НИЙГЭМЯрилцлага

Хорт хавдартай тэмцэж буй П.Билэгсайхан: Хүнээс гуйж бус өөрийн хөдөлмөрөөр амьдрахыг хичээж байна

Ходоодны хорт хавдартайгаа тэмцэхийн сацуу хажуугаар нь мод, төмрөөр эд зүйлс урласнаа борлуулж амьдардаг нэгэн хөдөлмөрч эрхмийг энэ удаагийн ярилцлагаараа онцолж байна. Түүнийг П.Билэгсайхан гэдэг. Тэрбээр "Босоо Хөх Монгол” ТББ, болон хувиараа хөдөлмөрлөж байсан ч, жил гаруй хугацааны өмнө ходоодны хорт хавдрын дөрөвдүгээр шатанд орсноо мэдэж, цаашид ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болжээ.

Улмаар эмчилгээ эхлүүлж, 2019 оны арваннэгдүгээр сард ходоод тайруулах хагалгаанд орсон аж. Гэвч тэрбээр бууж өгсөнгүй. Хүндхэн хагалгаанаас ердөө сарын дараа амьдрахаар зүтгэж, гараар хийхэд тохиромжтой зүйлсийг мод, төмрөөр урлаж, түүнийгээ борлуулж эхэлжээ.

-МИНИЙ ХУВЬД ЭНЭ ХӨЛ ХОРИО МАНАЙ ГЭР БҮЛИЙГ ЭРҮҮЛ МЭНД, САНХҮҮГЭЭР НЭЛЭЭН ХЯМРААЖ ЧАДЛАА-

-Юуны өмнө бидний ярилцлагын саналыг нааштай хүлээж авсанд тань баярлалаа. Таны, гэр бүлийн тань хувьд өнгөрөгч хөл хорио хэрхэн өнгөрсөн бэ?

-Миний хувьд энэ хөл хорио манай гэр бүлийг эрүүл мэнд, санхүүгээр нэлээн хямрааж чадлаа. Нэгт захиалга ирэхгүй, хоёрт гадаа хүйтэн гээд асуудлууд байлаа. Арга мухардахдаа өөрийнхөө группын мөнгөөр эм тариагаа аваад, эхнэрийнхээ группын мөнгөөр хоёулаа амь зуулга хийлээ шүү дээ.

-Шаардлагатай эм тарианд сард хэдий хэр мөнгийг зарцуулж байна вэ?

-Хөл хориогоор мөнгө муу байсан учир голчлон уламжлалт эмийн ургамлыг л ууж байлаа. Томограф, өвчин намдаах эмүүд бол үнэтэй шүү дээ. Нэг эм нь л 200-300 мянга болох нь бий. Боломжтой үедээ эмээ авч уугаад, бусад үед нь эмийн ургамлаар аргалж байна даа.

-Ам бүл хэдүүлээ вэ?

-Би эхээсээ есүүлээ амьдардаг. Олуулаа. Амьдрал сайнгүй ч, нэгэндээ дараа болохгүй л амьдрахыг хичээцгээдэг. Миний хувьд эмээ, өвөө дээрээ өссөн л дөө. Уг гарал Дундговийнх. Харин одоо ханьтайгаа хоёулаа амьдардаг.

-Гэрийнхэнтэйгээ ойр харилцаатай байдаггүй гэж ойлголоо?

-Холбоотой байх ч, би тэднээсээ аль болох тусламж авахгүйг, амьдралд нь дараа болохгүйг хичээдэг. Одоо өөрөө яаж хийгээд болгоод байгаа учир “туслаач” гэдэггүй л дээ. Бие маань бүр дордвол гуйхаас л өөр аргагүй болох байхдаа.

-ХОРИО ЦЭЭРИЙН ҮЕЭР БИЕЭ ҮЗҮҮЛЭХЭЭР ХОТОД ИРЭЭД БУЦАЖ ЧАДААГҮЙ, МАШИНДАА ЕС ХОНОСОН-

-Нууц биш бол хань нь ямар учраас группд орсон юм бэ?

-Хань маань сонсголын бэрхшээлтэй юм. Хоёулаа амьдрах гээд л тал талдаа зүтгээд байна. Хааяа бие өвдөхөөр хань маань сонсохгүй учраас түргэн дуудахад жаахан хүндрэлтэй. Тиймээс ханийнхаа дүүг дэргэдээ авсан. Гурвуулаа амьдарч байна даа.  

