НийгмийнЭгэл бус амьдралЯрилцлага

Г.Баттулга: Хөл дээрээ босож чадаагүй ч хүсэл мөрөөдөл минь Австрали руу АЛХУУЛЛАА

Би одоо хүртэл өөрийгөө хайж яваа...

Автомашины осолд орж, алхаж чадахгүй болсон ч Австрали улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, амьдрал өөдөө тэмүүлсээр буй нэгэн залууг Eguur.mn энэ удаа онцоллоо. Өдгөө 34 настай тэрбээр эхнэр, охины хамт Улаанбаатарт амьдарч буй ажээ. Нягтлан бодогчоор “Засагт Хан” дээд сургуульд мэргэжил эзэмшиж 2016 онд төгссөн ч мэргэжлээрээ ажиллах боломж түүнд олдоогүй байна. Гэсэн ч тэр шантраагүй. Тэргэнцэр дээр суух эсэх нь гол асуудал биш харин цаашдаа юу хийх вэ, хэн болох вэ гэдэг асуудал дээрээ төвлөрч чаджээ. Түүнийг Ганбаатарын Баттулга гэдэг.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД 100 ХУВЬ ХҮРТЭЭМЖТЭЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН  ЦОГЦОЛБОР БИЙ БОЛГОХЫГ ХҮСДЭГ

-“Australian awards scholarship” хөтөлбөрт тэнцэж, магистрын зэрэг хамгаалахаар Австрали улсыг зорих гэж буйд тань халуун баяр хүргэе. Австрали улсад боловсрол эзэмших нь анхнаасаа л таны мөрөөдөл байв уу?

-Баярлалаа. Ерөнхийдөө бол гадаадад мэргэжил эзэмших, мэргэжлээ дээшлүүлэх юмсан гэсэн хүсэл байсан. Гэхдээ хаана сурвал зүгээр вэ гэж судалж байхад Австрали бол хамгийн тохиромжтой нь харагдаж байсан. Хөл дээрээ босож чадаагүй ч хүсэл мөрөөдөл минь Австрали руу алхууллаа.Тус улсад суралцах боломжтой хөтөлбөр зарлагдсаныг 2018 оны гурван сард мэдэж, англи хэлний сургалтын төв хайж эхэлсэн. Гэсэн ч сургалтын төвийн багш нар ганцхан сарын дотор оноо амлаж чадахгүй, дараа жилийн хөтөлбөрт нь ороод үз гэж зөвлөсөн. Харин би тэдний үгийг тоолгүйгээр 20 хоног гэртээ англи хэлээ сайжруулахаар ажилласан. Англи хэл дээр бичлэг, хичээлүүд үзсэн. Шалгалт өгч, хөтөлбөрийнхөө босго оноог авсан ч дараа дараагийн шатандаа тэнцээгүй. Ингээд би 2019 ахиад өргөдлөө өгч, 2020 оны Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн. Уг нь бол 2020 оны хоёрдугаар сард явчихсан байх ёстой байсан ч коронавирусээс болоод хойшилсон. Гэхдээ энэ оны тавдугаар сард явна. Энэ хөтөлбөрт тэнцсэн залуус суралцаж байх хугацаандаа гэр бүлээрээ тэнд амьдарч болдог тул гэр бүлээрээ явна.

