ДЭЛХИЙ

Интернет дэх бүлэг хүмүүс ЯАЖ “Wall Street”-ийн хөрөнгөлөг эрхмүүдэд 5 ТЭРБУМ ам.долларын алдагдал учруулав

Хөрөнгөний бирж бол эрсдэл болон ашиг өндөр салбар билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн 20-ноос хойш нэг долоо хоногийн дотор видео тоглоом, электрон бараа худалдаалдаг “GameStop” гэх компанийн хувьцааны ханш 788.32 хувиар өсжээ. Тус компанийн хувьцааны ханш өнгөрсөн арван хоёрдугаар сарын дундуур 15 ам.доллар байсан юм. Тэгвэл нэгдүгээр сарын 12-ноос эхлэн хувьцааны ханш нь 19.95 ам.доллараас 1,677.29 хувиар өсөж өчигдрийн байдлаар 334.62 ам.доллар болсон аж. Тэгэхээр хувьцааны ханш нь ингэж нэмэгдсэн тул олон хүн маш их ашиг олсон байх гэж та бодож байж магадгүй. Тийм ээ, Реддит платформын “WallStreetBet” сабреддитийг ашигладаг хүмүүс их хэмжээний ашиг хийсэн. Харин “Wall Street” дэх хөрөнгөлөг эрхмүүдийн хувьд алдагдалтай байсан юм.

“WallStreetBets” сабреддитийн лого

Одоо үйл явдал хэрхэн өрнөсөн талаар товчхон өгүүлье

Юуны өмнө бид “Shorting/Short Selling” гэх зүйлийг ойлгох хэрэгтэй. Та ямар нэгэн компани ашиг муу олох гэх мэт шалтгаанаар ирээдүйд хувьцааны үнэ нь буурна хэмээн таамаглаж байгаа гэж бодъё. Иймд та тус компанийн хувьцааг худалдаж авалгүй ямар нэгэн брокероор дамжуулж буцааж өгөх болзлоор хүүтэй зээлнэ. Тэр хувьцаагаа та өөр хүнд тухайн үеийн ханшаар нь зарлаа гэж бодъё. Хэсэг хугацааны дараа таны тооцоолсноор тэр компанийн хувьцааны ханш буурлаа. Тэр үед та тус хувьцааг дахин худалдаж аваад зээлсэн брокертоо буцааж өгөх болно. Ингээд та амжилттай “Shorting” хийлээ.

Өөр жишээгээр тайлбарлавал: Та алимны үнэ буурна гэж таамаглажээ. Иймд та дэлгүүрээс мянган төгрөгийн үнэтэй байгаа алимыг хүүтэй зээлж авсан гэж бодъё. Дараагаар нь та тус алимаа өөр дэлгүүрт мянган төгрөгөөр зарлаа. Хэсэг хугацааны дараа нэг ширхэг алимны үнэ буурч 500 төгрөг болсон гэж үзье. Ингээд та нэг алим худалдаж аваад зээлсэн дэлгүүртээ буцаан өгч нийтдээ 500 төгрөгний ашигтай ажиллан “Shorting” хийлээ.

Жич: Энэ бол “Shorting” гэх аргын талаар маш энгийн тайлбар тул ийм хэмжээний ойлголттой хувьцаа зээлдэж авахгүй байхыг сануулж байна.

Иймэрхүү аргаар “Wall Street” дэх томоохон хөрөнгө оруулагч нар “Shorting” хийж их хэмжээний ашиг олдог аж.

“GameStop” компанид иймэрхүү зүйл тохиолдсон юм. Тус компани нь АНУ, Канад, Шинэ Зеланд, Австрали улсууд даяар 5,509 гаруй салбартай боловч 2020 онд цар тахлын улмаас олон салбар дэлгүүрүүдээ хаахад хүрсэн байна. Учир нь гэвэл хүмүүс дэлгүүр орж видео тоглоом худалдаж авах нь багасч байхад цар тахал тохиолдон олон хүн хөл хорионы дэглэмд орсон билээ. “GameStop” компани өнгөрсөн хоёр жилийн турш 800 гаруй салбар дэлгүүрээ хаасан аж. Үүний 462 салбар нь 2020 онд хаагдсан байна.

2020 оны эхээр тус компанийн хувьцааны ханш буурч гуравдугаар сарын дундуур дөрөв гаруй ам.долларт хүрээд наймдугаар сар хүртэл нэг их нэмэгдээгүй юм. Иймд томоохон хөрөнгө оруулагчид “GameStop” компанийн ханш буурсаар байх болно хэмээн бодож хувьцааг нь зээлжээ. Гэтэл хэдэн сарын дараа “GameStop”-д ашигтай гурван зүйл болсон юм.

