СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛУЛС ТӨР

ТОЙМ: МАН-ын детектив кинонд А.Гансүх муу дүр – бичлэг, авто осол, Н.Энхбаяр зэрэг нь хошин шог

Мартын 8-наар эхэлсэн, хаврын чуулган нээхийн өмнөх долоо хоногт улс төрийн томоохон үйл явдлууд өрнөлөө. С.Зоригийн хэрэг дахин сөхөгдөж, “бичлэг ажиллага” явагдсан, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүхийн аав автомашинд мөргүүлж, Н.Энхбаяр дарга С.Ганбаатараа бухсан ийм нэг долоо хоног байв. Бас нүүр улаймаар АН-ын даргын сонгууль нэр дэвшигчдээ тодруулав.

НЭГ: ЕРӨНХИЙ САЙДЫН МАРТААР БАРЬСАН “ЦЭЦЭГ”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг дахин сөхөхдөө жаал чухал мэдээллийг индэр дээрээс маш амархан дэлгэчхэв. Өдөр тутмын сонингийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн дэлгэж тавьсан, “доридогч” Б.Баасанцогтын компьютерээс олдсон гэх схемийг гартаа барьчхаад Ерөнхийлөгчид чиглэсэн хэд хэдэн сум харвалаа. Үүнд нь ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх оногдов. Түүнийг Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгтэй холбоотой байж болзошгүй гэж зарласнаар далд суудаг эрхмийг олон нийтийн дунд хэлэлцүүлсэн. Түүнчлэн цаашид ч олон асуудлыг дэлгэнэ, энэ бол дөнгөж эхлэл гэсэн мессеж өглөө.

Өмнөх Ерөнхий сайдуудтай харьцуулахад статусыг нь дагаад хялбар цугладаг, тэгээд дарагддаг мэдээллүүдийг Л.Оюун-Эрдэнэ шууд, шууд зарлаж, сигнал өгөөд буйгаараа ялгарч байгаа юм. Гэхдээ олон нийтэд мэдээлэл задална гэдэг нэгт массын сэтгэл зүйг ашиглах, хоёрт эсрэг талаа айдаст автуулах гэсэн хэлбэр. Харин өөр бодитоор юуг ч өөрчлөхгүй, шийдэхгүй хувилбар. Тийм ч учраас жаал дэвсэн, хэт детектив Ерөнхий сайд л харагдав. Ер улс төрийн оноо авах гэсэн оролдлого гэдгийг нь захын Дорж, Дулмаа ойлгож л байгаа.

Харин Т.Чимгээ Мартын 8-наар хэвлэлийн өмнө нулимсгүй ч цурхиртал уйлав. Ямартай ч масст “Энэ хэлмэгдсэн хүнийг эргэж очиж байгаа нь сайн юм даа. Суллаасай, Л.Оюун-Эрдэнэ чадна аа” гэх сэтгэгдлийг төрүүлж чадсан гэсэн үг.

Логик холбоосууд нь бол сайн төлөвлөгджээ. Эхлээд “Дори ажиллагаа” явагдаж, шүүгч, өмгөөлөгчдийн асуудал тэсэрч, тэдний нэгийнх нь компьютероос томоохон хэргүүдийг хэрхэн шийдвэрлэх төлөвлөгөө бүхий схем гэнэт гарч ирж. Дараа нь түүнийг гартаа барьж байгаад шүүх засаглал руу, Ерөнхийлөгч рүү онилоод, Т.Чимгээг уйлуулж, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүхийг харвав. Шинэ Засгийн газрын цаана мэдээллийн том уурхай, масс медиа дээр супер тоглогч нэг тархи зэрэг ажиллаж байгаа нь илт. У.Хүрэлсүх, А.Амундра нар гэхчлэн хэдхэн нэр хөвөрнө.