Уг тэтгэлэгт хөтөлбөрийн тухайд хамрагдахыг хүссэн иргэн хоёр жил тасралтгүй ажиллаж, нийгмийн даатгалаа төлсөн байх ёстой юм билээ. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс заавал хоёр жил ажиллаж, нийгмийн даатгал төлсөн байхыг шаарддаггүй. Мөн эхний шатанд тэнцсэн хүмүүс ярилцлага өгч дараагийн шатанд тэнцдэг. Хамгийн чухал нь IELTS болон TOEFL ын босго оноо тогтоосон байдаг юм билээ. Гэхдээ нь оноо нь зөвхөн хөтөлбөрт тэнцэх шалгуурын оноо. Харин дараа нь хөтөлбөрт тэнцсэн залуусыг зургаан сар үнэ төлбөргүй эрчимжүүлсэн англи хэлний сургалтад суулгаж, шалгалт авдаг. Энэ шалгалтад тэнцээгүй бол уг хөтөлбөрөөс хасагддаг юм билээ. Миний хувьд дөрвөн удаа шалгалт өгөөд, эхний гурав дээр нь бүдэрсэн. Дөрөв дэх дээр нь сургуулийнхаа босго оноог авч чадсан. Гэхдээ миний сурсан мэдсэн юм юу ч биш. Тавдугаар сард сургууль руугаа явах тул хөл хорионы энэ цаг үеийг үр дүнтэйгээр, англи хэлээ давтаж өнгөрүүлж буй.

-Одоо гадагшаа явж суралцах гэж байна. Харин арван жилийн өмнө таны мөрөөдөл, хүсэл зорилго юу байв?

--Арван жилийн өмнө нэг их нийгмийн идэвхтэй биш, урсгалаараа л явж байдаг залуусын нэг байсан. Ингэж хэлсний учир нь, 2008 онд Улаанбаатараас Дархан-Уул аймаг руу явж байх замдаа би осолд орсон. Яг юу болсныг сайн санадаггүй ч нүдээ нээхэд эмнэлэгт байсан. Нуруу нугасны хүнд гэмтэл аваад алхах чадвараа алдсан. Тухайн үед би Дархан-Уул аймгийн ШУТИС- ийн Иргэний ба Үйлдвэрлэлийн Барилгын Инженерийн гуравдугаар ангийн оюутан байсан юм. Хорвоо дэлхий хөмөрчихсөн юм санагдсан. Эхний хэдэн жил сэтгэл санаагаар унаж, хоёр ч удаа амиа хорлох гэж оролдсон. Яг тийм үед ар гэрийнхэн болон найз нөхдийн дэмжлэг маш чухал байдгийг маш ойлгосон. Тухайн үед MGL радиогийн нэвтрүүлэгч А.Хаш сайн үйлсийн аян өрнүүлснийг аав ээж хоёр ярилцлагаас нь сонсож, түүнтэй холбогдсон юм билээ. Тэгээд л А.Хаш ах надтай ирж уулзаж, сэтгэл санааг минь дэмнэдэг байсан. Надаас гадна хавдартай хоногоо хүлээж байгаа хүн, асрах хүнгүй хөгшин настай хүн, архинд ороод амьдралаа алдаж туйлдаж яваа хүн гээд л янз бүрийн л хүмүүс дээр очиж ярилцдаг байсан гэсэн. Одоо ч байнга холбоотой байдаг. Шаналаад гэртээ гутарч байгаа намайг өндийхөд А.Хаш ах л их тусалсан даа.

Одоо бол би дотроо том зорилго тээж явдаг. Гадаадын болон дотоодын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 100 хувь хүртээмжтэй аялал жуулчлалын  цогцолбор бий болгохыг хүсдэг. Гадагшаа явж сурч байгаа зорилгын маань нэг энэ л дээ. Бодсон юм маш их байгаа. Аялал жуулчлалын салбарт шинэ уур амьсгал бүрдүүлэхийг хүсдэг.

АВТОМАШИНЫ ОСОЛ МИНИЙ ДОТОР БАЙГАА ХҮНИЙГ СЭРЭЭЖ, ӨӨРИЙГӨӨ ТАНЬЖ, МЭДЭХ ЗАМЫГ ЗААЖ ӨГСӨН

-Гэхдээ энэ осол таны дотор унтаж байсан хүсэл тэмүүллийг сэрээж өгсөн юм болов уу гэж бодогдлоо.

