Сурвалжилга, Нийтлэл

АСУУДАЛ: Зайсангийн байрууд бороо орох бүрт зоорийн давхар дахь усаа соруулж байна

Зуны улиралд усархаг бороо ихээр орж, нийслэлийн зарим орон сууцнуудын зоорийн давхарт хөрсний ус нэвчих, үерийн ус нэвтрэх гэх мэт хүндрэлтэй асуудлууд тулгардаг. Харин энэ жил зургаадугаар сарын сүүлч үеэр их хэмжээгээр орсон усархаг бороо орсны улмаас нийт 45 барилга байгууламжийн зоорийн давхарт хөрсний ус нэвчин оржээ.

-6 ТОНН УС СОРУУЛАХ МАШИНААР НИЙТДЭЭ 123 РЕЙСЭЭР 1042 ТН УСЫГ ЗАЙЛУУЛЖЭЭ-

Үүнтэй холбоотойгоор  иргэдийн дунд зарим хотхонууд улсын байгууллагын машиныг хувийн хэрэгцээндээ ашиглан усаа соруулуулж байна гэсэн мэдээлэл тархжээ. Энэхүү мэдээллийн дагуу тодруулж үзэхэд,

Туул голын эрэг орчмын байруудын зоорийн давхарт хөрсний ус нэвчиж цахилгааны самбарт ус орох аюул үүссэнийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК хамтран хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг хязгаарлалт хийж аюулгүй ажиллагааг хангасан байна.

Түүнчлэн тус барилгуудын зоорийн давхарт үүссэн хөрсний усыг Улаанбаатар хотын Захирагчийн харьяа Геодези, усны барилга байгууламжийн газрын 6 тн ус соруулах машинаар нийтдээ 123 рейсээр 1042тн усыг зайлуулсан бөгөөд Сууц Өмчлөгчдийн холбоодууд бага хүчин чадлын гном насосоор хөрсний усыг шөнийн турш тасралтгүй соруулан зайлуулж ажиллажээ.

- НАСОСООР СОРУУЛСАН УСАА БОХИРЫН ХУДАГ РУУ ХИЙЖ БАЙНА-

Хэдий Туул гол орчимд барилга барьвал хөрсний ус нэвчих эрсдэлтэй гэдгийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байсан ч барилга байгууламжууд олноор баригдах болсон юм. Харин жил бүрийн борооны улиралаар зоорийн давхруудад нь үерийн ус нэвчсээр байдаг аж. Энэ жил гэхэд л зургаадугаар сарын 14-17-ны өдрүүдэд орсон усархаг борооноор Нийслэлийн онцгой байдлын газраас, “15-ны өдрийн хүчтэй салхины улмаас замын хайс, хашлага, рекламны самбар нурсан, барилгын гадна пасад, дээвэр ховхорсон, ургаа мод хурагсан зэрэг 16 дуудлага мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу УСУГ, УБЗАА, НОБГ, НМХГ зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтран хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажилласан” хэмээв.

Түүнчлэн Ус сувгийн удирдах газраас, “Их хэмжээний усархаг бороо орсоны улмаас барилга байшингуудын зоорийн давхарт хөрсний ус маш их хэмжээгээр нэвчсэн. Ялангуяа Энхтайвны гүүрнээс урагш байрнуудын дороос хөрсний ус ихээр гарч эхэлсэн. Байгууллагууд насосоор соруулсан усаа бохирын худаг руу хийж буй нь төв цэвэрлэх байгууламжид ирж буй усны хэмжээг эрс нэмэгдүүлсэн. Мэргэжлийн байгууллагууд нь арга хэмжээ авах хэрэгтэй” гэлээ.

-СӨХ ӨӨРСДӨӨ ХӨРСНИЙ УС НЭВЧИХ ҮЕД НАСОСООР УСАА СОРУУЛЖ АЖИЛЛАДАГ-

Үер усны аюултай бүсэд буусан айл өрхүүд болон зөвшөөрөлгүй баригдсан барилга байгууламжуудын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн байна. Мөн оршин суугчид ч зоорийн давхарт ус нэвчсэн үед гарч ороход хүндрэлтэй байдаг тухайгаа хэлж байлаа. Үерийн бүсэд буусан хотхонууд хөрсний ус нэвчих асуудлаа хэрхэн зохицуулдаг тухай Ривэр гардэн хотхоны СӨХ-с тодруулахад,

“Зун бүр борооны улирлын үеэр хөрсний ус нэвчдэг. Гэвч бид хариу арга хэмжээ авч яаралтай үед хэрэглэх тоног төхөөрөмж насосыг бэлдсэн. Хөрсний ус нэвчиж эхлэх үед бид усыг нь соруулж өөрсдөө арга хэмжээ авдаг. Улсын байгууллагын ус соруулах машиныг хувийн хэрэгцээнд ашигласан тохиолдол байхгүй” хэмээлээ.

Иргэд болоод бүтээн байгуулалт хийж буй байгууллагууд цаашид  үер усны аюулгүй бүсийг сонгон зөв шийдвэр гаргах нь энэ аюулаас хамгаалах хамгийн чухал алхам гэдгийг ойрын өдрүүдэд орж буй усархаг бороо сургамжилсаар байна.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button