ВИДЕО КОНТЕНТНийгмийнНИЙГЭМСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

СУРВАЛЖИЛГА: Халдварын голомт “Баянзүрх эмнэлэг” хог хаягдлаа ил задгай хаяж буй нь иргэдийг АЙЛГАЖ байна

-Та нар энд хогоо ингэж хаяхаа болиоч ээ. Бид халдвар авбал яах юм бэ?

-Санаа зоволтгүй ээ. Энэ торонд дандаа аюулгүй хог хаягдал бий.

-Юу ч байгаа юм билээ, яаж мэдэх юм бэ. “Баянзүрх эмнэлэг” коронавирусийн голомт шүү дээ. Үүнээс чинь болж оршин суугчид халдвар авбал та нар хариуцлага хүлээх үү?

-Энэ манай эмнэлгийн газар. Энд манайх хогоо үргэлж хаясаар ирсэн. Та нар ийшээ дөхөхгүй байхад л болно шүү дээ.

“Баянзүрх эмнэлэг”-ийн нэг ажилтан эмнэлгийн хог, хаягдлаа орон сууцны дэргэдэх хогийн цэгт ил задгай хаяхад нь оршин суугчид эсэргүүцэн ийн ярилцав.

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах “Баянзүрх эмнэлэг” хог хаягдлаа яг ардаа байрлах орон сууцнуудын дэргэдэх хогийн цэгт ил задгай хаядаг. Ойр хавийн орон сууцны айлууд ч мөн энд хогоо хаядаг тул эмнэлгийн, ахуйн хог үргэлж холилддог. Коронавирусийн халдварын томоохон голомтын нэг “Баянзүрх эмнэлэг” аюултай хог хаягдлаа удаа дараа энэ хогийн цэгт хаядаг, энэ нь халдвар тархах, иргэдэд халдаах эрсдэл учруулж байна гэж оршин суугчид хэлэв.

“Баянзүрх эмнэлэг”-ийн хогийн цэг

Эмнэлгийн зүү, тариураас авхуулаад аюултай хог, хаягдал хаясан байхтай нь хэд хэдэн удаа таарсан гэнэ. Үнэндээ хар торонд хийгээд хаяж буй хогон дотор юу байгааг, иргэдэд, байгаль орчинд ямар аюул учруулж буйг таамаглахад бэрх. Нөгөө талаар энд эмнэлгийн хог хаяж буй ажилтнаас “TV4” телевиз тодруулахад “Аюултай, халдвартай хог хаягдал хаяж байна” гэж хэлсэн нь иргэдийг айдаст автуулж, улам эргэлзүүлсэн юм.

“Баянзүрх эмнэлэг” халдварын томоохон голомт мөртлөө хог, хаягдлаа дээвэр ч үгүй ийм цэгт шууд ил хаяж буй нь өөрөө асуудал. Өвчтөний хоолны үлдэгдэл, бусад хогоо хаядаг гэж буй ч энэ нь өөрөө халдвар тараахгүй гэх баталгаа үгүй. Ялангуяа цар тахалтай, хаана хаанаа өчүүхэн ч сэрэмж алдах учиргүй өнөө цагт бүр ч их. Орон гэргүй иргэд энэ хогийн цэгийг үргэлж ухдаг. Ийшээ ойр хавийн байрны иргэд хогоо мөн хаядаг, дэргэдүүр нь хүмүүс үргэлж явдаг. Ийм эрсдэлтэй нөхцөлд энэ хавийн иргэдийг амьдруулж байна, “Баянзүрх эмнэлэг”.

За, тэгээд иргэдийн хэлж буйчлан аюултай хог хаягдлаа сэмээрхэн хаяад байгаа бол яах вэ. Халдвартай байгаа өнөө цагт хаясан хогон дотор нь юу байна гээд торыг нь задлахаас эмээж суугаагаа иргэд хэлсэн. Үнэндээ энэ хэрээр халдвар авах эрсдэлд иргэдийг оруулж байна. Энэ асуудлаар иргэд холбогдох байгууллагуудад удаа дараа хандсан ч тодорхой хариу өгөлгүй өдий хүрчээ. Бид энэ удаа эл асуудлыг хөндлөө.

