Сурвалжилга, Нийтлэл

ӨНДӨР ТӨСӨВ: Налайхын ЦОГЦ замын 1 километрийг 4.6 тэрбумаар барьж байна

Улаанбаатар хотын авто замын ачаалал, зам тээврийн ослыг бууруулах зорилгоор Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгасан авто зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажил өрнөөд буй. Энэ хүрээнд Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг засч, дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хаахаар болсон.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын Синохайдро ХХК ажиллаж байгаа бол туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын Тэгшплант ХХК, Гашууны гол ХХК, Дарданговь ХХК гэсэн гурван компани ажиллаж байна. БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр босгож буй энэхүү бүтээн байгуулалтад 36.5 сая ам.доллар зарцуулах юм. Энэхүү 36.5 сая долларыг өнөөгийн ханшаар бодож үзэхэд 97.3 тэрбум төгрөг болно. Үүнийг Гачууртаас Налайх хүртэлх 20.9 километрт хувааж үзэхэд нэг километр нь 4,6 тэрбум төгрөгөөр хийгдэж байна гэсэн тооцоо гарсан нь иргэдийг уг асуудалд шүүмжлэлтэй хандахад хүргээд байна.

ИРГЭДИЙН ЗҮГЭЭС НЭГ КМ ЗАМЫГ 4.6 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БАРИХ НЬ ҮНЭТЭЙ БАЙНА ГЭВ

Иргэдийн санал бодол харилцан адилгүй ч дийлэнх хэсэг нь километр нь 4.6 тэрбум төгрөгөөр баригдаж буй байдал нь хэтэрхий өртөг өндөртэй байна хэмээн шүүмжлээд буй. Тодруулбал,

-Налайхын зам их үнэтэй тавигдаж байна.нэг км-ийн үнэ 4 тэрбум 637 сая төгрөг болж байна. Ийм өртгөөр өөр арматурдсан бетон зам  тавих юм байна. Сонсголон зам үүний тал өртгөөр баригдсан.

-Гачууртаас Налайх хүртэлх 20,9 км дөрвөн эгнээ замыг 36.5 сая ам.доллар буюу 97.3 тэрбум орчим төгрөг. Нэг км зам 4.6 тэрбум төгрөг болж байна. Арай үнэтэй юу?

-Орон нутгийн нэг км зам тавихад тэрбум төгрөг хангалттай гэх мэт.

ЦОГЦ ЗАМЫГ ӨРТГИЙГ НИЙТ ЗАМЫН УРТАД ХУВААЖ ӨРТГИЙГ НЬ БОДОХ УЧИР ДУТАГДАЛТАЙ

Энэ асуудлын дагуу бид Нийслэлийн автозам хөгжлийн газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн О.Оргилсайханаас дараах тодруулгыг авсан юм.

- Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх  авто замын ажил хэдэн хувьтай явагдаж байна вэ?

-Хамгийн сүүлийн мэдээллээр 36 хувьтай явагдаж байна. Төслийн ажлын хүрээнд, ус зайлуулах байгууламж, нүхэн гарц, хөлийн голын гүүр, суурьшлын бүс дагуу явган хүний болон дугуйн зам, явган хүний гүүр, хамгаалалтын аюулгүйн тусгаарлах зурвас, нийтийн тээврийн зогсоол, гэрэлтүүлгийн ажлуудыг хийж гүйцэтгэхээс ус зайлуулах 30 ширхэг хоолой, нэг нүхэн гарцыг бүрэн хийж дууссан.

-Энэхүү бүтээн байгуулалтын өртөг 36.5 сая ам доллар. Үүнээс үзэхэд нэг километр зам 4.6 тэрбумаар хийгдэж байна гэсэн тооцоо гарсан байна. Яагаад ийм өндөр өртөгтэй байна вэ? Энэхүү зам юугаараа онцлог вэ?

