ДЭЛХИЙ

Болчимгүй үг, үйлдлээсээ болж томоохон гэрээгээ цуцлуулсан олны танил хүмүүс

Олны танил хүмүүст томоохон брендүүд хамтран ажиллах санал тавьж сая сая долларын гэрээ хийдэг. Ялангуяа “Nike”, “Coca-Cola” гэх мэт томоохон үндэстэн дамнасан компаниудтай гэрээ хийх нь олны танил хүмүүст хүртэл азтай тохиол гэхэд болно. Гэтэл зарим одод хийсэн зүйл эсвэл хэлсэн үгнээсээ болоод хамтран ажиллах гэрээгээ цуцлуулж байжээ.

Одоо тэгвэл гаргасан үйлдлээсээ болоод хамтран ажиллах гэрээгээ цуцлуулж байсан олны танил эрхмүүдийг харцгаая.

Мэнни Пакьяо “Nike”-ийн гэрээгээ алдсан

Пак мэн хочит боксчин Мэнни Пакьяо дэлхийн томоохон компаниудын нэг болох “Nike-тай хамтран ажиллах гэрээтэй байсан боловч хэлсэн зүйлийнхээ улмаас тус гэрээгээ цуцлуулжээ. Пакьяо 2016 онд ижил хүйсийн харилцааг “амьтдаас долоон дор” гэж хэлсэн тул “Nike” компани түүнтэй хамтран ажиллах гэрээгээ цуцалсан аж.

Түүний хэлсэн зүйл олон хүний дургүйцлийг хүргэсний дараа Пакьяо Инстаграм хуудас дээрээ уучлал гуйсан нийтлэл оруулжээ.

Гэсэн ч “Nike” тус явдлын дараа “Бид Мэнни Пакьяогийн хэлсэн үгсийг жигшим гэж үзэж байна. Nike компани ямар ч төрлийн ялгаварлан гадуурхалтын эсрэг байр суурьтай бөгөөд LGBT хүмүүсийн эрхийн төлөө зогсож тэднийг дэмжиж ирсэн түүхтэй. Бид Мэнни Пакьяотэй харилцаа холбоогоо үргэлжлүүлэхгүй” хэмээжээ. Тэрбээр өмнө нь 2012 онд үүнтэй ижилхэн зүйл хэлсэн нь “Nike” компанитай харилцааг нь муутгаж байсан аж.

PepsiCo” компани Лил Уэйнтэй хийсэн гэрээгээ цуцалсан

Lil Wayne

Лил Уэйн рэппер Future-тай хамтарсан “Karate Chop” дуундаа Эммет Тиллийн тухай дурдсанаас болж “PepsiCo” компани түүнтэй хамтран ажиллах гэрээгээ цуцалжээ. Тэрбээр тус дуунд “Тэр хулчгарыг яг л Эммет Милл шиг зодсон” хэмээсэн аж.

1965 онд 14 настай  Эммет Миллийг цагаан арьстай охин руу шүгэлдсэний дараа түүнийг зодож амь насанд нь халдсан байна. “PepsiCo” компанийн эзэмшдэг “Mountain Dew” бренд Лил Уэнтэй харилцаагаа тасалж буйгаа мэдэгдэн “CNN” агентлагт хэлэхдээ “Үүнээс цааш бид Лил Уэйнтэй ямар нэгэн зүйл дээр хамтран ажиллахгүй. Олны хүндэлж явдаг нийгмийн тэгш эрхийн нүүр царай болсон хүүхдийг доромжилж хэлсэн түүний үг манай брэндийн ёс зүйтэй тохирохгүй” хэмээсэн байна.

Крис Броун “Wrigley” компанийн гэрээгээ алдсан

Orbit, Doublemint, Spearmint гэх мэт брэндүүдийг эзэмшдэг “Wrigley” компани дуучин Крис Броуныг хүчирхийллийн хэргээр яллагдсаны дараа түүнтэй холбоогоо тасалсан.

Броун 2009 оны хоёрдугаар сард дуучин Рианнагийн биед гар хүрсэн хэргээр баривчлагдах үед “Wrigley” компани санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна. Харин зургаадугаар сард Крис Броун гэм буруугаа хүлээхэд тус компани түүнтэй хийсэн гэрээгээ цуцалжээ.

Майк Тайсон “Pepsi”-тэй хийсэн гэрээгээ цуцлуулсан

Хүнд жингийн аварга Майк Тайсон боксын карьераа 300 сая ам.долларын хөрөнгөтэй дуусгасан ч тэрбээр олон тооны гэрээнээс татгалзаж байжээ. Харин Тайсон “Pepsi” компанитай хамтран ажиллах гэрээ хийж 1987 онд тус брэндийн сурталчилгаанд хүртэл тоглосон аж.

Гэвч 1989 онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр Тайсон “Pepsi” компанитай хийсэн гэрээгээ цуцлуулсан байна.

Роналдиног “Pepsi” уусных нь төлөө “Coca Cola” гэрээг нь эцэслэсэн

Дээр дурдсан олны танил эрхмүүд болчимгүй үг, үйлдлээсээ болж гэрээгээ цуцлуулсан бол Роналдино нэг их гэм хоргүй мэт зүйлээс болж гэрээгээ цуцлуулжээ. Хөл бөмбөгийн домогт тамирчин Роналдино “Coca-Cola” компанитай хамтран ажиллах гэрээтэй байсан. Гэтэл тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр “Pepsi” ууж харагдсан тул “Coca-Cola” компани түүний гэрээг нь цуцалсан аж. Роналдино “Atletico Mineiro” нэртэй өөрийн шинэ хөл бөмбөгийн клубд хэвлэлийн бага хурал хийж байх үедээ урдаа байсан “Pepsi” ундааг уужээ.

Тухайн үед “Atletico Mineiro” клубийг “Pepsi” компани ивээн тэтгэдэг байсан аж. Тэрхүү явдлын дараа “Coca-Cola” компани “Coca-Cola Роналдиногийн карьер болон нэр хүндийг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ сүүлийн үед өрнөсөн явдлын улмаас хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй боллоо” хэмээн мэдэгдэл хийсэн байна.

“Coca Cola” компанийн маркетингийн албаны дарга Марсело Понтес “O Estado de Sao Paolo” нэртэй Бразил сонинд ярилцлага өгөхдөө “Тэрбээр Pepsi ундааны лаазтай харагдсан нь үүний шалтгаан байсан” хэмээжээ.

“Bleacher report” сайтад мэдээлснээр тус гэрээ цуцлагдсаны улмаас Роналдино ойролцоогоор 1.5 сая ам.доллар алдсан байна.

Эх сурвалж: Reuters, CNN, Bleacher Report, The Talko, CBS

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button