-Таны биеийн байдал одоо ямар байгаа вэ. Хяналтад байдаг уу?

-Тийм ээ. Хотод Хавдар судлалын эмнэлэгт хяналтад байдаг. Сая өнгөрдөг намар хорио цээрийн үеэр хотод биеэ үзүүлэх гэж очоод буцаж чадаагүй, машиндаа ес хоносон. Нэлээн даарч, яс янгинаж зутруухан л хэд хоногийг өнгөрүүлсэн. Одоо бол яах вэ, хөдөлж чадаж байгаа юм болохоороо захиалга олдвол энэ мод, төмрөөрөө юм хийж байна. Өвөл бол хэцүү. Ажлын байргүй учир захиалгаа гадаа хийх болдог. Тиймээс хурд, хүч саараад хүндрэлтэй. Хэрвээ ажлын хөрөөтэй болчихвол ажлын бүтээмж нэмэгдээд, ядрах нь багасах болов уу гэж бодож сууна. Багаж муутай учраас гараар юм хийхэд бага зэрэг хүндрэлтэй. Бусдаар зүгээр ээ.

-Хотод гацахдаа УОК-д учир шалтгаанаа хэлсэн үү?

-Хандаж болох бүхий л газарт нь хандаж үзсэн л дээ. Хэвлэлийн газраас хэд хэдэн сурвалжилга, мэдээлэл гарсны дараа нөгөөдөр нь гарах зөвшөөрөл өгч байсан. Одоо дараагийн хяналтад орох цаг нь болчихоод байгаа. Хөл хорио, коронавирус нь яадаг юм бол гэж бодож сууна.

-Та мод, төмрөөр бүтээл урлаад хэдий хэр хугацаа өнгөрч байна вэ?

-Жил орчим л болж байна. Өмнө нь эрүүл байхдаа уурхайгаас ирээд гагнуур сэлт  хийгээд болгодог байлаа. Өвчнөөс хойш л амьдралын эрхэнд мод, төмрөөр юмс хийж байна. Саяхнаас хорт хавдартай хүмүүст туслахаар ашигийн бус "Амьдрах итгэл, Хамтын хүч” ТББ байгуулсан юм. Одоо хуримтлал үүсгээд нэг жижиг сан байгуулах гээд ажиллаж байна. Өөртэйгөө адилхан санхүүгийн бэрхшээлтэй, өвчтэй, зовлонтой хүмүүст бага хэмжээний хүүгүй зээл олгох, бизнесийн эргэлтийн хөрөнгөд туслах зэргээр туслахыг хичээж байгаа.

-ХАГАЛГААНДАА ОРООД ХОДООДОО ХОЁР БУЛЧИРХАЙТАЙ НЬ ХАМТ ТАЙРУУЛСАН-

-Ходоодны хорт хавдартай болсноо анх яаж мэдсэн бэ?

-Би өвчнөө эрт үед нь мэдэж чадаагүй л дээ. Нойр булчирхай гэж бодож явсаар нэг өдөр бие өвдөөд, хэвтэрт ороод эмнэлэгт үзүүлсэн юм. Дурандуулахад ходоодны хорт хавдар болох нь оношлогдсон. Хавдар судлалын эмнэлэгт очиж, эмч нартай зөвлөлдсөний эцэст хагалгаандаа орж байлаа. Хагалгаанд орохын өмнө өвчтнөөр гарын үсэг зуруулдаг юм билээ. Тэгэхэд яагаад ч юм их түгшсэн. Учир нь “хавдрыг авч болох эсэхийг нээж үзсэний дараа л мэдэх боломжтой, хэрэв хэт тархсан бол буцаагаад хаана” гэсэн юм л даа.

-Хавдрын тархац дурангаар харагдаагүй гэсэн үг үү?

-Тийм ээ, хавдрыг авч болох эсэхийг нээсний дараа мэднэ гэсэн юм. Хагалгаандаа ороод ходоодоо хоёр булчирхайтай нь хамт тайруулсан. Хими, тарианы эмчилгээ хийлгэж байсан ч одоогоор зогсоочихсон байгаа. Хоолны дэглэмээ баримтлаад, хажуугаар нь бүтээлээ хийж сууна. Одоо ч хийгээд сууж байна.

-Хавдартай гэдгээ анх дуулахад их хэцүү санагдсан байх даа.

