Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: “Наймаачид маргаашнаас үнэ нь нэмэгдэхээр зарахын тулд нөөцөлж, хомсдол үүсгэчихлээ”

-Өдөрт нэг цэгт 200-хан шуудайг борлуулж байгаа тул иргэд уртаас урт дугаарлан зогсоод ч авч чадахгүй, хүрэлцэхгүй байна-

Улаанбаатар даяар сайжруулсан түлшний эрэлд гарцгааж байна. Хөдөөгийнхөн алдуул малаа хайгаад, эрэл сурал болдог шиг л. “Сайжруулсан түлш зарж байгаа газар байна уу” гэж эрсэн, сурсан иргэд хаа сайгүй. Ёстой нөгөө их аваргын хэлсэн шиг түлш авна гэдэг чинь өнөө цагт жинхэнэ алаан болж.

Засгийн газрын шийдвэрээр сайжруулсан түлшний үнийг 75 хувиар буулган, 937 төгрөгөөр борлуулж байгаа билээ. Эл шийдвэрийн хэрэгжих хугацаа маргааш буюу дөрөвдүгээр сарын 1-нд дуусна. Тэгэхээр маргаашнаас нэг уут сайжруулсан түлшийг 3750 төгрөгөөр борлуулж, үнэ нь одоогийнхоос гурав дахин нэмэгдэнэ гэсэн үг.

Сүүлийн өдрүүдэд сайжруулсан түлш худалдаж авна гэдэг иргэдийн хувьд ёстой том асуудал болжээ. Борлуулах цэгүүдэд цаанаасаа 200-хан шуудайг нийлүүлж байгаа, өнөөх нь хэдхэн минутийн дотор дуусаж байгаа юм. Мэдээж хүрэхгүй нь тодорхой. Тухайн цэгт сайжруулсан түлш хэзээ ирэх нь тодорхойгүй, олон түмэнд ямар ч мэдээлэл өгдөггүй нь иргэдэд ихээхэн чирэгдэл учруулж байна.

Сайжруулсан түлш ирсэн даруйд л дугаарлаж байгаад авахгүй бол иргэд хоосон хоцорч байна. Уртаас урт дугаарлаж зогсоод ч хүрэлцэхгүй, хоосон хоцорч буйгаа иргэд учирласаар.

Бид энэ удаа сайжруулсан түлшний олдоц, нийлүүлэлт хэр байгааг сурвалжиллаа. Өчигдөр өдрийн цагаар Шархадаар явахад бүх борлуулах цэг нь хаалттай, сайжруулсан түлшгүй байв. “Ирвэл хэдэн түлш авах санаатай хүлээж сууна. Хэзээ ирэх нь тодорхойгүй, ирсэн даруйдаа дуусчихдаг болохоор ёстой хүндрэлтэй юм” гэж цөхөрсөн иргэн олон байлаа.

Тиймээс бид азнаж байгаад 19.00 цагийн үед Чингэлтэй дүүргийг зорилоо. Оройн цагаар явбал сайжруулсан түлш борлуулж байгаатай таарч магадгүй гэсэндээ тэр. 100 айлаас Долоон буудал хүртэл явахад сайжруулсан түлш зарж буй нэг ч цэгтэй таарсангүй. Бүгд хаалттай, түлш нь дуусчихсан байв.

Н.ПҮРЭВЖАВ: ӨДӨРТ НЭГ ЦЭГТ 200 ШУУДАЙ ТҮЛШ НИЙЛҮҮЛЖ БАЙГАА

Яагаад түлш зарахгүй, нийлүүлэлт муу байгаа талаар 244 дүгээр цэгийн борлуулагч Н.Пүрэвжаваас тодруулахад ийм тайлбар өглөө.

-Танайх өнөөдөр сайжруулсан түлш борлуулсан уу?

-Борлуулсан. Өнөөдөр (өчигдөр) 10.40 цагийн үед ирээд дуусчихсан. Өдөрт нэг цэгт 200 ширхийг нийлүүлж байгаа. Өмнө нь 10-аас дээш тонн олгож байсан юм. Нийлүүлэлт яагаад бага байгаа талаар иргэд их асууж байна. “Таван толгой түлш”-ийн нэг үйлдвэр нь нүүгээд, тэгээд нийлүүлэлт тааруу байгаа юм шиг байна лээ. Би тодорхой мэдэхгүй.