ХОЁР: БАЙ – А.ГАНСҮХ

Тэгээд болсонгүй, маргааш нь А.Гансүхийг ажлаас нь чөлөөлөх асуудлыг Л.Оюун-Эрдэнэ ҮАБЗ-д тавилаа. Хариуд нь Ерөнхийлөгч АНУ-д суугаа элчин сайд Ё.Отгонбаярыг чөлөөлөх тухай албан бичгийг УИХ-ын даргад хүргүүллээ. Өөрийнхөө хүнийг МАН-ын өвгөн гишүүнээр ингэж “барьцаалсан” хэрэг. Энэ нь энэ долоо хоногт хийсэн Ерөнхийлөгчийн ил ганцхан үйлдэл байв. Тэр өдөр ҮАБЗ хуралдсан ч үгүй. Ер У.Хүрэлсүхийг огцорсноос хойш зөвлөл ганц ч хуралдаагүй, гишүүд нь ирэхгүй байгаа. ҮАБЗ ингэж хагарна гэдэг иргэдийн өмнө хүлээсэн ёс зүйн хувьд ч дэндүү уучилшгүй хэрэг л дээ.

А.Гансүх тэр өдөр мэдээлэл хийж, нэг их сандарсан биеийн хэлэмжтэйгээр өөрийгөө өмгөөлсөн ч ОХУ-д болсон үйл ажиллагаанд бол оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрчихсөн. Тэрбээр тусгай ажиллагаа явуулж, хойд хөршөөс их хэмжээний мөнгө оруулж ирсэн гэгдээд буй. Яг энэ моментыг нь ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Маш их сандарч байна даа” гэсэн тайлбартайгаар нүүр хуудсандаа шэйрлэж, ил цагаандаа гарсан байх юм.

Эл өдөр ингэж хоёр тал илтэд байлдаж, А.Гансүхийг дундаа “өшиглөлцөөд” өнгөрсөн байдаг. Ингэж МАН-ын сул тал С.Батболд болж байгаа шиг Ерөнхийлөгчийн талд А.Гансүх гэж дүр онцлогдоод өлгөгдчихлөө.

ГУРАВ: БИЧЛЭГ ЦАЦАГДСАН Ч Т.ЧИМГЭЭ ХОРИХ АНГИД СЭРДГЭЭРЭЭ СЭРЭВ

Харин маргааш нь Засгийн газар 08.00-18.00 өнгөртөл арав гаруй цаг хуралдаж дуусаад Т.Чимгээгийн бичлэгийг цацлаа. Даваа гарагт Л.Оюун-Эрдэнийн индэр дээрээс ярьсан, Т.Чимгээг мансууруулж, гар, хурууны хээг нь авсан агуулгатай тэр бичлэг юм. Үүнийг ил болгох эсэх асуудлаар Засгийн газар хуралсан гэсэн мэдээлэл түгээд, орой нь Х.Нямбаатар сайд тайлбар хийгээд хэвлэлийнхэнд үзүүллээ.

Бичлэг 2015 онд хийгдсэн бас устсан байсан ч дахин сэргээсэн гэж ярив. Бас Т.Чимгээгийн гэм буруутай эсэхийг биш, эл бичлэг дэх үйл явдал өөрөө хууль, хүний эрх зөрчсөн байна гэдэг асуудлыг хөндөж байна ч гэж онцоллоо. Тэгээд эл хэргийн хууль шүүхийн процессыг жаахан тайлбарлаад, “Монголын шүүх ингэж л Б.Хурц нарт ялагдсаар ирлээ” гэж цохов. Харин “Бичлэг яг хэзээ, хэнээр хийгдсэн юм бэ. Ингэж дэлгээд юу өөрчлөгдөх юм бэ” гэх агуулгад сайд хариулт өгөөгүй. Сэтгүүлчид рүү инээвхийлж, мушийж, “Та нар надтай л адил мэдээлэлтэй байгаа” гэсэн нь нэлээд “залсан” үйлдэл болж харагдав.

Ер нь шууд дур мэдээд цацчихвал хүний эрхийн асуудал сөхөгдөх учраас “Т.Чимгээ өөрөө хүсэлт бичсэн” гэх нэг нюансыг хэлэлцүүлэгт оруулж иржээ. Хүсэлтийнх нь гэрэл зураг сошиал орчинд урсаж харагдсан. Т.Чимгээг бол бич гээд бичүүлчих бол тун энгийн л асуудал. Ер нь бол нэг ялтны бичиж өгсөн хүсэлтийг “хүндэтгэж”, бүхэл бүтэн Засгийн газраар оройн 18.00 цагт хэлэлцээд, 20.00 цагт нь шууд угсруулаад цацна гэдэг хэт хөвсөргөн. Зохиолтой, тавилттай юм шиг үйлдлүүдийг ар, араас нь, балгах усгүй угсруулсан нь Засгийн газрыг дахиад л хэт тачаадсан, хэт жижигхэн санагдуулав. Бас хэт ил харагдав.

