Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: ПЕТРОВИСЫН БЕНЗИН автомашины насос эвдэж буй нь ҮНЭН ҮҮ

Петровис шатахуун түгээгүүрийн байнгын хэрэглэгчид хөдөө явсан тохиолдолд заавал бензиний насос солих шаардлагатай болж байна, энэ талаар тодруулж мэдээлэл бэлтгэж өгнө үү гэсэн хүсэлт иргэнээс бидэнд ирсэн. Түүнчлэн цахим орчинд ч ижил агуулга бүхий гомдлууд бичигдсэн байсан тул бид уг асуудлаар дараах мэдээллийг бэлдлээ.

-БЕНЗИНИЙ НАСОС 50-650 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ-

Гомдол гаргасан иргэд бензиний насосыг жилдээ нэгээс хоёр удаа сольж байгаа талаар дурдсан байсан. Иймд бензиний насосны үнийн талаар мэдээлэл авахаар автомашины сэлбэгийн худалдаа үйлчилгээ явуулдаг 100 айл дахь “Авто плаза” захыг бид зорьсон юм. Энд хамгийн хямд бензиний насос 40 мянган төгрөгөөс эхэлж байлаа. Энэ жижиг хөдөлгүүртэй Honda маркийн автомашиных насос гэв. Түүнчлэн эдгээр нь машины хөдөлгүүр болон маркаас хамааран үнэ өснө. Харин хамгийн үнэтэй бензиний насос нь 500-650 мянган төгрөгийн үнэтэй буюу Арабаас орж ирсэн Land-200, Lexus 470, 570 гэх мэт машины насос гэв.

-БАЙР СУУРЬ: ПЕТРОВИСЫН ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН САЛБАРУУДАД АСУУДАЛ БИЙ-

Иргэн Б.Отгонбаяр: БЕНЗИНИЙ НАСОС ХУРДАН ЭВДЭРЧ БАЙГАА НЬ БАЙНГА ШАР ГЭРЛЭЭ АСААДАГТАЙ ХОЛБООТОЙ

-Олон жил машины сэлбэг зарлаа. Ганц нэг муу бензиний насос байдаг ч арай л жил болоод солих хэмжээнд байхгүй. Ер нь бол бензиний насос элдэв хольцтой болон хог шороотой бензин хийснээс болж эвдэрдэг.

Энэ зөвхөн хэрэглэгчээс шалтгаалж байгаа гэж өөрийн зүгээс бодож байна. Би одоо унаж байгаа машинаа 10 жил унасан. Хоёр гурван жил болоод бензиний насосоо сольсон. Машиныхаа насос сольсноос хойш зургаа долоон жил болж байна. Хүмүүс монголын бүх шатахуун муу л гэдэг. Харин би эсрэгээр нь бодож байна. Бүх бензин шалгалтаар орж ирдэг шүү дээ. Бид л өөрсдөө, удаан хугацаанд бензиний шар гэрлээ асааж явдаг, шатахууны саваа бохирдуулснаас  болдог байх.

Иргэн С.Боргил: ӨНГӨРСӨН ЖИЛИЙН БЕНЗИН ХОМСДОЛЫН ҮЕЭР ООЧИРЛОЖ АВСАН ТҮЛШ МАШИН ДОГОЛДУУЛЖ, ПЕТРОВИСЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭХЭЭ БОЛЬСОН

-Миний хувьд өмнө нь петровисын үнэнч хэрэглэгч байлаа. Гэвч өнгөрсөн жилийн бензин хомсдолын үеэр бензин маш удаан оочирлож авч хийлгэсэн ч, яг тэр үйл явдлын дараа машины маань цагаан голд дуу орж, утаа хаяж эхэлсэн.  Тэр цагаас л хойш хэрэглэхээ больсон. Бусад шатахуун түгээгүүрүүдтэй харьцуулахад адилхан үнийн дүнд бензин хийлгээд явахад бага километр явж, мотор доголдож байсан. Бас нано 92 нь өмнөх АИ92 гэж боддог. Хямд зарагддаг АИ92 нь нано гарсны дараа зарагдахдаа өөр төрлийн бензин мэт санагдсан шүү.