“Баянзүрх эмнэлэг”-ийн хогийн цэгийн яг хажууд нь 82, 106, 107 дугаар байр бий. Хамгийн эрсдэлтэй нөхцөлд амьдарч буй нь эдгээр байрны оршин суугчид. Бид оршин суугчдын байр суурийг эхлээд хүргэе.

Ц.СУГАРСҮРЭН: ХАЛДВАРЫН ГОЛОМТ БОЛСОН ЭМНЭЛЭГ ХОГОО ИЛ ХАЯЖ БУЙ НЬ ХАЛДВАР, ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМ МӨРДӨЖ БУЙ ХЭРЭГ ҮҮ

/106 дугаар байрны оршин суугч/

-Энэ хавийн оршин суугчид “Баянзүрх эмэлэг” аюултай хог хаягдлаа энд хаядаг гэж харддаг. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Би ч бас тэдэнтэй санал нийлнэ. Энэ талаар би үргэлж санаа зовж явдаг юм. Манай орон сууцны энэ жижигхэн хашаанаас гаднах нь “Баянзүрх эмнэлэг”-ийн газар. Бид тус эмнэлгийн хашаанд шахам амьдарч буй хүмүүс. “Баянзүрх эмнэлэг” хувийнх. Өөрийнхөө газар дээр юугаа барих, яах нь тухайн хүний асуудал. Газар дээрээ хогийн цэг бариад, хогоо хаях нь ч тэдний эрх, бид юугаа хэлэх вэ. Хамгийн гол нь тэгэхдээ иргэдийн эрүүл, аюулгүй орчныг хангах хэрэгтэй. Эрүүл, аюулгүй орчин гэдэг энд үнэхээр алдагдаж байна. Яаж ч бодсон.

“Баянзүрх эмнэлэг” өөрөө халдварын голомт. Тэгсэн мөртлөө эмнэлгийн хог, хаягдлаа олон орон сууцны дэргэд шууд ингээд ил задгай хаяж буй нь тэгээд халдвар, хамгааллын дэглэм мөрдөж буй хэрэг үү. Гайхаад асуухаар “Дандаа аюулгүй хогоо хаядаг” гээд халгаадаггүй. Аюулгүй хог хаягдал байсан ч түүгээр нь халдвар тархахгүй гэх баталгаа байхгүй. Нөгөө талаар тухайн торон дотор ямар ч хог хаяж байгаа юм билээ. Адгийн наад зах нь “Баянзүрх эмнэлэг” энд үйлчлүүлэгчдийнхээ улавч, амны хаалт зэргийг энд хаядаг. Коронавирус туссан, илрээгүй хүний зүүсэн амны хаалтыг мэдэлгүй энд хаявал яах вэ. Энэ хавийн иргэдэд халдвар тархана шүү дээ.

Энэ хогийн цэг дотор “Баянзүрх эмнэлэг”-т нас барсан хүний углааш байсан. Шууд ил хаячихсаныг нь нохой зуугаад явж байсан юм.

-Иргэд энэ асуудлаар холбогдох байгууллагуудад гомдол гаргасан гэнэ. Аюултай хог хаягдал хаясан байхыг нь та харсан уу?

-Зүү, тариур их хаягддаг. Надад баримт бий, зураг нь байдаг юм. “Баянзүрх эмнэлэг”-ийнхэн эмнэлгийн хувцастайгаа ирж, энд хогоо хаядаг. Иргэд энэ асуудлаар тус эмнэлгийн удирдлага, холбогдох байгууллагуудад гомдол гаргахаар тоодоггүй.

Энд бас нэг асуудал бий. Манай байрны яг хажууд Морг (цогцос хадгалах газар) байдаг. Агааржуулалтын хоолой нь яг манай байр руу харсан тул байнга эвгүй үнэр үнэртдэг.