Бичлэг цацаад Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хорих ангид сэрдгээрээ л сэрлээ. Юу ч өөрчлөгдсөнгүй.

ДӨРӨВ: ЗҮГЭЭР Л НЭГ ОСОЛ ГЭЖ ИТГЭХ ҮҮ

Эл өдрийн орой ҮАБЗ-ийн дарга А.Гансүхийн аав гэрийнхээ ойролцоо автомашинд дайруулж, ГССҮТ-д хүргэгдэв. Мэдээлэл маргаашийн пүрэв гарагт ил болж, А.Гансүх “У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарт” гэж хаяглаад бичвэр бичсэн. Энэ бол хэт халуурсан аймшигтай үйл явдал байв. Эх сурвалжууд гарцаар гарч явсан А.Гансүхийн 80 орчим настай аавыг нэг автомашин зориуд дайрчхаад, зугтаад явчихсан гэдэг агуулгыг ярьж байгаа. ТЦА ч уг автомашины жолооч хэргийг үйлдчихээд бушуу яваад өгсөн гэх зураглалыг баталсан.

Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын улс төр бол хүний амь насанд зориуд аюул учруулах хэмжээний бохир биш. Харин шатсан, чичирсэн байдаг нь үнэн. Тэдний улс төрөөс яаж ийгээд эерэг агуулгыг олж харж болох ба хэт илдээд байдгаас бусдаар ерөнхий том агуулгаар нь харвал ирээдүйд гэгээтэй өөрчлөлт авчирч болох тэмцлийн гэмээр дүр зурагтай харагдах тал бий.

Иймд арай ч А.Гансүхийн аавыг ингэх хэмжээний санаа тэдний дотроос ургамааргүй мэт. Тэглээ гээд Ерөнхийлөгчийн талаас МАН-ыг адлуулах гэж ийм операци зохион байгуулсан байж болох уу. Эсвэл гуравдагч оролцоо орж ирэв үү, зүгээр л энгийн нэг осол гэхчлэн таамгууд дэвшүүлэх хэмжээнд хүртэл асуудал хэлэлцэгдэв.  

ТАВ: С.ГАНБААТАР ХАДАНД ГАРААД ХАШГИРАХ УУ

Шинэ Засгийн газар, Ерөнхийлөгч нарын дунд хэтийдсэн улс төр өрнөх хооронд МАХН дотор ч жижиг гэлтгүй толхилцоон өрнөчхөв. Юу гэвэл, Н.Энхбаяр дарга МАН, МАХН нэгдэнэ гэдгийг ил зарлаад, харин Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг дэвшүүлэхгүй гээд ам гарсан явдал.

С.Ганбаатар нь “Би хоёр нам нэгдсэн ч дэвшинэ” гээд хэвлэлд ярилцлага өгөөд сууж байдаг. Сураг бараагүй МАХН гэж намын нүүрийг ганц тахалж, УИХ-д цор ганц суудал авчирсан С.Ганбаатараа Н.Энхбаяр дарга эрх ашгийн өмнө зүгээр л нясалчхав. Тэгэхдээ бүр МАН-ын талд илтэд нэгдэж, Ерөнхийлөгчийн зүг рүү нясалсан нь аймшигтай. Тодруулбал, “С.Ганбаатар 2017 онд нэр дэвшсэндээ Ерөнхийлөгчөөс уучлалт гуйсан. Уг нь дэвшихгүй гэж тэр хоёр тохирсон байсан юм билээ. Гэхдээ Ерөнхийлөгч, зүгээр ээ, харин ч чи дэвшсэн учир санал хувааж, би гарсан гэж хариулсан байна лээ” гэхчлэн ярьсан юм.

