НийгмийнЯрилцлага

“Манай студи долдугаар сарын 1 хүртэл жирэмсэн эмэгтэйчүүдийн зургийг ҮНЭГҮЙ авч өгнө”

“Мөнгөтэй болохоороо жирэмсний зураг авахуулна, төрөхөө дөхүүлээд авахуулна” гэж явсаар амжилгүй төрчихсөн найзууд надад нэлээд хэд бий. Танд бас бий биз. Амьдралынхаа хамгийн нандин хормыг гэрэл зургийн хальснаа буулган авч чадалгүй хожим нь амаа барьж буй тэднийг хараад өмнөөс нь харамсах үе байсан.

Харин санхүүгийн боломжгүй нөхцөл байдлаас үүдэн зураг авахуулах хугацаагаа хойшлуулсаар буй жирэмсэн эмэгтэйчүүдийн уг асуудлыг Sandag photographer гэрэл зургийн студи анзаарч харжээ. Тэд жирэмсэн эмэгтэйчүүдийн зургийг үнэгүй авч, угааж өгч буй юм байна. Иймд бид тус гэрэл зургийн студийн үүсгэн байгуулагч, гэрэл зурагчин Батсуурийн Сандагдоржтой утсаар холбогдож, ярилцлаа.

САНХҮҮГИЙН БОЛОМЖГҮЙ БАЙСАН ТУЛ ЭХНЭРИЙНХЭЭ ЖИРЭМСНИЙ ЗУРГИЙГ АВАХУУЛЖ АМЖААГҮЙ

-Танай гэрэл зургийн студи жирэмсэн эмэгтэйчүүдий зургийг үнэгүй авч өгч байгаа юм билээ. Яагаад заавал жирэмсэн эмэгтэйчүүдэд хөнгөлөлт үзүүлэхээр болсон бэ?

-Би 2011 оноос гэрэл зурагтай нөхөрлөж байгаа. 2015 оноос гэрэл зургийн студид ажиллаж байгаад 2020 оны есдүгээр сард өөрийн гэрэл зургийн студийг нээсэн. Нээгээд удаагүй байж байтал арванэгдүгээр сардхөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдал шилжсэн тул ажиллахгүй байх хугацаандаа жирэмсэн эмэгтэйчүүдээс судалгаа авсан. 150 хүн судалгаанд хамрагдсан юм байна. Тэдний дотор өмнө нь төрсөн эмэгтэйчүүд ч байсан. Ихэнх нь жирэмсэн үедээ санхүүгийн боломжоос болоод зураг даруулж амжаагүй гэсэн. Мөн судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 46 хувь жирэмсний зураг авалтын төлбөр хямд бол зураг авахуулна гэж байсан. Тиймээс заавал амьдрал ахуй сайхан, баян чинээлэг болсон хойноо хүн баярлуулна гэхгүйгээр өөрийн чадахаараа л хүмүүсийг баярлуулж, тусалъя гэж бодсон.

Хөрөнгө мөнгө гэхээс илүү хүмүүст өөрийнхөө цагийг зарцуулах боломжтой байсан тул долоо хоногийнхоо нэг өдрийг жирэмсэн эмэгтэйчүүдийн зургийг үнэгүй авахад зарцуулъя гэж шийдээд ажил хэрэг болгосон. Энэ шийдвэрийг гэр бүлийн хүн маань ч маш их дэмжсэн. Учир нь санхүүгийн боломжгүй байсан тул том хүүхдээ төрөхөөс өмнө эхнэрийнхээ жирэмсний зургийг авахуулж амжаагүй юм. Харин бага хүүг хэвлийд байх үед би зурагчин болчихсон байсан болохоор зургийг нь өөрөө авсан. Тиймдээ ч энэ үйл явдал дээрх шийдвэрийг гаргахад хамгийн их нөлөөлсөн.

-Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан уг хөнгөлөлт хэзээнээс эхэлсэн бэ. Хэдэн сарын хэдэн хүртэл уг хөнгөлөлт хүчинтэй вэ?