-Тийм ээ. Энэ осол миний дотор байгаа хүнийг сэрээж өгсөн. Мөн өөрийгөө таньж, мэдэх замыг зааж өгсөн. Гэхдээ хүн амьдралдаа 100 хувь өөрийгөө олж, таньдаггүй гэж би боддог юм. Би одоо хүртэл өөрийгөө хайж яваа.

-Танд одоо босоод гүйчихмээр санагдаж байна уу?

-Тэгж санагддаг байсаан. Гэхдээ одоо ч тэгж боддог. Энэ бодол маань намайг зовоодоггүй. Эл бодолдоо хүлүүлж шаналдаггүй.

БИ АНХАНДАА СОШИАЛ НЭГ ИХ АШИГЛАДАГГҮЙ БАЙСАН БОЛ ОДОО ЗАЛУУСТ ӨӨРИЙНХӨӨ ТУРШЛАГЫГ ХУВААЛЦДАГ БОЛСОН

-Ингэхэд та бэрхшээлийг даваад гарах хүчийг юунаас авдаг вэ. Эсвэл одоо юуг ч бэрхшээл гэж харахаа больсон уу?

-Бэрхшээл байлгүй л яахав. Одоо удаан суухаар нуруу өвддөг гээд асуудлууд бий л дээ. Гэхдээ “надад хэцүү байна, хүмүүс намайг хайрлах хэрэгтэй байна” гээд өөрийгөө анхаараад байхаар хүн их жижигхэн болдгийг л ойлгосон. Харин том зорилго тавиад нүдээ том нээх хэрэгтэй юм билээ. Надтай адилхан нөхцөл байдалд байгаа хүмүүст яаж тусалж, урам зориг өгч чадах вэ гэж бодоод би эцэст нь гарц олсон. Тэдэнд өөрт тохиолдсон асуудлыг хэрхэн давж гарснаа хуваалцах нь зөв зүйтэй юм билээ. Би анхандаа цахим хуудсандаа нэг их зүйл оруулдаггүй, ашигладаггүй байсан бол одоо залууст өөрийнхөө туршлагыг хуваалцдаг болсон. Тэгээд ирэхээр өөрт байгаа асуудлууд мартагдаад өөр зүйл рүү анхаарч, өөрийгөө хөгжүүлдэг юм билээ. Би үүнийг, бусдаас суралц гэсэн философийг А.Хаш ахаас л ойлгосон. Өөрийн туршлагыг залууст хуваалцдаг болсноос хойш харин над руу хэд, хэдэн хүн холбогдсон. Би тэдэнд тухайн үед надад ямар байсан, тэр нөхцөл байдлыг би давж гарах гэж яаж хичээж байснаа л хуваалцсан.

ЭХНЭР БИД ХОЁР ҮЕРХЭЖ ЭХЛЭЭД ХАРИЛЦААГАА ХҮМҮҮСЭЭС НУУДАГ, ИХ ИЧДЭГ БАЙСАН

-Та осолд орох үедээ Дархан-Уул аймгийн ШУТИС-д Иргэний ба Үйлдвэрлэлийн Барилгын Инженерээр сурдаг байсан тухайгаа дээр ярьсан. Сургууль төгсөж амжаагүй бололтой тийм үү?

-Тийм ээ. Харамсалтай нь төгсөж чадаагүй. 2008 онд осолд орж сургуулиа хаяж, өвчин зовлонтойгоо тэмцсэн. Гурван жилийн дараа буюу 2011 оноос “Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо”-нд оффис менежерээр нэг жил ажилласан. Тэнд ажиллаж байхдаа гэргий Б.Отгонцэцэгтэйгээ танилцсан. Эхнэр маань “Орхон” их сургуульд нийгмийн ажилтнаар сурдаг оюутан байсан юм. Тухайн үед тэргэнцэртэй иргэдийн холбоонд дадлага хийхээр ирчихсэн байсан хэрэг. Тэнд л анх анх танилцаж, гэр бүл болсон. Бид үерхэж эхлээд харилцаагаа хүмүүсээс нуудаг, ичдэг байсан. Сүүлдээ ч тоохоо больсон. Харин 2012 онд байгаад суръя гэж шийдээд “Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо”-ноос гарсан. Гэхдээ эхлээд тэргэнцэртэй хүн ямар ажил хийх боломжтой вэ гэж судалж үзсэн. Ингээд 2012 онд “Засагт хан” дээд сургуулийн нягтлан бодогчийн ангид элсэж, амжилттай төгссөн дөө.