Н.Энхбаяр уг нь сүүлийн 10 гаруй жил МАН-ыг газар дор ортол нь муулж ирсэн. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр нам нэгдэж орох асуудал хөндөгдмөгц өөрийн эрх ашгийг оруулж ирээд, нөгөө намын үзэл баримтлал тэргүүтэй бүх юмаа худалдчихаж байгаа нь С.Ганбаатараар л харагдаж байгаа юм. МАН, МАХН сонгуулийн өмнө нэгдэх нь нэгэнт ойлгомжтой болчихлоо. Харин С.Ганбаатар одоо хаачих вэ, хаданд гараад чарлах уу.

ЗУРГАА: АН ГЭДЭГ ОЛОН ХУВЬСАГЧТАЙ, ГАНЦ Ч ШИЙДГҮЙ ТЭГШИТГЭЛ

Нээрэн, АН-ын даргын сунгаа гэж даанч халагламаар үйл явдал болоод өнгөрлөө, энэ зуур. Анх 16 хүн бүртгүүлсэн ч гарсаар, гарсаар дөрөв нь л үнэмлэх гардав. Тэр нь О.Цогтгэрэл, Д.Пүрэвдаваа, С.Эрдэнэболд, О.Амартүвшин нар. Нөгөө Ц.Оюунгэрэл хатагтай, нөгөө М.Тулгат, Ж.Батсуурь нар байхгүй. Сонгуулийн зардлын татаасны мөнгөнд 16-гаас 12 нь бүдэрчихсэн дүр зурагтай. Процессын хувьд Ц.Оюунгэрэл, М.Тулгат хоёрыг хүчээр гаргачихсан нюанс бий. Гэтэл дахиад нэг сонгууль зарлагдчихсан, бүртгэл явуулаад байж байгаа юм.

Энэ сонгууль болсон ч ялагч нь яг АН-ын даргаар очиж чадах эсэх нь эргэлзээтэй л байна. АН одоо хамгийн түрүүнд мөнгөөр, нэр хүндээр гачигдаж байгаа. Иймд О.Цогтгэрэл л өнгөлөх болов уу гэж харж болно. Гэвч зэрэгцээ нэг сонгууль нь яаж явагдах, түүнд нь Ц.Оюунгэрэл нар өрсөлдөх эсэх зэрэг хөл толгойгоо алдсан, АН гэхэд даанч ичмээр асуудлууд хөвөрч байна.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Ерөнхийлөгчийн сонгууль ойртож, улс төр галзуурч байна. Гуравдугаар сарын 15 буюу ирэх даваа гарагт УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийнэ. Энд олон ч асуудал хөндөгдөхөөр байна. Талууд парламентыг хууль батлах үндсэн ажлыг нь хийлгэхгүй хэт улс төржих шинжтэй. Даанч сөрөг хүчин алга. АН-ын байж байгаа царайгаар бол МАН ингэж ид хаваа гайхуулан ташуурдсаар Ерөнхийлөгчийн сонгуулийг авах нь ээ. Юмс битгий их хэм хэмжээнээсээ хазайгаасай. Цаг хугацааны эрхээр бүгд түүх л болж үлдэнэ, шүүгдэнэ гэдгээ нэг бодолцоосой. Монголчууд гэдэг гурван сая иргэний толгой дээр зодолдож байгаагаа нэг хараасай.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

15 Сэтгэгдэл

  1. Ерөнхий сайд Нямдоржийн хатгаасар Чимгээтэй уулзаж байт#### гэнэт онгод нь Гансүх мэт энэ хэрэгт холбоотой гэж дугараад орхижээ.Тэгээд шууд улс даяар орилох нь тэр.Бүр Гансүхийг хөөж туудаг дээрээ хүрчээ.Үгэнд орохгүй бо хатуу арга хэрэглэ гэсэн ч байж мэдэхээр хардлага төрүүллээ.Мөн ч шуурхай нөхөр юм.Ийм хүн ч яьна даа явна.Харин хаашаа явах болдоо хөөрхий.Чигийг Нямдорж заагаад өгөх байлгүйдээ.

