ДЭЛХИЙ

Вакцин хийлгэхийн өмнө болон дараа нь АНХААРАХ ёстой зүйлс

Монгол Улс “COVAX” хөтөлбөрийн хүрээнд “Pfizer/BioNTech”-ийн вакцины 25,740 тун, “Oxford/AstraZeneca”-ийн вакцины 163,200-276,000 тун хүлээн авах бэлтгэл ажлыг хангаж 22-ны өдөр Монгол руу эхний ээлжийн тунг ачуулахаар төлөвлөж байгаа билээ. ДЭМБ-аас энэ хоёр вакцинд яаралтай горимд хэрэглэх зөвшөөрөл олгосон. АНУ-ын Хүнс ба эмийн удирдлагын газрын сайтад мэдээлснээр бол яаралтай горимд ашиглах гэдэг нь олон нийтийн эрүүл мэндийн онц байдалд ашиглах зөвшөөрөл юм.

Тэгвэл гадаадын орнуудад дархлаажуулалт эхэлснээс хойш интернет дээр “КОВИД-19”-ийн вакцин тариулахынхаа өмнө биеэ бэлдэн дархлааны хариу урвалаа сайжруулж гаж нөлөөг багасгах зөвлөгөө гэх мэт зүйл эргэлдэх нь ихэссэн аж. Тухайлбал харшлын эмээ тунг нь нэмж уух, өвчин намдаах эм хэрэглэх, эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхгүй байх гэх мэт аргаар биеэ бэлдэх талаар зөвлөгөө онлайнаар эргэлдсэн байна.

Одоо эдгээр зөвлөгөөнүүдийн талаар гадаад эмч нар ямар бодолтой байгааг хүргэе. “Northwell Health” эрүүл мэндийн байгууллагад ажилладаг харшил болон дархлаа судлалын мэргэжилтэн Бланка Каплан хэлэхдээ тэдгээр зөвлөгөөнүүдийн ихэнх нь “КОВИД-19”-ийн вакцин дээр туршигдаагүй хэмээсэн юм. Харин “Mount Sinai South Nassau” эмнэлгийн тархвар судлаач Аарон Глатт “Ерөнхийдөө бол, КОВИД-19-ийн вакцин хийлгэх хүн ямар нэгэн зүйлийг тусгайлан хийх шаардлагагүй” гэжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ хурц харшилтай хүмүүс вакцин тарих газарт ажиллаж буй хүнд мэдэгдэх хэрэгтэй хэмээсэн юм.

Тэгвэл одоо дээр дурдсан биеэ бэлтгэх аргуудын талаар мэргэжилтнүүд ямар бодолтой байгааг харцгаая

Харшлын эмээ тун нэмж уух

“Pfizer/BioNTech”-ийн вакциныг хийлгэсэн хүмүүст харшлын урвал, зарим тохиолдолд хурц хэлбэрээр илэрсэн нь бүртгэгдсэн билээ. “Jama Network” сэтгүүлийн өнгөрсөн сард нийтэлсэн судалгаа дээр 1.8 сая “Pfizer”-ийн вакцины анхны тунг тарьсны дараа харшлын урвал үзүүлсэн 21 тохиолдол бүртгэгдсэн байна. Тэдгээр хүмүүс өөр өөр харшлын түүхтэй байсан боловч зарим нь харшлаар өвчилсөн удаагүй байжээ.

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бол вакцин тариулахынхаа өмнө харшлын эмээ тун нэмж уух нь тийм сайн санаа биш аж. Каплан хэлэхдээ вакцин тариулахын Бенадрил гэх мэт эм хэрэглэх зөвлөгөө байхгүй хэмээсэн юм. Антигистамины эмийг эмч тань зөвлөөгүй л бол хурц харшлын урвалаас урьдчилан сэргийлэх магадлал бага гэнэ. Харин ч харшлын шинж тэмдгийг дарснаар харшлыг оношлоход хүндрэлтэй болгон эмчилгээг цаг алдан эхлүүлж магадгүй аж.

Гэвч Каплан антигистамины эм гэх мэт харшлын эсрэг эм хэрэглэж буй хүмүүст вакцин тариулахынхаа өмнө хэрэглээгээ зогсоохгүй байхыг зөвлөсөн юм.

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв вакцин тариулах хүмүүс өмнө нь шинжилгээ өгсөн байх хэрэгтэй хэмээжээ. Шинжилгээгээр хориглох заалттай гарсан хүмүүс (мРНХ вакцины эхний тунг тариулсны дараа хурц харшлах эсвэл шууд харшлын хариу урвал үзүүлсэн хүмүүс) вакцин тариулахгүй байх ёстой гэсэн байна.  Харин эсрэг заалт аваагүй хэрнээ өөр төрлийн вакцин, тарьдаг эмээс шууд харшилж байсан, ямар нэг хүчин зүйлийн улмаас анафилаксийн шоконд орсон түүхтэй хүмүүсийг 30 минут ажиглах, бусад хүмүүсийг 15 минут ажиглахыг зөвлөжээ. Зарим тохиолдолд вакцин тариулсан хэсэгт загатнах болон хавагнах шинж тэмдэг үзүүлбэл илүү удаан хугацаагаар ажиглах аж.