ӨДӨРТ ИРСЭН ТҮЛШ ХЭДХЭН МИНУТИЙН ДОТОР ДУУСДАГ, ИРГЭДЭД ХҮРДЭГГҮЙ

-Дөрөвдүгээр сарын 1-нээс сайжруулсан түлш өмнөх үнээрээ борлуулагдана. Өндөр үнээр зарахын тулд “Таван толгой түлш” компани, борлуулагчид хав дараад, албаар хомсдол үүсгэлээ гэж иргэд хардаж байгаа нь анзаарагдлаа. Тэгээгүй гэх баталгаа танд бий юү?

-Юун тэгж хав дарах манатай. Энд буунгуут нь иргэд булаацалдаад авчихдаг. Манайх задгай. Юу руугаа ч хийх, хадгалах билээ.

Өдөрт борлуулж буй таван тонн түлш буусан даруйдаа, 20 минутийн дотор л дуусдаг, иргэдэд хүрдэггүй. Хүмүүс их бухимдалтай байна.

-Иргэд сайжруулсан түлш хэр их сураглаж байна вэ?

-Их сураглаж, асууж байна. Одоо ч гэсэн сайжруулсан түлш хайсан, сурсан хүн зөндөө. Хэрэгцээ их байна. “Сайжруулсан түлш олдохгүй, буусан даруйдаа дуусчихаад байна” гэж иргэд их бухимдаж байна. Нөгөөдрөөс нийлүүлэлт гайгүй болчих байх. Хэзээнээс хэвийн байдалдаа орохыг нь мэдэхгүй. Хямдхан байгаа дээр нь гээд иргэд олноор нь бөөгнүүлж байгаа бололтой.

Ер нь асуудал их байна. Хүмүүс машинтайгаа дугаарлан зогсдог. Машингүй иргэд тэрэг түрээд ирдэг. Тэргээ түрээд машинуудын араас зогсох нь ховор. Тэгэхээр дугаарлаж зогссонгүй, урдуур нь дайрлаа гэж жолооч нар их бухимддаг. Тиймэрхүү зүйлийг зохицуулах гэж их юм болж байна аа. Иргэд ийм бухимдалтай байхаар борлуулж буй бидэнд ч дарамттай байна.

ТҮЛШ ИРСЭН СУРГААР 20.00 ЦАГИЙН ҮЕД 50-ИАД МАШИН ДУГААРЛАН ЗОГССОН БАЙЛАА

Бид ийн ярилцаад цааш хөдлөв. Дахиад хэд хэдэн цэгээр ороход хаалттай байлаа. Явсаар 20.00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлах 169 дүгээр цэгт очиход сайжруулсан түлш ид буулгаж байлаа. Түлш ирсэн сургаар буулгаж дуусаа ч үгүй байхад нь машинууд уртаас урт дараалал үүсгэн зогсож байсан юм. Ерөөс цаанаасаа хэдэн цагаас нийлүүлнэ, тэр үед л иргэдэд борлуулдаг. Хэдэн цагт ирэх нь тодорхойгүй тул “ванга”-дахаас өөр сонголт иргэдэд алга.

С.ГАНТУЛГА: ҮНЭ НЬ НЭМЭГДЭХЭЭС ӨМНӨ ГЭЭД ИРГЭД ИХ ХЭМЖЭЭГЭЭР АВЧ, НӨӨЦӨЛЖ БАЙНА

This image has an empty alt attribute; its file name is saijruulsan-tulsh-nuurs-17-1024x683.jpg

169 дүгээр цэгийн борлуулагч С.Гантулгатай ярилцлаа.

-Энэ хавийн цэгүүд хаалттай, сайжруулсан түлш нь дуусчихсан байна. Цаанаасаа ингэж орой ирсэн тул одоо борлуулж байгаа юм уу?

