Тайландад үнэрлэгч нохдыг хөлснөөс “КОВИД-19”-ийг илрүүлэхэд сургажээ

“КОВИД-19”-ийг хүний хөлснөөс үнэрлэж илрүүлэхээр сургасан Тайланд ноход халдварыг 95 хувийн үр дүнтэй тогтоожээ. Зургаан ширхэг Лабрадор ретривер нохдыг зургаан сарын турш “КОВИД-19”-ийн халдвар авсан өвчтөнүүдийн хөлсийг үнэрлүүлэх төсөлд хамруулсан аж.

Тус төслийг удирдан явуулсан Тайланд дахь Чулалонгкорны их сургуулийн мал эмнэлгийн факультетын профессор Кэйвали Чатрадонг “Reuters” агентлагт хэлэхдээ “Ноход нэгээс хоёр секундийн дотор вирусийг илрүүлдэг. Нэг минутын дотор 60 гаруй сорьц шалгах боломжтой” хэмээсэн байна.

Ноход “КОВИД-19”-өөр өвчилсөн хүмүүсийн хөлсөн дэх ууршимтгай органик бодисыг илүүлэх чадвартай бөгөөд тухайн өвчтөн шинж тэмдэг үзүүлэхгүй байсан ч халдварыг тогтоодог аж. Сургасан ноход өвчилсөн хүнийг шууд үнэрлэх хэрэггүй, харин хөлснийх нь сорьц байхад л хангалттай гэнэ.
Чили, Финланд, Энэтхэг гэх мэт улсууд коронавирусийн халдварыг үнэрлэгч нохдын тусламжтай илрүүлэх төслийг эхлүүлсэн байгаа. Харин Герман улс дахь мал эмнэлэг өнгөрсөн сард сургасан үнэрлэгч ноход хүний шүлснээс коронавирусийн халдварыг 94 хувийн үр дүнтэй илрүүлсэн тухай мэдээлсэн юм.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.