Энтертайнмент

Монголын анхны антологи цуврал Univision, DDISH, LOOKTV видео санд орлоо

Антологи гэх үгийг 17-р зуунд англи хэлэнд хэрэглэж эхэлсэн бөгөөд цэцгийн цуглуулга, нийлбэр багц гэсэн утгатай грек үгээс гаралтай. Толь бичгvvдэд шvлэг, өгvvллэг, эссэний цоморлог гэх утгаар ихэвчлэн тайлбарласан байх нь бий. МЭӨ VII зуунаас МЭ ХI зуун хvртэлх vеийн шvлэг зохиолуудыг хамарсан “Грек антологи” ном нь хүн төрөлхтний анхны антологиудын нэг юм.

1920-оод он хүртэл зөвхөн хэвлэмэл бүтээлд л ашиглаж байсан дээрх нэршил АНУ-д 1927 онд радиогийн антологи цуврал, 1932 оноос антологи кино, 1945 оноос телевизийн антологи цувралууд үзэгч сонсогчдод хүрч эхэлсэн түүхтэй. Өнөөгийн ойлголтоор бол цуврал, улирал, анги, хэсэг тус бүрт өөр түүх, өөр дүрүүд агуулсан цаашлаад өөр төрөл, өнгө аяс агуулсан радио, телевиз эсвэл киноны цувралыг антологи цуврал гэж тодорхойлно. Ихэвчлэн анги бүр нь өөр өөр үйл явдал харуулж өөр өөр жүжигчид тоглосон байдаг ч зарим цуврал улирал /season/ улирлаараа өөр байх нь бий. Кино бүтээгчид нь сэдэв болоод өөр өөрсдийн шийдэл санаа утга агуулгын онцлогоороо эдгээр салангид хэсгүүдийг хооронд нь уяж нэгэн бүхэл цул болгодгоороо антологи цувралын онцлог оршино.

Монголчууд “Black Mirror”, “American horror story” зэрэг антологи цувралуудыг сайн мэднэ. Тэгвэл Монголд анх удаа антологи цуврал гарах гэж байгааг та мэдсэн үү?

Z.OE 41 Drama, Science-fiction, Mystery төрлийн шинэ цуврал.

Тус цувралыг OTZ Media-гийн  залуу уран бүтээлчдийн баг хийсэн бөгөөд Монголын анхны антологи цуврал юм. Z.OE 41 цувралын таван ангит эхний улирал арванхоёрдугаар сарын 25-нд буюу өнөөдөр нээлтээ хийх бөгөөд нийт дөрвөн улирал, 20 ангитай байхаар төлөвлөж буй аж.

Хүн өөрийн хүссэн зүүдээ зүүдлэх боломжийг бий болгосон Z.OE 41 гэх зүүдний төхөөрөмжөөр холбогдсон таван өөр түүх, үйл явдал, төрлийг багтааснаараа онцлог. Магадгүй бидэнд зүүдээ удирдаж болдог төхөөрөмж байсан бол хамгийн түрүүнд юу зүүдлэх байсан бэ?

Уг цувралд хүн төрөлхтний байгалийн өгөгдөл, авир араншин, мөн чанарын зарим хэсгийг шинээр программчилж биднийг огт анзаараагүй байхад хүсээгүй үр дагавруудад хөтөлж байгааг сонирхолтой бөгөөд бодит байдлаар харуулдаг.

Та нэгэн хэвийн үйл явдалтай кино үзэхээс залхсан бол энэхүү цувралыг үзэхийг зөвлөе. Монголын анхны антологи цуврал Z.OE 41-ын 1-р улирлын ангиуд арванхоёрдугаар сарын 25-наас Univision, DDISH, LOOKTV видео санд цувралаар орж эхэлнэ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button