  2. Оюунэрдэнэ минь дээ, улс төрөө Хүүкээсээ арай хүнлэг, соёлтой, өөрчлөлттэй хий л дээ. Ингэж Нямдорж, Хүрэлсүхийн “утсан хүүхэлдэй” хийх байсан юмуу? Худлаа л байна даа, миний дүү.
    50 жилийн юм хараад байх шиг байсан өнгөрсөн зүйлийг л давтаж байна даа.
    Дашрамд хэлэхэд, 50 жилийн хөгжил гэж байхаар Иргэддээ 1 сая төгрөг Эрүүлжээрэй гээд өгчих. Бид хятад өмхий ногоо идэж амьдармааргүй байна. Эрүүл хүнс авч идье, Йог, бяс####г####, эрүүл хооллолтод хамрагдъя. Ууланд ####хах гут####, хувцас, таяг, х####уун сав гээд авъя. Үүнийг л “Эрүүл монгол” хөтөлбөр гэнэ шүү хө. БОДООРОЙ

  3. БУЗАР МУУ АЛУУРЧИД ИЛЧЛЭГДЭХ Л БОЛНО, СЭТГҮҮЛЧ ЧИ АЛЬ ТАЛД БАЙХ НЬ ХАМААГҮЙ!!!, ХҮНИЙ АМЬ ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛААР ТОГЛОГСОД ИЛЧЛЭГДЭХ Л БОЛНО!!!!

  4. Zunii 3 sard huls huchee dusluulan bj eh orniihoo hursund tarisan nogoo yahaaraa hytadiinh baidag ym??? Ene say tugrug neheed bgaa ### spirtend hodoj tolgoi n olgoi bolson arhinii dond tarialanch bidniig hutgagch mudak gedeg n bn!

  5. Чиигээ ш#### худлаа уйлаад л арай муу найруулсан жүжиг бна аа найруулагчаа солих хэрэгтэй юм шигээ

  6. одоо Оюунэодэнэ болимоор бна аа дэгдүү уянгын х####илтай жүжиг тавиад бна аа одоо болно саын жүжигчин гэдэгийг чинь ард түмэн оылгож мэдлээ Чимгээг зүгээр орхи худлаа уйлуулаад л хошин шог юмаа

  7. 1 жил хүрэхгүй хугацаанд Зоригийн хэргийг шуурхай илрүүлсэн байна шүү. Олон жил илрүүлж чадаагүй хэргийг маш богино хугацаанд ингэж илрүүлнэ гэдэг дэлхийн тагнуулын түүхэнд байхгүй рекорд юм даа.

  8. МАН Нямдорж Хүрэлсүх нарын Найруулагатай тавилттай Ерөнхийлөгчийн сонгуулийн Сери####ууд ар араасаа хөвөрсөөр МАН ЗГ Бага л Хүн хэлмэгдүүлээсээ билээ , 100н жилийнхээ Түүхэн замн####ынхаа цаг хугацаанд мөн ч их Гэмгүй олон Ард иргэд, Эрдэмтэн мэргэдээ Хэлмэгдүүлж хороосон туршлагатай бас л Харгис нам шүү дээ, одоо ч үргэлжилсээр л,,,,,,,,,

  9. Хөөе дарганцруудаа та нар хоорондоо эвдрэлцэж болохгүй шүү.
    Бусдын идэш болно гэсэн үг. Дургүй чинь хүрээд байв#### д####дуур цаагуураа хэрэлдэнэ үү зодолдоно уу хамаа ч ####га.

  10. Гегелийн сүнс туйлийн идей харж з####хаана биз ээ.. Цаанаа том захи####агч яаж ажиллаж хэнийг золиосолсон нь цух####заж байна даа. Энэ авгай зоригийг ####ах ямар ашиг байна. Ёстой л эхлэл болов уу.

  11. Чимгээ Содномдаржаа 2-г л өрөвдөх юм. Яагаад ч худлаа уйлна гэж байхгүй шдээ. Оронд нь өөрийгөө тавиад үз. Улс төрчид нь ч тэр, сэтгүүлч нь ч тэр, коммент бичиж байгаа нь ч тэр энэ хүүхнийг зовоож байна даа. Нялх хүүхэдтэй 22 настай хүүхэн Бас нэг өөрийн үеийн нөхөртэй 16-тай бацаан дагуулчихсан гялс Зориг гэдэг хүнийг ####чихаад ирье гээд тэр хавьд зогсож байсан хүмүүсээс гэрийг нь хайгаад явж байна гэдэг шүүгчдэд үнэмшилтэй л сонсогддог юм байх даа

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button