 НЭГТ

2020 оны наймдугаар сард онлайнаар тэжээвэр амьтны хоол зардаг “Chewy” компанийг үүсгэн байгуулсан тэрбумтан Райан Кохен “GameStop”-ийн хувьцааг худалдан авч эхэлсэн аж. Арван хоёрдугаар сар гэхэд түүний фирм “RC Ventures” “GameStop” компанийн 13 хувийг буюу 9 сая хувьцаа худалдан авсан байв. Иймд Райан “GameStop” компанийн удирдах зөвлөлд орсон аж. Энэ нь тус компани ашигтай үйл явдал байсан гэхэд болно. Учир нь гэвэл “GameStop”-д онлайн худалдааны талаар туршлагатай хүн хэрэгтэй байсан юм. Харин Райан бол онлайнаар эд бараа зардаг компани үүсгэж удирдсан туршлагатай хүн билээ.

ХОЁРТ

Арван нэгдүгээр сард “PlayStation 5” болон “Xbox Series X” консолууд нээлтээ хийсэн. Шинэ тоглоомын консол гарахад “GameStop”-ийн хувьцааны ханш өсөж эхэлдэг. Өмнө нь 2006 болон 2013 онд “PlayStation”, “Xbox” хоёр шинэ консол гаргахад тус компанийн ханш өсөж байсан юм.

ГУРАВТ

“Gamestop” компани “Microsoft” корпорацтай гэрээ хийсэн юм. Тус гэрээгээр бол “Xbox”-ийн онлайн худалдаагаар олсон ашгаас “Gamestop” компани хүртэх аж.

Харин эдгээр мэдээнүүд гарахтай зэрэгцэн “GameStop”-ийн хувьцааг зээлсэн хөрөнгө оруулагчид тус компанийн ханшийг өсгөхгүйн тулд илүү их хувьцаа зээлдэж эхэлсэн байна.

“WallStreetBets” сабреддит яаж ашиг олов?

Тус сабреддитийн нэг хэрэглэгч томоохон хөрөнгө оруулагчид “GameStop” компанийн хувьцааг зээлсэн талаар анзаарчээ. Ингээд тэр хэрэглэгч нэгэн дүн шинжилгээ хийж “WallStreetBets” дээр нийтэлсэн байна.

Тус дүн шинжилгээгээр бол арван хоёрдугаар сарын 31-ны өдөр хөрөнгө оруулагчид 71.2 сая хувьцаа зээлдсэн байжээ. Гэвч “GameStop” компани 69.75 сая ширхэг хувьцаатай. Яаж ийм зүйл болов? “Shorting” хийхэд аливаа компанийн нийт хувьцаанаас давсан тооны хувьцаа зээлдэж болдог аж.

Өмнөх алимны жишээгээр тайлбарлавал: Та A дэлгүүрээс мянган төгрөгийн нэг алим буцааж өгөх болзол тавин хүүтэй зээлэв. Дараагаар нь B дэлгүүрт тус алимыг мянган төгрөгөөр заржээ. Өөр хүн B дэлгүүрээс тус алимыг ижил болзолтой зээлээд A дэлгүүрт буцаан мянган төргөгөөр зарж орхив. Үнэндээ зөвхөн нэг алим л зээлдсэн боловч та A дэлгүүрт нэг алим, харин нөгөө хүн B дэлгүүрт нэг алимны өртэй болсон гэсэн үг.

Ийм учир “Shorting” хийхэд тухайн компанийн нийт хувьцаанаас давсан тооны хувьцаа зээлдсэн байдаг аж. Тэгэхээр 71.2 сая хувьцаа зээлдээд зарсан хүмүүс хэзээ нэгэн цагт тус хувьцааг дахин худалдан авах хэрэг гарна . Харин “GameStop” компанийн нийт 69.75 сая хувьцааны  46.23 сая ширхэгийг зарах магадлал багатай томоохон байгууллагууд эзэмшдэг. Иймд 71.2 сая хувьцаа зээлдсэн хүмүүс 23.52 (69.75-46.23=23.52) ширхэг хувьцаанаас худалдан авах хэрэгтэй болж байгаа гэсэн үг.

