Нийгмийн

Унгарт төрөх дөхөж байсан монгол эмэгтэй коронавирусийн халдвараар нас барлаа

Унгар улсад амьдарч байсан монгол эмэгтэй коронавирусийн халдвар авч, нас баржээ. Тухайн эмэгтэй төрөх дөхөж байсан бөгөөд ураг нь инкубаторт бойжиж байгаа аж.

Уг мэдээлийг Монгол Улсаас Унгар Улсад суугаа ЭСЯ Элчин сайд З.Батбаяр өөрийн цахим хуудаснаа оруулж, гүн эмгэнэл илэрхийлжээ.

Тэрбээр “Муу мэдээ сонсгож байгаадаа хүлцэл өчье. Гайтай энэ муу ковид дахин нэг иргэнийг маань аван одлоо. Хэдхэн сарын өмнө хүүхэдтэй болно гээд хөөрч явсан залуухан ээж, үхэлтэй 20 гаруй хоног тэмцэлдсэний дараа тэнгэрт дэвшлээ. Жирэмсэн байсан шинэ ээж аймшигт өвчнөөс бяцхан охиноо авраад, үрийнхээ зулайг үнэрлэж ч амжилгүй, зүсийг нь харж ч чадалгүй тэртээд одлоо. Ар гэр, хань ижил, бяцхан охин, ойр дотнынхонд гүн эмгэнэл илэрхийлье.

Бяцхан охин нь юу ч мэдэхгүй инкубаторт эрүүл энх торниж байгаа бөгөөд аав нь, эмээ өвөө нь, Монгол түмэн нь охиныг чинь өсгөж гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэж, сайн хүн болгон хүмүүжүүлэх болно. Унгарт буй Монголчууд нь туслах болно. Хань ижил нь сэтгэлээ чанга барьж, охиныхоо төлөө бас ханийнхаа төлөө давхар амьдрах ёстой боллоо. Чи чадна залуу минь . Охиноо ээж нь байгаа юм шиг сайхан өсгөөрэй, ард түмэн, Монгол зон олон нь хамт байх болно.

Энэ мөрүүдийг гар чичрэн бичиж сууна. Огт уулзаж үзээгүй, танихгүй ч гэсэн үхлийг ялан дийлэхийн төлөө хэрхэн тэмцэж байхыг чинь нүдээр харсан хүний хувьд дүүгээс минь өөрцгүй санагдах залуухан ээж чи мөнх тэнгэртээ тайван нойрс доо. Даяар олноороо, хүн бүр халдвараас сэргийлж, хайртай бүхнээ хамгаалаарай. Мөнх хөх тэнгэр, уул ус минь ивээх болтугай” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-04-07 01:32

Эвий дээ. Үр нь үлдсэн нь яамай хөөрхий.

Холбоотой мэдээ

Back to top button