АЖИЛЛАХ ГЭЖ БАЙСАН ХЭД, ХЭДЭН БАЙГУУЛЛАГАД ТЭРГЭНЦЭРТЭЙ ИРГЭН ОРОХ НАЛУУ ЗАМ БАЙГААГҮЙ ТУЛ МЭРГЭЖЛЭЭРЭЭ АЖИЛЛАЖ ЧАДААГҮЙ

-Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ хаана, хаана ажилласан бэ?

-Сургуулиа төгсчхөөд хэд хэдэн байгууллагад өргөдөл өгсөн. Хоёр, гурван байгууллага эргэж холбогдоод ажилд авъя гэсэн боловч хүртээмжийн асуудал саад болсон. Тухайн байгууллага руу тэргэнцэртэй иргэн орох боломжтой налуу зам байгаагүй. Оффис нь гурван давхарт байдаг, лифт байхгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан бие засах өрөө байхгүй байсан. Тэгээд л мэргэжлээрээ ажиллаж чадаагүй дээ.

Харин осолд орсноосоо хойш “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвийн гишүүн болж,  нийгмийн үйл ажиллагаануудад нь идэвхтэй оролцдог байсан. Ажил олдохгүй хэцүү юм байна даа, яадаг юм билээ гээд бодож байтал “Түгээмэл Хөгжил” бие даан амьдрах төвийн захирал Ч.Ундрахбаяр надад санал тавьж, 2016-2018 оны хооронд тус төвд төслийн менежерээр ажилласан.

-Одоо ч гэсэн үйлчилгээний газрууд хүртээмжтэй биш байгаа нь анзаарагддаг. Ер нь өөр ямар, ямар хүндрэлүүд байна вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд оролцоход саад болдог гурван үндсэн том шалтгаан байна гэж миний хувьд харж байгаа. Нэгдүгээрт, шатнаас эхлээд дэд бүтэц хүртээмжийн асуудал. Улаанбаатарт байгаа барилгууд ихэнх нь хуучны барилгууд, шинээр баригдаж байгаа барилгууд налуу зам хийдэг ч гэсэн хийсэн болоод л орхидог. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай ойлголт дутуу, хэрэгцээг нь ойлгодоггүй учраас ингэж хийдэг байх. Хоёрдугаарт, хүмүүсийн хандлагын асуудал. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургуульд яваад, ажилд ороод удалгүй гарч байна. Яагаад гэвэл хамт байгаа хүмүүс нь тусгай хэрэгцээг нь ойлгохгүй байгаа болохоор яаж харьцахаа мэддэггүй. Гуравдугаарт, төр засгаас гаргаж байгаа бодлого, шийдвэр.

ХАМГИЙН СҮҮЛД 2017 ОНД АВТОБУСАНД СУУСАН

-Нийтийн тээвэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэр ээлтэй болж байна гэж харж байна?

-Би хувьдаа машинтай байсан болохоор нийтийн тээврээр тэр бүр явдаггүй байсан. Автобусанд их цөөхөн удаа сууж үзсэн. Суух болгондоо ямар нэгэн бэрхшээлтэй тулгарна. “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвийн гишүүд маань автобусанд суугаад өөрт тулгарсан бэрхшээл, саадуудыг ирээд ярьдаг байсан юм. Миний хувьд хамгийн сүүлд 2017 онд автобусанд суусан юм байна.