Та нар энэ контейнарын ард юу байгаа гэж санана. Очоод үзээрэй. Энэ контейнар “Баянзүрх эмнэлэг”-ийн даргын хүүгийнх юм гэнэ лээ. Эзэмшил газар дээрээ юугаа тавих хүний асуудал. Гэхдээ иргэд бидний аюулгүй байдал үнэхээр алдагдаж байна.

Ч.ДУГАРАА: ХАЯСАН ХОГООС НЬ ИРГЭД ХАЛДВАР АВБАЛ ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ

Энэ үеэр тус орон сууцны нэгэн иргэн ирэв. Түүнийг Ч.Дугараа гэдэг. 106 дугаар байрны оршин суугч тэрбээр “Энэ эмнэлгийн хог ёстой хэцүү байна. Танайх ирээд энэ асуудлыг хөндөж буйд ёстой их баярлалаа” гээд ийн ярив.

-“Баянзүрх эмнэлэг” ёстой замбараагүй, хувийнх болохоор иргэдийг ингэж дээрэлхдэг юм уу хаашаа юм бэ. Хөл хорио тогтоосон үед энэ эмнэлэгт нэг хүн нас барсан шүү дээ. Цогцосыг нь авахаар ирсэн хүмүүс эмнэлгээс гарч ирээд бүгд энд ирээд, машинаасаа буусан. Тэгэнгүүтээ амны хаалт, улавч, гадуураа өмссөн нөмрөгөө ийш нь шууд шидчихээд явчихсан. Ядаж уутанд хийгээд хаяж болно шүү дээ. Хогийн цэгийн гадна шидчихээд явсан, салхинд хийсээд, энэ хавиар хөглөрөө хэд хоносон. Ер нь “Баянзүрх эмнэлэг” гэлтгүй энэ хавийн эмнэлэг их замбараагүй.

Эмнэлгийнхэн амны хаалт, улавчнаас авахуулаад хамаг юмаа ийш нь хаячихдаг. Манайх цонхоо огт онгойлгодоггүй. Эн хогийн цэгээс гарахгүй юм байхгүй. Зүү, тариураас авхуулаад юм юм гарч ирдэг. Одоо хаврын салхинд энд тэндгүй хийсээд байна. Манай энд орон гэргүй иргэд ихтэй. Байнга энэ хогийн цэгийг ухдаг. Аюултайгаас нь үгүй юм гэхэд аюулгүй гээд байгаа хогоос нь халдвар авбал хэн хариуцлага хүлээх вэ.

-Гомдол гаргахаар “Баянзүрх эмнэлэг” ямар хариу өгдөг вэ?

-Ерөөсөө тоодоггүй. Энэ эмнэлгийн ажилчид энд хогоо хаясныхаа дараа тамхи татна гэж жигтэйхэн. Энэ хогийн цэгийг л холдуулмаар байна. Тэгж байж л цэгцэрнэ. Цар тахалтай байгаа энэ цаг үед коронавирусийн голомт болсон эмнэлэг хогоо орон сууцнуудын дэргэд ил задгай хаяж байна гээд нэг төсөөл дөө. Халдвар авчих вий, аюултай хог хаягдлаа дахиад хаях вий гэсэн айдастай амьдрах хэцүү юм байна.

А.ШАГДАРСҮРЭН: ЭМНЭЛГИЙН ХОГ, ХАЯГДЛЫГ ИЙМ ГАЗАР, ОРОН СУУЦНУУДЫН ДУНД ХАЯХ ЁСГҮЙ

Бид мөн 106 дугаар байрны СӨХ-ны дарга А.Шагдарсүрэнгээс зарим зүйлийг тодруулахад “Баянзүрх эмнэлэг” хогоо зориулалтын бус саванд хаядаг. Эмнэлгийн хог, хаягдлыг ийм газар хаях ёсгүй. Эмнэлгийн хог бол ахуйн хогоос өөр. Тиймээс энэ хогийн цэгийг зориулалтын болгох хэрэгтэй. Ядахдаа дээвэртэй, битүү. Гэтэл иргэд удаа шаардлага тавиад тусыг эс олсон, тоогоогүй.

