ДЭЛХИЙ

PewDiePie: 109 сая захиалагчтай хамгийн царайлаг залуугаар тодорсон “Youtube”-ийн “Хаан”

“Youtube” дээрх хамгийн их захиалагчтай хувиараа контент бүтээгч бол “PewDiePie” юм. Тус платформ дээр “PewDiePie” нэрээр алдаршсан Феликс Арвид Ульф Кжелберг нь 1989 оны аравдугаар сард Швед улсын Готенбургд төржээ.

Одоогийн байдлаар түүний “PewDiePie” суваг 109 сая захиалагчтай байгаа бөгөөд тэрбээр 2020 оны хамгийн царайлаг залуугаар тодорсон билээ.

Тэрбээр анх 2006 оны аравдугаар сард “PewDie” нэрээр “Youtube” дээр суваг нээж байсан юм. Кжелберг тус сувгийн нууц үгийг мартсан тул 2010 оны дөрөвдүгээр сарын 29-нд “PewDiePie” нэртэй шинэхэн суваг нээжээ. 2021 оны гуравдугаар сарын байдлаар түүний “PewDie” суваг 478 мянган захиалагчтай болсон байна.

“Youtube” хуудас нээсэн эхний жилүүддээ Кжелберг коллежоосоо гарсан байсан тул эцэг эх нь мөнгөн тусламж өгдөггүй байжээ.  Иймд тэрбээр хотдог хийх, фотошопоор янзалсан зургаа зарах гэх мэт аргаар бичлэг хийх мөнгөө олдог байсан аж. “PewDiePie” аймшгийн болон тулаантай видео тоглоомын бичлэг их хийдэг байсан бөгөөд түүний хамгийн анхны контентууд “Minecraft” болон “Call of Duty” тоглоомуудын бичлэг байжээ.

Тэр үед “Youtube” дээр бичлэг хийх нь карьераар сонгож орлого олох хэмжээний том зүйл биш байсан. Кжелберг контент бүтээсэн эхний жилүүдээ “Би бусад хүмүүс өөр төрлийн бичлэг хийгээд алдартай болсон гэдгийг мэддэг байсан. Гэхдээ видео тоглоомын бичлэг хийдэг том контент бүтээгч байгаагүй. Бас би бичлэг хийгээд мөнгө олж болдог гэдгийг мэдээгүй байсан юм. Контент бүтээх нь коллежоо хаяад сонгож болох карьер байгаагүй. Би зүгээр л контент бүтээхийг хүссэн” хэмээжээ.

2011 оны арван хоёрдугаар сар гэхэд ноён Кжелбергийн суваг 60 мянга гаруй захиалагчтай байсан бөгөөд 2012 оны тавдугаар сарын эхээр 500 мянгад хүрсэн аж. Харин 2013 оны хоёрдугаар сард түүний суваг 5 сая захиалагчтай болжээ. Тэрбээр 10 сая захиалагчийн босгыг тэр жилийн зургаадугаар сард давсан юм.

2013 оны наймдугаар сарын 15-ны өдөр ноён Кжелберг “Youtube” дээрх хамгийн их захиалагчтай сувгаар Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоож гэрчилгээгээ гардан авжээ. Тэрбээр 2019 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр хүртэл хамгийн их захиалагчтай суваг байсан. Тус өдөр Энэтхэгийн “T-Series” корпорац “Youtube” дэх хамгийн их захиалагчтай сувгийн байр суурийг эзэлсэн юм. 2021 оны гуравдугаар сарын байдлаар “T-Series” суваг 176 сая захиалагчтай болжээ.

Феликс Кжелберг “T-Series” корпорац түүнийг захиалагчийн тоогоор гүйцсэнийг тохиолдуулан “Congratulations” нэртэй хошигносон хэв маягтай дуу гаргаж байсан юм.

Дэлхийн томоохон платформуудын нэг болох “Youtube” дээр хувиараа контент бүтээдэг хамгийн том сувагтай тэрбээр хамгийн чинээлэг “Youtuber”-үүдийн нэг юм.

“Celebrity Net Worth” сайт 2020 онд ноён Кжелбергийг 40 сая ам.долларын хөрөнгөтэй хэмээн тооцоолжээ. PewDiePie хэдий хамгийн чинээлэг контент бүтээгчдийн нэг боловч үнэтэй орд харш, машины цуглуулга эзэмшдэггүй.

“The Richest” сайтад түүний бичлэг хийхэд ашигладаг хэрэгслүүдийг жагсаажээ. Үүнд гурван ширхэг мянган долларын үнэтэй “Asus Rog Swift” монитор, 150 долларын “Corsair Strafe” компьютерын механик гар, 100 долларын “Benq Zowie FK1” хулгана, 130 долларын үнэтэй хувийн загварын “Razer Kraken Pro V2” чихэвч, 1300 долларын “Canon XA11” камер, “AKG C414” загварын 750 долларын үнэтэй микрофон, 400 долларын “Clutch Chairz”-ийн PewDiePie загварын сандал багтдаг аж.

Мөн тэрбээр олон тооны сайн үйлсийн аянд их хэмжээний мөнгө босгон хандивлаж байсан юм. Тухайлбал 2013 онд Кжелберг “Charity: Water”-д хагас сая гаруй ам.долларын санхүүжилт босгон хандивлажээ. 2014 онд “Save The Children” сайн үйлсийн аянд 342 мянган ам.долларын санхүүжилт босгож өгсөн юм. Мөн тэрбээр бусад ютүберүүдтэй хамтран 2016 онд “RED” байгууллагад 1.3 сая ам.долларын санхүүжилт босгон хандивлажээ. Ноён Кжелберг энэ мэт олон зуун мянган ам.долларыг сайн үйлсийн аянд хандивлаж байсан юм.

Эх сурвалж: The Richest, The Street

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-18 08:37

Ene l#r bas bid nariig doromjilson shd zawaan mongol edr geed p###a cin

Холбоотой мэдээ

Back to top button