-Арванхоёрдугаар сарын 14-нөөс 34 салбарын үйл ажиллагааг нээгээд арванхоёрдугаар сарын 23-нд буцаад хөл хорио тогтоосон. Манайх тухайн долоо хоногийн баасан гарагт жирэмсэн эмэгтэйчүүдийн зургийг үнэгүй авч өгсөн. Түүнээс хойш хөл хорионд орж, нэгдүгээр сарын 11-нээс хэвийн ажиллаж байна. Арванхоёрдугаар сард зөвхөн "чатботт”-доо жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан хөнгөлөлтийн талаар мэдээлэл оруулсан болохоор хүмүүс тэр бүр мэдэхгүй байсан. Харин гурав хоногийн өмнө цахим хуудсандаа мэдээлэл оруулснаас хойш маш олон жирэмсэн эмэгтэйчүүд холбогдож байна. Тиймдээ ч долдугаар сарын 1 хүртэл жирэмсэн эмэгтэйчүүдийн зургийг үнэгүй авч өгье гэж бодсон.

ТҮРЭЭС ТӨЛӨХӨӨС ЭХЛЭЭД АСУУДЛУУД БАЙГАА Ч ХҮН БАЯРЛУУЛЪЯ ГЭЖ БОДООД ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗУРГИЙГ ҮНЭГҮЙ АВЧ, ӨГЧ БАЙГАА

Sandag photographer гэрэл зургийн студийн зөвшөөрлөөр нийтлэв

-Хөл хорио тогтоосон тул таны хувьд хоёр сар ажил хийсэнгүй. Энэ хугацаанд амьдралын цаг агаар ямар байв?

-Хөл хорионы үеэр ажиллаагүй ч талбайн түрээсээ төлсөн. Хэдий түрээсийг 50 хувь хөнгөлсөн ч гэсэн одоо нэг сарын төлбөрийн хоцрогдолтой л явж байна. Түрээс төлөхөөс эхлээд асуудлууд байгаа ч хүн баярлуулъя гэж бодоод жирэмсэн эмэгтэйчүүдийн зургийг үнэгүй авч, өгч байгаа. Харин хөл хорионы үеэр амьдрал ахуйгаа бол хүүхдийн мөнгөөрөө болгосон.

-Жирэмсэн эхчдүүдэд үзүүлж буй хөнгөлөлт долоо хоногийн баасан гарагт л үйлчлэхээр байсан. Ачаалал их байна уу?

-Коронавирусийн халдвар тархсан учир өдөрт таван хүний л зураг авч байгаа. Үйлчлүүлэгч зургаа авахуулах гарсан дараа дараагийн үйлчлүүлэгч орж ирсэн байхаар цагийг төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, хоёр цагийн зайтай нэг үйлчлүүлэгч авч байна. Өнөөдөр (өчигдөр) баасан гараг тул зөвхөн цаг авсан жирэмсэн эмэгтэйчүүдийн зургийг авч байгаа. Одоогийн байдлаар дөрөв дэх жирэмсэн эмэгтэй зураг авахуулах гээд ирчихсэн, хувцсаа сольж байна. Миний хувьд баасан гарагаас бусад өдрүүдэд нь гэр бүлийн зураг, онлайн дэлгүүрийн зураг авалт, инстаграмын зураг авч байгаа. Яахав хөнгөлөлттэй болсноос хойш үйлчлүүлэгчдийн тоо бага зэрэг буурсан. Заавал хөнгөлөлттэй өдөр нь ирж зургаа даруулна, бусад өдөр нь цаг авахгүй гэсэн хандлагатай байна. 

НЭГДҮГЭЭР САРЫН 29-НИЙ ЦАГ ДУУССАН. ХОЁРДУГААР САРЫН 5-НЫ ЦАГИЙГ ОДООХОНДОО ӨГӨӨГҮЙ Л БАЙНА

Sandag photographer гэрэл зургийн студийн зөвшөөрлөөр нийтлэв

-Зураг авалтын цагаа үйлчлүүлэгчид урьдчилаад захиалчихдаг юм билээ. Студийн тань цахим хуудас руу ортол ирэх долоо хоногийн баасан гарагийн цаг дууссан байна гэсэн сэтгэгдэл их харагдана лээ. Үнэн үү?

