ДЭЛХИЙ

СУДАЛГАА: Витамин С болон цайр “КОВИД-19”-ийн шинж тэмдгийг БУУРУУЛДАГГҮЙ

Баасан гарагт (2021.02.12) “JAMA Network Open” эрүүл мэндийн сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар бол Витамин C, цайр хоёрыг өндөр тунгаар хэрэглэсэн ч гэсэн “КОВИД-19”-ийн халдвар аваад гэртээ тусгаарлаж байсан хүмүүст ашигтай үр дүн өгөөгүй аж.

Тэдний илрүүлсэн тоо баримтын ач холбогдол хэтэрхий өчүүхэн байсан тул судалгааны ажлыг эрт зогсоосон гэнэ. Витамин C болон цайрыг ханиад өвчнийг эмчлэх эсвэл хүндрэлийг нь багасгахад нийтлэгээр ашигладаг билээ.

Тус судалгааны талаар “Johns Hopkins” болон “Houston Methodist” эмнэлгийн доктор Мигель Кайнзос-Ахирика хэлэхдээ “Харамсалтайгаар энэ хоёр бэлдмэл санаж байсан үр дүнд хүрсэнгүй” хэмээсэн байна.

Эрдэмтэд клиникийн туршилтаар “КОВИД-19” тусаад гэрээр эмчилж буй 214 хүнийг дөрвөн бүлэг болгон хуваажээ. Ингээд гурван бүлгийн нэгт нь витамин C, цайр хоёрыг хамтад нь өндөр тунгаар өгч харин үлдсэн хоёрт өндөр тунгаар аль нэг бэлдмэлийг өгсөн байна. Харин дөрөв дэх бүлгийн хүмүүс амрах, ус их уух, халуун намдаагч эм гэх мэт энгийн эмчилгээ авч бэлдмэл ашиглаагүй юм.

Туршилтын үр дүнг доктор Кливлэнд хотын клиникийн зүрх судасны эмч Милинд Десай “Глюконат(Цайр), болон аскорбины хүчлийг (Витамин C) өндөр тунгаар нийлүүлж эсвэл дангаар нь хэрэглэхэд “SARS-CoV-2”-ийн халдварын шинж тэмдгийг бууруулдаггүй” хэмээн дүгнэжээ.

Харин ч өндөр тунгаар тэдгээр бэлдмэлүүдийг ашиглавал таагүй гаж нөлөө үзүүлсэн байна.Үүний талаар “Johns Hopkins” их сургуулийн эмнэлгийн профессор Микос болон “Houston Methodist” эмнэлгийн Кайнзос-Ахирика “Бэлдмэл хэрэглэсэн бүлгийн хүмүүст сөрөг нөлөө (дотор муухайрах, гүйлгэх, гэдэс өвдөх) үзүүлэх нь энгийн эмчилгээ авсан хүмүүстэй харьцуулахад их байсан” хэмээжээ.

Витамин С болон цайр нь өвчнөөс урьдчилан сэргийлдэггүй ч ханиаднаас эдгэрэх хугацааг багасгадаг юм. Нэгэн судалгаагаар витамин C ханиаднаас эдгэрэх хугацааг насанд хүрэгсдэд найм, хүүхдүүдэд 14 хувиар багасгадаг гэдгийг харуулсан билээ. Харин 13 ширхэг судалгааг нийлүүлж дүн шинжилгээ хийсний дараа цайр ханиаднаас эдгэрэх хугацааг нэг өдрөөр богиносгож магадгүй гэдгийг олжээ.

Эрдэмтэд “КОВИД-19”-ийн эмчилгээнд витамин болон бэлдмэлүүд хэрхэн үйлчилдгийг судалсаар байгаа юм. Одоогийн байдлаар витамин D хэрэглэх нь ашигтай үр дүнтэй эсэхийг судалж буй. Мөн витамин C,D болон цайр ашигласнаар “КОВИД-19”-өөс сэргийлэх боломжтой эсэх талаар судалгаанууд явагдаж байна.

Эх сурвалж: CNN

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button