ВИДЕО КОНТЕНТСурвалжилга, НийтлэлЯрилцлага

Зургаан настай Т.Тэмүүн: Адуунд хайртай аав шигээ л хүн, гоё залуу болохыг хүсдэг

-Монгол морь яагаад ийм гоё юм бол, аав аа?

-Миний хүү моринд хайртай болохоор тийм байхгүй юу.

Ааваасаа их л сониучирхан, эрдэнэт хүлгээрээ бахархан ингэж асуух түүнийг Т.Тэмүүн гэдэг. “Монгол нохой чарга” клубийг үүсгэн байгуулагч Х.Түвшинжаргалын хүү тэрбээр энэ жил зургаан настай. Насандаа баймгүй адтай, моринд үнэнхүү хайртай, хорхойтой хүүг энэ удаа бид онцоллоо.

Адууныхаа дэргэд байж, морь унаж явах л хүлгийн нуруун дээр өсөж яваа Т.Тэмүүнд юу юунаас илүү гоё санагддаг гэнэ. Тэрбээр дөнгөж зургаахан настай мөртлөө цоохор азаргаа унадаг гээд бод доо, мундаг байгаа биз.

БИ ХОЁР НАСТАЙДАА МОРЬ УНАЖ СУРСАН

-Ахын дүү хэдэн настайдаа морь унаж сурсан бэ?

-Хоёр настайдаа сурсан. Морь унахыг аав минь надад зааж өгсөн. Би жаахан байхдаа анх номхон морь унаж сурсан. Тэгээд дараа нь ааштай морь унадаг болсон.

Т.Түвшинжаргал:- Хүү минь хоёр настайдаа энэ хонгор морийг унаж сурсан юм. Номхон, байнга алхаж явдаг болохоор хүүхдэд унуулахад их эвтэйхэн байдаг.

Хүүхэд морь унаж өсөх нь олон талын ач тустай. Хүүхэд эрүүл, чийрэг, өлчир болж, монгол ахуйтайгаа ойр өсдөг. Морио, амьтныг, байгалиа хайрлах ухааныг суралцаж, төлөвшдөг.

МОРИНЫ НУРУУН ДЭЭР САЛХИ ТАТУУЛАН ДАВХИХ ХАМГИЙН ГОЁ

-Анх морь унахдаа айсан уу?

-Жаахан л айсан. Мориноос уначих вий гэж айдаггүй. Бас морь ойртохоор хазах вий, тангарах вий гэж айдаггүй. Морь унахаар надад гоё санагддаг.

-Юу нь хамгийн гоё вэ?

-Салхи татуулан давхих гоё. Халуун өдөр морь унаад давхихаар сэрүүцдэг.

-Т.Тэмүүн ямар морио унах дуртай вэ?

-Казак гэдэг нэртэй морио, одон цоохороо, хээр халзан морио унах дуртай.

Х.Түвшинжаргал: Цоохор азаргандаа миний хүү өөрөө нэр өгсөн. Бойноос амийг нь авраад авч ирэхэд “Одон цоохор” гэж нэрлэсэн юм.

ААВ ШИГЭЭ АДУУНД ХАЙРТАЙ, МУНДАГ ЭР ХҮН БОЛОХЫГ ХҮСДЭГ

-Том болоод ямар хүн болохыг хүсдэг вэ?

-Аав шигээ адуунд хайртай, мундаг эр хүн болохыг л хүсдэг. Би нээрэн өөрөө мордож чадна. Сандал дээр гарч зогсож байгаад мордчихдог юм.

-Хөөх, ямар мундаг юм бэ. Чи ийм жаахан байж бүр азаргаа унадаг юм байна. Тэгэхээр бүр ч мундаг хүүхэд гэсэн үг.

-Аанхан.

-Т.Тэмүүнээс зөндөө том хүүхдүүд морь унаж чадахгүй, айгаад байхаар чамд ямар санагддаг вэ?

-Муухай санагддаг.

Х.Түвшинжаргал: Хүү минь багаасаа моринд хайртай, хорхойтой өсөж байгаагаар нь бахархдаг. Манайх “Монгол нохой чарга” гэдэг аялал зохион байгуулдаг. Хүн бүхэнд морь унах, монгол ахуйтайгаа ойр байх боломж олгох нь бидний зорилго. Үүнд хүүгийн минь оролцоо, тус их бий.

БИ КАЗАК ГЭДЭГ НЭРТЭЙ ХАР МОРИНДОО МАШ ИХ ХАЙРТАЙ

-Ямар мориндоо хамгийн их хайртай вэ?

-Казак гэдэг нэртэй хар мориндоо маш их хайртай.

-Т.Тэмүүн морьтойгоо ярьдаг уу?

-Ярьдаг. Унаад явахаараа би “Чүү” гэдэг. Харин зогсохоор болвол “Дөрр” гэж хэлдэг.

-Хурдан морь унадаг уу?

-Унадаг. Морио хоёр удаа айрагдуулсан.