Миний хувьд БНСУ, Япон, АНУ руу тусгай хөтөлбөрт тэнцээд явсан юм. Автобуснууд нь тэргэнцэртэй иргэдийг буулгаж, суулгадаг цахилгаан шаттай байсан. Мөн Япон, БНСУ-д автобусны жолооч нар нь тэргэнцэртэй иргэдэд суухад нь тусалдаг юм билээ.

Харин 2014 он хүртэл Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хүртээмжтэй автобус нэг ч ширхэг байдаггүй байсан. Тухайн үед “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвийн залуус иргэний нийгмийн байгууллагуудтайгаа ярилцаж “Нийтийн тээврийг нийтэд” нэртэй хөдөлгөөн өрнүүлсэн юм. Хөдөлгөөн нь сүүлдээ жагсаал болж, цагдаа нарын мөргөлдөөнтэй нүүр тулсан ч Нийслэлийн тээврийн газрын удирдлагуудтай, дээрээс нь нийслэлийн ЗДТГ-ын удирдлагуудтай хэлэлцээрт хүрч, тусгай хэрэгцээт иргэд зорчих боломжтой 20 ширхэг автобус явж эхэлсэн. Гэвч тухайн 20 автобус нь зөвхөн хотын төв хэсгээр явдаг. Уг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрал хотын захаар л байдаг шүү дээ. Нийслэлийн тээврийн удирдлага болон холбогдох яам парк шинэчлэл хийе гэж ярих бүрд нь энэ асуудлуудыг иргэд бид гаргаж тавьж байх хэрэгтэй гэж бодож байгаа.

Мөн гаднын орнуудад нэг л зүйлийг сайн ойлгосон. Бодлого шийдвэрүүд бол манайд ч байгаа. Харин гадаад орон бол ярьснаа, баталсан хуулиа хэрэгжүүлж чадаад байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь нийгмийн амьдралд маш их идэвхтэй. Төрөөс гарч байгаа шийдвэр, бодлогод тэдний талаар юу яригдаж байгааг анхаардаг. Бодлого шийдвэрт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар тусгагдаагүй дутмаг тусгагдсан тохиолдол болон эрхийг нь ямар нэгэн байдлаар зөрчих юм бол өөрсдийнхөө эрхийн төлөө тэмцэж жагсдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэний ч тусламжгүйгээр өөрсдийнхөө эдлэх ёстой эрхийг эдэлж, бусадтай ижил тэгш нийгмийн амьдралд оролцож, үйлчилгээгээ авдаг байдал АНУ, Япон, БНСУ-д ч ажиглагдсан. Тэр тусмаа Япон бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд зориулсан үйлчилгээгээрээ номер нэг. Харин АНУ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэний ч оролцоогүйгээр нийгмийн амьдралд оролцох бүх боломжит нөхцөлөөр нь хангасан байсан. Би тэнд хэн нэгнээс уучлаарай надад туслаач, би шатаар дээшээ гарах гэсэн юм асуух ч шаардлага байхгүй. Монголд бол алхам бүрдээ л хүнээс туслалцаа авна. Гэхдээ манай монголчуудын нэг сайн тал нь гудамжаар явж байхад уучлаарай би танд туслах уу гээд өөрсдөө хүрээд ирдэг. Энэ нь монголчуудын сайхан сэтгэлтэй холбоотой. Харин гадаадад бол хэн ч над дээр ирэхгүй. Яахав зарим нэг захын дүүргүүдийн хуучны байшингууд нь шаттай байх тохиолдол байгаа. Тийшээ гарахын тулд уучлаарай надад туслаач ээ гэж л хэлэхгүй бол хэн ч туслахгүй.

Тэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бусад иргэдийнхээ эрхтэй ижил тэгш авч үздэг учраас хэн нэгэн надаас би танд туслах уу гэж асуухгүй байгаа юм. Тэр хүн надаас тэгж асуувал миний эрхийг бага зэрэг доогуур үнэлж байгаа илэрхийлж байгаа хэрэг.

Энэ бол хүмүүсийн хандлага болон нийгмийн ялгаа. Монголд бол нөхцөл байдал нь өөр учраас хүмүүс тусалдаг.

ГЭРТЭЭ ОЛОН ЖИЛ БАЙСАН БОЛОХООР ТЭСЭРМЭЭР САНАГДСАН

-Одоо хоёулаа ярилцлагын сэдвээ өөрчилье. Таныг их сайхан дуулдаг гэж сонссон. Их сургуульд суралцаж байх хугацаандаа 2013 оны “Universe best songs”-д орсон юм билээ. Өөр ямар, ямар тэмцээнд уралдаанд хүч сорьж байсан бэ?

-Өөр тэмцээнүүдэд бол орж байгаагүй. Гэхдээ би сайн дуулж чадахгүй ч дуулах сонирхолтой. Дуулахаар стресс тайлагддаг. Гэртээ олон жил байсан болохоор дотор бугшсан орилоод гаргачихмаар зүйлүүд цээжинд байсан. Тэсэрмээр санагдсан.

Бас нэг шалтгаан нь гэвэл, би мундаг авьяастай  биш ч гэсэн дууны үг бичиж, ая нь оруулах гэж оролддог юм. Өөрийн минь дотроос ундарсан дуунуудыг амилуулах боломж олдож магадгүй гэж бодоод уг тэмцээнд орсон. Мөн залуучуудад урам зориг өгье гэж бодсон. Тэгээд дөрөвдүгээр шат хүртэл явсан. Яг үнэндээ дөрөвдүгээр шат хүртэл явна ч гэж бодоогүй л дээ. Тухайн үед би ходоодны шархтай байсан болохоор тан ууж, хоолны дэглэм барьж байсан болохоор их сул биетэй байсан. Одоо надад алдартай дуучин болно гэсэн хүсэл байхгүй ч өөрийн минь дотроос ундарсан үгийг амилуулах юмсан гэсэн чин хүсэл бий. Австралиас ирээд студид дуугаа бичүүлж, болж өгвөл клипжүүлье гэсэн бодол байгаа.

-Ер нь цаашдаа хаана амьдарна гэж бодож байна. Хүнээ дээдэлдэг улсад очъё, магадгүй Австрали улсад суралцаад тэндээ ажиллаж, амьдаръя гэж ч бодсон байж болох юм?

-Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн залуус сургуулиа төгсөөд заавал хоёр жил их орондоо очиж ажиллаж, сурсан зүйлээ бататгаж, улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах үүрэгтэй. Тиймээс би Австралийн "James Cook University” сургуульд Бизнесийн удирдлага чиглэлээр магистраа хамгаалж ирээд монгол улсынхаа хөгжилд чадах чинээгээрээ хувь нэмэр оруулна. Яахав боломж нь олдвол гадаадад ч ажиллаж болно шүү дээ.

Харин тэнд очоод суралцаж байх хугацаандаа Эхнэртэйгээ влог хийх бодолтой байгаа. Австралид сурахад ямар байдаг, сургууль нь ямар байдгийг, ирэх гэж байгаа залуус юу, юу дээр анхаарах ёстойг влогоор харуулна. Харин охиныгоо том болсных нь дараа өөрөөс нь зөвшөөрөл авч байгаа влогтоо оруулна гэж бодож байгаа.

-Монголд ирээд та хаана ажиллая гэж бодож байна вэ. Таныг ирэхэд монгол өнөөх л янзаараа, хүртээмжийн асуудлаа шийдээгүй бол яах вэ?

-Харин тийм ээ. Энэ л хамгийн чухал асуудал...