-Уг нь гэр бүлийн хүнд нь анх дуулгадаг юм билээ. Даанч хань маань сонсголын бэрхшээлтэй байсан учраас би өөрөө түрүүлж сонссон. Үнэндээ нүд харанхуйлаад л явсан. Хамгийн түрүүнд ар гэр маань л бодогддог юм билээ. Би үхчихвэл хань маань яах билээ л гэж бодсон.

-Ханьтайгаа хэзээ, хэрхэн танилцсан бэ?

-Ханилаад зургаан жил болж байна. Танилцсантайгаа нийлвэл 10 жил орчим юм уу даа. Анх Фэйсбүүкээр л эхнэртэйгээ танилцаж байлаа. Ингээд гурав, дөрвөн жил орчим харилцаад, холбоотой байсны дараа нэг гэрт орсон. Би тухайн үед Оюутолгойн Нисэх буудалд ажилладаг байсан юм. Харилцаатай байхад ханийн маань аав уушгины хорт хавдраар, төд удалгүй төрсөн эгч нь зуурдаар нас барсан. Маш их зовлонг бие, сэтгэлээр туулсан даа хань минь. Ингээд холбоотой байж байгаад би хот руу ирэхээр шийдсэн. Тэгэхэд хань маань намайг анх тосож байсан. Тухайн үед огт уулзаагүй байж байгаад л анх удаа уулзаж байсан юм. Хэл нэвтрэлцэхгүй нь л жаахан хэцүү байлаа. Дохио зангаараар харилцах гээд чаддаггүй, арга ядаад утасны зурвасаар харилцаж байсан. Их л сандарсан шүү. Хамтдаа амьдраад эхлэхээр сурчихдаг юм билээ. Одоо бол харцаараа ч ойлголцоно шүү дээ.

-Ханийнхаа юунд татагдсан бэ, сайхан дурсамжаасаа хуваалцаач?

-Ханьтайгаа анх харилцдаг байхад л их ухаалаг санагддаг байсан. Ингээд зургийг нь хараад шууд татагдсан. Анх уулзахад ч тэр догдлол, сэтгэл маань яг хэвээрээ, бүр ч их догдолж сандарсан. Сэтгэл байгаад хайр байхад ойлголцож чаддаг л юм билээ. Анх хадам ээжтэйгээ уулзахад намайг маш сайхан хүлээж авсан. Их дулаахан, сайхан хүн байсан болохоор сэтгэл дүүрэх шиг л болсон. Харамсалтай нь хадам ээж маань гэнэт цус харваад бурхан болсон. Ингээд л ханьд маань надаас өөр түшиж тулах хүн үлдээгүй. Тэр үед хамтдаа амьдрахаар эргэж буцалтгүйгээр шийдсэн дээ.

-ХЭРВЭЭ БИ ҮХЧИХВЭЛ, ХАНЬ МААНЬ ГАНЦААРАА ЯАНА ДАА Л ГЭЖ БОДОЖ БАЙЛАА-

-Хавдартай гэдгээ хэлэхэд хань нь их хүндээр хүлээж авсан болов уу?

-Тийм ээ. Хань маань залуугаараа маш их зовлонг биеэр амсаж, туулж ирсэн. Маш их хямарсан. Тиймээс өөртөө гэхээсээ илүү хэрвээ би үхчихвэл, хань маань яана даа л гэж бодож байлаа. Хэвтэрт байхдаа “Одоо ч ингээд өнгөрдөг юм байна, удахгүй үхэх нь” гэж бодсон. Харин ингээд юмаа хийгээд явахаар сэтгэл санаа ч арай өндөр байх юм.

-Мужааны ажлыг багшаар заалгав уу, өөрөө бие даан сурсан уу?

-Ёстой өөрөөрөө л хийж сурсан даа. Хагалгаанаас сарын дараа орноосоо хагас босож суугаад амархнаар нь гурилын вандангийн комоос эхлүүлээд хийж эхэлсэн. Тухайн үед өвөл байсан учир айлын цагаан сарын бууз хийх, хөлдөөх тавцнаас эхлүүлээд эрэлттэй байсан л даа. Гар арай зүгшрээд ирэхээр нь нарийн зүйлсийг хийхээр оролддог болсон. Яг мэргэжлийн хүний нүдээр бол гологдоно. Гэхдээ хэрэндээ ч хичээгээд байгаа юм аа. Яваандаа бүр л сайжирна гэж боддог.

-Захиалгаар ямар ямар бүтээл урлаж байна вэ?