Иргэн Т.Батболд: ПЕТРОВИСЫН ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН ТҮГЭЭГҮҮРҮҮДИЙН БЕНЗИН АСУУДАЛТАЙ

-Би петровисын байнгын үйлчлүүлэгч. Гэхдээ нэг зүйлийг мэдэж авсан. Хөдөө орон нутгийн салбарууд дахь бензин нь асуудалтай. Тэр тусмаа Төв аймаг дахь салбарууд.

-ИРГЭД МЭДЭЭЛЭЛ МУУ УЧРААС ТӨӨРӨГДӨЛД ОРДОГ, ГОМДОЛ МЭДЭЭЛЛЭЭ 11330505 УТСАНД ӨГВӨЛ БИД ШУУРХАЙ АЖИЛЛАЖ, АСУУДЛЫГ ШИЙДНЭ-

Иймд бид “Петровис ХХК”-ийн маркетингийн албанаас энэ талаар тодрууллаа.

-Танай компанийн байнгын үйлчлүүлэгчид жилдээ нэг удаа бензиний насосоо сольж байна. Бензинд ямар нэгэн асуудал байна уу хэмээн тодруулахыг биднээс хүссэн юм. Та энэ талаар хариулт өгөөч?

-Манай бензиний тухайд ямар нэгэн асуудал байхгүй. Бид ОХУ-аас вагоноор оруулж ирдэг бөгөөд Монгол улсад буух үед улсын байцаагч болон албаны бүх хүмүүс байлцаж шалгаж авдаг байгаа. Харин дээрх гомдлын тухайд тухайн хэрэглэгч бидэнд шууд хандаж, машинаа оношлуулан асуудлыг шийдүүлэх хэрэгтэй. Манайхан машиндаа ямар бензин хэрэглэх тал дээр бага мэдээлэлтэй байдаг. Хүн аливаа зүйлс хэрэглэхдээ харшилдаг эсэхээ мэдэж тэдгээрийг хэрэглэдэг. Гэтэл манайхан бүгд нэг л бензинийг хэрэглэх гээд байдаг талтай. Иймд бидэнд шууд гомдлоо гаргаж, зөвлөгөө мэдээлэл авч асуудлыг шийдвэрлүүлээрэй. Манай компанийн хэрэглэгчийн санал гомдлыг 11330505 гэсэн утсаар авч, асуудлыг шуурхай шийдвэрлэж өгдөг. Түүнчлэн манай компанийн албан ёсны фэйсбүүк хуудас болон твийтэр хуудсанд хандсан ч болно. Ихэвчлэн хэрэглэгчид маань санал гомдлоо гаргаж болох суваг сүлжээнүүдийг мэдэхгүй хэвлэл болон салбаруудад гомдол гаргасан байдаг. Тиймээс иргэд маань үүнийг хараад бидэнд шуурхай мэдээллээ өгч байгаарай гэж хүсэж байна.

-Хөдөө орон нутгийн салбаруудын бензинээ хэрхэн түгээдэг вэ? Түгээлтийн явцад шороо, бохирдол орох боломжтой юу?

-Хөдөө орон нутгийн салбаруудад түгээх 10 том агуулахтай. Тэдгээр нь тодорхой том том байршлуудад бий. Тухайлбал, Орхон аймагт нэг агуулах нь байна. Эдгээр нь мөн л адил бохирдол бодис орох боломжгүйгээр тээвэрлэгдэж очдог. Манай компани олон улсын шаардлагад нийцсэн тусгай “Петровис” хэмээх лаборатори бий. Үүндээ бид судалгаа шинжилгээ хийдэг, мөн 100 хувь хольцгүй бензинийг оруулж ирдэг.

Д.ЖАРГАЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ч.ОТГОНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button