Өвчин намдаах эм уух

Ибупрофен, напроксен, аспирин гэх мэт стероидын гаралгүй үрэвслийн эсрэг эм (NSAIDs) тариулахынхаа өмнө уувал вакцинд үзүүлэх дархлааны хариу урвалд нөлөөлнө гэж зарим хүн бодож байж магадгүй талаар Каплан дурджээ. Мөн тэрбээр “Үүнийг батлах шинжлэх ухааны баримт байхгүй.  Гэхдээ “NSAIDs”-үүд зарим хүмүүст харшлын урвалыг өдөөж магадгүй юм. Бид “NSAIDs”-үүд КОВИД-19-ийн вакцины үүсгэдэг харшлын урвалд нөлөөлдөг эсэхийг мэдэхгүй учир эмч тань зөвлөөгүй бол вакцин тариулахаасаа хоёр цагийн өмнө болон дараа “NSAIDs” ашиглахгүй байхыг зөвлөж байна” хэмээсэн юм.

Мөн Аарон Глатт “ихэнх хүмүүс вакцин тариулахынхаа өмнө ямар нэгэн эм хэрэглэх хэрэггүй” гэж хэлсэн байна.

Вакцины өмнө согтууруулах ундаа хэрэглэхгүй байх

Каплан хэлэхдээ “Зарим тохиолдолд согтууруулах ундаа харшлын урвалыг хурдасгаж магадгүй. Гэхдээ бид КОВИД-19-ийн вакцины үүсгэдэг харшлын урвалд согтууруулах ундаа хэрхэн нөлөөлдөг талаар хангалттай мэдэхгүй байгаа учир вакцин хийлгэхээсээ 24 цагийн өмнө болон дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг зөвлөж байна” хэмээсэн юм.

Вакцин тариулахын өмнө эрчтэй дасгал хийхгүй байх

Каплан вакцин тариулахаасаа 2 цагийн өмнө болон дараа эрчтэй дасгал хийхгүй байхыг зөвлөжээ. Мөн тэрбээр вакцинаас хоёр цагийн өмнө, дараа шүршүүрт орохгүй байхыг зөвлөсөн байна. Учир нь гэвэл тэдгээр үйл ажиллагаанууд нь зарим хүмүүст харшлын урвалыг идэвхжүүлэх эрсдэлтэй байдаг аж.

Сайн унтаж амрах

Давид Геффений UCLA дэх Анагаах ухааны сургуулийн халдварт өвчний мэргэжилтэн Тара Вижаяан сайн унтаж амрах нь хамгийн сайн зөвлөмжүүдийн нэг гэж бодож байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр сайн унтаж амрах нь вакцины хоёр дахь тунг тариулсны дараа илүү ач холбогдолтой байж магадгүй хэмээн нэмж хэлсэн байна.

Харин вакцин хийлгэсний дараа юу анхаарах ёстой вэ

Одоо уншигч та бүхэндээ АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн веб сайт дээрх “Вакцин тариулсны дараа ямар зүйлсийг санах ёстой вэ” гэсэн зөвлөмжийг хүргэе.

Вакцин хийлгэсний дараа тарьсан газарт хөндүүрлэн, хавдах харин бүхэл биеэр халуурах, хүйт оргих, ядрах, толгой өвдөх гаж нөлөө үзүүлж болох авч хэдэн өдрийн дараа арилах ёстой гэнэ. Хэрвээ таны бие тавгүй байвал эмчид үзүүлэн ибупрофен, аспирин, ацетаминофен, антигистамины эмүүд хэрэглэж болох талаар зөвлөлдөх хэрэгтэй. Та эдгээр эмүүдийг хэрэглэхгүй байх эрүүл мэндийн шалтгаангүй бол вакцин хийлгэсний дараах гаж нөлөөг намдаах гэж хэрэглэж болно. Харин гаж нөлөөнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор вакцин тариулахын өмнө тэдгээр эмийг хэрэглэх ёсгүй. Мөн халуурах шинж тэмдгийг бууруулахын тулд шингэн юм их уухыг зөвлөжээ.

Хоёр дахь тунг 21 хоног эсвэл нэг сарын (28 хоног) зайтай тариулах хэрэгтэй. Харин зөвлөснөөс эрт хугацаанд хоёр дахь тунг хийлгэж болохгүй.  Дараагийн тунг битгий хийлгэ хэмээн эмч танд зөвлөөгүй л бол анхны тунгийн дараа гаж нөлөө үзүүлсэн ч хоёр дахь тунгаа тариулах хэрэгтэй.

Хэзээ тусламж авахаар холбогдох ёстой вэ

Ихэнх тохиолдолд халуурах болон хөндүүрлэж өвдөх нь энгийн үзэгдэл боловч 24 цагийн дотор тариулсан газарт хөндүүрлэх мөн улайлт нэмэгдвэл, гаж нөлөө хэд хэдэн өдрийн дараа арилахгүй байвал тусламж авахаар холбогдох ёстой хэмээсэн байна.

Хэрвээ та вакцинжуулах төвөөс явсны дараа хурц харшлын хариу урвал үзүүлж байна гэж бодвол яаралтай тусламж авахаар холбогдох хэрэгтэй.

Эх сурвалж: WebMd, CDC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button