Нийгмийн

БАЙР СУУРЬ: Тээвэрлэлтээс шалтгаалж хувийн хэвшлүүдийн вакцин таталт удааширчээ

Дархлаажуулалтыг эрчимжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал байгаа учир ААН-үүдэд вакцины татан авалтыг хурдасгахад шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлэхээ Шадар сайд С.Амарсайхан мэдэгдсэн. Түүнчлэн ААН-үүдийн оруулж ирэх вакциныг хадгалж, нөөцлөхөд төр бүрэн дэмжихээ мэдэгдсэн билээ.  Одоогоор үндэсний хэмжээнд эм ханган нийлүүлэгч “Монос трейд”, “Монгол эм импекс концерн”, “Ач үр” зэрэг аж ахуйн нэгжүүд вакцин оруулж ирэх хүсэлтээ Эрүүл мэндийн яаманд уламжлаад байгаа аж. Мөн ХХБ нийт харилцагчдаа вакцинжуулах тухайгаа мэдэгдээд буй. Бид тухайн асуудалтай холбоотойгоор дээрх ААН-үүд болон Шадар сайдын хэвлэлийн албанаас байр суурийг нь сонслоо.

ШАДАР САЙДЫН ХЭВЛЭЛИЙН АЛБА: ДАРААЛЛЫН АСУУДЛААС БОЛЖ ААН-ҮҮДИЙН ВАКЦИН СААТСАН

“Шадар сайдын хэвлэлийн албанаас дээрх гурван ААН-ийн байр суурийг сонссон бөгөөд вакцин оруулж ирэхэд төрөөс шалтгаалахгүй хүчин зүйлс нөлөөлж байгаа. Олон газраас хүсэлтүүд ирж байгаатай холбогдуулан дарааллын асуудал үүссэн” гэх тайлбар өгөв.

“МОНОС ТРЕЙД”: ШУУД НИСЛЭГ ЗОГССОН УЧИР ТЭЭВЭРЛЭЛТЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ХҮСЭЖ БАЙНА

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Харин “Монос трейд” компанийн хувьд “АстраЗенека” вакциныг оруулж ирэхээр эхний ээлжинд 100.000 тун вакцин захиалсан. Гэвч хангамжийн асуудлаас шалтгаалан эхний ээлжинд гуравдугаар сардаа багтаад 65.000 тун вакциныг оруулж ирэх боломжтой гэлээ. Түүнчлэн шууд нислэг зогссоноос шалтгаалж, вакцины тээврийн зардал үнэтэй болсон учир төрөөс ААН-үүдээ дэмжихийг уриаллаа.

“МОНГОЛ ЭМ ИМПЕКС: ХУВИЙН ХЭВШЛИЙНХНИЙ ХУВЬД ВАКЦИН ОРУУЛЖ ИРЭХЭД ТЭЭВЭРЛЭЛТИЙН АСУУДАЛ ГАРСАН

Бид хоёр дахь ээлжийн 10.000 тун "Спутник-V” вакциныг энэ долоо хоногтоо оруулж ирэхээр болсон. Дараагийн вакцины оруулж ирэх гэрээ хэлэлцээрийн ажил хийгдсэн. Хувийн хэвшлийнхний хувьд вакцин оруулж ирэхэд тээвэрлэлтийн асуудал хүндрэлтэй байна. Шууд нислэг зогссон учир вакцинаа БНСУ-аас дамжуулан авч байна. Бид улсынхаа ачаанаас үүрэлцэж, стандартын зөв тээвэрлэлтэд орсон вакцинаар иргэддээ үйлчилж, эдийн засгийн эргэлтийг сайжруулахыг зорьж байна.

ХХБ: ВАКЦИН ОРУУЛЖ ИРЭХ ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШАТАНД БАЙГАА

Харин ХХБ-ны хувьд Эрүүл мэндийн яамнаас нэгдсэн мэдээлэл өгөх чиг үүрэг илгээсэн тул нэмэлт мэдээлэл өгөхгүй гэлээ. Банкны зүгээс "Спутник-V” вакциныг оруулж ирэх гэрээ хэлэлцээрийн шатанд явж байгаа гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button