-Тийм ээ. Хэдэн цагаас борлуулах нь ерөөсөө нийлүүлэлтээс шалтгаалдаг. Ирсэн даруйд нь иргэд авч байна, сүүлийн өдрүүдэд.

-Нийлүүлэлт бага байгаа нь юутай холбоотой бол?

-Харин ээ. Би сайн мэдэхгүй. Үйлдвэрээсээ л ингэж нийлүүлж байгаа. Иргэд сайжруулсан түлшийг их нөөцөлж, дарж байна.

БОРЛУУЛАГЧ НАР ЮУН НӨӨЦЛӨХ МАНАТАЙ. БУУНГУУТАА ДУУСЧИХДАГ ШҮҮ ДЭЭ

-Та бүхнийг дараад, IV сарын 1-нээс үнэ хүргээд зарах гэж байна гэх хардлага иргэдийн дунд байна.

-Би ч бас анзаарсан. Одоо энд буусан 200 шуудай түлш дороо дуусна, хэдхэн минутийн дотор. Тэгэхээр бид юуг нь хав дараад, хадгалах юм бэ. Тэр ёстой худлаа.

-Сайжруулсан түлшний хомсдол хэзээнээс үүссэн бэ?

-Энэ сарын 20 хавьцаанаас хойш л хомсдол үүссэн. Гуравдугаар сарын 15 хавьцаа гэхэд хүмүүс ингэж дугаарладаггүй, ачаалал хамаагүй бага байсан. 200 шуудай түлш 4-5 хоног зарагддаг байсан юм.

НИЙЛҮҮЛЭЛТ БАГА БАЙГААД БУХИМДСАН ИРГЭН “ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ”-ИЙН АЖИЛТНЫГ ЗОДЖЭЭ

Одоо ингэж сайжруулсан түлшний нийлүүлэлт багассан нь “Таван толгой түлш”-ийн үйлдвэр нүүж байгаатай холбоотой бололтой. Дөрөвдүгээр сарын 1-нээс үнэ нь нэмэгдэнэ гээд иргэд их авч байна, нэлээд нөөцөлчихсөн. IV  сар гаргаад бага авах байх. Бас дулаарчихна. Одоо хэдхэн минут зарагдаж буй 200 шуудай түлшийг 4-5 хоног борлуулна.

Түлшний борлуулалт бага байгаад иргэд их бухимдаж байна. Өчигдөр (уржигдар) “Нийлүүлэлт бага, дуусчихлаа” гэж уурлаж, бухимдсан нэг иргэн бүр “Таван толгой түлш”-ийн хяналтын ажилтныг цохиж, зодсон.

Иргэд ингэж ярьж байна

А.ЭРДЭНЭЦЭЦЭГ: ЦЭГИЙН ХАЖУУД НЬ АМЬДАРДАГ МӨРТЛӨӨ АВЧ ЧАДАХГҮЙ, ИРЭХЭЭР ДУУСЧИХСАН БАЙХ ЮМ

 (Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны иргэн)

Манайх энэ хажуу талын айл. Ерөөсөө замын цаана, хаяанд нь байгаа мөртлөө л энэ цэгээс түлш авах гээд чадахгүй гурав хонож байна. Одоо манайх түлэх түлээгүй. Ирэхээр л дуусчихсан байдаг юм. “Нүүрс ирлээ” гэнгүүт нь хүрээд ирэхээр дуусчихдаг, хаагаад явчихдаг. Манай энэ хавьд зэргэлдээ гурван цэг бий. Тэгсэн мөртлөө огт хүрэлцдэггүй.

Уут мод хэдэн төгрөгний үнэтэй байгаа билээ. Сая гэрээсээ байн, байн гарч ирж харсаар байгаад ирэнгүүт нь гүйгээд ирлээ. 10 шуудай түлш авах санаатай. Нэг айлд долоо хоногт зургаан шуудайг олгож байгаа. Надад 10 уутыг өгөх нь үү, яах нь уу.

Цар тахалтай, эдийн засаг ямар байгаа билээ. Зарим хүүхдийн маань цалин буугаагүй. Байгууллага нь цалингаа тавьж чадахгүй байгаа гэнэ лээ. Хэдэн төгрөгний боломж гараад, түлш авах гээд явж байгаа минь энэ.

