СПОРТ

Э.Оюунболд ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН үү

Өнгөрсөн амралтын өдрүүдэд допинг хэрэглэсэн гэх хоёр бөхийн нэрсийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд таамаглан бичив. Үүнтэй зэрэгцэн үндэсний их баяр наадмаар шөвгөрсөн болон улсын цолонд хүрсэн бөхчүүд өөрсдийн фэйсбүүк хуудсаар дамжуулан “Допингийн шинжилгээгээр хориотой эмийн бодис илрээгүй” гэдгээ мэдэгдэж эхлэв.

Одоогоор:

-Улсын аварга Н.Батсуурь,

-Улсын аварга Ч.Санжаадамба,

-Улсын арслан Ц.Содномдорж,

-Улсын арслан П.Бүрэнтөгс,

-Улсын харцага Д.Анар,

-Улсын начин Б.Цэдэнсодном,

-Улсын начин А.Давааням,

-Улсын начин Б.Орхонбаяр,

-Улсын начин Н.Баярбаатар,

-Улсын начин Ж.Ням-Эрдэнэ

-Улсын начин Э.Энхбат,

-Улсын начин Д.Цэрэнтогтох нар мэдээлэл хийсэн байна.

-ШИНЭ АВАРГА Э.ОЮУНБОЛД БАЛДАНБЭРЭЭВЭН ХИЙДЭД НОМОНД СУУЖ БАЙНА-

Ард иргэд одоо шинэ аваргын амнаас “Би допинг хэрэглээгүй” гэсэн үнэн худал нь үл мэдэгдэх үг хүлээж сууна. Учир нь түүнийг допинг хэрэглэсэн байж болзошгүй гэж хардах хэд хэдэн үндэслэл буй, үүнд:

-Улсын аврага Э.Оюунболд өнөөдрийг хүртэл нэг ч үг дугарсангүй. Тэрбээр, шинэ цолтнууд болон улсын өндөр цолтнуудыг өөртөө итгэлтэйгээр мэдэгдэл хийж байхад нэг ч үг дугарсангүй. Өмнө нь ч тэрбээр аварга болсныхоо дараа хэвлэлийнхнээс зугтаж, ганц ч хэвлэлд ярилцлага өгөлгүй, нүүр буруулан алга болсон билээ. Түүнийг нутгийн ах, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь “Хэвлэлд бүү ярилцлага өг” хэмээн үүрэгдсэн тухай ч бид өмнө мэдээлж байлаа. Юуны учир тэр вэ?

-Хоёрын даваанаас алга болов. Бямба гарагт Авто замын 90 жилийн ойн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан Хүй долоон худагт эхэлсэн. Уг барилдаанд Улсын аварга Э.Оюунболд хоёр давсан байсан ч ням гарагт үргэлжлэх гурвын даваанд “Хувийн ажилтай болсон” гэх шалтгаанаар ирсэнгүй. Үүнээс хойш тэрбээр сураггүй байгаа юм.

Харин түүний ойрын эх сурвалж “Э.Оюунболд аварга одоо Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт байх Балданбэрээвэн хийдэд хурал номын дуу сонсож байгаа. Гэгээнтэн нутагтаа ирж хийдэд ном хурж байгааг сонсоод тийшээ явсан. Ямар ч сүлжээ, мэдээлэлгүй байгаа болов уу” гэх мэдээллийг бидэнд өглөө.

Э.ОЮУНБОЛД АВАРГЫГ ХАРДАХГҮЙ БАЙХ ШАЛТГААН Ч БИЙ

Өнгөрсөн баасан гараг /2019.08.09/-ийн өглөө Монголын Допингийн эсрэг үндэсний төвөөс албан ёсны мэдэгдэл гаргаж “Үндэсний баяр наадмаар барилдсан бөхчүүдийн шинжилгээний хариу гарч, Баяр наадмын зохион байгуулах комисст хүргүүлсэн” гэсэн.

Харин баяр наадмын зохион байгуулах комисс өнөөдрийг хүртэл ямар хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн болохыг нууцалж буй.

НЭГ. Нууцалж буй шалтгаан нь хуулийн дагуу А сорьцоос допинг илэрсэн бол B сорьцыг ахин шинжлүүлэх ёстой. Энэ хугацаанд хэний ч нэрийг зарлах ёсгүй бөгөөд В сорьцын хариу ирсний дараа олон нийтэд мэдээлдэг учиртай.

Харин ард иргэд үнэн бодит байдал В сорьцыг шинжлүүлэх үед будлиантах вий гэх хардлага ч тээж буй юм. Иймд өнөөдөр /2019.08.11/ ажлын өдөр эхэлж буйтай холбогдуулан албаныхан мэдээлэл хийж ч болзошгүй байна.

ХОЁР. Хулгайч хүн хамгийн түрүүнд “Хулгайчийг бариарай” гэж орилдог гэх. Учир нь одоогоор өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдэл хийгээд буй бөхчүүд дунд ч допинг хэрэглэсэн хоёр бөх байхыг үгүйсгэхгүй. “Би допинг хэрэглээгүй” гэснээр допинг хэрэглээгүй гэдгийг нь шууд батлах боломжгүй тул бид одоо албаны эх сурвалжийн баримттай үгийг хүлээхээс өөр гарцгүй болоод байна.

Үүний дараа бөхчүүд болон хэвлэлийнхэн шинэ аваргаас үнэхээр допинг илэрсэн эсэхийг “мөшгих” боломжтой болох юм.

Б.ГЭРЭЛМАА

Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close