Энэ хогийн цэг хаалга ч үгүй, бэрх юм байсан. Одоо арай дээр болчихоод байгаа нь энэ. “Баянзүрх эмнэлэг”-ийнхэн эмнэлгийн хувцас, углааштайгаа алхаж ирээд хог хаядаг. Нөгөө халдвар, хамгааллын дэглэм хаана байна вэ. Эмнэлгийн байгууллага арай өөр байх ёстой шүү дээ. Эндээс зүү, тариур гардаг. Цар тахалтай гэлтгүй бусад үед аюултай хог хаягдалд багтаан, өөр газар хаях, устгах ёстой шүү дээ.

Энэ хогийн цэгийн ард нь том улаан контейнар бий. Нуль хог, баас, шээс, байхгүй юм үгүй. Энэ улаан контейнарыг холдуулаач гэж иргэд байнга гомдол гаргадаг. Энэ хавьд “Баянзүрх эмнэлэг”-ээс гадна хэд хэдэн эмнэлэг бий. Асуудал гараад, гомдол гаргахаар бие бие рүүгээ бухдаг.

Н.МӨНХМАНДАХ: ЭНД ХОГОО БАЙНГА ХАЯДАГ ЭМНЭЛГИЙНХЭНД ШААРДЛАГА ТАВИХААР ТООДОГГҮЙ

Энэ үеэр мөн тус байранд оршин суудаг Н.Мөнхмандах “Хогийг зориулалтынх нь дагуу ялгаад, хаях учиртай. Гэтэл энэ хогийн цэгт эмнэлгийн, ахуйн хог холилддог. Орон гэргүй иргэд ухаад, бужигнуулдаг. Эмнэлгийнхэн энд байнга хог хаядаг. Шаардлага тавихаар тоодоггүй. Цаг үеийн нөхцөл байдал ямар байгаа билээ. Хаана, хэзээ ч халдвар авч мэдэх эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа шүү дээ, бид. “Баянзүрх эмнэлэг” аюултай хог, хаягдлаа энд ил задгай хаядаг асуудлаар энэ хавийн оршин суугчид гомдол гаргасныг нь би дэмжиж байна” гэлээ.

“БАЯНЗҮРХ ЭМНЭЛЭГ” ХОГ, ХАЯГДЛАА ИЛ, ЗАДГАЙ ХАЯЖ БАЙГАА НЬ:

“БАЯНЗҮРХ ЭМНЭЛЭГ”: МАНАЙХ ТЭНД ЗӨВХӨН АХУЙН ХОГОО ХАЯДАГ

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэхийн тулд “Баянзүрх эмнэлэг”-ээс тодруулахад “Манай эмнэлэг тэнд зөвхөн ахуйн хог, хаягдлаа хар уутанд хийгээд, хаядаг. Нэг зүйлийг иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй. Манай эмнэлийн ойролцоо дөрвөн ч эмнэлэг бий. Бүгд манай хогийн цэгт хогоо хаядаг. Тэгэхээр тэнд хаясан хог бүхэн “Баянзүрх эмнэлэг”-ийнх биш юм шүү. Уг нь тэнд зөвхөн манай эмнэлэг хогоо хаях ёстой. Эмнэлгийн хувцастай бол манай эмнэлгийн ажилтан биш.

Та бүхэн тэр бичлэгийг үзсэн байх. Ахуйн хогоо хаясан үйлчлэгч сэтгүүлч гэнэт асуунгуут сандарсандаа л тэгээд хэлчихсэн байна лээ.

Манайх эмнэлгийн аюултай хог хаягдлаа дур мэдэн хаях эрхгүй. Бүгд норматив, стандарттай. Манай эмнэлэг өөртөө тусгай хог хаягдал хадгалах цэгтэй. Тэндээ түр байршуулж байгаад мэргэжлийн байгууллагад өгдөг. Зориулалтын шар уутанд хийн, уусмалаар халдваргүйжүүлдэг. Аль тасгаас хэдэн кг, ямар гаралтай хог хаясныг нарийн тэмдэглэж, бүртгэдэг.

