НИЙГЭМ

Э.Наранхүү: Би ачааны хүндийг үүрч яваа алба хаагчдаараа бахархдаг

Ярилцлагын маань зочны алхаа, цог жавхаат байдал нүдэнд харагдана. Алдарт Queen хамтлаг тэр дундаа хамтлагийн гоцлол дуучин, домогт рок од Фредди Меркьюригийн фен нэгэн бүсгүйтэй ярилцсан догдлол одоо ч хэвээр байна. Тэр бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Э.Наранхүү юм. 

Тэрбээр Өвөрхангай аймагт төрж өссөн бөгөөд аймагтаа ерөнхий боловсрол эзэмшжээ. Таван хүүтэй Эрдэнээгийн ганц охин тул эрчүүдийн дунд эрэмгий ч, эрхэлж бөмбөрч өссөнөө дурсан ярив.Хурандаа Э.Наранхүү 2001 онд эрх зүйч мэргэжил эзэмшсэн бөгөөд оюутан байхдаа хань Цэвээний Наранбаттай учирч, хоёр хүүхдийн аав ээж болцгоожээ.

-Хөдөө талд өссөн жаахан охин оюутан болоод хотод суурьшив уу?

-Би 1995 онд Улаанбаатар хотод оюутан болохоор ирсэн. Бага байхдаа аав, ээжтэйгээ хотруу хаа нэг ирнэ. Тэр үед хот их сайхан гэрэл гэгээтэй, гоё газар шиг санагдаж байсан. Оюутан байхдаа ханьтайгаа учирч, 2002 онд сургуулиа төгсөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад томилогдсон. Өдгөө 20 дох жилдээ ажиллаж байна.

Хурандаа болох хүртлээ ямар, ямар ажил албыг хашиж энэ зэрэгцээ хүрснийг тань сонирхож байна?

-Анх энэ байгууллагадаа дэслэгч цолтой, боловсон хүчний байцаагчаар томилогдсон. Дэслэгч, ахлах дэслэгч, ахмад, хошууч, дэд хурандаа гээд цол алгасаагүй. 2020 оны долоодугаар сард хурандаа гэх эрхэм цолыг хүртсэндээ би өөрийгөө үнэхээр азтай гэж боддог. Ажлын анхны гараа байгууллагатай маань салшгүй холбоотой юм. 421 дүгээр ангид тоо бүртгэлийн байцаагчаар гурван жил орчим, 407 дугаар ангид хүний нөөц, сургалт, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр таван жил ажиллаад 2015 онд буцаад төв аппаратдаа хүний нөөцийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажилласан. Арван зургаан жил хүний нөөцийн чиглэлээр ажилласан байна.

Бага байхаасаал цэргийн хүн болно гэж мөрөөдөж, хүсч ирсэн. Анх дэслэгч цолтой, цэргийн хувцсыг яаж өмсөхөө ч мэдэхгүй тийм л хүүхэд ажилд томилогдож байлаа. Тухайн үед хүний нөөцийн хэлтсийн даргаар хурандаа Надмидцэрэнгийн Баттогоо, Захиргааны удирдлагын газрын даргаар хурандаа Хөхөөгийн Уламбаяр гэж хоёр мундаг хүн байсан. Хүний нөөцийн ахлах байцаагч, дэд хурандаа Эрдэнэтогтоол, бэлтгэл дэд хурандаа Насанбат гэж хүмүүсийн гар дээр ирж ажиллан, ямар үүрэг гүйцэтгэдэг, боловсон хүчний ажил гэж юу байдгийг сурч авч байлаа.

Цол зүүх тэр  агшинд төрдөг мэдрэмжээсээ хуваалцаач?

-Хүсч мөрөөдөж явсан учир цэргийн цол зүүгээд ирэхээр өөрийн эрхгүй л мөррүүгээ хармаар санагдаад байдаг байсан.  Тийм л шинэхэн дэслэгч тангараг өргөж байлаа. Тангараг өргөхдөө яаж алхаж гишгэхээ ч мэдэхгүй, дарга нарын өмнө ёслохдоо чичирч байснаа санаж байна. Манай гэр бүлд нэг ч цэргийн хүн байхгүй. Тавын таван хүүтэй манайхаас ганц охин минь л цэргийн хүн боллоо доо гэж аав ээж маань ярьдаг.