-Үйлчлүүлэгч ирэх долоо хоногт үйлчлүүлэх бол цагаа урьдчилаад өмнөх долоо хоногт захиалах боломжтой. Тиймдээ ч ирэх долоо хоногийн баасан гараг буюу нэгдүгээр сарын 29-ний цаг дууссан. Хоёрдугаар сарын 5-ны цагийг бол одоохондоо өгөөгүй л байна.

-Баярлаад холбогдсон ч цаг нь дуусчихсан болохоор төрөхөөсөө өмнө зургаа авахуулж чадахгүй нь хэмээж буй эмэгтэйчүүд харагдсан. Төрөх хугацаа нь тулчихсан эмэгтэйчүүд баасан гарагаас бусад өдөр цаг авбал, хөнгөлөлт эдлэх боломжтой юу?

-Миний боломжит цаг хугацаа л нэг өдөр. Бусад өдрүүдэд хямдралтай биш үнээр ирээд даруулах боломжтой. Манайх гэр бүлийн зураг, жирэмсний зургийг 30-450 мянгаар дарж, угааж өгнө. Үйл ажиллагаа явуулж байгаа учир түрээс төлөхөөс эхлээд асуудлуудтай нүүр тулж явааг үйлчлүүлэгчид маань ч гэсэн ойлгох байх аа. Тиймээс бүх өдөр хүмүүсийн зургийг үнэгүй авч өгөх боломжгүй.

ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙ, ГЭР БҮЛИЙНХЭНТЭЙГЭЭ ИРЖ ЗУРГАА АВАХУУЛААД ТӨЛБӨРӨӨ ГУРВАН САРЫН ХУГАЦААНД ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ

-Танай гэрэл зургийн студи бас дараа төлбөрт үйлчилгээ нэвтрүүлж байгаа юм билээ. Энэ талаараа бидэнд мэдээлэл өгөөч?

-Дараа төлбөрт үйлчилгээг мөн аравдугаар сараас эхлүүлсэн. Бас л жирэмсэн эмэгтэйчүүдийг амьдралд тохиож байгаа нандин мөчүүдээ санхүүгийн боломжгүй гээд гэрэл зураг болгон хадгалж авч чадахгүй өнгөрчихвий гээд уг үйлчилгээг бий болгосон. Уг үйлчилгээний тухайд жирэмсэн эмэгтэй, гэр бүлийнхэнтэйгээ ирж зургаа авахуулаад төлбөрөө гурван сарын хугацаанд төлөх боломжтой. Бөөнөөр нь төлсөн ч болно. Мөн цувуулж төлсөн ч болно. Барьцаа болгож 50 мянган төгрөг төлөөд 200 мянга хүртэлх төгрөгийн үйлчилгээ авна гэсэн үг. Төлбөрөө төлж дуусчхаад зургаа манайхаас авах боломжтой. Хамгийн чухал нь бид орлого зарлага шаардсан ямар ч бичиг баримт шаардахгүй.

-Энэ үйлчилгээг хэр их авч байна вэ?

-Одоохондоо нэг их авахгүй л байна. Үнэгүй авахуулъя гэсэн жирэмсэн эмэгтэйчүүд л ирж байна.

32-36 ДОЛОО ХОНОГТОЙД ЗУРАГ АВАХУУЛБАЛ ТОХИРОМЖТОЙ

-Ер нь жирэмсэн эмэгтэйчүүд хэдэн сартайдаа зураг авахуулбал тохиромжтой вэ?

-32-36 долоо хоногтойд зураг авахуулбал тохиромжтой. Хөнгөн шингэн, бие галбир нь ч эвдрээгүй байдаг. 32 долоо хоногоос өмнө гэдэс жижиг байдаг бол 36 долоо хоногоос хэтэрчхээрээ гэдэснээс бусад хэсэг таргалаад, эмэгтэйчүүд зураг авахуулахдаа өөртөө итгэлгүй дүр төрх гаргадаг.

Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-24 15:21

hayg hana bdag bee

Зочин
Зочин
2021-01-25 10:38

Sain bnu? Hayg hn bdg we? Utasnii dugaar bnu?

Mn
Mn
2021-01-25 15:17

Mundag

Za
Za
2021-01-25 23:26

Миний хөгшин одоо болиооо.

turuu
turuu
2021-01-26 18:24

hayg haana we

Www
Www
2021-01-27 16:06

Haya hna be

Холбоотой мэдээ

Back to top button