-Барианд орох мөчид ахын дүүд юу бодогддог вэ?

-Би хамгийн түрүүнд гоё шагнал авахыг хүсдэг.

Х.Түвшинжаргал: Тэрэлжид жуулчдын наадам болдог. Хүү минь дөрвөн настай байхдаа хээр халзан морио унаад очсон юм. Тухайн үед уралдуулъя, давхиулъя гэсэн бодол надад байгаагүй. Хүүдээ давхил гэж юу байдгийг үзүүлье гээд л хамт очсон юм. Эхэндээ цогиод, хамгийн араас нь гарав. Тэгж байгаад “Хүүгээ давхиулаад үзье” гэж бодоод тавьчихав. Хүү минь морио ташуурдан, гийнгоолсоор байгаад айрагдаж билээ. Тэгэхэд би хүүгээрээ үнэхээр их бахархсан.

Энэ үеэр Т.Тэмүүн унагануудаа тууж ирэхээр явлаа. Төд удалгүй цоохор азаргаа цогиулсаар, унагануудаа туугаад ирэв.

-Цоохор азарганы ам ёстой хатуу юм аа, аав аа.

-Аргагүй миний хүү, азарга юм чинь. Миний хүү том болоод амыг нь дийлдэг болно оо.

-Жижигхэн дөрөө хийчихсэн чинь монгол гутлыг бариад байна.

-Харин тийм ээ. За хоёр хөлийг нь дөрөөнөөс нь мулталчихлаа.

-Аав аа, би өөрөө бууя.

-Тэг ээ тэг. Миний хүү нээрэн мориноос өөрөө буугаад сурчихсан. Мундаг байгаа биз.

Ингэж хэлээд Х.Түвшинжаргал хүү рүүгээ бахархан харав.

КАЗАК ГЭДЭГ НЭРТЭЙ МОРИО УНАХААРАА ТАНД ГҮЙЦЭГДДЭГГҮЙ. ТИЙМ ЭЭ, ААВ АА.

-Аавтайгаа уралддаг уу. Аавыгаа түрүүлмээр санагддаг уу?

-Санагддаг.

Х.Түвшинжаргал: Хүү минь их шартай. Надад заримдаа гүйцэгдэхээрээ “Аав аа, таны унаж яваа морийг би хэзээ унаж болох вэ” гэдэг.

-Би Казак нэртэй хар морио унахаараа танд гүйцэгддэггүй. Тийм ээ, аав аа.

-Тэгэлгүй яах вэ. Миний хүү чинь ёстой мундаг.

-Хар морио унаад хамгийн түрүүнд давхихаар надад гоё санагддаг. Хүмүүс “Чи түрүүллээ” гэж хэлдэг.

-Тийм үед морио улам хайрламаар санагддаг уу?

-Тэгдэг. Хүмүүс “Чиний морийг унаж болох уу” гэж асуухаар нь би “Тоглож байна” гэж боддог.

Би морио хайрлаж уная гэж маш их боддог. Морио таргалуулаад, өдөр бүр унахгүй, гамнаад унаад явах надад гоё санагддаг.

-Эмэгтэй дүү нь морь унадаг юм билээ. Дүүгээ мориноос уначих вий гэж санаа зовдог уу?

-Маш их санаа зовдог. Дүүгээ би хөтлөөд явдаг.

-Дүүдээ юу гэж захьдаг вэ?

-Миний дүү мориныхоо амыг сайн татаарай, болгоомжтой байгаарай гэж хэлдэг. Дүү минь хурдан том болоосой хамт уралдах юм сан гэж хүсдэг. Бас аав, ээжтэйгээ хамт дөрвүүлээ морь унаад, давхиад явбал гоё доо.

ТОМ БОЛООД АДУУЧИН, ГОЁ ЗАЛУУ БОЛОХЫГ ХҮСДЭГ

 -Т.Тэмүүн том болоод ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?

-Адуучин, гоё залуу болохыг хүсдэг.

-Уяач болохыг хүсдэг үү?

-Морь уяад, гэрээрээ дүүрэн медальтай болохыг хүсдэг.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хүү
хүү
2021-03-19 09:14

хөөрхөн юм бэ

зочин
зочин
2021-03-19 12:26

Оо ёо ёо Ёстой л огшино гээч юм боллоо. Жинхэнэ Монгол эр хүн, ёстой л Чингисийн цэрэг байна. Бахархаж байна аа.

Зочин
Зочин
2021-03-19 21:54

Хазаар ногтоо жаахан сжл хийж бай хэтэрхий татуу бариу байна адуунд хайртай хүн мэдэхгүй гэж баймааргүй юм? Аав нь анхаарна биз дээ.

Зочин
Зочин
2021-03-20 04:21

Яасан сайхан сэтгэл сэргээсэн бшр нэг гоё

Zochin
Zochin
2021-03-20 08:16

Hoorhon ymaa.Bagin yvdal canagdlaa.Amjilt !!! Sain aduuchin bolooroi.
.

Back to top button