Нийгмийн

Ховдод автобусаар очсон иргэд замдаа хаана зогссоныг, хоолонд орсон эсэхийг албаныхан мэдэхгүй байна

Ховд аймгийн онцгой комисс Улаанбаатар хотод саатсан иргэдээ таван автобусаар татаж авсан юм. Гэсэн ч нэг автобусанд сууж явсан хоёр иргэнээс халдвар илэрч, тухайн автобусанд сууж явсан бүх иргэдийг өнөөдөр нийслэл рүү тусгай үүргийн онгоцоор тээвэрлэж буй юм. Харин бусад автобусанд сууж явсан иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад бүгд сөрөг тул тэдгээр иргэдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлсэн. Бид гэрийн тусгаарлалтад шилжээд буй иргэдэд хэрхэн хяналт тавих талаар болон халдвартай иргэдийн сууж явсан автобус замдаа хаана, хаана зогссоныг албаны хүнээс тодрууллаа. Мөн бидэнд ирсэн мэдээллээр тус аймаг руу хөдөлсөн таван автобус замдаа хоолонд орсон гэх мэдээлэл байгаа юм.

Ингээд бидэнд Ховд аймгийн Онцгой байдлын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт дараах мэдээллийг өгч байна.

-Халдвартай иргэдтэй нэг автобусанд сууж явсан бүх иргэдийг өнөө өглөө нийслэл рүү тээвэрлэлээ. Уг автобуснаас гадна Улаанбаатараас дөрвөн автобусаар иргэдээ татаж авсан. Тэдгээр иргэдийг одоо гэр, гэрт нь тусгаарлаж байгаа юм билээ. Гэрийн тусгаарлалтаа сахиж байгаа эсэхийг нь хэрхэн хянах вэ?

-Халдвартай иргэдийг тээвэрлэж явсан автобус нэгдүгээр сарын 25-ны 11:00 цагт Улаанбаатараас Ховд руу хөдөлсөн. Харин үлдсэн дөрвөн автобус цагийн дараа хөдөлсөн. Эхний автобус буюу халдвартай иргэдийн сууж явсан автобус 26-ны 06:00 цаг ирж, бүх иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хоёр иргэнээс илэрсэн. Харин бусад автобусанд сууж явсан иргэдээс илрээгүй. Тиймээс тэдгээр иргэдийг сум, сумынх нь эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн.

Одоогоор бол энэ сарын 26-нд Улаанбаатар хотод ирсэн 160-аад иргэн гэрийн ажиглалтад байгаа юм. Тодруулбал, Жаргалант суманд 111, Буянт суманд 7, Эрдэнэбүрэн суманд 6, Чандмань суманд 2, Ховд суманд 1, Мянгад суманд 5, Дөргөн суманд 6, Үенч суманд 17, Дуут суманд 1, Алтай суманд 5, Булган суманд 23, Манхан суманд 8 иргэн тус тус байна. Өчигдөр эдгээр иргэдийн халууныг хэмжиж, санамж өгсөн. Харин өнөө өглөөний 08:00 цагаас Аймгийн Онцгой комиссоос гаргасан ажлын хэсгүүд иргэдэд хяналт тавьж байна. Өөрөөр хэлбэл, айл болгоны үүдэн дээр өдөр тутмын болон тогтмол хяналт тавьж ажиллана. Эдгээр иргэд 14 хоног гэртээ өөрсдийгөө тусгаарлах юм.

-Эдгээр иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ. Давтан шинжилгээ авах уу?

-Ховд аймагт таван автобусаар ирсэн зорчигчдод замдаа бие биетэйгээ уулзаагүй гэсэн мэдээлэлтэй байгаа ч гэрийн тусгаарлалтад байгаа иргэдээс маргааш ПСР шинжилгээ авна.

-Зорчигчид Булган аймгийн Рашаант сумын “Сансар” дээр зогсож хоолонд орсон гэх мэдээлэл байна?

-Бидэнд одоохондоо ийм мэдээлэл ирээгүй байна. Шууд ирсэн л гэсэн мэдээлэлтэй байна. Үүнийг цагдаа, тагнуулынхан шалгаж байгаа байх.

-Хол замд явж байгаа учир иргэд бууж бие засаж, биеийнхээ чилээг гаргасан л байх. Замдаа хаана, хаана зогссон бол?

-Одоохондоо энэ талаар мэдээлэл алга.

Үүний дараа бид тус аймгийн Засаг даргын орлогч болон шуурхай штабын ажилчидтай холбогдож, иргэд замдаа хаана, хаана зогссоныг, хоолонд орсныг асуухад мөн л тодорхой мэдээлэл алга гэсэн хариултыг өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button