Тэр асуудлыг хэрхэн боломж болгон ашиглаж, ирээдүй өөд алхсанаа яриад утсаа таслав. Харин би сайхан цагийн дараа уулзаж, хоёр жилийн дараа үзэл бодол нь хэрхэн өөрчлөгдөж, тэсэрснийг харахын ерөөл тавиад амжив. Миний анзаарснаар тэр шинэхэн сайд нарт, хотын даргад хийх ёстой ажлыг нь заагаад өгчих боллоо. Анзаардаг л байгаа даа...

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-04 08:30

Мундаг з�##�уу байна. Амжилт хүсье

уншигч
уншигч
2021-02-04 08:51

Ийм з�##�уус монголд байгаа нь ямар сайхан. Баярл�##�аа эгүүр

Зочин
Зочин
2021-02-04 12:14

Зорилго тэмүүлэлтэй мундаг з�##�уу байна. Бусад з�##�уучууддаа үлгэр жишээ болж сургуулиа амжилттай төгсөөд эх орондоо ирж их зүйл бүтээгээрэй!Хөгжлийн бэрхшээл нь тархинд нь байдаг бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүс их болсон шүү.

Баттулга Отгонцэцэг нарт
Баттулга Отгонцэцэг нарт
2021-02-04 12:48

Миний хүүгийн нуруу нугас гэмтсэн ч сэтгэлийн ч нуруу хугараагүй байна.Энэ дэлхий сайнтай муутай холилдсон хорвоо шүү.Чи сайхан сэтгэл чинь сайн сайхантай холбожээ.Сайн ханьтай болжээ.Ханьдаа х�##�амжтай,үр хүүхэддээ сайн аав,хажуу нөхдөө эерэг сэтгэлээр хандаж явб�##� чамайг хүн болгон хүндлэх болно.Сайныг дэмжиж сэтгэлийн чин зоригтой байв�##� бүхний ард гарна.Сурах мэдэхийг эрхэмлэж,хүмүүст сайн үйлс түгээж,ханиа хайрлаж яваарай Мундаг зөв сэтгэлгээтэй дүү байна .Дүүдээ амжилт.Чи ярилцлагыг бүрэн уншаад заав�##� сэтгэгдэл үлдээх хэрэгтэй гэж бодлоо.

Зочин
Зочин
2021-02-15 16:26

АВСРТРАЛИД БАЙХДАА ЭМЧИЛГЭЭ СУДЛААД ҮЗЭЭРЭЙ. ЧАМ ШИГ БЭРХШЭЭЛТЭЙ ХҮН БҮРТ ТУСАЛЖ ЧАДАХГҮЙ Ч, АЖИЛЛАЖ АМЬДРАХ ЧИН ХҮСЭЛТЭЙ ХҮМҮҮСТ БУЯНЫ ШУГАМААР ЭМЧИЛГЭЭНИЙ ТУСЛАЛЦАА ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЭМЧ ЭРДЭМТЭД ТААРАЛДАХ Ч ЮМ БИЛ ҮҮ??? ОДОО ШИНЖЛЭХ УХААН САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОЧСОНЫХ ЯДАЖ ТАЯГТАЙ Ч ХАМААГҮЙ ЯВДАГ БОЛЧИХВОЛ "ХААНА АЖИЛЛАХ ВЭ" ГЭЖ САНАА ЗОВОЛТГҮЙ, АМЬДРАЛЫН ЗОРИЛГОО ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДДАГ БОЛОХ БАЙХ. АМЖИЛТ ХҮСЬЕ. МАГИСТРЫН СУРГАЛТ БАС БЭРХ ШҮҮ. ХИЧЭЭГЭЭРЭЙ.

zochin
zochin
2021-11-18 16:24

chagas dutuu ajil chiideg tsag yvaadal bna. Chogjliin berchscheeltei irgedee chairlaj chundetgeegeechee Mongolchuudaa!!!

Холбоотой мэдээ

Back to top button