Хувьцаагаа зарах магадлалгүй компаниуд
Хувьцаагаа зарах магадлалгүй болон зарахгүй компаниуд

Энэ дүн шинжилгээг уншсан “WallStreetBets” сабреддитийн хэрэглэгчид “GameStop” компанийн хувьцааг худалдаж аваад зарахгүй хадгалбал үнэ нь өснө гэж бодсон байна. Мөн тэд “Shorting” хийж компани дампууруулдаг хүмүүст хариуг нь өгөхийг хүссэн аж.

“Shorting” хийсэн хүмүүс хувьцааны үнэ хэтэрхий их нэмэгдэхээс өмнө буцаад авах шаардлагатай болсон иймэрхүү тохиолдлыг “Short Squeeze” гэж нэрлэдэг юм.

“WallStreetBets”-ийн хэрэглэгчид “GameStop”-ийн хувьцааг худалдаж аваагүй байсан ч тус компанийн ханш нэмэгдэж байсан юм. “GameStop” компанийн хувьцаа есдүгээр сард 5 доллар болж арван хоёрдугаар сард 20 доллар хүрсэн байна. Харин өнгөрсөн 20-оос нэг долоо хоногийн дотор “WallStreetBets”-ийн хэрэглэгчид гэх мэт хүмүүс тус компанийн хувьцааг худалдан авснаар “GameStop”-ийн ханш 700 гаруй хувиар өсөж өчигдрийн байдлаар 344.96 ам.доллар болжээ.

Үүний улмаас “Shorting” хийсэн хүмүүс их хэмжээний хохирол амссан юм. Өнгөрсөн мягмар гарагт (2021.01.26) “Business Insider”-т мэдээлснээр бол “GameStop”-ийн хувьцаа зээлдсэн хүмүүс 5 тэрбум гаруй доллар алдсан байна.

Мөн тэрбумтан Илон Маск өнгөрсөн лхагва гарагт (2021.01.27) “WallStreetBets” сабреддитийн линкийг “GameStonks” тайлбартай жиргэсэн нь гал дээр тос нэмсэн явдал болсон аж. Тус сабреддитийн хэрэглэгчдийн тоо өнгөрсөн долоо хоногт 1.7 сая байсан бол одоогийн байдлаар 6.1 сая болж нэмэгдсэн байна.

“WallStreetBets”-ийн хэрэглэгчид авсан хувьцаагаа заралгүй бүгдээрээ тэвчээртэй хүлээхийг уриалсан юм. Зарим хэрэглэгч “GameStop” компанийн хувьцаа мянган ам.доллар хүртэл зарахгүй байх талаар хүртэл бичсэн байна. Хувьцааны үнэ өсөх тусам томоохон зээлдэгч байгууллагууд илүү алдагдал хүлээнэ. Гэвч үнэ өсөх тусам хэрэгцээ шаардлага нэмэгдэх тул энэ нь хувьцааны ханшийг илүү нэмэгдүүлэх болно.

Зээлдэгч томоохон компаниуд их хэмжээний алдагдал хүлээсэн юм. Тухайлбал “Melvin Capital” маш их алдагдал хүлээсэн учир өнгөрсөн 25-ны өдөр “Citadel” болон “Point72” хоёроос 2.75 тэрбум ам.долларын тусламж авсан байна.

“WallStreetBets”-ийн хэрэглэгчид ихэвчлэн “RobinHood” нэртэй худалдааны апликейшн ашиглан “GameStop” компанийн хувьцааг худалдан авж байв. Иймд өнгөрсөн пүрэв гарагт (2021.01.28) “RobinHood” апликейшн “Gamestop” компанийн хувьцааг худалдан авахыг хориглосон байна. Үүнийг маш олон хүмүүс болон улс төрчид хүртэл хоёр нүүр гаргасан явдал хэмээн шүүмжилсэн юм. Энэ явдлын улмаас тус апликейшн “Google Playstore” дээр зуу мянга гаруй нэг одтой үнэлгээ авсан байна. Нэг өдрийн дараа “RobinHood” апликейшн тус хувьцааны арилжааг эргэн нээсэн юм.

“WallStreetBets” сабреддитийн хэрэглэгчид зогсох болоогүй янзтай. Учир нь гэвэл “RobinHood” апликейшн хувьцааны арилжааг нээсний дараа “Gamestop”-ийн ханш 113 хувиар нэмэгдсэн ажээ. Одоо “Citadel”, “Melvin Capital” гэх мэт томоохон зээлдэгч байгууллагууд хэр их хэмжээний алдагдал хүлээхийг цаг хугацаа л харуулна.

Эх сурвалж: Times of Israel, Daily Mail, Unilad, Bloomberg, Wall Street Journal, Business Insider, Reddit

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button