mglchuud het materiallag bolson blhoor oilgoh hun tsoon…bolovsrol ter chigtee hayagdsan…niigem ongo mongo shutsen blson blhoor aviyas bolovsroliig hundelj oishoohgui bn.nadad bol ovormots cool emegtei.mash ih taalagddag…

  6. Veitnam iin luu , tsagaan arslan yadgiin mongoliin suu zali aldar gawiyag yuch guitsehguishd , bi hongor morio zurjaahdaa ih azjargaltai baidag , Ene setguulch huud amjilt husie egchiinhe talaar ih saihan bichsen bn , bi yj holbogdoh vee?

  7. Өөрийн дуртай Сайхан уран бүтээлээ хийж байгаан жарг#### шүү дээ . Өөнөөд уран бүтээл урлагийн тэнгэр ариун сайхан байг…Амжилт хүсье.

  8. iim aviyas zayasan hiij chaddag hynd yagaad ter shagnalyydaasaa ugduggyi yum be.tanil talgyi ariin haalga avilgal dutaad bna daa huurhii.daanch hereg algaa unuu margaashgyi yheh bolson yu ch hiigeegyi hymyyst gaviyat ugluu ch ualaa bailaa ch yalaa.munguur byhniig yavuuldag aa boliochee gutarch bna iim yls bx gej.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button