СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

ТОДРУУЛГА: Хар хорхойн нүүдэл орж ирсэн гэдэг ТАШАА мэдээлэл

Сүүлийн өдрүүдэд Сибирийн ойд их хэмжээний түймэр дэгдсэнээс, манай улсад хар хорхойн нүүдэл орж ирсэн гэх мэдээлэл иргэдийн дунд тархах болсон. Энэхүү мэдээллийн дагуу бид иргэдэд шинжлэх ухаанч байдлаар үнэн зөв, баттай эх сурвалжтай мэдээллийг хүргэхээр ШУА-ийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шавж судлаач, Д.Энхнасангаас дараах тодруулгийг авлаа.

-ИРГЭД ЖИЙГЭЭ ЦОХЫГ ХАР ХОРХОЙТОЙ АНДУУРЧ БАЙНА-

“Одоогоор ямар нэгэн шавжны нүүдэл мэдэгдсэн зүйл байхгүй. Иргэд элбэг үзэгдэх болсон энэхүү шавжийг хар хорхой гэж буруу ойлгож байна.

Тархаад байгаа шавж нь 300 орчим зүйл байдаг “Carabinae” төрлийн “жийгээ цох” гэх монгол нэршилтэй, ялгах сүвнийхээ булчирхайгаар хорт шингэн ялгаруулдаг, хатуу далавчтаны  багийн шавж.  Ургамлын үндэс болоод жижиг сээр нуруугүйтэн амьтдаар хооллодог. Чийгтэй, бороо ус элбэгтэй байгаа болохоор олон тоогоор хүний нүдэнд ил харагдагдах нь элбэгшиж байна.

-УГ ЦОХ НЬ ХҮНИЙ БИЕД ХҮНД ХОХИРОЛ УЧРУУЛДАГГҮЙ-

Мэрэх амны эрхтэнтэй, махчин шавж учраас хүний арьсыг чимхээд авсан мэт бага зэрэг өвтгөж, улайх загатнах шинж тэмдэг илрүүлэхээс бусдаар хүний биед хүнд хэлбэрийн хор хохирол үзүүлэхгүй. Лагер, зусланд гараад нам дор газар унтахдаа чихээ бөглөх, бага насны хүүхдээ анхааралтай харах хэрэгтэй” гэлээ.

Сибирийн түймрээс болж, хар хорхойн нүүдэл орж ирсэн гэдэг нь буруу мэдээлэл гэдгийг тодотгосон юм.

-ЧИХЭНД ЦОХ ОРСОН ТОХИОЛДОЛД УХВАЛ ХЭНГЭРЭГ ГЭМТЭХ АЮУЛТАЙ-

Жийгээ цохонд хазуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авах тухай яаралтай түргэн тусламжийн утасруу залгаж дараах мэдээллийг авлаа.

“Ямар нэгэн шавж чихрүү ороод эмнэлэгийн тусламж авч чадахааргүй хол байгаа тохиолдолд, шавж орсон чихрүүгээ 50 мл орчим ус хийж, хөвөнгөөр бөглөөд орсон талруу хэсэг хугацаанд тонгойсноор гаргаж ирэх боломжтой.

Хот, төв газар байвал яаралтай чих, хамар хоолойн эмчид үзүүлээд шавж аль хэсэгт явж байгааг харуулж, авахуулах хэрэгтэй. Ямар нэгэн зүйлээр дур мэдэн оролдож, чихээ ухах нь хэнгэрэг гэмтээх аюултай учир мэргэжлийн эмч дээр очих нь хамгийн найдвартай арга” гэсэн юм.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button