Манай эмнэлгийн ажилчид нэг удаагийн нөмрөг нөмөрч ирээд энд хогоо хаядаг. Эмнэлэг рүү орохдоо сольдог. Мэдээж эмнэлгийн хогийг ингэж ил задгай хаях нь стандарт бус” гэлээ.

ЭНЭ ХАВИЙН ОРШИН СУУГЧИД ЦОНХОО Ч ОНГОЙЛГОХ БОЛОМЖГҮЙ НӨХЦӨЛД АМЬДАРЧ БАЙНА

Та бүхний харж буй энэ улаан контейнарын ард хүссэн бүхэн ирээд бие засдаг гэнэ. Огт цэвэрлэдэггүй тул хог хуралдан, муухай үнэр үргэлж үнэртдэг юм байна. “Баянзүрх эмнлэг”-ийн хогийн цэг яг хажууд нь, контейнарын арын хуралдсан хог, муу усны эвгүй үнэрийн улмаас иргэд цонхоо онгойлгох боломжгүй нөхцөлд амьдарч байна.

СЭТГҮҮЛЧИН ТЭМДЭГЛЭЛ: Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны иргэд ийм хүнд, аюултай нөхцөлд амьдарч байна. “Баянзүрх эмнэлэг” аюултай хог, хаягдлаа ч мөн дэргэдэх хогийн цэгт нь хаядаг, зүү тариур хаясан байх нь энгийн үзэгдэл гэдгийг иргэд хэлж байв. Өнөөдөр цар тахлын нөхцөл байдал ямар байгаа билээ. Аюултай ч бай, аюулгүй ч бай халдварын голомт бүхий эмнэлэг хог, хаягдлаа орон сууцнуудын дунд, ил задгай хаяж байгаа нь өөрөө халдвар тархах эрсдэл дагуулж байгаа юм. Иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй.

Аюулгүй хогоо хаяж буй гээд “Баянзүрх эмнэлэг” өөрсдийгөө өмөөрч байгаа ч үүгээр нь халдвар тархахгүй гэх баталгаа үгүй. Мөн хогон дотроос зүү, тариураас авхуулаад эмнэлгийн хэрэгсэл гарч ирдэг нь ч мөн асуудал. Энэ хэрээр иргэд халдвар авчих вий гэх айдастай амьдарч, тэдний амгалан тайван, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд ноцтой халдаж байгаа юм. Хэдийгээр “Баянзүрх эмнэлэг” эзэмшил бүхий газар дээрээ хогийн цэг барьсан, тэндээ хогоо хаядаг ч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах нь тэдний үүрэг. Тэр тусмаа эмнэлгийн байгууллага, халдварын голомт болсон эмнэлэгт энэ бүр ч их хамаатай.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

  1. Зөвхөн эмнэлэг ч биш бүгд гудамжинд хог хаяхаа больё. Харин эмнэлгийн ажилчид хог эсвэл цэвэрлэгээ хийхдээ бээлий өмсөж байгаасай. Учир нь дан өвчний уурхайг цэвэрлэж буй учир гарт нь жоохон л цэг шиг шарх байв#### тэрүүгээр чинь х####двар орж өвдөх магадл#### өндөр. Хараад байхад үйлчилгээний ажилтан нь цэвэрлэгээний бээлийтэй хэр нь тэрийгээ өмсөхгүй цэвэрлэгээ хийдэг харагддаг. Энэ аюултай.

  2. Энэ эмнэлгийн асуудлыг хурдан шийдэхгүй бол ингээд янз бүрээр ард түмнийг хохироож өдөөд байна

  3. Баянзүрхийн эмнэлгийг улсынх болгочихвол ард иргэдийн эрүүл мэндэд арай өөриймсөг ханддаг болох байхдаа.Ямар амьтан авсан болоод ард иргэдийг цаг үргэлж айдастай амьдруулж байнаа.Яасан муухай сэтгэлтэй хүн энэ эмнэлгийг удирдаж байгаан бэ? Төр засаг энэ эмнэлгийг анхаар####даа авч хурдан арга хэмжээг аваачээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button