-Орхон аймгийн Засаг даргаас ноднин хавар надад хуучин хөрөөний мөнгө шийдэж өгсөн юм. Түүгээрээ л бүтээлээ хийж байлаа. Даанч эдэлгээтэй учир ир, тоноглол нь муудаад хүндрэлтэй байна. Урлаж, хийж байгаа зүйлсийнхээ зургийг явуулж болно оо.

-Хэдий хэр хугацааг зарцуулж байна вэ?

-Том, жижиг гээд ажиллагаанаас л шалтгаална даа. Жишээ нь нэг ширхэг сандал хийхэд 4-5 хоног болно, жижиг сажиг зүйлс нь өдөртөө гарах гээд янз бүр ээ.

-Хүмүүс хэр их холбогдож, захиалга өгч байна вэ?

-Ноднин зун гадаа сүүдрэвч, сандал гээд том ажлууд хийгээд гайгүй байлаа. Орхон аймагтаа бол хүмүүс намайг зохих хэмжээнд мэддэг болсон байх гэж бодож байна. Би бас өвдөөд хашаа байшингаа барьцаалаад их хэмжээний зээл авсан байснаа дарах гэж нэлээн их ажил болсон. Одоо бол гайгүй ээ, сая орчим төгрөг үлдсэн. Одоо айлын тал газар аваад, гэр бариад амьдарч байна. Ирээдүйд жижиг байшин барина даа гэж бодож сууна. Миний бие муу учир ханийгаа байшинд оруулна. Би бас хэдэн жил ч амьдраа билээ дээ. Байдгаа шавхаад ч хамаагүй, яаж хийгээд байшингаа барина даа гэж өөртөө зорилго тавьсан.

-ХӨДӨЛЖ ЧАДАЖ БАЙГАА ҮЕД, ХҮНЭЭС БУС ӨӨРИЙН ХӨДӨЛМӨРӨӨР АМЬДАРНА ГЭЖ БОДДОГ-

-Орхон аймгийн Засаг Дарга, бусад хүмүүс тусламж үзүүлсэн үү?

-Би ч нэг их туслаарай, ингээрэй гэдэггүй юм. Хүний гараар амьдарна ч гэж юу байх вэ. Өөрөө хөдөлж чадаж байгаа үед, хүнээс бус өөрийн хөдөлмөрөөр амьдарна гэж боддог. Яах вэ сая ТББ байгуулчхаад Орхон аймгийн удирдлагуудад “оффис хийх газар гаргаж өгөөч ээ” гэсэн албан тоот илгээхэд “Сая 200 мянгын түрээс төлнө гэвэл, өгч болно” гэсэн. Би амин хувиараа ч бол нэг их гуйгаагүй л дээ.

-Түрээс их өндөр хэлсэн байна шүү?

-Тийм ээ. Ашгийн бус хүнд туслахыг л зорьж яваа учир хувиасаа сар бүр 1.200.000 төгрөгийн түрээс төлөхөд хэцүү л дээ. Чадах бол хүн гуйгаад явахгүй шүү дээ. Төрийн байгууллагууд бас арай л чанга дуугардаг юм билээ. Манай Орхон аймагт 1200 гаруй хорт хавдартай иргэн байдаг гэх судалгаа бий. Тэгээд бодохоор л хэцүү сонсогдож байгаа биз.

-Таны ирээдүйн зорилго, зорилтыг асууя?

-Цаашид ТББ-ынхаа ажлыг амьд сэрүүндээ хийе л гэж зорьж байна. Мөн цаашид ажлыг маань үргэлжлүүлээд авч яваад хийх хүн сураглаад, сайн хүн олвол ажлаа шилжүүлэх санаа бий. Эхний ээлжинд жижиг сангаа байгуулчих юмсан гэж зорьж байна. Дараагийн ээлжинд өөрийн гэсэн жижиг мужааны цехтэй болчих юмсан л гэж бодож сууна. Эхний ээлжинд 20 сая төгрөгийн санхүүжилттэй төсөл бичсэн. Гэвч барьцаа хөрөнгөгүй учир төсөл авахгүй юм шиг билээ.

-Таны цаашдын ажилд амжилт хүсье. Эрүүл энхийг хүсье. Бидэнтэй цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.

Тэрбээр Эрдэнэт хотод амьдардаг бөгөөд таны захиалсан барааг галт тэргэнд  хийгээд хот руу ачуулах боломжтой аж. Түүнчлэн хандив өргөж болох тул та бүхэн дэмжиж туслаарай.

