ДЭЛХИЙД: Идэвхжүүлэх үүднээс вакцин тариулсан иргэддээ хөнгөлөлт эдлүүлж байна

“Bloomberg” сайтын хөтөлж буй вакцин хянах хэсгээс харахад одоогийн байдлаар дэлхийн 100 гаруй улсад 225 сая тун вакцин тарьсан байна. Хүн амын дархлаажуулалтаар Израиль улс тэргүүлж байгаа бөгөөд 100 хүн тутамд 86.9 тун тарьж нийт иргэдийнхээ 51.1 хувьд дор хаяж нэг тун хийжээ.
Вакцины гаж нөлөөнөөс айж эсвэл үр дүнтэй гэж итгэдэггүй хүмүүс байгаа нь мэдээж. Иймд зарим улсууд ард иргэдийнхээ дархлаажуулалтад оролцох идэвхийг нэмэхийн тулд вакцин тариулсан хүмүүст тусгай хөнгөлөлт эсвэл үнэгүй зүйл өгч байгаа аж.
Тухайлбал Израиль улсын эрүүл мэндийн салбарын албан тушаалтнууд дархлаажуулалтын цэгт иргэдээ татахын тулд үнэгүй пицца, кофе гэх мэт зүйл өгөхийг санаачилжээ. Мөн тус улсын эрүүл мэндийн сайд Юли Эдельштейн хэлэхдээ вакцинжуулалтад бүрэн оролцсон хүмүүс болон “КОВИД-19” тусаад эдгэрсэн иргэдэд ногоон карт олгох гэсэн юм.

Зөвхөн ногоон карттай хүмүүс л фитнесс, кино театр, сүм хийд болон спортын үйл ажиллагаанд оролцох боломжтой гэнэ. Гуравдугаар сарын эхээр уг жагсаалтад бар болон ресторануудыг нэмэхээр төлөвлөсөн байна.
Харин Дубай хотод “КОВИД-19”-ийн эсрэг вакциныг тариулсан хүмүүст ресторанаар үйлчлүүлэхэд хөнгөлөлт өгч байгаа гэнэ. “Gates Hospitality” байгууллагын ажиллуулдаг ресторан вакцины анхны тунг тариулсан хүмүүст 10 хувь, хоёр дахь тунг тариулбал 20 хувийн хөнгөлөлт үзүүлэх аж.
Үйлчлүүлэгчид эрүүл мэндийн хуудас гэх мэт вакцин тариулсан гэдгээ батлах баримтаа авчраад хөнгөлөлтөө эдлэх юм. Гэхдээ зарим хүн уг явдлыг шүүмжилсэн бөгөөд нэгэн Твиттер хэрэглэгч “Үүнийг хоёр өнцгөөс харж болно. Тэд үнэхээр чин сэтгэлийн үүднээс хөнгөлөлт үзүүлж байгаа юу эсвэл зүгээр л нэг маркетинг үү. Би сүүлийн өнцгөөс нь харж байгаа. Гэхдээ миний буруу байж болно л доо” хэмээжээ.
Харин АНУ-д томоохон компаниуд вакцин тариулсан ажилтнууддаа санхүүгийн урамшуулал олгож байгаа гэнэ. Тухайлбал “McDonald’s”, “Target”, “Aldi”, “Dollar General”, “Chobani”, “Kroger”, “Trader Joe’s” гэх мэт компаниуд вакцин тариулах ажилтнууддаа цалинтай чөлөө эсвэл нэг удаагийн тэтгэмж өгөх болжээ. Мөн тус улс даяарх бизнесүүд дархлаажуулалтыг дэмжин вакцин хийлгэсэн хүмүүст хөнгөлөлт эсвэл бэлгийн карт өгч байна. Тухайлбал Чикаго хотод шар айргийн бар ажиллуулдаг Жефф Хоффман 10 долларын үнэтэй мянган ширхэг бэлгийн карт өгөхөөр төлөвлөжээ.
Эх сурвалж: fortune.com, geo.tv, world of buzz
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоогоор өөрийн эрх гэж байгаа боловч дараа нь хүссэн хүсээгүй хааж боож байгаад вакцинд хамруулна.Дэлхийн нууц эздийн ажил төлөвлөгөөнийхөө дагуу явж байна.Бид ирээдүйд илүү аймшигтай зүйл үзэх болно.