Ерөөсөө л дэслэгч цолтой байцаагч болчихсон гэхээр л итгэхгүй байсан. Би 12 дугаар сарын 31-ний өдөр томилогдсон юм. Хүн болгон шинэ оноо угтах гээд гэррүүгээ яараад л… Миний хувьд юугаа ч мэдэхгүй баахан цаасан дунд хаанаас нь яаж, юухийхээ мэдэхгүй ажил дээрээ сууж байсан. /инээв/ Хүний итгэлийг дааж, энэ ажлыг хийж чадна гэж бодсон бол түүндээ хүрдэг байх хэрэгтэй. Ажилд орсныхоо дараа гэртээ харихгүй гурав хонож байлаа. Манай гэрийнхэн ямар гээчийн ажилд орчихоо вэ гэж гайхсан. Гэрийн бараа харахгүй ингэж ажиллах юмуу, цэргийн хүн болчихоор ингэдэг юмуу гээд л… Ажилдаа эзэн болохын тулд маш их хичээсэн. Хамт олны маань дэмжлэг туслалцаа ч их байлаа. Сэтгэл гаргаж ажилласан. Хүн ер нь жижиг гэлтгүй ямар ч ажилд сэтгэл гаргавал бүх зүйл бүтэмжтэй сайхан байдаг.

Мөрдөстэй бүсгүй байх ямар байдаг вэ?

This image has an empty alt attribute; its file name is %D0%9D%D0%B0%D1%80%D0%B0%D0%BD%D1%85%D2%AF%D2%AF%20%D1%85%D1%83%D1%80%D0%B0%D0%BD%D0%B4%D0%B0%D0%B0-2.jpg

-Эмэгтэй хүнд байхааргүй тэсвэр тэвчээр, хатуужлыг цэргийн алба олгодог юм байна гэж би хувьдаа боддог. Гэхдээ хатуужилтай байна гээд эмэгтэй хүний уян зөөлөн, нинжин сэтгэл нь өөрчлөгдөнө гэсэн үг биш л дээ. Аливаа асуудалд ур ухаан, торгон мэдрэмжээр хандахыг хичээж явдаг. Цэргийн хувцас хүнийг жавхаалаг, сүр, хүчтэй харагдуулдаг. Би одоо ч цэргийн эрдэм мэдлэгт суралцсаар л явна.

Алба хаагчдын мэдлэг боловсрол, ур чадвар нь тухайн байгууллагын хөгжлийн гол тулгуур байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийг бодлого өнөөдөр ямар түвинд байна вэ?

-Манай байгууллага тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн тусгай алба. Энэ байгууллагад орж ажиллах хүсэл эрмэлзэлтэй иргэд олон байдаг. Ер нь сүүлийн үед төрийн албанд ажиллах хүсэл сонирхолтой хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Байгууллагын үндсэн үйл ажиллагаа, зорилтыг хэрэгжүүлэх ур чадвартай, мэдлэг мэргэшил, боловсролын хувьд шаардлага хангасан, өв тэгш бие бялдартай, зөв хандлага, чин хүсэл эрмэлзлэлтэй хүнийг ажилд авахыг зорьдог. Цаашдаа тэднийг төлөвшүүлэх, сургах, дадлагажуулах, хүмүүжүүлэх, дасан зохицох чадварт сургах олон хөтөлбөр хэрэгжүүлж байна. Өнгөрсөн онд л гэхэд хүний нөөцийн бодлогын баримт бичгийг боловсруулан батлуулж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ хөтөлбөрт олон зүйлийг тусгасан. Алба хаагчдыг яаж сонгон шалгаруулах вэ, ямар бүрдүүлэлт хийх вэ, хаана хаана оновчтой зөв хуваарилах вэ, ажилд нь яаж дадлагажуулж, идэвхжүүлэх, шагнаж урамшуулах, зөрчил дутагдал гаргасан, хариуцлага алдсан хүмүүст ямар хариуцлага тооцох уу гээд ер нь хүнтэй холбоотой бүхий л асуудлыг хариуцан ажиллаж байна. Хүнд арга хэмжээ авахаасаа илүүтэйгээр ойлгуулах, зааж сургахыг түлхүү баримталдаг.

Тэднийг сурч боловсрох, мэргэжлээ дээшлүүлэх, дэвшин ажиллахад байгууллагаын зүгээс хэрхэн дэмжлэг үзүүлдэг вэ?