Дансны нэр: П.Билэгтсайхан

Данс: 5093286201 /ХААН БАНК/

Утас: 80051361

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-02-23 21:02

Махны модоо ингэж ухаж битгий хий тэгшхэнээрээ байлгаад сайн зүлгүүрдэх. Тэгээд дараа нь нэг ургамлын үр байдаг.Тэрний тосоор хөвөнд шингээж бага зэрэг арчиж бор өнгөтэй болгодог. Төгсгөлд нь. Ингэж ухахаар юм хөшиглөхөөр хутга гар тээглэх юм шиг санагдана. Гадаах сандлууд чинь бол гою байна.

Зочин
Зочин
2021-02-23 21:17

Хорт хавдрын эмчилгээг саяхнаас эрүүл мэндийн даатг�##�д он гараад хамруулдаг болсон асуугаарай. Аймгийнхаа нийгмийн даатг�##� дотор байдаг эрүүл мэндийн даатг�##�ын ажилтан дээр очиж. Даатг�##�гүй болэ рүүл мэндийн сайн дурын даатг�##�д хамрагдаарай. Жилд 52500 төгрөг, хагас жилээр бас төлж болно. 25200 төгрөг 6 сараар төлөхөд. Эрүүл мэндийн даатг�##�д хамрагдсан бол хорт хавдрын эмчилгээг даадаг болсон гэж мэдээний хуудсаар гараад байгаа. Эрүүл мэндийн даатг�##�ын хуудсаар орж уншиж болно. Хурдан эдгэрээрэй. хоолны дэглэмээ сайн сахиарай! Энэ бол их чух�##� байх.

Зочин
Зочин
2021-02-24 08:15

жонхууг босоогоор нь хөхдөгүүд хохь чинь учираа мэдэхгүй т1 танай шижээ эд нар чинь та нар шиг т1 үүдийг ашиглаж шантааж хийж мөнгө олж амьдардаг юм шүү дээ

rogarsmithwalk
rogarsmithwalk
2021-02-24 17:34

Намайг РОГАР УОЛКЕР гэдэг бөгөөд АНУ-ын Нэгдсэн Улсын (Техас) ганц бие ААВ, би ХДХВ-ийн х�##�двар авсан байсан, бас хорт хавдартай байсан болохоор би өөрийгөө �##�ах юмсан гэж бодоод дараа нь хуучин коллежийн найзтайгаа таарч, дараа нь би хүүрнэдэг байсан. Миний түүх түүнд нулимс дуслуулан намайг тайвшруулсны дараа надад өвс, үндэс өгдөг эдгээр агуу хүн байдаг гэж хэлээд тэр надад доктор Баба олибиумаас өвс авахад л хэдэн мөнгө шаардагдах болно гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа би түүнтэй холбоо барьж, өвсөө авч, өдөр бүр яаж хэрэглэхээ надад хэлээд 1 сарын турш өвсөө хэрэглэх гэж байна, дараа нь 1 сарын дараа эмнэлэгт үзлэг хийлгэх хэрэгтэй гэж хэлсэн. 1 сар болсон бөгөөд би дахин эргэж ирэв. Баба олибиуми эмч ([email protected]) хаягаар холбогдоорой, тэр танд үйлчилгээ үзүүлэхэд бэлэн, баяртай байна. Түүнтэй .... ([email protected]) хаягаар холбогдоорой, ЭСВЭЛ ТЭР ЗАЛГАХ БОЛОМЖТОЙ БАЙНА УУ эсвэл WHATSAPP (+12527772105) Рогар Волкерийг адислаж байгаарай. Тэрээр эмчлэх т�##�аар онцгой юм1. (ХДХВ / ДОХ) 2. (HERPES) 3. (ХАВДАР) 4. (ALS)5. (Гепатит В) 6. (ЧШХ)7. ХҮНИЙ Папилломавирусын өвчин (ХПВ)8. (ALZHEIMER) 9. LUPUS (Lupus Vulgaris эсвэл Lupus Erythematosus)Мөн бусад10. (Олон склероз) 11. (Шизофрени) 12. (Сүрьеэ) 13. (Нефрит ба нефроз) 14. Бүх х�##�дваруудбусад бүх эдгэршгүй өвчин
([email protected]) хаягаар холбогдоорой, ЭСВЭЛ ТЭР ЗАЛГАХ БОЛОМЖТОЙ БАЙНА УУ эсвэл WHATSAPP (+12527772105)

Холбоотой мэдээ

Back to top button