ДЭЛХИЙ

Дөрвөн настай охин 220 сая жилийн настай үлэг гүрвэлийн мөр олжээ

Лили Вилдер нэртэй дөрвөн настай охин үлэг гүрвэлийн мөр олсон байна. Тодруулбал, Вилдер Уэльс улсын Барри тосгон дахь Бендрикс эргээс тус мөрийг олсон аж. Эрдэмтэд тэр мөрийг ашиглан үлэг гүрвэлүүд хэрхэн алхдаг байсан талаар мэдэж авч болно хэмээн бодож байгаа юм байна.

Судлаачид шаварт он удаан жил хадгалагдаж ирсэн тус үлэг гүрвэлийн мөрийг 220 сая жилийн настай гэж тооцоолжээ. Гэхдээ ямар төрлийн үлэг гүрвэл энэ мөрийг гаргасныг мэдэх боломжгүй аж. Тус мөр 10 см урт тул 75 см өндөртэй үлэг гүрвэл үлдээсэн байх магадлалтай юм. Мөн эрдэмтэд 220 сая жилийн өмнө үүссэн тэр мөрийг хойд хоёр хөл дээрээ алхаж, жижиг амьтад болон шавж агнадаг үлэг гүрвэл гаргасан хэмээн таамаглажээ.

Уэльсийн үндэсний музейн палеонтологийн хэсгийн эрхлэгч Синди Хауллс олдсон мөрийг “Тэр эрэг дээрээс олдсон хамгийн сайн хадгалагдсан үлэг гүрвэлийн мөр” хэмээжээ.

АНУ-с олдсон үүнтэй төстэй мөрийг Целофиз нэртэй үрлэг гүрвэл үүсгэсэн хэмээн үздэг. Бендрикс эргээс олдсон мөрийг энэ долоо хоногт малтаж аван Кардифф хотын үндэсний музей рүү нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Брендрикс эрэг нь шинжлэх ухааны өндөр ач холбогдол бүхий бүс юм. Өмнөд Уэльсийн Геологичдын холбоо Брендикс эргийг “Их Британи дахь Триассын үеийн үлэг гүрвэлүүдийн мөр хамгийн сайнаар хадгалагдаж үлдсэн газар” хэмээсэн юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button