-Шинэчилсэн Төрийн албаны тухай хууль 2019 оноос хойш мөрдөгдөж байна. Байгууллагын  амжилтыг тодорхойлох гол хүчин зүйлийн нэг нь хүний нөөц гэж ойлгож болно. Алба хаагч, ажилтан бүрийн авъяас чадвар, нөөц боломжийг нээн илрүүлж хөгжүүлэх, тэдний санаачлагыг дэмжих, урамшуулах, зорилгоо хэрэгжүүлэх эрмэлзэл төрүүлэх, дэмжлэг үзүүлэх, орчин бүрдүүлэхэд хүний нөөцийн менежментийн гол зорилго оршдог. Бид хүний нөөцийн бодлогоороо алба хаагч бүрийн мэргэжил, мэдлэг, ур чадварт тулгуурласан чадварлаг баг бүрдүүлэхийн төлөө зорьдог. Ажилтны тасралтгүй суралцах, өсч хөгжих эрмэлзлэлийг идэвхтэй дэмжин, ажиллангаа сурах, мэдлэг ур чадварыг бий болгох орчин нөхцөлийг бүрдүүлэхийг чухалчилдаг.

Мөн гадаад, дотоодын их дээд сургуульд алба хаагчаа сургаж байна. Дотоодод гэвэл ДХИС-ийн Удирдлагын сургуульд алба хаагчдаа мэргэшүүлж байна. Алба хаагчдаа эчнээ 3 болон 5 жилийн ангид сургадаг. Суралцсан алба хаагчдаасаа ахлагч бүрэлдэхүүнээс офицерийн бүрэлдэхүүнд дэвшүүлэх, шилжүүлэх, өөрийнх нь хүсэлтээр орон нутгаас Улаанбатар руу, хотоос орон нутаг руу дэвшүүлэн томилох асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна. ОХУ-ын Дотоод явдлын яамны академид боловсон хүчнээ бэлддэг. БНСУ-д хоёр алба хаагч, Австрид нэг алба хаагч мэргэжил дээшлүүлж байгаа. Докторын сургалтуудад ч алба хаагчид хамрагдаж байна.

Алба хаагчдынхаа ар гэрийнхэнтай хэрхэн эргэх холбоотой ажилладаг вэ?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын үе үеийн удирдлагууд алба хаагчдынхаа нийгмийн асуудал, ар гэрт анхаарал хандуулсаар ирсэн. Тухайлбал, орон нутагт алба хаагч томилогдлоо гэхэд эхнэр, нөхөр үр хүүхдийнх асуудлыг анхаарна. Нэг хүний ард 4-5 хүний асуудал яригддаг. Тэднийг ажлын байраар хангах үүргийг манай байгууллага хариуцдаг.

Ажлын байраар хангаж чадахгүй тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгалыг нь төлөх, хүүхдийг нь сургууль цэцэрлэгт хамруулах ажлыг бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг. Мөн бусад тусламж дэмжлэгийг ч үзүүлдэг.

Таны ажил албаны тань бахархал юу вэ?

-Ачааны хүндийг үүрч яваа алба хаагчдаараа бахархдаг. Хүний нөөцийн алба хаагчиддаа судалгааны ажилтан байх ёстой гэдэг шаардлага тавьдаг. Яагаад судалгааны ажилтан байх ёстой вэ гэхээр энэ байгууллагад хэрэгцээ шаардлагатай хүний нөөцийг судалж авах ёстой, хүний асуудлыг шийдэж байгаа учраас нягт нямбай байж, хийсэн ажилдаа эзэн нь байх ёстой гэж би боддог.  

-Цэргийн албанд эмэгтэй хүн манлайлах боломж хэр байдаг юм бэ? 

-Эмэгтэй алба хаагчдын манлайллын хувьд манай байгууллага харьцангуй дэмжлэг сайтай. Бас байгууллагад маань мэдлэг чадвартай, манлайлагч эмэгтэйчүүд олон байдаг. Ер нь бол эмэгтэй алба хаагчид маань бүх талаараа нийгэмд ч тэр, бусад байгууллагын хүрээнд ч, байгууллагатаа ч өөрсдийн манлайлагч байж, үлгэрлэж яваасай гэж хүсдэг.

Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?  