-Төслийн хүрээнд хоёр эгнээ 20.9 км автозамыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, замын хөдөлгөөнийг нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, автозамын түгжрэл , агаарын бохирдлыг бууруулах, зорчигч нийтийн тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг ач холбогдолтой. Мөн босоо тэнхлэгийн авто зам буюу Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн автозамын транзит ачаа тээврийн нэвтрэн өнгөрүүлэх чадварыг дээшлүүлнэ. Төслийн хүрээнд 20.9 км автозам, Хөлийн голын гүүр, нүхэн гарц, суурьшлын бүс дагуу явган хүний болон дугуйн зам, явган хүний гүүр, нийтийн тээврийн зогсоол, ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлгийн ажлуудыг хийж гүйцэтгэх юм. Иймд 36.5 сая ам.доллар бол зөвхөн замд бус гүүр, нүхэн гарц, дугуйн зам, ус зайлуулах хоолойн багтсан цогц замын өртөг юм. Тиймээс шууд хувааж км-ийн үнийг тогтоох нь учир дутагдалтай. Хөдөөний замууд бол өртөг багатай хийгддэг.

-Уг зам хэр зузаантай тавигдаж байгаа вэ?

-Суурь үеүд нь 30, 30 см. Асфалит нь 10 см бөгөөд суурьтайгаа нийтдээ 70 см зузаантай хийгдэж байна.

-Усархаг борооны үед замын ажил хэр удааширч байна вэ? Хугацаандаа амжиж дуусах уу?

-Усархаг борооны үед замын ажлыг зогсоохоос өөр аргагүй. Энэ үед зам хийвэл чанар хангадаггүй. Аль болох технологын горим алдагдуулдаггүй өөр бусад ажлуудаа хийгээд явдаг.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Ийнхүү холбогдох албаны ажилтан нэг км-ийн 4,6 тэрбум гэдэг зөвхөн замын өртөг бус аюулгүйн зурвас, инженерийн шугам сүлжээ бүгдэд хамаарах цогц үнэ гэдгийг санууллаа.

2019 ОНД БАГТААН БҮРЭН АШИГЛАЛТАНД  ОРУУЛНА

Түүнчлэн Налайх дүүргийн малчин өрхүүдийн мал, Горхи, Тэрэлжийн зэрлэг ан амьтан зам гарч байхдаа автомашинд мөргүүлэх тохиолдол их гардаг учраас гол зам  дагуу, амьтны нүхэн гарц барихаар төлөвлөсөн нь  онцлог гэнэ. Уг замын тухай Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хэлэхдээ,

Налайхын зам бол нийслэлийн хөгжил дэвшил, иргэд, оршин суугчдын аюулгүй зорчихтой холбоотой чухал дэд бүтцийн нэг. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотыг зүүн бүс, зүүн аймгууд, Замын-Үүд, Чойртой холбосон ачаа болон хүн тээвэр, цаашлаад эдийн засгийн ач холбогдолтой бараа эргэлтийг нэмэгдүүлэх асар өндөр ач холбогдолтой зам. Засгийн газар болон нийслэлээс шаардлагатай арга хэмжээг авч, замыг 2019 ондоо багтааж бүрэн ашиглалтад оруулах гэрээг замын ажлын гүйцэтгэгч Синохайдро корпорэйшн лимитед компанитай үзэглэсэн. Налайхын замыг ашиглалтад оруулснаар хотын ирээдүйн хөгжлийн суурь тавигдана гэжээ.

Налайх Чойр чиглэлийн 20,9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын зөвлөх үйлчилгээний ажилд зориулах нийт төсөвт өртөг нь 2 тэрбум бөгөөд энэ тоо ч мөн  36,5 сая гэсэн өртөгдөө шингэх аж. Эхлээд удаагүй ч хэдийн олны анхаарлыг татаад буй энэхүү өндөр өртөгтэй ажлын үр дүн арваннэгдүгээр сард тодорхой болох юм.

С.ХОНГОРЗУЛ

Гэрэл зургийг: Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-10-12 01:09

Buy Tamoxifen Tablets Ou Acheter Du Viagra France Paroxetina Vs Fluoxetina [url=http://drisdol.com]cialis 5mg[/url] Cialis Tolerancia

Холбоотой мэдээ

Back to top button