Р.ЭНХБАТ: ҮНЭ НЬ НЭМЭГДЭХЭЭР ЗАРАХ ГЭЭД “ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ” КОМПАНИ ТҮЛШЭЭ АЛБААР НӨӨЦӨЛЖ, ХОМСДОЛ ҮҮСГЭЖ БАЙНА

Би сайжруулсан түлш хайж явсаар энд ирлээ. Энд түлш ирсэн талаар ямар ч мэдээлэл байхгүй. Хайж явж байгаад азаар таарлаа. Буулгаж байгаатай нь таарахгүй л бол хоосон хоцорно. Дөрөвдүгээр сарын 1-нээс үнэ нь нэмэгдэнэ. Тэгэхээр “Таван толгой түлш” компани түлшээ үнэтэй зарахын тулд албаар ойрын хэд хоног нөөцлөөд, олныг нийлүүлэхгүй байна. Үнэ хүргэж зарах гэсэн башир арга. Өөрсдөө л хадгалж, нөөцөлж байгаа. Иргэд аваад, нөөцөлж байна гэдэг шал худлаа. Одоо дулаарсаар байхад иргэд олныг нөөцлөөд яах билээ. Хэн ч тэгэхгүй шүү дээ.

Би дугаарлаж байгааг нь мэдэлгүй машинаа урд нь тавьчихаж. Одоо машинаа хамгийн ард аваачаад дугаарлаж зогсоно.

Ц.ЦЭДЭВ: САЙЖРУУЛСЫН ТҮЛШНИЙ ҮНЭ НЭМЭГДЭХЭЭР ИРГЭДИЙН АМЬДРАЛД ИХ НӨЛӨӨЛНӨ

Сайжруулсан түлш ёстой олдохгүй байна. Ерөөсөө хаа сайгүй түлш олдохгүй, хайсан хүмүүс зөндөө. Түлш хайгаад явж байтал ашгүй энд борлуулж байгаатай нь таарлаа. Буусан даруйд нь л авахгүй бол олдохгүй. Хэзээ зарахыг нь мэдэхгүй, тодорхой мэдээлэлгүй болохоор ёстой хэцүү юм.

Найман хоногийн өмнө зургаан уут түлш авсан. Манайх хашаандаа хоёр гэр, охиныхтойгоо хамт амьдардаг. Гэртээ, охиныдоо тус бүр зургаан уут түлш авах санаатай ирсэн юм. Манайд л өгнө, охиныд өгөхгүй гээд болдоггүй ээ. Одоо яалтай билээ. Охиныхтойгоо хуваагаад л түлэхээс.

Айлууд, борлуулагчдыг нөөцөллөө гэх хардлага их байна. Нүдээр хараагүй болохоор үнэндээ хэлэх юм алга. Дөрөвдүгээр сарын 1-нээс сайжруулсан түлшний үнэ нэмэгдэнэ. 937 төгрөг байгаа түлшний үнэ 3750 болно. Иргэд бидний амьдралд их нөлөөлнө. Би тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө л юм юмаа болгож байна. Хаана нь ч хүрдэггүй. Тэглээ гээд хоосон хонолтой биш. Болгох гээд зүтгэж явна.

Биднийг ийн ярилцаж байх хооронд тус цэгт нийлүүлсэн сайжруулсан түлш 20 гаруйхан минутийн дотор дуусав. Түлш хайн, хаа холоос ирээд авч чадаагүй иргэд олон байлаа. Аргаа барсан иргэд өөр цэг рүү яваад нэмэргүй, харихаас өөр сонголтгүй байсан юм.