-Байгууллага маань энэ жилийг мэдээллийн технологийг нэвтрүүлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил болгон зарласан. Алба хаагчдын ажлын цагийг хэмнэх, тэр дундаа хүний нөөцийн хэлтэс дээр цаг хэмнэх, механик ажлыг хөнгөвчлөх асуудал чухал байна. Хүний нөөцийн ажлыг цахимжуулах ажил 90 гаруй хувьтай явагдаж байна. Хүний нөөцийн цахим системийг  нэвтрүүлснээр карт шүүгээд суудаг ажлынхаа оронд хүний материалыг судлах, цахим сангаа баяжуулах, нэгжүүдийнхээ хүний нөөцийн ажилтнуудад заавар, зөвлөгөө өгдөг ажлаа илүү нэмэгдүүлэх боломжтой болох юм. Мөн хувь хүний ажлын зохион байгуулалт чухал. Төлөвлөж сурах хэрэгтэй. Ажлаа төлөвлөөд, цагаа хувиарлаад сурчих юм бол цагийг үр бүтээлтэй өнгөрөөж, илүү цагаар ажиллах шаардлагагүй болж ажлын цагтааүр дүнтэй хийх ёстой ажлаа хийгээд явах боломж, нөхцөл бүрдэнэ.

Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг зүйл тань юу вэ?

-Ном унших, цэцэг тарих дуртай. Beatles, Queen их сонсоно, шүтнэ. Монголын зөндөө сайхан дуучид байна. Эмэгтэй дуучдаас СТА Отгонжаргалын дуунд их дуртай. Бас ажлаасаа их кайф авдаг. Ажилдаа дуртай, чин сэтгэлээсээ ажлаа хийдэг. Хүний амьдралын асуудлыг шийдэж байна гэдгээрээ их хариуцлагатай бас сайхан ажил юм.

 Их ажлынхаа хажуугаар эрч хүчээ хэрхэн сэлбэж байна вэ?

Эрч хүчээ гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ байх, эцэг эхийнхээ хайр халамжийг хүртэх, эцэг эхдээ хайр халамж хүртээх гэдэг зүйлээс авдаг. Би аав, ээж, ах, дүү нартаа цаг зарцуулж, туслаж дэмжихийг хүсдэг. Хэдий ажилтай байсан ч их зүйлийг тэдэндээ хүртээхийг, өгөхийг, уулзахыг, ярихыг, цаг зав гаргахыг хүсдэг. Аав ээж хоёр маань Өвөрхангай аймагт амьдардаг. Хоёулаа л 80 хүрч байгаа буурлууд байдаг.

-Хамгийн сүүлд аав ээж дээрээ хэзээ очив?

This image has an empty alt attribute; its file name is %D1%8F%D1%80%D0%B8%D0%BB%D1%86%D0%BB%D0%B0%D0%B3%D0%B0%20%D0%B7%D1%83%D1%80%D0%B0%D0%B3%201.jpg

-Хамгийн сүүлд 2020 оны долоодугаар сард очсон. 2020 оны долоодугаар сар бол миний баярт мөчүүдийн минь нэг байсан. Ардын хувьсгалын баяр наадмаар ШШГЕГ-ын даргын тушаалаар хурандаа гэдэг эрхэм хүндтэй цолыг хүртсэн. Эмэгтэй хүний хувьд эрхэм дээд цол шүү дээ. Цолоо авчихаад хамгийн түрүүнд аав ээж хоёр дээрээ очсон. Тэр үед аав ээж хоёр маань аавын бага насаа өнгөрөөсөн зуслан дээр зусч байсан. Би тэр газарт нь очиж аав ээж хоёртоо сөгдөж, мөргөсөн. Сэтгэлд үгээр хэлэхийн аргагүй тийм сайхан мэдрэмж төрдөг юм байна лээ.

Эрэгтэй хүн бол тэр болгон нулимсаа гаргадаггүй ш дээ. Аав минь баярын нулимстай угтаж авсан. Тавын таван эрэгтэй хүүхдээс цэргийн хүн болоогүй байхад ганц охин минь хурандаа цол хүртэж ирсэн нь миний хувьд бол үгээр хэлэхийн аргагүй тийм баярт мөч байнаа гэж байсан. “Тэр довцог дээр аавынх нь бага нас өнгөрсөн. Миний охин ингээд хурандаа цол зүүгээд ирэх сайхан байна. Би нутгийнхаа шүтэж явдаг хайрхандаа залбирч байна” гэж хэлэхэд нь хоолой зангираад хүүхэд шиг л уйлсан. Аав ээж хоёр маань хамт олонтойгоо, олон түмэн дундаа яваарай, хүнтэй эвтэй харьцдаг, хүний үгийг сонсдог байгаарай гэж одоог хүртэл захидаг. Амьд бурхадууд минь юм даа. 

