ДЭЛХИЙ

Японд “КОВИД-19”-ийн вакцин хийлгээд нас барвал, талийгчийн гэр бүлд 11 тэрбум төгрөг олгоно

Япон улс олон нийтийн дархлаажуулалтаа хоёрдугаар сарын 17-нд эхлүүлсэн билээ. Тус улс одоогийн байдлаар зөвхөн “Pfizer/BioNTech”-ийн вакцинд ашиглах зөвшөөрөл олгосон бөгөөд хөгжингүй улсууд дундаа дархлаажуулалтаар хоцорч байгаа юм.

Эхний ээлжийн тунг Токиогийн эрүүл мэндийн төв дэх ажилчид тэргүүтэй 40 мянган эрүүл мэндийн мэргэжилтнүүд тариулсан. Тэдний дараагаар эрүүл мэндийн 3.7 сая гаруй ажилчдыг вакцинжуулаад 65-аас дээш насны 36 сая хүнийг дархлаажуулах аж.

Японы Засгийн газар вакцины клиникийн туршилтыг дэлхийн бусад орнуудаас гадна тус улсад хийх хүсэлт гаргасан учир дархлаажуулалт ингэж оройтож эхэлсэн байна. Тус улсад вакцинд эргэлзэх явдал их гардаг тул Японы албан тушаалтнууд вакцины аюулгүй байдлыг зохих ёсоор судлах хэрэгтэй хэмээсэн юм.

Вакцины гаж нөлөөнөөс эмээх явдал Японд их байдаг. 2018 онд тус улсад ханиадны улмаас нас барсан хүмүүсийн тоо 2020 онд “КОВИД-19”-өөр амь насаа алдсан хүний тоотой ойролцоо байжээ. Гэсэн хэдийн ч жилээс жилд ханиадны вакцин тариулах хүмүүсийн хэмжээ 50 хувиас дээшилдэггүй аж.

Тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр “КОВИД-19”-ийн вакцин тариулсны улмаас нас барсан хүний гэр бүлд 44.2 сая иен буюу 11.8 тэрбум төгрөгийн мөнгөн тусламж олгох юм байна. Мөн оршуулах ёслолд туслалцаа үзүүлж 209 мянган иен олгох аж.

Энэ бодлого нь шинэ зүйл биш бөгөөд дан ганц “КОВИД-19”-ийн вакцин гэлтгүй бусад бүх вакцины улмаас нас барсан хүмүүст мөн адил мөнгөн тусламж өгдөг гэнэ. Энэхүү бодлогыг эрүүл мэндийн сайд Норихиса Тамура дурдсаны дараа олны анхаарлыг татсан ажээ. Түүнийг мэдэгдэл хийсний дараа хүмүүс тус бодлогын талаар анхны удаа сонсож байгаа мэт сэтгэгдэл бичсэн байна.

Японы шүүх вакцины гаж нөлөөгөөр хохирсон хүний талд ээлтэй ханддаг тул сүүлийн жилүүдэд Японы эмийн бүтээгдэхүүний компаниуд вакцин үйлдвэрлэхээс зайлсхийх болжээ. Учир нь гэвэл тус улсад вакцин үйлдвэрлэснээр үүрэх эдийн засгийн эрсдэл нь ашгаа давсан байгаа юм

Тус бодлого Японы Засгийн газар вакцины аюулгүй байдалд хэр их итгэдэг гэдгийг харуулж байгаа бөгөөд зарим Япончуудыг дархлаажуулалтад оролцоход түлхэц болж өгөх нь дамжиггүй.

Эх сурвалж: Japan Today, DW

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button