Н.ГАНТӨМӨР: ИРГЭДЭД МЭДЭГДЭХГҮЙ БАЙЖ БАЙГААД ҮНЭЭ ГЭНЭТ НЭМЭХ БОДОЛТОЙ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ

Тэдний төлөөлөл Н.Гантөмөр “Би Бэлхээс түлш хайсаар энд ирсэн юм. Ашгүй борлуулж байгаатай нь таарлаа гээд баярлаж байтал дуусчихлаа. Энэ ёстой заваарсан юм болж байна. Хаана борлуулж байгаа, түлш хэзээ ирэх нь тодорхой, ямар ч мэдээлэлгүй. “Түлж зарж байгаа газар байна уу” гэж хайж явахаас өөр арга алга. Техник технологи хөгжсөн өнөө цагт пэйж хуудсандаа, эсвэл цэгийнхээ үүдэнд тавьж болно доо, уг нь. “Маргааш тэдэн цагт үйлдвэрээс түлш нийлүүлнэ, борлуулна” гээд цэгийнхээ үүдэн дээр ч болтугай биччих сэтгэл дутаж байна.

Дөрөвдүгээр сарын 1-нээс сайжруулсан түлшний үнэ нэмэгдэнэ. Зурагт, мэдээллийн хэрэгслээр энэ талаар ер мэдээлэхгүй юм. Иргэдэд мэдэгдэхгүй байж байгаад үнээ гэнэт нэмэх бодолтой байгаа юм биш үү.

Сайжруулсан түлшний нийлүүлэлт, олдоц нэг иймэрхүү байна. Цаашид Засгийн газар, “Таван толгой түлш” компани нийлүүлэлтдээ анхаарахгүй бол олдоц тааруу байгаа нь иргэдэд ихээхэн хүндрэл, чирэгдэл учруулж байна. Нөгөө талаар иргэдэд тодорхой мэдээлэл сайтар өгөх хэрэгтэй. Адаглаад тухайн цэгт хэзээ түлш ирэх, хэдэн цагт борлуулах талаар ямар ч мэдээлэлгүй байгаа тул яг буулгаж буйтай нь тааран, дугаарлаж зогсохгүй л бол иргэдэд олдохгүй, хоосон хоцорч байна.

Маргаашнаас сайжруулсан түлшний үнэ нэмэгдэн, 3750 төгрөг болно. Үүний улмаас “Таван толгой түлш” компани албаар түлшээ бага хэмжээгээр нийлүүлэн, нөөцлөөд, 3750 төгрөгийн үнэ хүрэхээр нь борлуулах гэж байхыг ч үгүйсгэх аргагүй. Үүнийг харьяа байгууллагууд анхааралдаа авч, хянах шаардлагатай байна.

Ер нь хаана хаана уялдаагүй ажиллаж байгаагийнх нь горыг иргэд ингэж амсах учиргүй. Иргэд хэдий болтол “Одоо түлш ирсэн байж магадгүй. Тэнд зарж байж магадгүй” гэж “ванга”-даж явах вэ. Ядахдаа “Тэдэн цагт түлш бууна, борлуулна” гээд тодорхой мэдээлэл өгчих сэтгэл дутаад байх шиг.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж
2021-03-31 09:36

Урь унаж байхад түлш үнэд орж нэг их сүйд майд болохгүй байлгүй дээ. Харин зарим хүнс, эм тангийн үнийг л өсгөж магадгүй.

Зочин
Зочин
2021-03-31 21:41

БӨМБӨГӨР ХУДАЛДААНЫ ТӨВ МАХНЫ ҮНЭ 12500-15500 болжээ арай л юмаа

Зочин
Зочин
2021-03-31 22:52

Ханг�##�ттай удаан, хүйтний улир�##� дууст�##� л хямдрууллаа шдээ. Дулаарахаар түлшний хэрэглээ эрс багассан байгаа. Одоо болоо шд

Зочин
Зочин
2021-04-01 02:32

Монополдохоо хэзээ болино ? Ганцхан өөрсдийнхөө нүүрсийг зарж болно гээд зарлачихсан. тэгсэн хэр нь тогтвортой ханг�##�ттай нийлүүлж чадахгүй ?

Зочин
Зочин
2021-04-01 07:40

Эзэнгүй төрийн үeд иргэд л зовох юмдаа. Сонгогдоход бидэнд хайр зарлаад байсан УИХ-ын гишүүд маань яасан вэ хаагуур яваад байгаа дээдсүүд вэ

Холбоотой мэдээ

Back to top button