 Ажил хөдөлмөрийг минь үнэлсэн байгууллагын  үнэлгээ,  аав ээжийн минь залбирал ерөөл, хайрхан минь түшиж явдаг юм болов гэж бодож явдаг. Энэ сайхан эрхэм хүндтэй хурандаа цолыг авч явах хүндтэй үүрэг надад тохиосон. Эрхэм сайхан цолыг өндөрт өргөж явахыг хичээж ажиллах болно гэж өөртөө тангарагласан. Үе үеийн удирдлага, хамт олондоо  талархаж, баярлаж явдаг.

Таныг хөглөдөг зүйл юу вэ?

-Хөглөдөг юм олон байна. Миний хоёр хүүхэд надад ёстой эрдэнэ шүү дээ. Манай хүү их амны билэгтэй. Намайг дэд хурандаа байхад хоёр таван хошуу харчихаад ээжээ энэ чинь хэзээ гурав болох юм гээд асуугаад байдаг байсан. Тэгэхээр нь би “Болох байхаа миний хүү, болох байх” гэхээр “Та болох юм байнаа. Гурав болох юм байна ээжээ” гэдэг байсан.

Гэртээ очоод халуун ам бүлээрээ аз жаргалтай байж чадаж байна. Би чинь хадам ээжтэйгээ хамт амьдардаг. Ээж маань одоо 95 настай, миний ажлыг үргэлж ойлгож, дэмждэг. Шар тостой, арвайн гурилтай, сүүтэй цай чанаж өгдөг, тэр чинь аз жаргал биздээ. Хадам ээжээсээ тэр сайхан гарынх нь цайг уух бас л сайхан. 90 нас давчихсан хүний надад зориулж сэтгэлээ шингээн байж чанасан цайг нь хүртдэг би хувьтай хүн. Ээжийнхээ сайхан сүүтэй цайг ууж эрч хүч авдаг даа. Ар талд минь асаалттай хэдэн ч танк байгаа юм бэ дээ… Тийм л байна даа.

Ёстой л ар дааж, хайрандаа өлгийдөх хань ижлийн нөмөр нөөлөгийг үгээр хэлшгүй юм. Та бидэнд ханийнхаа талаар яриач?

-Бид хоёр оюутан байхдаа танилцаж гэр бүл болсон. Хань минь сургуулиа төгсөөд өмгөөлөгч, Прокурорын байгууллагад ажиллаж байлаа. Бас хуулийн салбарын хүн. Нотариатын тэнхимийн ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүн, нотариатчаар ажиллаж байна. Миний ар талыг бүрэн хариуцдаг хүн бол миний хань болох Цэвээнийн Наранбат. Ямар ч үед миний талд зогсдог. Бүх талаар дэмждэг биеийн болоод сэтгэлийн минь түшиг тулгуур болсон сайн хань, үр хүүхдүүдийнхээ сайхан аав юм. Ажлыг маань хар багаасаа мэддэг болохоор бүх талаас дэмждэг. Ажил албаа хийж гүйцэтгэхдээ ардаа санаа зовох зүйлгүй байна гэдэг чинь хамгийн чухал зүйл байхгүй юу. Амьдрал ахуйдаа, хүүхдүүддээ, ар гэртээ санаа зовох зүйлгүйгээр ажиллаж байгаа минь миний хань, үр хүүхэд, эцэг, эх, хамт олны минь нөмөр нөөлөг ач тус юм. Эдгээр хүмүүсдээ талархаад баршгүй. Тэд наргүйгээр би өдий зэрэгтэй явахгүй байх байлаа.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож буй энэ цаг мөчид ярилцлага маань нийтлэгдэх юм эмэгтэй алба хаагчиддаа хандаж сайхан үг хэлээч?

-Эрхэм хүндтэй албаныхаа нэрийг өндөрт өргөж явахын төлөө алдрайхан биеэ эрүүл саруул байлгаж, амьдрал ахуйгаа орхигдуулахгүй, ажил албандаа хоёргүй сэтгэлээр ханддаг байгаасай л гэж хүсдэг. Нийгэмдээ, ажиллаж буй хамт олныхоо дунд сор болон гялалзаж бусдыгаа тэргүүлсэн, манлайлсан, алба хаагчдынхаа дунд эерэг уур амьсгалыг бүрдүүлдэг, түгээдэг байгаарай гэж хэлмээр байна. Тэгээд хоёр сайхан ээждээ, байгууллагынхаа ахмад настнуудад, одоо ажиллаж байгаа мөрдөс нэгт бусгүйчүүддээ болон Монголынхоо бүх сайхан ээжүүдэд, эмэгтэйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлэн, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button